Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00232

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00232

 

Т.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03703 дугаар шийдвэртэй

Т.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч М ХХК-д холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин 75,752,047.5 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2702 дугаар шийдвэрээр Т.А намайг М ХХК-ийн уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1974 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 592 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй байсан учир албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Иймд Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлхи хугацааны цалинг 1 өдрийн 271 027 төгрөгөөр тооцож 75 752 047 төгрөг 50 мөнгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 813 081 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 76 565 128 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

Иргэн Т.А нь 2020 оны 6 сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл ажилгүй байжээ. Энэ нь түүний өөрийнх нь tooloi Б@yahoo.com хаяг бүхий цахим шуудангаар 2021-08-23-ны өдрийн үдээс хойш 3:19 цагт манай компанийн ахлах нягтлан бодогч Гантуяад ирүүлсэн Нийгмийн даатгалын лавлагаа гэх цахим захидал болон уг захидлын хавсралт болох 2021-08-23-ны өдрийн огноо бүхий Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оос харагдана. Мөн энэ тодорхойлолтоос үзвэл, Т.А нь 2021 оны 2 дугаар сараас Б ХХК-д ажилд орж, ажил олгогч түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоог хийж байсан нь Төрийн үйлчилгээний цахим системээс авсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Ийнхүү 2021 оны 2 дугаар сараас одоог хүртэл ажил хийж байгаа атлаа 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны цалингийн нөхөх олговрыг бүрэн хэмжээгээр авахаар нэхэмжилж байна. Т.А 2021 оны 2 дугаар сараас одоог хүртэл Б ХХК-д ажил хийж өмнө нь М ХХК-д авч байсан цалингаасаа илүү хэмжээний цалин хөлс авч байгаа нь баримтаар нотлогдож байх тул мөн хугацаанд ямарваа хэлбэрээр зөрчигдөөгүй, түүнд эдийн болон эдийн бус хохирол учраагүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан аргаар шүүхээс хамгаалалт авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрхгүй. Т.А, түүний өмгөөлөгч Ш.С нар нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд хандан хяналтын журмаар гомдол гаргасан байхад Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны 001/XT2021/00592 дугаар тогтоолын эхний хуудсанд тэмдэглэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.2, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаас үзвэл хяналтын шатны шүүх Т.Агийн гомдлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр хянан шийдвэрлэх ёстой байхад шүүх хуульд заасан дээрх хугацааг 6 сар гаруй хугацаагаар хэтрүүлэн шийдвэрлэжээ. Хариуцагчийн зүгээс хяналтын шатны шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэгэн хүсэлт огт гаргаж байгаагүй болохыг цохон тэмдэглэж байна. Иймд хяналтын шатны шүүх Т.Агийн гомдлыг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг 6 сараар хэтрүүлэн шийдвэрлэсэнд хариуцагчийн гэм буруу байхгүй. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэг өдрийн цалинг 271 027 төгрөгөөр тооцож 33 878 895 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дээрхи үндэслэлүүдээр татгалзаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХКомпаниас 73 990 371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгож, нэхэмжлэлээс 2 574 757.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Т.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг М ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 536 711 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М ХХК-иас 527 902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Агаас улсын тэмдэгтийн хураамж 24 064 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн төлөөлөгч Л.Сийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт ...хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Т.А нь 2021 оны 2 дугаар сараас эхлэн Б ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан үндсэн ажилтнаар ажиллаж эхлээд өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа бөгөөд түүний хөдөлмөрийн үр дүндээ нийцүүлэн Б ХХК-аас авсан цалин нь манай компаниас авч байсан дундаж цалингаас илүү болохыг Т.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт заасан үүргийг биелүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

4б. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчид 73,990,371 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Гэвч уг заалт нь ...ажилгүй байсан бүх хугацаанд ... олговор олгох гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.А нь шүүхийн шийдвэрт хариуцагчаас түүнд олговор гаргуулахаар заасан хугацаа буюу 2021 оны 02 дугаар сараас мөн оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилгүй байсан бус харин Б ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтан нэг цаг хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэн нэг ажил олгогчоос цалин хөлс, нөгөө ажил олгогчоос олговрыг давхардуулан авч болох тухай хуульчлаагүй.

4в. Шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх Т.Агийн гомдлыг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг 6 сараар хэтрүүлэн шийдвэрлэсэн нь бодит шалтгаантай байсан талаар дурджээ. Хариуцагчийн хувьд хяналтын шатны шүүх болон шүүгчдийн гэм буруугийн тухай хөндөөгүй бөгөөд харин энэ гэм хор хариуцагчийн үйлдэл буюу эс үйлдэхүйгээс болоогүй гэдгийг л тодотгосон. Иймд хариуцагчийн хувьд нэхэмжлэгч Т.Агийн 2020 оны 12 дугаар сар болон 2021 оны 01 дүгээр сарын олговрыг олгох үүрэггүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 73,990,371 төгрөгийг гаргуулах гэсэн заалтад өөрчлөлт оруулан Т.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас 40,111,476 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Т.А давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд хариуцагч этгээд биш түүнтэй хамааралгүй Б ХХК-д ажиллаж цалин хөлс авч байгаа нь хариуцагчийн хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх, чөлөөлөх үндэслэл болохгүй. Гомдолд дурдсан шүүхийн ажиллагааны явц удааширсан нь хариуцагчийн буруу үйлдэл биш учраас энэ хугацааны төлбөр төлөхгүй гэдэг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа удааширсан зүйл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй учраас хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 75,752,047.5 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

а. Нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 592 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон боловч ажил олгогч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ... гэж тайлбарласан.

б. Хариуцагч М ХХК нь ...нэхэмжлэгч Т.Аг 2021 оны 02 дугаар сараас Б ХХК-д ажилд орж, ажил олгогч түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, манай байгууллагад ажиллаж байхдаа авч байсан цалингаас илүү хэмжээний цалин авч байгаа учир эрх нь зөрчигдөөгүй, хохирол учраагүй... гэж маргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

4. Нэхэмжлэгч Т.Аг ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2020/02702 дугаар шийдвэрээр түүний нэг сарын дундаж цалин хөлсийг 5,962,595 төгрөг /1 өдрийн цалин 271,027 төгрөг/-өөр тогтоосон байх тул 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, ажлын 273 хоногт ногдох олговорт /273 хоног*271,027/ нийт 73,990,371 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж байгаа гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй, ажилтан ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн хугацаандаа өөр ажил, хөдөлмөр эрхэлж байгаа холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын Дээд шүүхийн шүүгч нарын эрхийг түдгэлзүүлсэн болон, танхимын бүрэлдэхүүний асуудалтай холбоотой хийсэн дүгнэлт нь тухайн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд шууд хамааралтай биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Үүнийг магадлалд тухайлан дүгнэн залруулав.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ц.ИЧИНХОРЛОО