Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

Г.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Б.Догмиддорж, яллагдагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай ” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Ч-д холбогдох, 2435000000025 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Г-ын Ч (регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

  Яллагдагч Г.Ч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.А-ийн эзэмшлийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 5.200.000 (таван сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд, яллагдагч Г.Ч-д холбогдох эрүүгийн 2435000000025 дугаартай хэрэгт хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах аргаар зөрүүг нь арилгаж, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн гүйцэд, эргэлзээгүй байдлаар тогтоож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаар шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнээд, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

4.1. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа гэрч, хохирогч нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулан судлахад хохирогч Д.А-ийн хулгайд алдсан гэх 6 тооны үхрээс 2 үхэр нь яллагдагч Г.Ч-гийн үхрийн амбаарт байсан, харин үлдэх 4 тооны үхэр нь тухайн үед Г.Ч-гийн үхэрт байсан эсэх талаар хохирогч Д.А, гэрч Д.Н, Т.Ц, Н.Д, Ш.С, Б.Т, Д.Ц нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Д.А-ийн“...би эхнэр Т.Ц, ах Д.Н-ын хамт ярилцаад Ч гэх хүн манай хулгайд алдсан гэх 6 тооны үхрийг хулгайлж аваад алж нядалсан байх гэж хардаад ядаж толгой шийр нь байж магадгүй гээд Г.Ч гэх айлын үхрийн амбаар руу явж ороход миний хулгайд алдсан гэх 6 тооны үхрээс 2 тооны үхрийг уячихсан байсан юм. Би арай ч дээ 5, 6 өдөр малаа хайгаад олохгүй асууж сураглаж явж байхад гаргаад өгчихгүй ямар муухай хүмүүс вэ? гэж хэлж уурлаад би та нарыг цагдаад өгнө, мал авчирч өгөөрэй гэж хэлээд явсан юм...Тэгээд би 5-6 хоног хайсны дараа Ч-ийн гэрт очиход амбаараас нь гарч ирсэн юм. Мөн үлдэгдэл алга болгосон гэх 4 тооны үхэр Г.Ч-гийн үхэр дотор байсан юм... миний хулгайд алдсан гэх 6 тооны үхрийн зүсийг Ч мэдэж байсан, олон удаа асууж лавлаж асуухад манайд байхгүй, мэдэхгүй гэж байсан хүн амбаараас нь гарч ирэхэд би их гомдож уурласан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20, 98-р хуудас/,

- гэрч Д.Н-ын: “...Г.Ч гэх айлын үхрийн амбаар луу Д.А, Ц, Г.Ч бид нар явж ороход Алтансуурийн хулгайд алдсан 2 тооны үхэр уяатай байсан юм. Тэгээд Алтансуурь нь Г.Ч-д хандаж, “чи ямар хулгайч хүн бэ, би олон хоног хулгайд алдсан үхрээ асууж сураглаж явж байхад чи хэлэхгүй яасан юм, одоо чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн чинь Г.Ч гэх хүн “танай 4 үхэр манай үхэр дотор байгаа, чи цагдаад битгий хэл” гээд гуйсан юм. Тэгээд бид нар Д.А-ийн гэрт очоод байж байтал орой нь Г.Ч нь Д.А-ийн хулгайд алдсан 6 тооны үхрийг тууж ирсэн юм...” гэх /хх-ийн 31-32-р хуудас/,

- гэрч Н.Д-гийн: “...Д.А ах хэлэхдээ, Г.Ч гэх хүн манай үхрийг хулгайлж нядалсан байх гэж хардаад гэрт нь очоод үхрийн амбаарт нь яваад ороход  манай 6 тооны үхрээс 2 үхрийг нь уячихсан, 4 үхрийг нь өөрийн үхэртээ нийлүүлсэн байсан” гэж хэлсэн юм...” гэх /хх-ийн 34-35-р хуудас/,

- гэрч Ш.С-ын:  “...Д.А ах 2023 оны 12 дугаар сарын эхээр манай гэрт ирж, “манай 6 тооны үхэр хулгайд алдагдлаа, чи надад хайж өгөөч” гэж хэлсэн юм. Би тухайн алга болсон гэх 6 тооны үхрийг 3-4 хоног морьтой явж, Тэс сумын 3-р багийн нутаг “Дош” гэх нэртэй газраар эрж хайсан юм. Тэгээд 3-4 хоногийн дараа Д.А ах над уруу утсаар залгаад “манай хулгайд алдсан 6 үхрийг Г.Ч гэх хүн хулгайлаад өөрийнхөө хашаанд уячихсан байсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

- гэрч Б.Т-ын:  “...Д.А ах утсаар залгаад хулгайд алдсан 6 тооны үхрээс 2 үхрийг Г.Ч гэх айлын хашаанд уясан байна, үлдсэн 4 үхэр байхгүй байна гэж хэлсэн...Д.А ахын хулгайд алдсан 6 тооны үхрийг буцаан өгч хохирол барагдуулж өгсөн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.А-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг тайлбарлан өгч 3 удаагийн мэдүүлэг авсан бөгөөд хохирогч Д.А нь өөрийн эзэмшлийн 6 тооны үхрийг алдсан цаг хугацаа, шинж тэмдэг, сэжиг таамаг, эрж хайсан үйл баримт болон алдагдсан үхрийг хэрхэн олж авсан, тулгарсан бэрхшээл зэрэг бүхий л нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүйгээр тогтвортой үнэн зөв мэдүүлгийг өгсөн.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн тайлбарт: “олон тооны мал” гэж хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан ба хэргийн үйл баримтаас дүгнэхэд Г.Ч нь хохирогч Д.А-ийн 6 тооны үхрийг хулгайлж авахдаа 2 тооны үхрийг нь гэрийнхээ гадна талын амбаартаа уясан, үлдсэн 4 тооны үхрийг өөрийн үхэртээ нийлүүлсэн байсан болохыг хохирогч Д.А, гэрч Д.Н, Н.Д, Ш.С, Б.Т нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон, мөн энэ хэргийн зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөх боломжгүй хэрэг юм.

Хэрэв шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д: “Шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт”-тэй холбоотойгоор хохирогч, гэрч нарыг дуудаж, мэдүүлэг авах замаар эргэлзээ бүхий байдлыг тодруулж, хэрэгт цугларсан баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоож, шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Гэтэл шүүх дээрх хуулиар олгосон эрх хэмжээгээ эдлэхийг хүсэхгүй, хэрэгжүүлэхгүй, хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт”-ыг хангахгүй, нөгөө талаар хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй байдалд дүгнэлт хийхгүй байна гэж  үзэхээр байна.

4.2. Хэргийн үйл баримтын хувьд хохирогч Д.А нь Г.Ч-гийн гэрт 2 удаа очиж алдагдсан 6 тооны үхрээ асууж сураглахад тэрээр “би мэдэхгүй, хараагүй” гэх тайлбарыг хэлж буцаан явуулж байсан.

Гэтэл хохирогч Д.А-ийг түүний амбаар буюу агуулах саванд уясан 2 тооны үхрийг олж, нүдээр харсны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны орой 00 цаг 30 минутын үед өөрийн дүү Г.Б-гийн хамтаар уясан 2 тооны үхрийг нуусан 4 тооны үхэртэй нийлүүлэн, нийт 6 тооны үхрийг тууж, хохирогчийн гэрт нь хүргэж өгсөн, мөн Г.Ч нь хохирогчийн эхнэр болох Т.Ц-гийн Хаан банкны 0000000000 тоот дансаар 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг хохирол гэж шилжүүлж, мөн 1 тооны хонийг өгсөн үйлдэл нь Д.А-ийн 6 тооны үхрийг хулгайлсан үйлдлийг нотолж буй үндэслэл бүхий нотолгоо бөгөөд энэ нь Г.Ч-г өөрийн үйлдсэн гэмт хэргээ илчилж, гэмт үйлдэлдээ дүгнэлт хийсний илрэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагаанууд нь шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байх тул Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү ”  гэжээ.

  5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Хэрэгт, хохирогч  Д.А-ийн 6 тооны үхрийг Г.Ч хулгайлсан үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

  Шүүхээс 2 тооны үхрийг Г.Ч хашаандаа уясан байна, 4 үхрийг яаж авсан нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Энэ талаар холбогдох гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байна гэж үзээд хэргийг прокурорт буцаасан.

  Миний бие анхан шатны шүүх хурал дээр хэрэв шүүх гэрч нарын мэдүүлгийг зөрүүтэй гэж үзэж байгаа бол гэрчүүдийг шүүх хуралд оруулъя, шүүхэд эрх хэмжээ нь байна, нотлох баримт шинжлэн судлаад хэргийг шийдвэрлэе гэдэг санал гаргасан юм. Тэр утгаараа яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Д.Алтансуурийг шүүх хуралд оролцуулах, Г.Ч-гийн дүү Г.Б-г оролцуулах саналыг гаргачихсан байснаа шүүхэд танилцуулсан. Учир нь үхэр тууж явсан үйл баримтыг Г.Ч-гийн дүү Г.Б гэрчилдэг. Тухайн үед Б-гаас энэ талаар яагаад мэдүүлэг аваагүй шалтгаан нь цас, зуд ихтэй байсан тул хөдөөнөөс хүн дуудаж ирүүлэх боломжгүй нөхцөл байдал тулгарчихсан байсан. Б-гаас дахин мэдүүлэг авч чадаагүй болохоор би шүүх хуралд гэрчээр дуудсан. Шүүхээс 2 тооны үхрийг хулгайлсан, 4 тооны үхрийг хулгайлаагүй гэх дүгнэлт хийгээд байгаа юм. 4 тооны үхрийг хулгайлж авсан үйл баримт тогтоогдохгүй, 2 тооны үхэр хулгайлсан үйл баримт нь тогтоогдлоо гэж үзвэл хэргийн зүйлчлэлийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй,  Эрүүгийн хуульд зааснаар бүгдээрээ олон тооны мал болно.

  Г.Ч 2 тооны үхрийг уячхаад 4 тооны үхрийг нуусан үйл баримт гэрч Д.Н, хохирогч Д.А-ийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа. Тухайн үед хохирогч Д.А, Г.Ч-гийн гэрт 2 удаа очиж “үхрээ алдчихлаа, харагдав уу” гэхэд Г.Ч “мэдэхгүй, хараагүй” гээд явуулсан байдаг. Гэтэл Г.Ч тухайн 2 үхрийг амбаартаа уячхаад хохирогчид” хараагүй “гэж хэлээд явуулж байгаа үйлдэл нь тухайн үйл баримтаа нууж байгаа асуудал. Мөн шүүхийн дүгнэлт хийгээд байгаа 4 тооны үхрийг Г.Ч өөрийнхөө малд нуусан байсныг гэрч Д.Н нотолсон. Тухайн үед хохирогчоос “4 тооны үхэр миний үхэрт байгаа, битгий цагдаад хэлээч” гэж гуйсан. Г.Ч, Д.Б нар 00 цагийн үед хохирогчийн үхрийг тууж аваачиж өгөөд хохиролд 1,100,000 төгрөг, 1 хонь өгсөн.

  Шүүх эргэлзээ бүхий байдал тогтоогдвол мэдүүлэг нь зөрүүтэй байгаа гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах бүрэн боломжтой. Анхан шатны шүүхийн захирамжид заасан ажиллагааг шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Заавал бүх ажиллагааг прокуророор хийлгэх ёстой юм шиг хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

           6. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч Г.Ч-д холбогдох хэргийг Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай яллах дүгнэлтээр “хохирогч Д.А-ийн6 тооны малыг хулгайлсан” гэж үзэж шүүхэд шилжүүлсэн.

           Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Ч-г хохирогчийн 6 тооны үхрийг хулгайлсан гэх үйл баримт хангалттай нотлогдож, тогтоогдоогүй байна гэсэн байр суурьтай байсан тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай захирамжаараа хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь зөв байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүрэг мөрдөгч, прокурорт байгаа. Эргэлзээгүй талаас нь тогтоох талаар мөрдөгч прокурорт хуулиараа үүрэг болгочихсон. Хуулиар олгогдсон өөрийн үүргээ хэрэгжүүлээгүй байж, үүнийг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжтой гэж  тайлбарлаж, эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй байна гэж харж байна. Прокурорын эсэргүүцэлд хохирогчийн мэдүүлэг анхнаасаа тогтвортой байсан гэж дурдсан. Хохирогч 3 удаа мэдүүлэг өгөхдөө 3 өөр, утга агуулгын хувьд илт зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгаа юм.

  Хохирогч нь  “2 тооны үхрийг Г.Ч-гийн амбаараас очоод авахад бусад 4 үхэр нь малд нь байсан” гэдэг. Дараагийн мэдүүлэгтээ “тухайн 2 тооны үхрийг очоод авахад Г.Ч-гийн мал байгаагүй, учир нь мал бэлчээрээс ирэх цаг болоогүй байсан” гэдэг. Мөн “манай мал Г.Ч-гийн гэрийн зүг бэлчдэг юм, тэгээд бэлчээрээс ирээгүй тул би үхрээ хаясан” гэдэг. Тэгтэл анхны мэдүүлэгт “би 23 тооны үхрээ бэлчээрээс нь гэрийнхээ гадна 15 цагийн үед тууж ирсэн, хашаагаа янзлаад 17 цагийн үед харахад 10 тонны үхэр байхгүй байсан, 10 тооны үхрээ хайгаад явж байгаад 4 тооны үхрээ А-гийн хашаанаас олж авсан, 6 тооны үхрээ хайгаад олоогүй” гэдэг. Хохирогч үхрээ хэзээ, хаанаас, хэрхэн яаж алдсан нь талаараа  зөрүүтэй мэдүүлсэн.

  Мөн гэрч нарын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй байдаг. Прокурор өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “бусад 4 тооны үхэр хулгайлсан үйл баримт нь тогтоогдохгүй бол шүүх хэрэгсэхгүй болгоод шийдчихнэ биз дээ” гэх зүйлийг хэлсэн. Ийм хайнга байдлаар илт зөрүүтэй нотлох баримттай, гэрч, хохирогч нарынхаа мэдүүлгийн зөрүүг арилгаагүй хэргийг авч ирчхээд шүүх дуудаад арилгах боломжтой гэж байгаа нь яллах, цагаатгах талын нотлох баримтыг адил тэнцүү цуглуулаад, эргэлзээгүй байдлаар яллах итгэл үнэмшил прокуророос харагдахгүй байна. 

  Яллагдагч Г.Ч-гийн хэлээд байгаа, 2 дахь мэдүүлэг дээр нь дурдсан шиг бэлчээрээсээ эргэж ирээгүй бол Г.Ч-гийн эзэмшилд уг үхэр хэрхэн яаж шилжсэнийг тогтоогооч. Эзэмшилд хэрхэн шилжсэнээс шалтгаалаад энэ гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал яригдана гэх зүйлийг шүүгчийн захирамжид тусгасан байгаа. Энэ үндэслэлийг дэмжиж байна.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байгаа.

  Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Ч-д холбогдох, 2435000000025 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Увс аймгийн Прокурорын газраас: Яллагдагч Г.Ч-г 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.А-ийн 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

3. Анхан шатны шүүх Г.Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.

           4. Яллагдагч Г.Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болжээ.

           Тодруулбал, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид: “хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан судлахад хоорондоо зөрүүтэй, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал буюу яллагдагч Г.Ч нь хохирогч Д.А-ийн 6 тооны үхрийг хэзээ, хаана байхад нь хэрхэн, ямар аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсныг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. Мөрдөн байцаалтын шатанд Д.Алтансуурийг хохирогчоор тогтоож, түүнээс 3 удаа мэдүүлэг авахад тэрээр гэмт хэрэг гарсан байдлын талаар буюу өөрийн 6 тооны үхрийг хулгайд алдсан гэх үйл баримтын талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байна. Мөн хохирогч гэрч нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулан судлахад хохирогч Д.А-ийн хулгайд алдсан гэх 6 тооны үхрээс 2 үхэр нь яллагдагч Г.Ч-гийн амбаарт уясан байсан, харин үлдэх 4 тооны үхэр нь тухайн үед Г.Ч-гийн үхэрт байсан эсэх талаар хохирогч Д.А, гэрч Д.Н, Т.Ц, Н.Д, Ш.С, Б.Т, Д.Ц нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Нэмэлт ажиллагаагаар хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгах аргаар зөрүүг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг нотлох шаардлагатай” гэж дүгнэж, энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.   

  4.1. Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн байх ба тэрээр анхны удаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би өөрийн 23 тооны үхрээ гэрийн гадна тууж  ирсэн. Тэгээд байж байгаад 17 цагийн үед үхрээ харахад 10 тооны үхэр байхгүй байсан, тухайн үедээ гэрийн эргэн тойрондоо хайгаад олоогүй. Маргааш нь үхрээ хайгаад явж байтал манай гэрийн ойролцоо байдаг Агэх айлын хаваржаан дээр миний 4 тооны үхэр байсан ба үлдсэн 6 тооны үхрээ хайгаад олоогүй. Маргааш нь манай эхнэр Т.Ц нь Д.Н ахын хамт машинаар хайж, ойр орчмын айлуудаар явж сурагласан, харин би морьтой явж, машин явах боломжгүй газруудаар хайсан боловч үхрээ олоогүй. Ингээд эхнэр Т.Ц, ах Д.Н нартай ярилцаад “Г.Ч-г үхэр авсан байж магадгүй” гэж хардаж, тэдний үхрийн амбаарт очиж үзэхэд миний алдсан 6 тооны үхрийн 2 тооны үхэр тэнд уяатай байсан. Би тухайн үед цагдаад гомдол гарган гэж хэлээд уурласан ба гэртээ ирээд байж байтал орой нь Г.Ч нь дүү Б-гийн хамт миний 6 тооны үхрийг тууж авч ирээд: “би таны хохирлыг барагдуулна, цагдаад битгий хэлээч” гэж гуйж, эрж хайсны зардалд тооцож, эхнэр Т.Ц-гийн ХААН банкны 0000000000 тоот дансанд 1.100.000 төгрөг шилжүүлсэн, мөн хэд хоногийн дараа 1 тооны цагаан зүстэй хонь авчирж өгсөн. Үхрээ хайж байхдаа  Г.Ч-тэй уулзаж, асуухад үзэж хараагүй гэж хэлж байсан” гэж,

  - 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Би урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үлдэгдэл 6 тооны үхрээ хайж байхдаа Ч-ийн гэрт очиж, 2-3 удаа асуусан боловч үзэж хараагүй гэж хэлсэн бөгөөд эхний удаа би гэрт нь очиход миний алга болсон зургаан үхэрний төстэй үхэр тэдний малын хашаанд өвс идэж байсан бөгөөд би холоос харсан тул буруу харсан байж магадгүй гэж бодоод ойртож очиж хараагүй. Тэгээд үхрээ хайгаад олохгүй болохоор урьд нь харсан үхрээ лавлаж харахаар Ч-ийн гэрт очиж тэдний малын хашаанд нь орж үзэхэд энэ өвөл тэднийд өвөлжиж байгаа О гэх хүний үхэр дотор миний оодон сүүлтэй улаан эм үхэр, улаан галзан мухар эм үхэр уяатай байхаар нь би миний үхэр яагаад энд байж байдаг юм, үлдэгдэл дөрвөн үхэр яасан бэ, миний үхрийг бүгдийг нь олж өг хэлчхээд гэр лүүгээ явсан. Тэр орой нь Ч миний зургаан үхрийг тууж ирсэн бөгөөд үлдэгдэл дөрвөн үхэр нь манай бэлчээрээр нийлээд ирсэн байхаар нь хамт туугаад ирлээ.Таны хоёр үхрийг би сайн таниагүй учраас дүүгийн үхэртэй хамт уясан байна. Гэхдээ хэд хоног хайлгасанд уучлаарай гэж хэлээд миний үхрээ эрж хайсны зардалд 1.100.000 төгрөг, нэг эр хонь өгсөн” гэж,

           - 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...би Г.Ч-гийн үхрийн хашаанд орж үзэхэд миний алдагдсан 6 тооны үхэрнээс 2 тооны үхрийг эвэрнээс нь уячихсан байсан юм. Бэлчээрт гарсан мал хотондоо  ирэх цаг хугацаа биш байсан, өөрөөр хэлбэл тухайн өдөр 16 цагийн үед Г.Ч-гийн гэрийн гадна мал байгаагүй юм.Тухайн үхрийн амбаарт миний 2 тооны үхрээс өөр үхэр байгаагүй юм. Манай гэр Г.Ч-гийн гэрээс 8-10 км зайтай байдаг тул тэдний үхэртэй нийлэх боломж байхгүй. Бас миний хулгайд алдсан гэх үхрийн зүсийг Ч мэдэж байсан, олон удаа асууж лавлаж асуухад “манайд байхгүй, мэдэхгүй, үзэж хараагүй ” гэж хэлж байсан хүн амбаараас нь гарч ирэхэд нь би их гомдож уурласан юм. Тэгээд би цагдаад мэдэгдэж асуудлыг шийдүүлнэ гэж хэлээд явсан, гэртээ ирээд байж байтал Г.Ч, дүү Б-гийн хамт миний хулгайд алдагдсан 6 тооны үхрийг тууж ирээд, үхэр хулгайлсан гэм буруугаа хүлээгээд, миний хохиролд 1.100.000 төгрөг шилжүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн байна.

           Хохирогч мэдүүлэгтээ үхрээ хэдийд, хаанаас алдсан, хэрхэн эрж хайсан,  2 тооны үхрийг уясан байсан газар болон хэний эзэмшилд байсан, хэрхэн олж авсан, 6 тооны үхрээ хэрхэн буцааж авсан, эрж хайсны хохиролд 1.100.000 төгрөг, 1 тооны хонь авсан талаараа тус тус тодорхой мэдүүлсэн байх бөгөөд хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй байна.

           4.2. Хэрэгт асуугдсан гэрчүүд буюу шүүгчийн захирамжид дурдсан, Д.Н, Т.Ц, Н.Д, Ш.С, Б.Т, Д.Ц нар нь хохирогч Т.А-ийн 6 тооны үхрийг эрж хайхад оролцсон хүмүүс байх бөгөөд тэд 6 тооны үхрийг эрж хайх явцдаа үзэж харсан зүйлээ, зарим нь сонсож мэдсэн зүйлийнхээ талаар тус тус мэдүүлсэн, тухайлбал, гэрч Т.Ц/ хохирогчийн эхнэр/, Д.Н нар эрлийн сүүлчийн өдөр буюу 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 16 цагийн үед хохирогч Д.А-ийн хамт Г.Ч-гийн гэрт очиж, хамтдаа малын хашаанд орж, 2 тооны үхэр уяатай байсныг харсан талаар, мөн тухайн өдрийн орой, шөнө болсон байхад Г.Ч нь хохирогчийн 6 тооны үхрийг тууж авчирсан талаар тус тус мэдүүлсэн,

           түүнчлэн гэрч Н.Д, Ш.С, Б.Т, Д.Ц нар хохирогч болон түүний эхнэрийн хүсэлтээр уг 6 тооны үхрийг эрж хайж явсан, хайж явахад, сүүлчийн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Т.А тэдний утас руу залгаж ярихдаа “2 үхэр нь уяатай байсныг олсон” тухай ярьсан талаар тус тус мэдүүлсэн байна.

           Уг мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, үнэлэлт дүгнэлт өгөх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой, тодруулбал, Г.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэх боломжтой гэж дүгнэв.

            Нөгөө талаар, анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл хохирогч, гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн талаар нэмж тодруулах боломжийг хуулиар хязгаарлаагүй тул шүүгчийн захирамжид зааснаар буюу хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, энэ ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой болно. 

           4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хэргийг прокурорт буцаах үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

5. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв. 

            6. Яллагдагч Г.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/167 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Ч-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                       ДАРГАЛАГЧ,     

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                          ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ     

                                          ШҮҮГЧ                                                   Н.МӨНХЖАРГАЛ