Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
Хэргийн индекс | 2335000000240 |
Дугаар | 2024/ДШМ/26 |
Огноо | 2024-07-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/26
Б.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, Б.Э-т холбогдох, 2335000000240 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Б-ын Э (Регистрийн дугаар:).
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Нуурын хоолой” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Ц-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-т 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
- шүүгдэгч Б.Э-оос гэмт хэргийн хор уршигт 619,800 (зургаан зуун арван есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ц-д олгож, хохирогчийн үлдэх 1,980,200 (нэг сая есөн зуун наян мянга хоёр зуу) төгрөг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Э-оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
- шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Прокуророос 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 188 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг Нуурын хоолой гэх газар болсон үйл явдалд /бодит/ үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн.
2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн үйл баримтыг мэдэх ганц гэрч бол Ц.Т юм. Гэрч Ц.Т-гийн “Д.Б тавагтай махан дээр хутга авч тавихад Д.Ц ах уг хутгыг авах гэж гараа явуулахад би түрүүлээд авчихсан. Д.Ц, Б.Э хоёр маргалдаад байсан. Д.Ц ах мах идмээр байна гэж хэлэхэд Д.Б дахин хутга авч өгөхөд Д.Ц хутгатай гараа ардаа аваад хажуулдаад суугаад байсан” гэх мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн байгаа.
Гэтэл яллах дүгнэлтэд гэрч Ц.Т-гийн мэдүүлгийг тусгаагүй тул гомдолтой байна. Гэрч Ц.Т тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ганц гэрч юм. Яллах дүгнэлтэд тусгагдсан хохирогч Д.Ц, гэрч Д.Б (гэрийн эзэн) нар нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн үйл явдал болоход бүгд согтуу байсан. Гэрч П.Б тухайн үйл явдлыг хараагүй гадаа машинд байсан. Гэрч Ц.Т-гийн мэдүүлэг яллах дүгнэлтэд тусгагдсан бол миний эрх зүйн байдал дээрдэх байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож хэрэглэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, учруулсан хохирол хор уршиг зэрэгт тохирсон гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шинжээчийн дүгнэлт, гэрч Ц.Т-гийн мэдүүлгийг шинжлэн судлуулсан. Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг аль аль талаас нь бүрэн цуглуулах ёстой, мөрдөгч болон прокурорын зүгээс энэ үүргээ хангалттай гүйцэтгэсэн.
Гэрч Ц.Т-гийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс зөрүүтэй. Мөн нөгөө талаар гэрч Ц.Т нь шүүгдэгч Б.Э-ын нэг ангийн дотны найз нөхөд хүмүүс байгаа.
Хохирогч Б.Э-ын үйлдэл нь ямар нэгэн байдлаар бусдаас өөрийгөө хамгаалах гэсэн аргагүй хамгаалалт хэрэглэсэн зүйл байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрийг нь хутгаар зүссэн гэх зүйл ярьдаг ба энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч болон шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан 2 баримтыг шинжлэн судлуулсан. Хэргийн материалыг харахад 3 эргэлзээ төрөөд байна. Гэрч Ц.Т, Д.Б нарын мэдүүлгийн зарим хэсэг нь агуулгын хувьд зөрүүгүй байгаа. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, мөн тус хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт хийгдээгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан, 382 дугаартай шинжээчийн дүгнэлтэд энэ гэмтлүүдээс зарим гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүйгээр байхад бүхэлд нь хөнгөн гэмт хэрэгт хамааруулаад байна. Сүүлийн дүгнэлтэд зөвхөн 8 дугаар хавирганы зөрүүтэй хугарал нь хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн байхад прокурор аль гэмтлийг нь хөнгөн гэмтэл учруулсан гэж үзээд байгаа нь тодорхойгүй. Энэ асуудалд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа.
Шүүгдэгч Б.Э хохирогч Д.Ц нар нь ах дүү төрөл садны хүмүүс бөгөөд хамаарал бүхий этгээдүүд мэдүүлэг өгсөн байгаа юм. Батсуурийн мэдүүлэгт “эдний хооронд хэзээнээс хойш газар, буйр бууцны талаар маргаан, таарамжгүй харилцаа байсан” гэдгийг хэлдэг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Д.Ц нь Б.Э-той өш хонзонгийн асуудалтай байсан нь тогтоогдсон ба энэ асуудлыг заавал шалгаж тогтоох ёстой байсан.
Гэрчүүдийн маргалдсан гэх мэдүүлгээр санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байгаа. Энэ гэмт хэрэг нь өш хонзонгийн сэдэлтэй, хохирогчийн санаатай үйлдлээс үүссэн байхыг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал тогтоогдоод байхад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шалгаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э-т холбогдох, 2435000000240 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон буюу шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.
3. Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Нуурын хоолой” гэх газарт гэрч Д.Б-ийн гэрт хохирогч Д.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой, эрүү рүү гараараа цохиж, зүүн талын хавирга рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед үхрээ хайж яваад Өгөөмөр багийн төвийн манаач Д.Б-ийн гэрт очиход тус сумын засаг дарга Б.Э, Б.Х /Б.Б/, Ц.Т, Д.Б нар байсан. Манай хүү Ц.Б тус сумын Зэлийн гол багт М гэх хүнээс хашаа худалдаж авсан бөгөөд тухайн худалдаж авсан хашааны хажуу талд худалдаа үйлчилгээний зориулалттайгаар газар эзэмшүүлэх талаар засаг дарга Б.Э-т хүсэлт гаргаж байсан. Харин тухайн газарт 2022 оны намар З гэх залуу зөвшөөрөлгүй хашаа барьсан. Би сумын төв рүү байнга ороод байдаггүй болохоор засаг дарга Б.Э-той уулзсан дээрээ тухайн зөвшөөрөлгүй хашааг буулгаж, миний хүсэлтийн дагуу уг газрыг олгож өгөх талаар хэлсэн. Тэгэхэд Б.Э-той хамт явсан Б.Х /Б.Б/ гэх залуу яриан дундуур орж, хөгшин төгцөг минь, юу яриад байгаа юм, энэ чинь ажлын газар биш гэсэн. Би уг Б.Х /Б.Б/ гэх залууд хандаж, надад сумын төв байнга орж засаг даргатай уулзаад байх боломж байхгүй учир уулзсан дээрээ хүсэлт тавьж байна гэж хэлээд бидний хооронд маргаан үүсэж байхад Б.Э нь миний хамар хэсэг рүү цохисон. Намайг санамсаргүй байхад Б.Э цохисон болохоор би манарсан бөгөөд би Б.Э-ыг барьж авахад, намайг газар унагаасан. Тэгэхэд миний зүүн хавирга рүү хүн өшиглөсөн. Тухайн үед Ц.Т нь Б.Э, Б.Х /Б.Б/ нарыг надаас салгаад аваад явсан. Харин би Д.Б гэх айлд хонож маргааш нь цагдаагийн байгууллага болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Б.Э нь миний толгой, хамар, нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон ба миний хамар хугарсан, зүүн нүд улайсан, тухайн үед толгой хавдаж өвдөж байсан бөгөөд одоо хаван буусан боловч толгойны өвчин хэвээр байна.
Б.Э нь маргалдаж байхдаа нүүр лүү цохисон ба барьцалдаж газарт унасан байхад толгойн орой болон эрүү рүү 3 удаа цохисон. Нэг удаа хавирга руу өшиглөсөн. Тэр өшиглөсөн хүнийг хараагүй нүүрээ гараараа дарж хамгаалж нөгөө гараараа барьцалдсан байсан. Б.Э салахдаа өшиглөсөн гэж ойлгосон. Ноцолдох үед би хутга бариагүй, Б.Э-ыг хутгалсан зүйл байхгүй. Биеэ хамгаалж ноцолдсон зүйл бий...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-8 дахь тал);
- гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гал дээр байсан шөл гаргах хооронд хэн, юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Д.Ц, Б.Э хоёр барьцалдсан байдалтай, Д.Ц-гийн дээр Б.Э гараад суусан байхаар нь хажууд байсан хүмүүстэй хамтарч уг хоёр хүнийг салгаад Б.Э, П.Б, Т, Х нар машинд суугаад явсан. Харин Д.Ц манайд үлдсэн бөгөөд хамраас нь цус гарсан, хавирга дээр юм өвдөж байна гэж хэлж байсан, манай гэрт унтаж амраад өглөө гэр лүүгээ морио унаад явсан.
Би мах гаргаад хутга тавьж өгөөд тогоотой шөл гаргах хооронд Д.Ц, Б.Э нар маргалдаад барьцалдаж аваад зүүн ор, баганы хооронд унаад ноцолдоод байсан. Д.Ц доор нь орсон, Б.Э дээр нь байсан.
Д.Ц нь хутгаар мах идэж байсан. Ноцолдох үед Д.Ц-гийн гарт хутга байсан эсэхийг анзаараагүй, Б.Э-ыг хутгалж харагдаагүй. Хувцас хунар нь урагдсан, цус болсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-17 дахь тал);
- гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Э, Д.Ц хоёр хоорондоо маргалдаж байхад Д.Б нь чанаж байсан мах гаргаад өгөхөөр нь би уг махнаас амсаад гадна гараад машиндаа сууж байтал гэр дотор Б.Э, Ц.Т, Д.Ц нарын дуу чанга сонсогдож Ц.Т яг хэнд хандаж хэлсэн гэдгийг мэдэхгүй, энэ хоёр хүнийг салгаж авмаар байна гэж хэлж байсан. Би машин дотор сууж байтал Д.Ц ах гэрээс гарч ирээд машины хажууд зогсохоор нь би “ах та зүгээр үү” гэхэд миний хавирга хугарах шиг боллоо гэж хэлээд зогсож байтал Ц.Т, Б.Х /Б.Б/, Б.Э нар гарч ирэхээр нь би Б.Э-ыг аваад явсан.
Б.Э нь тэр үед цагаан пудволк, бараан өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан, хувцас хунар нь цус болсон зүйлгүй, урагдаагүй байсан. Ц.Т халамцуу байсан, гэхдээ гайгүй байсан. Б.Э, Б.Бнар согтуу байсан. Д.Б нэлээд согтсон байсан. Д.Ц морьтой ирсэн. Согтуу байдал ажиглагдаагүй. Би жолооч хүн тул архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-24 дэх тал);
- гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би аавыг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд явж байхад Б.Э нь эмнэлгийн гадна эхнэрийн хамт ирж уулзаад таны нүүр, хамрыг би нэг цохисон. Тэрийгээ би хариуцна. Харин хавиргыг хэн цохисныг хэлчих үү гэж байгаад Б.Б таны хавиргыг өшиглөж гэмтээсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь аав тэр Б.Б-оо аваад ир гэж хэлсэн. Тэгээд Эрчмийн ойролцоо очоод Б.Э, Б.Б-ыг дагуулж ирж уулзсан. Тэр үед Б.Б нь ааваас тамхи нэрж уучлалт гуйгаад би өөрөө согтуу байсан учраас таныг цохисон эсэхээ санахгүй байна. Цохисон бол намайг уучлаарай гэж уучлалт гуйсан. Энэ бүгдийг ярьж байхад би хажууд нь байсан учир сонсож мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал);
- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 382 дугаартай “...үзүүлэгч Д.Ц-гийн биед цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний баруун ирмэгт цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогт, хүзүүний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, үүдэн дээд баруун 4 дүгээр шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний алимны салстад, эрүүний баруун ирмэгт цус хуралт, толгойн орой хэсгийн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омогт, хүзүүний зүүн урд дээд хэсэгт зулгаралт, үүдэн дээд баруун 4 дүгээр шүдний сулрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал);
- шинжээч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э-ын биед учирсан гэмтлүүд нь хурц, ир үзүүртэй зүйлийн улмаас үүсэх боломжгүй. Учир нь дээрх гэмтлүүд нь зүсэгдсэн болон хатгагдсан шинж тэмдэг байгаагүй.
- 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ц-гийн биед бодит үзлэг хийж, мөн түүний картанд бичигдсэн эмч нарын үзлэг болон рентген шинжилгээний хариу зэргийг үндэслэн Д.Ц-гийн биед цээжний зүүн талын 8-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, хамрын нурууны зулгаралт зэрэг гэмтлүүд болон бусад гэмтлүүд үүссэн талаар дүгнэлтэд тусгасан. Дээрх хавирганы хугарал, хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус тусдаа болон нийлээд ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм. Өөрөөр хэлбэл, 2 хөнгөн зэргийн гэмтэл нийлээд хүндэвтэр гэмтэл болно гэсэн ойлголт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал);
- яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тэгээд намайг гэртээ байж байтал Б.Э 18:00 цагийн орчимд байх манайд эхнэрийнхээ хамт ирээд Д.Ц ах чамтай уулзана гэж байна. Би Д.Ц-тэй уулзахдаа хамрын асуудлыг би хариуцна, хавирганы асуудлыг чамайг хариуцна, чи гэмтээсэн шүү гэж хэлчихсэн шүү гэж надад хэлсэн. Би тухайн үед Б.Э-т“би Д.Ц-г өшиглөсөн зүйл байхгүй” гэдгээ хэлэхэд “Хөгшин чинь төрийн алба хашиж байгаа хүн, зодоон цохионы асуудалд орчихоор ажлаас чөлөөлөгддөг юм байна. Чи Д.Ц ахтай уулзаад хавиргыг нь би цохисон гээд хэлчих. Найзыгаа нэг удаа бод” гэж гуйсан. Тэгээд би түүнтэй хамт яваад Д.Ц ахтай очиж уулзахдаа уучлалт гуйсан. Таны хавиргыг би цохисон гэж уучлалт гуйсан. Б.Э ажлаас чөлөөлөгдөнө гэж ятгасан, Э бид хоёр дунд сургуульд хамт сурч байсан найзууд учир би түүнийг бодоод Д.Ц-д энэ талаар хэлсэн юм. Д.Э нь хохирол төлбөр гарах байх тэр мөнгийг нь би даана гэж надад хэлсэн. Надад мөнгө төгрөг өгсөн өгөхөөр амласан, дарамталж сүрдүүлсэн зүйл байхгүй. Би Д.Ц-г цохиж, өшиглөсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Э-ыг хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
6. Шүүгдэгч Д.Э-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн үйл баримтыг мэдэх ганц гэрч болох Ц.Т-гийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд тусгаагүйгээс миний эрхзүйн байдал дордсон гэж үзэж байна. Гэрч Ц.Т тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба хохирогч Д.Ц, гэрч Д.Б нар согтуу байсан. Мөн гэрч П.Б тухайн үйл явдлыг хараагүй, гадаа машин дотор байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
6.1. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, тухайлбал, хохирогч Д.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Нуурын хоолой” гэх газарт байх Д.Б-ийн гэрт очиход тэднийд тус сумын Засаг дарга буюу шүүгдэгч Б.Э, гэрч Б.Б, Ц.Т, П.Б, Д.Б нар хамт байсан.
- Д.Ц нь Б.Э-т хандан “Манай хүү Ц.Б-ы худалдаж авсан хашааны хажууд 2022 оны намар З гэх залуу зөвшөөрөлгүй хашаа барьсан. Тэр хашааг буулгаж, газрыг нь миний хүсэлтийн дагуу надад олгох асуудлыг шийдэж өгмөөр байна” гэж хэлснээр тэдний хооронд хэрүүл, маргаан үүсэж, улмаар шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Ц-гийн хамар хэсэгт гараараа цохисон,
- хохирогч Д.Ц нь Б.Э-ыг барьж авахад Б.Э түүнийг газар унагаж, толгой, эрүү хэсэгт нь цохиж, зүүн талын хавирга руу өшиглөсөн,
- Д.Ц, Б.Э нарыг Д.Б, Б.Б, Ц.Т нар салгаж, Б.Э, Б.Б, Ц.Т, П.Б нар нь Д.Б-ийн гэрээс явсан, харин хохирогч Д.Ц нь Д.Б-ийн гэрт хоноод өглөө нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эмнэлэгт хандсан үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтуудад үндэслэн, шүүгдэгч Д.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрч Д.Б-ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Ц-г зодож, эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруунд зулгаралт” бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учруулсан гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлтийг өөрчлөх болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
6.2. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн хүсэлтээр гэрч Ц.Т-гийн мэдүүлгийг шинжлэн судалсан байх ба шүүхээс “гэрч Ц.Т-гийн мэдүүлгийн агуулга хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаас зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй” гэж уг нотлох баримтын нотолгооны ач холбогдол, нотломжийн түвшинг үнэлсэн байна.
Нөгөө талаас, шүүх хуралдаанд яллах чиг үүрэгтэй оролцож байгаа прокурор нь яллах дүгнэлтдээ хэрэгт авагдсан нотлох баримт бүрийг тусгах шаардлагагүй ба яллах дүгнэлтэд гэрч Ц.Т-гийн мэдүүлгийг тусгаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаарх шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй байна.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн: “шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй” гэх тайлбар, саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
7.1. Хэргийг мөрдөн шалгах явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авч, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
7.2. Хохирогч Д.Ц-гийн биед учирсан гэмтлийг тодорхойлсон тусгай мэдлэг бүхий, хууль сануулсан шинжээчийн гаргасан дүгнэлтийг тодорхойгүй, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянаж хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй байна.
8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН