Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00258

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00258

 

О.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2021/00368 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бод холбогдох

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, О.Ооос 20,784,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2017 онд Н д, 7 дугаар хороо, Н хороолол, 00-0 тоотод байрлах 32.28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг худалдаж авахдаа урьдчилгаанд 15,844,000 төгрөгийг төлж 8 хувийн хүүтэй банкны зээлээр авсан. Хамаатан Бо нь бага насны олон хүүхэдтэй, танай байранд амьдраад 2 жилийн дотор байрны урьдчилгаанд төлсөн 15,844,000 төгрөгийг гаргаж өгөөд байрыг чинь худалдаж авья гэсэн тул зөвшөөрсөн. Амьдрах хугацаанд Б.Бо нь надад 320,000 төгрөгийг түрээсэнд төлж байхаар тохиролцсон. Бо нь миний байранд 2018 оны 05 дугаар сараас хойш амьдарч байна. 2018 оны 05 дугаар сараас түрээсийн төлбөр төлж байсан боловч 2020 оны 10 дугаар сараас хойш огт төлөөгүй. Хариуцагчид байрыг чөлөөлөх хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Иймд орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Боын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: О.Оын нэр дээрх Н д, 7 дугаар хороо, Н хороолол, 00-0 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны 8%-ийн ипотекийн зээлийг сар бүр банканд төлөх, урьдчилгаанд төлсөн 15,844,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, 2018 оны 05 дугаар сард уг байранд орсон. О.Отой тохиролцсон ёсоор 2015 оны 05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл байрны урьдчилгаанд 10,864,000 төгрөг, банкны зээлэнд 9,920,000 төгрөгөөс нийт 20,784,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 10 дугаар сард ковидын улмаас зээл төлөх боломжгүй болж 2021 оны 12 дугаар сар хүртэл банкны зээлээ хойшлуулсан. Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сараас хойш О.Оын байрны зээл болон урьдчилгаанд өгсөн мөнгийг хэсэгчлэн төлж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон. Энэ зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байгаа, түрээсийн гэрээний харилцаа бол үүсээгүй. Үүний дагуу 2018-2020 оны 11 дүгээр сар хүртэл Б.Бо нь сар бүр банкны зээлийн төлбөрийг төлсөн. Мөн байрны урьдчилгаанд Оын төлсөн 15,844,000 төгрөгөөс 10,864,000 төгрөгийг төлсөн. О.О нь байрны урьдчилгаа, байрны зээлийн төлбөрийг төлсөн учир шууд бус биш ч гэсэн тодорхой хэмжээний өмчлөх эрх үүссэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Боын сөрөг нэхэмжлэлийн агуулга: О.Ооос банкны зээлд сар бүр төлсөн 9,920,000 төгрөг, байрны урьдчилгаанд төлсөн 10,864,000 төгрөгийг төлсөн тул 20,784,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хэрэгт гаргаж өгсөн дансы хуулгаар 17,299,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдоно, мөн 3,485,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэжээ.

4. Нэхэмжлэгч О.Оын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн хувьд 20,784,000 төгрөгийг нэхэмжлэхдээ сар бүр төлсөн банкны төлбөрийг оруулж тооцсон байсан. Энэ нь нэхэмжлэгчид биш банканд шууд очиж байгаа мөнгө юм. Хэрэгт гаргаж өгсөн баримтаар 15,618,500 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Үүнээс 9 280 000 төгрөг нь банкны зээлэнд төлөгдсөн учир нэхэмжлэгч хариуцахгүй, харин үлдэх 6,338,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бэлнээр хүлээлгэн өгсөн гэх 3,485,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, тийм зүйл болоогүй. Гэрчийн мэдүүлэг баримтаар нотлогдохгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Боаас Н д, 7 дугаар хороо, Н хороолол, 11 дүгээр байрны 0 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ооос 15,813,500 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,970,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 261,870 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 237,767 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.  

6. Нэхэмжлэгч О.Оын давж заалдах гомдлын агуулга: ... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйгээс хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэн, бичгээр хийгдэх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Учир нь хариуцагч болох Б.Бо бид хоёр Худалдаа хөгжлийн банк ХХК дээр хамт очоод, зээлээ шилжүүлэх гэтэл банкнаас боломжгүй гэсэн хариу өгсөн тул бидний хооронд орон сууц худалдах, худалдан авах асуудал биелэх боломжгүй гэдгийг ойлгоцгоосон. Би банкны зээлийг чинь төлөөд сууж байя. Хамаатан хүмүүс юм чинь бие биедээ тус дэмтэй байя гэж гуйсны дагуу сар бүр 320,000 төгрөгийг байрны түрээсийн төлбөрт төлөхөөр тохиролцсон. Би банкнаас авсан ипотекийн зээлээ төлөх боломжгүй байсны улмаас орон сууцаа зарж, зээлээ хаах талаар төлөвлөж, орон сууцаа борлуулах тухай зар гаргаж байсан бөгөөд энэ үед орон сууцаа түрээслүүлэх байдлаар банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөөд, өөрөөсөө зардал гаргах шаардлагагүй болсон тул орон сууцаа зарахаа больсон юм. Хэрэв байраа худалдах байсан бол бэлэн мөнгөөр ч юм уу, аль эсвэл банкнаас зөвшөөрсөн хүний нэр дээр зээлээ шилжүүлэн, өөрийн нэр дээр байгаа зээлийг хаах арга хэмжээг авах байсан. Гэтэл зээлийн төлбөрийг сар бүр байраа түрээслүүлсэн төлбөрөөр төлөөд байх нь миний эрх ашигт бүрэн нийцэж байсан тул Б.Боын саналыг хүлээн авч, байрандаа суулгахаар зөвшөөрсөн юм. Үүнийг миний бие орон сууцаа түрээслүүлсэн үйлдэл гэж ойлгож, энэ ч үүднээс асуудалд хандаж байсан. Бидний хооронд үүссэн маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тогтоогоогүй, маргааныг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй шийдвэр боллоо гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд талуудын гаргасан нотлох баримтыг үндэслэн эрх зүйн харилцааг зөв тогтоосон тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Б.Бод холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч О.Ооос 20,784,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.О нь хариуцагчид маргааны зүйл болж буй Н д, 7 дугаар хороо, Н хороолол, 00-0 тоотод байрлах 32.28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг түрээсэлсэн, хариуцагч Б.Бо орон сууцыг банкны урьдчилгаа мөнгийг төлж худалдаж авахаар тохирсон гэсэн өөр өөр тайлбар гарган маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Хаан банкны дипозет дансны хуулгаас үзэхэд хариуцагч Б.Боаас нэхэмжлэгч О.Оын данс руу нийт 15,813,500 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, мөнгө шилжүүлсэн үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй. /хх.7-41, 56-106, 112/

5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

6. Нэхэмжлэгч О.О нь өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Б.Боаас Н д, 7 дугаар хороо, Н хороолол, 11 дүгээр байрны 0 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Боын нэхэмжлэгч О.От шилжүүлсэн 15,813,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Нэхэмжлэгч ...зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэсэн тайлбар гаргаж, мөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 104/ШШ2021/00368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заа снаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 237,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО