Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 758

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н*******” ХХК /РД:2006952/

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Үйлдвэрийн төвийн бүс, тээвэрчдийн гудамж, 5/1, “Ворлд вайн” төв ******* тоот.

Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын 2-р байр 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3858 тоот Гомдол хянаж гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, “Н*******” ХХК-ийн Орхон салбарын барилгын ажил хийж гүйцэтгэх /ТБ/НТШ/16/01/ тендер сонгон шалгаруулалтад оролцож гэрээ байгуулах эрхтэй болохыг тогтоолгох” гэснийг өөрчилж,

 “Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот “Гомдол хянасан тухай”  албан тоотын 13 дахь “Н*******” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах”  хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар оролцлоо.

 

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн төлөөлөгч Ч.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Төрийн банкнаас зарласан “Орхон салбарын барилгын ажил хийж гүйцэтгэх /ТБ/НТШ/16/01/ тендер сонгон шалгаруулалтад оролцож гэрээ байгуулах эрхтэй болсон юм.

Төрийн банк ажил гүйцэтгэх гэрээ байгуулах 10/4730 тоот мэдэгдлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “гэрээг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулах” талаар тодорхой хугацаа заасан.

Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендерт оролцогч өөр нэг компаниас Сангийн яаманд гомдол гаргаснаар тендерийн баримт бичгийг дахин шалгах болсон юм. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Төрийн захиргааны байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй байсан хэдий ч энэ хугацаанд гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймээс гомдол хэрхэн шийдвэрлэсэн талаар тендер зарласан байгууллага буюу Төрийн банк болон Сангийн яаманд хандсан бөгөөд Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5/4493 тоот албан бичигт “гомдлыг хуулийн дагуу хянаад 2016 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 хариу хүргүүлсэн байна” гэсэн. Энэ албан бичгийг бид хүлээн аваагүй, харин Төрийн банкнаас ирүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/7227 тоот албан бичигт Сангийн яамнаас ирүүлсэн гэх албан бичгийн зарим хэсгийг хуулбарласан байсан. Хэдийгээр Сангийн яам хуулийн хугацаанд гомдлыг хянаж хариу өгөөгүй боловч гомдол шалгасан дүгнэлтдээ “Гэрээ байгуулах эрх олгосон “Н*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн маягтад урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь захиалагчийн тендерийн баримт бичгийн гэрээний тусгай нөхцөлийн төлбөрийн хүснэгтэд урьдчилгаа төлбөргүй байхаар заасан нь уг компанийн тендерээс татгалзах үндэслэл болж байна.

Иймд энэхүү тендер шалгаруулалтад хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 заасан шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй байх тул захиалагч хуульд заасан үндэслэлээр холбогдох арга хэмжээг авахыг үүгээр мэдэгдье” гэжээ.

Гэтэл төрийн банкнаас зарласан тендерийн баримт бичгийн зургадугаар бүлэг буюу тусгай нөхцөлийн Санхүүжилтийн хуваарь, төлбөрийн нөхцөл гэсэн хэсэгт “Гэрээ байгуулсны дараа гэрээний үнийн дүнгийн 30 хувийн санхүүжилт олгоно” гэж заасан байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар /цаашид хууль гэх/ олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу хянан шийдвэрлэсэн болно.

Төрийн банкнаас зарласан “Орхон салбарын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Б-С*******” ХХК, “Фа*******” ХХК, “С*******” ХХК-иудаас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заалтын дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан үзэж 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот албан бичгээр дээрх компаниудад хариуг хүргүүлсэн ба Сангийн яаманд хандаж “Н*******” ХХК нь албан бичгээр буюу гомдол гаргаагүй тул шүүхэд нэхэмжпэл гаргагч компанид хариу албан бичиг хүргүүлэх үндэслэл байхгүй юм.

Тус тендер шалгаруулалтад гэрээ байгуулах эрх олгосон “Н*******” ХХК-ийн санал болгосон тендерийн баримт бичгийг хянан үнийн санал болгосон маягтад урьдчилгаа төлбөр шаардсан нь хуулийн 44.4 дэх хэсэгт Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж заасан байдаг тул захиалагчийн зүгээс /Төрийн банк/ боловсруулсан тендерийн баримт бичигт урьдчилгаа төлбөргүй байхаар заасан нь уг компанийн тендерээс татгалзах үндэслэл болсон байна. Мөн дээрх тендер шалгаруулалтад шаардлага хангасан нэг ч тендерийн санал ирээгүй байсан бөгөөд үүнтэй холбогдуулан тендерийг хүчингүй болгосноор тус компанид ямар нэгэн хохирол учраагүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3858 тоот албан бичиг гомдол хянаж гаргасан шийдвэрийг хүчингүй болгох нь зөвхөн нэг хуулийн этгээдийн тухай эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй бусад хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Навтгар Хайрхан” ХХК тус шүүхэд “Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот “Гомдол хянасан тухай”  албан тоотын 13 дахь “Н*******” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

 

 

Нэхэмжлэгч “Навтгар Хайрхан” ХХК  нь Төрийн банкнаас зарласан тус банкны Орхон аймаг дахь салбарын барилгын ажил хийж гүйцэтгэх ТБ/НТШ/16/01/ дугаар тендерын сонгон шалгаруулалтад оролцжээ.

Төрийн банкнаас тус компанас ирүүлсэн тендерын материалыг судлаж үзээд Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ  худалдан авах тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-р шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгожээ.  

Гэтэл уг тендерт оролцсон Б-С******* ХХК, “С*******” ХХК, “Фа*******” ХХК-иудаас гомдол гаргаснаар Сангийн яам тус тендерт ирүүлсэн материалуудыг хянаад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ  худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дэх хэсэгт заасны дагуу хянаад “...шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй...”  гэсэн Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот албан бичгийг захиалагч Төрийн банкинд хүргү*******.

Уг албан бичгийн үндэслэл болгон Төрийн банкнаас “...шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзсан...” тухайгаа  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/7227 албан бичгээр “Н*******” ХХК-д хүргү******* .

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот албан бичгийг өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...тендерийн маягтад урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь захиалагчийн тендерийн баримт бичгийн гэрээний тусгай нөхцөлийн төлбөрийн хүснэгтэд урьдчилгаа төлбөргүй байхаар заасан байхад “Н*******” ХХК-ийн санал болгосон тендерийн баримт бичгийн маягтад урьдчилгаа төлбөр шаардсан  нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ  худалдан авах тухай” хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан  “Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэсэн  шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэжээ.

Захиалагч Төрийн банкны тендерийн баримт бичгийн Зургаадугаар бүлэг , Гэрээний тусгай нөхцөл, Санхүүжилтийн хуваарь, Төлбөрийн нөхцөл хэсэгт “1-р шат гэрээ байгуулсаны дараа гэрээний үнийн дүнгийн 30 хувийн санхүүжилт” гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд энэхүү тендерт захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болохоор зохицуулсан гэж үзэхээр байна. 

 Энэ нь Төрийн банкны тендерийн үнэлгээний хороо  /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” зэргийг хангасан эсэхийг / хянан үзээд Орхон салбарын барилгын ажил хийж гүйцэтгэх ТБ/НТШ/16/01 дугаар тендер шалгаруулалтын ялагчаар нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийг тодруулсан шийдвэр болон Төрийн банкны 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12/10263 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

Нөгөөтэйгүүр захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу Тендерийн баримт бичгийн боловсруулахдаа тендерт оролцогчидод эргэлзээтэй байдал үүсгэхээр бэлтгэсэн нь уг тендерт ялагчаар тодорсон “Н*******” ХХК-ийг буруутгах нь үндэслэлгүй байна. 

Түүнчлэн энэхүү хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянахдаа зөвхөн тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан эсэхийг үндсэн шалгуур болгон голчлон харгалзан үзэхээр хууль тогтоогч нар хуульчилсан байна.

Гэтэл энэ тохиолдолд Сангийн яам тендерийн баримт бичгийн боловсруулан захиалагчийн хүсэл зорилгыг нягтлан шалгалгүйгээр гомдлыг хянан үндсэн шалгуураас өөр нөхцлөөр татгалзсан дээрх хуультай нийцэхгүй байна.

Мөн төрийн банкнаас нэхэмжлэгч “Н*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2016 оны 05 дугаар 02-ны өдрийн 10/4730 тоот албан бичгээр мэдэгдсэн. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендерт оролцогч компаниудаас гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр хариу хүргүүлсэн нь өөрөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийн захиалагчтай гэрээ байгуулах эрхийг нь хязгаарласан байна.

Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан уг бүхий албан бичгийн “Н*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3868 тоот “Гомдол хянасан тухай”  албан тоотын 13 дахь “Н*******” ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгосугай.  

2. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР