Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
Хэргийн индекс | 2435000000089 |
Дугаар | 2024/ДШМ/23 |
Огноо | 2024-06-20 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/23
Н.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Б.Догмиддорж, шүүх хуралдааны бичгийн дарга Ш.Анхцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Ч-д холбогдох, 2435000000089 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, тусгай дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш ургийн овогт Н-ын Ч (Регистрийн дугаар:).
Шүүгдэгч Н.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн Баруун гол хорооллын 204 тоотод өөрийн эх Ц.А-г зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
- шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Ч-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
- шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолоор Н.Ч-д холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчилж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:
4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ: шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ц.А-г бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд байнга дарамтад байлгаж энэ гэмт хэргийг үйлдээгүй, тухайн үеийн гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас төрсөн эхийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн” нь үндэслэлгүй байна.
Учир нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт: “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд” гэж тодорхойлсон. Энэхүү хуулийн заалтад Н.Ч-ын төрсөн эх болох хохирогч Ц.А нь хамаарч байгаа болно.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т: “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан ба эдгээр шинжүүд дан дангаараа тогтоогдож байвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчлэхээр тодорхойлж өгсөн байдаг.
Гэтэл шүүх шүүгдэгч, хохирогч нарын хооронд байнгын шинжтэй, бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад оруулсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж болох “байнга” гэсэн шинжийг дурдаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр болсон.
4.2. Мөн шүүгдэгч Н.Ч нь өөрийн төрсөн эх Ц.А-гийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдаж, зодсон үйлдэл нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “бие махбодын хүчирхийлэл”-ийн нэг хэлбэр бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэргийн оролцогч нарын хооронд хувийн ямар нэгэн таарамжгүй харилцаа үүсээгүй, харин хохирогч Ц.А нь хүүдээ “чи одоо тэр хоёрын араас явж яах гээд байгаа юм бэ, одоо ямаагаа хөхүүлэх цаг болсон байна” гэсэн хууль ёсны шаардлага тавьсныг түүний хүү болох Н.Ч нь эсэргүүцэж, төрүүлсэн эхийгээ цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдэл нь хууль ёсны байх, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм, хэмжээ болох хүн байх, төрүүлж, өсгөсөн эцэг, эхээ хүндлэх, дээдлэх зэрэг жам ёсны эрхийг зөрчсөн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл биш, тохиолдлын шинжтэй гэнэт үүссэн нөхцөл байдал гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон.
Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Эсэргүүцлийн үндэслэл нь хүн байх, хууль ёсны байх зарчимд тулгуурласан. Учир нь бид бүгдээрээ аав, ээжтэй. Аав, ээждээ гар хүрэх байтугай муухай харж болохгүй. Тийм учир ээждээ гар хүрсэн асуудлыг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар төрүүлсэн эцэг эхийг хамааруулахаар заасан байдаг. Шүүх байнга гэдэг шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн агуулга нь ээж аавыгаа байнга буюу 3 түүнээс дээш удаа зодвол гэр бүл хүчирхийлэл гэж үзэхээр гарсан. Энэ нь хуулийн агуулгаас өөрчлөгдчихсөн, хуулийг буруу хэрэглэсэн асуудал болоод байна.. Мөн шүүх хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг гарсан гэж үзсэн нь буруу. Ээж нь хүүдээ хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн үед аав, ээж, Н.Ч, 2 хүний хамт тавуулаа архи уусан. Гэхдээ Н.Ч үргэлжлүүлээд явах гэтэл ээж нь “чи тэр 2 хүний араас явж яах гээд байгаа юм бэ, ямаагаа хөхүүлэх цаг болсон” гэж хэлсэн нь хууль ёсны шаардлага юм. Тэдний хооронд ерөөсөө хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй. Гэтэл шүүхээс 1 удаагийн цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан тул хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Ч-д холбогдох, 2435000000089 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ч-д өөрийн эх Ц.А-г зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Н.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.
4. Анхан шатны шүүх Н.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
4.1. Шүүгдэгч Н.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн орой Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар баг, Баруун гол хорооллын 204 тоотод өөрийн эх Ц.А-гийн нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 сарын 05-ны өдрийн 17 цагийн үед манай гэрт Б, Б гэх 2 хүн ирсэн, тэр хүмүүс нэг шил 0.75 л-ийн архи авчирсныг манай нөхөр болон хүү Ч, бид 5-лаа хувааж уусан. Архиа ууж дуусаад ирсэн 2 хүн явахаар гарахад манай хүү тэдэнтэй хамт явна гэхээр би түүнийг явуулахгүй гээд, ямаагаа хөхүүлэх цаг болсон байна, гарч ажлаа хийе гэж хэлэхэд хүү Ч уурлаж, гараараа миний нүүрний хэсэгт нэг удаа цохисон. Гэтэл миний нүүрний хэсэг гэмтэж, цус ихээр гарсан тул сумын эмнэлэгт дуудлага өгснөөр, эмч ирж миний баруун нүдний хэсэгт 2 оёдол тавьсан. Би хүү Ч-ыг тэр 2 хүнтэй хамт явуулахгүй гэж хориглосонд тэр уурлаж, намайг гараараа цохисон. Урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй, анх удаагаа ийм асуудал болсон. Хүү надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гэж нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р тал/,
- гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Ч манай гэрт ирсэн 2 хүнийг дагаж явна гэхэд нь эхнэр Ц.А хориглож, “ чи тэр 2-ын араас явж яах гэсэн юм бэ, ямаагаа хөхүүлэх цаг болсон байна” гэж хэлэхэд Ч гэрийн хаалгаар гарсан ба энэ үед эхнэр түүний араас татахад тэр эргэж хараад нүүрний хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд эхнэрийн нүүрнээс цус ихээр гарсан тул эмч дуудаж ирүүлсэн. Тухайн үед би болон эхнэр Ц.А, хүү Ч архи хэрэглэсэн байсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 15-р тал/,
- Б.Э /Бөхмөрөн сумын ЭМТ-ийн эмч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...намайг гэрт ороход А эгч шалан дээр хэвтэж байсан, толгой нь нэлэнхүйдээ цус болсон байсан, бид цусыг цэвэрлэж, баруун нүдний доод хэсэгт 2 оёдол тавьсан. Сувилагч Оюунбилэг өвчтөнд уян зүү тавьж, цус тогтоох эмчилгээ хийсэн. Тухайн үед А болон нөхөр Н 2-лаа согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
- гэрч М.О /Бөхмөрөн сумын ЭМТ-ийн дарга, хүний их эмч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 04 сарын 5-ны орой 21 цагийн орчимд манай ЭМТ-ийн дотрын их эмч А.Д утсаар ярьж, А гэдэг хүн хүнд зодуулсан байдалтай байна, цус их алдаж байна, та яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Намайг явж очиход А нь гэрийнхээ шалан дээр хэвтэж байсан, толгой нь нэлэнхүйдээ цус болсон байсан, Э эмч бид хамтарч цусыг арчиж, цэвэрлэсэн. Баруун нүдний доод хэсэгт 1 см орчим шархнаас цус их гарч байсан, Д эмч 2 оёдол тавьсан. А-гийн биеийн байдал тогтворжсоны дараа манай эмч нар явцгаасан, шөнө 2 удаа гэрийнхэнтэй нь холбогдож, биеийн байдлыг нь асуухад хэвийн байна гэж хэлсэн. Тухайн үед биднийг очиход А болон нөхөр Н 2-лаа согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн19-р тал/,
- Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 166 дугаартай: “1. Ц.А-гийн биед баруун хацрын төвгөрт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Баруун хацрын төвгөрт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг дор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 4. Баруун хацрын төвгөрт язарсан шарх, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/,
- шүүгдэгч Н.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би архи уучихсан байсан, гэрээс гарах гэтэл ээж явуулахгүй гэхээр нь согтуу байсан учир уур хүрээд баруун гараараа ээж Ц.А-гийн нүүрний хэсэгт нэг удаа цохисон. Ээжийн нүдний доод талд хацар орчмоос цус гараад гэртээ үлдсэн, би тэр өдөр анх удаа ээжийгээ цохисон, энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би гэм буруугаа ухамсарлаж байгаа, би өөрийн ээж Ц.А-гаас уучлалт гуйж эвлэрсэн, ээж маань надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Согтуу байсан тул ээжийнхээ биед халдсан, миний буруугаас болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50, 92-97 дугаар тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
4.2. Хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Н.Ч-ын ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Н.Ч нь архи ууж согтуурсан үедээ өөрийн төрсөн эх Ц.А-г“өөрийг нь гэрээс гарч явахыг хориглолоо” гэх шалтгаанаар 1 удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйл баримт тогтоогдсон ба хэдийгээр шүүгдэгч, хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд буюу Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэх ойлголтод хамаарч байх боловч шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
6. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.
7. Прокурорын давж заалдах журмаар бичсэн: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: шүүгдэгч Н.Ч нь хохирогч Ц.А-г байнгын шинжтэй, бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад байлгаж энэ гэмт хэргийг үйлдээгүй, тухайн үеийн гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас төрсөн эхийнхээ биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар тодорхойлохоор байна.
Гэтэл прокурор шүүгдэгч Н.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо, өөр салбар эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, төрүүлсэн эхээ зодсон шүүгдэгчийн 1 удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тодруулбал, прокурор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасныг иш татаж, зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн субъектын шинжээр нь гэмт хэргийн шинжийг тодорхойлсон нь гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хэм хэмжээг гэмт хэргийн шинжид шууд хамаарах ойлголт мэтээр дүгнэж, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй болно.
7.2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг давтамжтай буюу байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байна.
Шүүгдэгч Н.Ч төрсөн эхийгээ гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Тодруулбал, шүүгдэгч Н.Ч нь өөрийн эх Ц.А-г байнга зодох, цохих, өөрийн эрхшээл дарамтад байлгах , биед нь халдах, сэтгэл санааны болон эдийн засгийн дарамтад байлгасан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, харин тухайн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдлын улмаас түүний бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хийсэн нь нотлогдсон байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН