Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00226

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00226

 

Г.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02275 дугаар шийдвэртэй

Г.Пгийн нэхэмжлэлтэй хариуцагч Н ХХК-д холбогдох

Урамшуулал 19 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Пгийн нэхэмжлэл болон түүний үндэслэлийн агуулга: Би хариуцагч Н ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20/001 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын ахлах ажилтнаар ажилласан. Энэхүү компанид ажилд ороход гол нөлөө үзүүлсэн зүйл бол борлуулалт хийх бүрт урамшуулал олгох нөхцөл байсан. Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20/070 тоот тушаалын хавсралт 2-оор батлагдсан Борлуулалтын урамшууллын журам-ыг компанийн борлуулалтын ажилчид үйл ажиллагаандаа мөрдлөг болгосон бөгөөд энэхүү журмаар ажил олгогчийн хэрэгжүүлж буй Шинэ яармаг орон сууцны цогцолбор хороолол төслийн орон сууцны борлуулалтын орлогоос компанийн борлуулалтын ажилтнууд болон борлуулалтын ахлах ажилтанд мөнгөн урамшууллыг тооцож олгох, арга хэлбэр, хугацааг тодорхойлсон. Борлуулалтын урамшууллын журам-ын 1.3-т Энэхүү журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө. Журмын 2.1-т Борлуулалтын ажилтан болон борлуулалтын ахлах ажилтанд борлуулалтын төлөвлөгөөний нэгдсэн биелэлттэй уялдсан нэгж үнэлгээ болон борлуулсан орон сууцны тоог үндэслэн сар бүр болон жилийн эцэст нэг удаа борлуулалтын урамшуулал олгоно 2.3-т Борлуулалтын урамшуулал олгох нэгж үнэлгээг журамлаж өгсөн байдаг. Миний бие дээр журмын дагуу 2020 оны 9 сар хүртэл сар бүр урамшууллаа авч байсан боловч ажил олгогчийн зүгээс 2020 оны 10, 11, 12 саруудын бүр олгох урамшуулал болон жилийн эцэст олгох урамшууллаа олгоогүй, ажилтантай хэлэлцэн тохиролцсон үүргээ биелүүлээгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ, журмын дагуу үүргээ биелүүлж, бодит үр дүн гаргасан ажилдаа урамшуулал олгохыг компанийн удирдлагад мэйлээр болон бичгээр мэдэгдсэн боловч компанийн зүгээс урамшуулал олгосонгүй. Иймд 2020 оны 10, 11, 12 саруудын сар бүр олгох урамшуулал 2 700 000 төгрөг, жилийн эцэст олгох урамшуулал 16 800 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг хариуцагч Н ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Анх урамшууллын журмыг батлахад миний зүгээс сар бүр урамшууллаа аваад явъя гэхэд компанийн борлуулалтын захирал нь хуримтлал үүсгэсэн нь хэрэгтэй гээд урамшууллынхаа 3/1 аваад 3/2 хуримтлахаар болсон. Байгууллага урамшууллаа олгоод явж байснаа гэнэт л 2020 оны 10 сараас урамшуулал зогсоосон. Энэ нь үндэслэлгүйгээр зогсоосон гэж үзэж байгаа. Урамшууллын журмаа авна гээд компанид хандахад л шинэ журам гарсныг мэдсэн. Мөн 2020 оны 10 сард зогсооно гэсэн тушаал гарсныг мэдээгүй, шүүх дээр л харсан. Тухайн ажиллаж байсан хугацаандаа олгогдох байсан 2020 оны 10, 11, 12 саруудын сар бүр олгох урамшуулал 2 700 000 төгрөг, жилийн эцэст олгох урамшуулал 16 800 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Удаа дараа энэ талаар компанид мэдэгдсэн, хүсэлт өгсөн боловч хүлээн аваагүй, шийдвэрлээгүй болохоор шүүхэд хандсан, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 оны 05 сард ажлаас гарсан байгаа гэжээ.

2. Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.П нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20/001 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан борлуулалтын ахлах ажилтнаар ажиллаж эхлээд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Н ХХК нь өдөр тутамдаа өөрийн үйл ажиллагаандаа уялдуулан тодорхой төрлийн журмуудыг хуульд нийцүүлэн гаргаж ажилладаг. Үүний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20/070 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Компанийн 2020 оны эхний хагас жилийн борлуулалтын төлөвлөгөө болон борлуулалтын урамшууллын журам-ыг борлуулалтын ахлах албан тушаалд ажиллаж байсан Г.Пгийн боловсруулж, танилцуулсны дагуу баталсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарласан энэхүү борлуулалтын урамшуулал нь ажилд орох үндэслэл болсон гэдэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй тул түүний гаргаж буй тайлбар үндэслэлгүй болно. Борлуулалтын журмын дагуу хариуцагчид үүрэг үүссэн эсэх: Иргэний хуулийн 187 дугаар зүйл 187.1 дэх хэсэгт үүрэг нь зөвхөн энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргаан бүхий үйл баримтын тухайд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан аль ч харилцаа үүсээгүй байх бөгөөд хариуцагч болох Н ХХК нь хөдөлмөрийн гэрээнээс бусдаар нэхэмжлэгч Г.Птэй үүрэг хүлээсэн хэлцэл байгуулаагүй болно. Талуудын хооронд хууль буюу гэрээгээр хүлээсэн үүрэг үүссэн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй болно. Борлуулалтын урамшууллын журам цуцлагдсаныг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 20/205 дугаартай журам хүчингүй болох тухай гүйцэтгэх захирлын тушаал гарган баталгаажуулж холбогдох ажилчдад давхар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэйлээр мэдэгдсэн. Энэ нь компанийн тухай хуульд заасан гүйцэтгэх удирдлагын өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хийж гүйцэтгэсэн үйлдэл болно. Нэхэмжлэгч нь хэрэгт 2020 оны жилийн эцсийн борлуулалтын урамшуулал болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож олгох борлуулалтын урамшуулал, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд тооцож олгох борлуулалтын урамшуулал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож олгох борлуулалтын урамшуулал, зэргийг хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь компанийн ямар нэгэн тамга тэмдэггүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэггүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй. Энэ журам хэрэгжихгүй болсон тухай ажилтнуудад мэдэгдсэн үе байх тул цаг хугацаа болон логикийн хувьд ийм урамшууллын төлөвлөгөө гаргасан байх боломжгүй. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан байдаг. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд түүний цалин хөлс нэмэгдэл урамшууллыг 5 дугаар зүйлд тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан энэхүү хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл бол хөдөлмөрийн хуульд заасны дагуу хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байсан. Компани борлуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор борлуулалтын журам гаргаж ажиллаж байгаа нь ажилтан Г.Пгийн өмнө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ гадна өөр үүрэг хүлээсэн зүйлгүй. Гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан ажиллагаагаа сайжруулах зорилгоор борлуулалтын журам гаргаж ажиллаж байгаа нь эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж заасан тул өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд үл харшлах журам боловсруулан гаргаж тус журмаа мөн хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.П нь Н ХХК-нд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтын ахлах менежерээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Компани нь өдөр 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 20/70 дугаар тушаалаар компанийн улирлын эхний хагас жилийн борлуулалтын төлөвлөгөө болон борлуулалтын ахлах ажилтны боловсруулж танилцуулсны дагуу борлуулалтын урамшууллын журмыг баталсан. Уг журам нь хүчингүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид ажил олгогчийн зүгээс мэдэгдэж майл илгээсэн. Энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан, бид хүчин төгөлдөр журмын дагуу ажиллаж байх хугацааных нь бүх л урамшууллыг олгосон, харин хүчингүй болгосон учраас 2020 оны 10 сараас хойш үүрэг үүсэхгүй байхад шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Борлуулалтын урамшуулал олгох журам цуцлагдсан болохыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн гэх бөгөөд энэ баримт хэрэгт авагдсан. Мэдэгдсэн талаар хэн аль нь маргадаггүй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийн гарын үсэгтэй баримт, журамд заасны дагуу баталгаажуулж ирсэн хоёр төрлийн баримт авагдсан байна. Журамд заасны дагуу баталгаажуулж маркетинг хариуцсан захирлаар баталгаажуулсны дараагаар мөнгөн урамшууллыг нэхэмжлэгчид бүхэлд нь олгосон байгаа, журам цуцлагдсанаас хойших харилцаанд олгоогүй энэ талаар талууд тохиролцсон зүйл байхгүй. Компани өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор олон төрлийн дүрэм, журмыг хуульд нийцүүлэн баталдаг. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд тухайн журмыг баталсан. Журмыг батлах, цуцлах явцад хуульд харшлах зүйл заалт нөхцөлийг оруулахгүйгээр баталж цуцалсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн 84 байр зарсан гэдгийг нотлох баримтгүй, өөрөө энэ талаараа нотлох байсан, урамшууллын журамд заасны дагуу журам хүчин төгөлдөр байхад сар бүр олгож байсан, хуримтлал үүсгэсэн гэсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон цалин урамшуулал олгоно гэж заасан бөгөөд хууль, журмын дагуу тухай бүрт олгож байсан. 2021 оны 4 дүгээр сард борлуулалтын ахлах ажилтны боловсруулсан практикийн дагуу батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгжүүлэхдээ тухайн оных нь өмнөх саруудыг нөхөж олгож ажилтнуудаа урамшуулах байдлаар ажиллуулъя гэж тохиролцсон. Компани сайн дурын үндсэн дээр өгч байсан. Хуульд байр зарсан хүнд урамшуулал олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Тухайн журмын хувьд зөвхөн 4 хүнд зориулсан журам байснаар бусад ажилчдын эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас өөрчлөн шинэчлэх бүх ажлыг хүртээмжтэй байлгах үүднээс цуцалсан, цуцлахдаа энэ талаар мэйлээр мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сараас эхлэн зогссон болохыг мэдсэн боловч 2021 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацаа буюу гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй нэг зохицуулалт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар цалин хөлсний өөрчлөлтийн талаарх мэдэгдэх зохицуулалтыг урамшуулалд өөрчлөлт орсон талаарх мэдэгдэх зохицуулалттай зөрүүтэй тайлбарлаж байна. Цалин хөлс бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ойлголт. Хөдөлмөрийн гэрээнд оруулах ёстой байсан гэж байна. Хөдөлмөрийн гэрээний ямар ч нөхцөл өөрчлөгдөөгүй төдийгүй хоёр талаас харилцан тохиролцоод хэрэгжиж буй гэрээ тул тус гэрээний 5.1.1-т заасан нөхцөлд дур мэдэн өөрчлөлт оруулах эрх хэмжээ байхгүй. Журмын дагуу урамшуулал олгохгүй бол нөхөж олгох ёстой гэсэн хөдөлмөрийн гэрээнд заасан цалин шиг ойлголт биш, мөн тушаал нь хууль бус биш компани өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргасан гэжээ.

5. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Пгийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан урамшууллын 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Пгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 255 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

6. Нэхэмжлэгч Г.Пгийн давж заалдах гомдлын агуулга: ... Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Н ХХК-д борлуулалтын ахлах ажилтнаар ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ийнхүү тус компанид ажилд орох гол нөхцөлийн нэг нь борлуулалт хийх тухай бүр урамшуулал олгох нөхцөл байсан бөгөөд компанийн хэмжээнд борлуулалтын ажилтан болон борлуулалтын ахлах ажилтанд борлуулалтын урамшууллыг олгох хугацаа, хувь хэмжээ, урамшуулал тооцон олгох аргачлал зэргийг нарийн тусгаж, энэ талын харилцааг тодорхой зохицуулсан Борлуулалтын урамшууллын журам үйлчилж байсан. Хариуцагч нь энэхүү журмын дагуу сар бүр олгох урамшууллаа 2020 оны 9 сар хүртэл олгож байсан боловч 2020 оны 10, 11, 12 саруудын сар бүр олгох урамшуулал болон жилийн эцэст олгох урамшууллаа олгоогүй, ажилтны ажлын үр дүнд тохирсон цалин хөлс олгох хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болно. Нэхэмжлэгч миний хувьд ажлын үр дүндээ таарсан буюу 2020 оны 9 дүгээр сар хүртэл журмын дагуу сар бүр авах урамшууллаа авч байсан бөгөөд жилийн эцсийн урамшууллаа авах үед мөрдөж байсан журмаа хууль бусаар хүчингүй болгосныг мэдсэн. Хариуцагчаас нэхэмжлэгчийн и-мэйл хаягаар ирүүлсэн мэдээлэлд борлуулалтын журмыг хүчингүй болгох талаар огт дурдаагүй бөгөөд гагцхүү түр хугацаагаар зогсоож байгаа, өөрчлөлт оруулсан тохиолдолд мэдэгдэнэ гэсэн агуулгатай байсан ба хариуцагч тал захирамж тушаал гаргах өөрт олгогдсон давуу байдлыг ашиглан дээрх журмыг хүчингүй болгосон тушаалыг хожим нөхөн гаргасан нь ч бодитой юм. Борлуулалтын урамшууллын журам-д заасны дагуу Борлуулалтын ажилтан болон борлуулалтын ахлах ажилтанд борлуулалтын төлөвлөгөөний нэгдсэн биелэлттэй уялдсан нэгж үнэлгээ болон борлуулсан орон сууцны тоог үндэслэн сар бүр болон жилийн эцэст нэг удаа борлуулалтын урамшуулал болгоно гэж урамшуулал олгохоор амлаж, энэ талаар компанийн дотоод журмаар тодорхой зохицуулсан байдаг. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үндэслэн ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 9 сар хүртэл урамшуулал олгож байсан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн бол тухайн саруудын үр дүнд хамаарсан жилийн эцсийн урамшууллыг ч олгож шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх урамшуулал олгох дотоод журмыг хариуцагч өөрийн үзэмжээр хүчингүй болгосон нь тухайн компанийн эрх гэж үзэж ажилтныг хөдөлмөрийн хууль тогтоомж, гэрээ, дотоод журмын дагуу өөрийн ажлын үр дүндээ таарсан цалин хөлс, урамшуулал авах эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргалаа. Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлс нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бөгөөд энэхүү нөхцөлийг нэг тал нь дангаараа өөрчлөх нь хууль бус бөгөөд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Харин анхан шатны шүүх ажил олгогч буюу хариуцагч талын гаргасан энэхүү хууль зөрчсөн үйлдлийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал нь дээрх журмыг хүчингүй болгосон нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь илт алдаатай, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь сар бүр олгох урамшууллыг 2020 оны 9 дүгээр сар хүртэл олгож байгаад үүнээс хойш өгөөгүй гэдэг талаар маргадаг. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шийдвэрийг ажил олгогчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сард олгохоо больсон тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн. Нэхэмжлэгч хүлээн авсан талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд асуулт, хариултын явцад и-мэйл хүлээж авсан талаар маргаагүй. Энэ нь хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хууль болон гэрээнд заасан ямар үүргээ зөрчсөн талаар заагаагүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд заасан урамшууллыг заавал олгох ёстой, хууль зөрчсөн гэж маргадаг. Талуудын хооронд хэлцлийн үндсэн дээр зөвхөн хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд түүний цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл заалтыг тодорхойлсон. Энэ үүргээ ажил олгогч нь ажилтныг ажлаа хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд биелүүлсэн. Борлуулалтын журмын дагуу хариуцагчид үүрэг үүссэн эсэхийг шалгавал Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үүрэг үүсгэх үндэслэл хамаарахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоно. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч болон хариуцагч хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл бол хөдөлмөрийн хуульд заасны дагуу хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Компани борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор борлуулалтын журам гаргаж үйл ажиллагаа явуулж байгаа нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч нь борлуулалтын урамшуулалд хамаарах хэмжээний орон сууцыг борлуулсан гэж маргадаг боловч энэ талаар баримт байхгүй. Мөн давж заалдах гомдолд цалин хөлсний талаар харилцан тохиролцоогүй гэж байна. Цалин хөлсийг өөрчлөөгүй учраас харилцан тохиролцох нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бодитой үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчилж, шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан орон сууц худалдан борлуулсны орлогоос олгох урамшуулалд 19 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцны борлуулалтын орлогоос олгох 2020 оны 10, 11, 12 саруудын урамшуулалд 2 700 000 төгрөг, жилийн эцэст олгох урамшуулал 16 800 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20/205 тоот Журам хүчингүй болгох тухай тушаалаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Борлуулалтын урамшууллын журам-ыг хүчингүй болгосон, мөн нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй гэсэн үндэслэл заажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.П нь хариуцагч Н ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №20/001 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын ахлах ажилтнаар 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх.5-7, 45/

Анхан шатны шүүхийн ...талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон талаар хэн аль нь маргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан урамшууллыг олгоогүй, эрхээ зөрчсөн талаар гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Борлуулалтын урамшуулал олгох журмыг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн эсэх талаар маргаж хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Г.Пгийн и-мэйл хаягаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн талаарх баримтыг гаргажээ. /хх.34/ Уг мэдээлэлд ...Борлуулалттай холбоотой доорх 3 мэдээ байна. 3.Борлуулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлахтай холбоотой 10/01-с борлуулалтын урамшууллын одоо хэрэгжиж байгаа журмыг түр хугацаагаар зогсоож байна. Борлуулалтын төлөвлөгөөг өөрчлөн батлуулж борлуулалтын урамшууллын журамд өөрчлөлт хийн мэдээлэл хүргэх болно гэсэн агуулгатай байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид Борлуулалтын урамшууллын журам мөрдөгдөж байх хугацаанд нь борлуулалтын урамшууллыг 2020.01.01-03.31 хүртэлх хугацаанд, 2020.04.01-04.30 хүртэлх хугацаанд, 2020.05.01-05.31 хүртэлх хугацаанд, 2020.06.01-06.30 хүртэлх хугацаанд, 2020.08.01-08.31 хүртэлх хугацаанд, 2020.09.01-09.30 хүртэл хугацаанд тус тус тооцож Борлуулалтын урамшуулал олгосон талаар хэн аль нь маргаагүй болно. /хх.46-51/

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заажээ. Нэхэмжлэгч Г.П нь урамшууллын талаарх маргаанаа Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргах эрхтэй ч шүүхэд гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч Г.П эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байсан боловч нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гомдол гаргаагүй байна. Шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 20-нд гомдол гаргаснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 20 хоногоор хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Г.П хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Нэхэмжлэгчийн ...журмын дагуу жилийн эцэст олгох урамшууллаа шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, байгууллагын дотоод журмыг илт буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02275 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...47 дугаар зүйлийн 47.1 гэснийг ...129 дүгээр зүйлийн 129.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО