| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2335000000277 |
| Дугаар | 2024/ДШМ/27 |
| Огноо | 2024-08-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/27
Т.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Б.Догмиддорж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны бичгийн дарга А.Бадамсүрэн нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Т.Э-д холбогдох, 2335000000277 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Давст сум 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100,000 төгрөг хурааж, 3 жил хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хорих ялаар тогтоосон, Х ургийн овогт Т-ийн Э (Регистрийн дугаар:).
Шүүгдэгч Т.Э нь Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд хохирогч Т.Б-ийн эзэмшлийн 21 тооны хонь, хохирогч Т.О-ын эзэмшлийн 10 тооны хонь, нийт 31 тооны хонь хулгайлж, 5,605,000 (таван сая зургаан зуун таван мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Т-ийн Э-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Э-д хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон арван хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,
- шүүгдэгч Т.Э-гаас гаргуулах хохиролгүй, хохирогч Т.Б, Т.О нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн 9 настай хар зүсмийн 1 тооны морийг хурааж улсын орлого болгож,
- хэрэгт битүүмжлэгдсэн 1 тооны морийг улсын орлого болгосонтой холбогдуулан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” /Kia bongo-3 загварын авто машиныг битүүмжилсэн/ тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Т.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны шүүхээр хянуулахаар гомдол гаргаж байна.
Аймгийн прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлтийг миний бие хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, шүүн таслах ажиллагаанд оролцсон. Гэтэл анхан шатны шүүх холбогдох зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээгээр хариуцлага хүлээлгэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан.
Иймд надад холбогдох эрүүгийн хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Т.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
6. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 103 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-д 2 жил 1 сар хорих ял шийтгэсэн.
Энэхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан санал, тайлбартаа: Анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас шүүх хуралдааны 2 үе шатыг нэгтгэж, 1 үе шаттай явуулах саналыг гаргаж хэргийг хянан хэлэлцүүлсэн.
Т.Э нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож гэмшиж байгаа талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээгээр буюу 2 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн.
Т.Э-гийн хувьд нэгэнт хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд хохирогчид учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж арилгасан, мөн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Давж заалдах гомдлын гол агуулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөхийг хүссэн байгаа. Гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э-д холбогдох, 2335000000277 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Т.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч Т.Э нь 2023 оны 10 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.Б-ийн 21 тооны хонь, хохирогч Т.О-ын 10 тооны хонь, нийт 31 тооны хонь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд :
- хохирогч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Манайх 400 гаруй бог, 30 гаруй бод малтай ба манай мал төрсөн дүү Т.Б-ийнд маллагдаж байгаа, би өөрөө сумын төвд амьдарч байгаа. Өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 9 цагийн үед “Даяарт алдартай Давстынхан” гэх нэртэй фейсбүүк групп дээр “эдгээр хонины эзнийг хайж байна” гэх утгатай зар байхаар нь зургийг үзэхэд, миний өөрийн болон төрсөн дүү Т.Б-ийн хонинууд мөн байсан. Би уг хонинуудын зургийг хараад зүсээр болон имээр нь шууд таньсан.
Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчтэй холбогдож, зураг дээр байгаа хонийг очиж үзэхээр ярилцаад, Давст сумын 1 дүгээр баг Далан гэх газар намаржиж байсан Т.Э-гийн гэрийн гадна очиход хонь мал нь хотондоо байгаагүй ба гэрийнх нь гадна мал ачсан байдалтай, бүхээгтэй цагаан өнгийн, Вонго-3 маркийн машин байсан. Тэднийхээс явж, Жирээгийн адаг гэх газар бэлчээрлэж байсан Т.Эгийн гэх хонин сүрэгт очиж үзэхэд миний болон манай дүү Бийн хонинууд байсан. Бид нар өөрсдийн хонио ялгахад миний өөрийн 5 эр хонь, 5 эм хонь байсан ба бүгд нас гүйцсэн хонь байсан. Мөн дүү Бийн 21 тооны хонь байсныг ялгаж авсан. Бид малаа алга болсныг мэдэж амжаагүй байтал цагдаа нар олоод зургийг нь цахим сүлжээнд тавьж зар оруулсан байсан. Миний хувьд ойрын хугацаанд дүүгийнд очиж малаа хариулаагүй, мөн тоолж бүртгээгүй байсан тул хэзээ, яаж алга болсон талаар мэдэх зүйл байхгүй.
Би алдсан малаа тоо ёсоор нь хүлээж авсан, манайх малаа алдсанаа мэдээгүй байтал цагдаа нар олж өгсөн тул сэтгэл санаанд хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 90-92, 95, 97 дахь тал),
- хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн :“...2023 оны 10 дугаар сарын 30-ны өглөө Фейсбүүкд тавьсан “хонины эзнийг хайж байна” гэх зарын дагуу хэсгийн төлөөлөгч Ж.Г руу утсаар ярьж, тухайн малын талаар асууж тодруулахад “танай хонь малтай ижилхэн харагдаж байвал ирээд үз “гэхэд нь би эхнэр Д.С, ах Т.О-ын хамтаар тухайн малыг үзэхээр цагдаа нартай хамт явж, нуурын хөвөөний тэнд нутаглаж байсан Т.Э гэх айлын хонийг шүүж үзэхэд, миний 21 тооны хонь, ах Т.О-ын 10 тооны хонь байсныг бид ялгаж авсан. Тухайн хонинууд яагаад Т.Э гэх хүний малд орсон талаар би сайн мэдэхгүй байна. Манайх хамгийн сүүлд 2023 оны 10 сарын 25-ны өдөр хонио тоолж бүртгэж үзэхэд бүрэн байсан. Түүнээс хойш дахин бүртгэж амжаагүй байсан юм. Манай ахын хүү Б бид өдөр өдрөөр ээлжилж хонио бэлчээрт хариулдаг юм, урьд нь манай малаас тасарч үлдэж байсан тохиолдол гарч байгаагүй, тасрах ч үндэслэл байхгүй. Би 10 дугаар сарын 27-ны өдөр Улаангом уруу яваад 29-ний өдөр буцаж гэртээ ирсэн, энэ хугацаанд мал хулгайлагдсан уу, яг хэзээ хулгайлагдсан талаар мэдэхгүй байна. Би өөрийн малаа буцааж авсан тул надад нэхэмжлэх байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 101-104, 106 дахь тал),
- гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө манай нөхөр Д.Э нь цагдаагийн алба хаагч нартай гэртээ ирж, цагдаа нар манай нөхрийн машин дээр ачсан байсан хонийг надад захиж үлдээгээд явсан. Тэднийг явсны дараа, үүр цайж гэгээ орохоос өмнөхөн манай нөхрийн төрсөн ах Т.Ц нь манай гэрт хүрч ирээд манай нөхрийн машин дээр ачсан байсан хонинуудыг буулгаад манай хонинд нийлүүлчхээд буцаад гэр лүүгээ явчихсан. “...Би тухайн үед Т.Ц ахад “машин дээр ачсан хонинуудыг цагдаа нар надад захиж үлдээгээд явсан” талаар хэлэхэд Т.Ц ах: “тухайн хонь малын зураг энэ тэрийг авчихсан юм бол буулгаад малд тавьчихъя” гэж хэлсэн, би тухайн үед гэрээс гараагүй. Манай нөхөр Т.Э нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн малаас мал ачаад явсан ба яг хэдэн тооны мал ачаад явсан талаар сайн мэдэхгүй байна, анзаарч хараагүй. Тухайн өдөр манай нөхөртэй хамт хөндлөн гэх газарт нутагладаг Б гэх залуу явсан. Тухайн Б гэх залуу нь манайд 2023 оны 10 сарын 28-ны өдөр ирээд манай нөхөр болон ах Т.Ц нартай архи уугаад манайд хоносон байсан юм. Тэгээд маргааш нь унаж ирсэн морио манай нөхрийн машинд ачаад хамт явцгаасан” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 108-110, 155-156 дахь тал),
- гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Ц нь манай хадам ах болох хүн бөгөөд гэр нь манай хажууд байдаг юм. Тухайн үед буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн үед манай гэрт хадам ах Т.Ц орж ирээд “дүү Т.Э-г цагдаа нар аваад явчихсан байна, ар гэр нь эзгүй шахам байна, би явж малыг нь харахаас гэж хэлээд явсан, удалгүй нэг цаг орчмын дараа буюу 03 цагийн үед Ц ах над уруу утсаар ярьж, “доор нуурын хөвөөнд хэдэн шийр мал байгаа, тэр малыг туугаад дүү Т.Э-гийн малд нийлүүлээд өгөөч, хурдан яваад ир” гэж хэлсэн тул би яаралтай юм байна гэж бодоод, гэрээс гарч яваад тухайн хүний заасан газарт 20 орчим тооны хонь байсныг туугаад Т.Э-гийн мал руу нийлүүлчхээд буцаад гэртээ өдрийн 15 цагийн үед ирсэн. Тухайн хонинууд нь манай гэрээс 20 гаруй км-ийн зайтай, нуурын хөвөөнд айлын малын хашаанд шахчихсан байсныг би хашаанаас нь гаргаж туугаад Торхилог багийн нутаг дэвсгэр Далан гэх газарт байсан Т.Э-гийн хонинд нийлүүлсэн. Би буцаад гэр лүүгээ явах замдаа Ц ахтай тааралдаад надад хандаж, би харьж морио солих шаардлагатай байна, миний морь муудчихлаа, Э-гийн хонь мал дээшээ явж байна, чи яваад гэр лүү нь эргүүлчхээд хариач гэхээр нь би буцаж яваад малыг нь гэр лүү нь эргүүлж дарчхаад гэр лүү ирсэн. Тухайн үед Т.Ц ахтай уулзахад, тэр “дүү Э хонь мал шахчихсан байгаа талаар хэлэхээр нь би өөрөө явж амжихгүй болоод чам уруу ярьсан юм. Э-г цагдаа нар сумын төв рүү аваад явсан сурагтай” гэж хэлсэн гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 112-115 дахь тал),
- гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх Давст сумын 3-р багийн нутагт мал маллан амьдарч байна. Манайх одоогоор өөрийн болон ээж З.Оюундэлгэр, мөн аавын дүү Т.Б, Т.О нарын нийлсэн 1500 гаруй бог мал маллаж байна. Манайх өдөр бүр малаа бэлчээрт тууж гараад оройн 18, 19 цагийн үед орж ирдэг, манай хонь бэлчээрээрээ тасарч үлдэх тохиолдол гарч байгаагүй. Сүүлийн хэдэн өдөр би тогтмол бог малаа хариулж, орой нь хотондоо оруулж ирээд амарч байсан, сүүлд буюу 2023 оны 10 сарын 28-ны шөнийн 02 цагийн үед хотлуулсан малаас 30 орчим тооны ямаа тасарч хөрш айл болох С-гийн малд нийлсэн байсан, ямаа ирж нийлсэн талаар С нь манайд хэлсэн тул очиж авсан юм. Тухайн үедээ, шөнөөр мал бэлчсэн юм байхдаа гэж бодоод анзааралгүй, малаа тоолж бүртгэхгүй өнгөрсөн юм. Одоо бодохоор, 2023 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө манай ямаа тасарч хажуу айлын малд нийлсэн тэр шөнө л манай бог малыг хулгайлсан юм байна гэж бодож байна. Тухайн Т.Э гэх хүнийг би танихгүй, харин тэр хүний талаар сонсож байсан, Энхээ буюу Э гэх хүн нь Давст сумын Торхилог гэх газар амьдардаг, хулгай хийдэг, их хөдөлгөөнтэй хүн гэж Торхилог багийн хүмүүсээс сонсож байсан юм” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 122-125 дахь тал),
- гэрч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх Т.Б гэх айлтай хөрш зэргэлдээ намаржиж байна. 2023 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө манай бог мал бэлчээрт гарсан байхаар нь манай нөхөр С гарч яваад малаа эргүүлээд авчрах үед би бас малаа хотлуулахаар гарсан юм. Тэр үед 30 гаруй тооны ямаа гүйж ирсэн ба тухайн мал нь Т.Б-ийнх байсан учир би тухайн ямаануудыг буцааж тухайн айл руу чиглүүлээд туучхаад гэртээ орж амарсан. Тухайн гүйж ирсэн ямаанууд нь юмнаас үргэсэн байдалтай гүйлдэж ирсэн, нөхөр бид 2 тухайн үедээ “тэх хөөсөн юм болов уу, энэ тэр” гэж хоорондоо ярилцаад орхисон юм. Тухайн орой манай болон Б-ийн нохойнууд ихээр хуцаж байсан. Маргааш өглөө нь босоход манай малд хэдэн ямаа нийлсэн байхаар нь тэднийд хэлж мэдэгдэхэд ирж авсан юм. Т.Б-ийнх манайхаас 200 м-ийн зайнд намаржиж байсан юм” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 127-129 дэх тал),
- гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2023 оны 10 сарын 29-ний шөнө манай дүү Т.Э над руу утсаар залгаж орж ирээд “хаана явна” гэж асуухад нь би “танай гэр лүү очиж явна” гэж хариулахад манай дүү Т.Э надад хандаж “манай гэрийн гадаа машин байгаа, тухайн машин дээр хонь ачсан байгаа, тухайн малыг буулгаад манай мал руу нийлүүлчих, мөн А гэж хүний хаваржаанд хашсан хэдэн мал байгаа, тэрийг бас авч ирээд манай малд нийлүүлчих” гэж хэлсэн юм. Би дүү Т.Э-гийн гэрт очиж, гэрийн гадна байсан машин дээр хонь мал байсныг бүгдийг нь буулгаад дүүгийн бог малд нийлүүлсэн юм. Тухайн үед миний унаж явсан морь муудсан байсан учир нуурын хөвөөнд хашсан байсан мал уруу явж чадахааргүй байсан тул би манай хажуу айлын Д рүү утсаар ярьж, “чи надад тус болоод А гэх хүний хаваржаан дээр шахсан байгаа хонийг тууж авчраад дүү Э-гийн малд нийлүүлээд өгөөч гэж хэлсэн. Д зөвшөөрч, тухайн мал хашсан байгаа газрыг заалгаж аваад явж, тууж авчраад Эгийн малд нийлүүлчхээд буцаж гэр лүүгээ явж байхдаа надтай таарсан юм. Манай дүү Э надад тухайн малыг өөрийн мал гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 131-134 дэх тал),
- гэрч З.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Т.Б, эхнэр С-гийн хамтаар сумын төв орж хэсгийн төлөөлөгчтэй уулзана гээд явсан. Тэгээд өдөр нь над руу утсаар ярьж, “манай хонийг хүн хулгайлж аваад машинд ачиж яваад хүмүүст баригдсан байна” гэж хэлсэн. Манайх Т.Б-ийнхтэй айл хамт байдаг, манай 2-ын мал хамт байдаг, өдөрт байнга эзэнтэй, хариулгатай байдаг. 2023 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн үед манай хотонд байсан малаас 20 гаруй тооны ямаа хөөгдсөн байдалтай манай хөрш айлын гадна очсоныг тэднийх манайх уруу буцаагаад туусан байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 136- 138 дахь тал),
- гэрч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумын цагдаагаас хонь ирж үзэх шаардлагатай гэж хэлэхээр нь Давст сумын 1-р багийн иргэн Т.Э-гийн хонин сүргийг очиж үзэхэд 31 тооны хонь байсныг ялгаж авсан. Манай хонь хариулж байсан Б нь өглөө хонио дагаж гараад орой хамт ирдэг тул манай хонийг шөнө л тасалж авч хулгайлсан байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг(1 хавтаст хэргийн 140-141 дэх тал),
- гэрч С.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 8 дугаар баг болон Давст, Сагил сумын чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ажилтайгаас гадна шөнө, оройн цагаар эргүүл хяналт шалгалт хийж явж байгаад тус аймгийн Давст сумын чиглэлд явж байтал урдаас Бонго-3 загварын цагаан өнгийн 03-59 УВХ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл ирж таарахаар нь зогсоож шалгахад, Давст сумын иргэн Т.Э, Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Р.Т нар 1 тооны хар зүсмийн морь, 14 тооны хонь ачиж явсан ба тухайн малын талаар асууж тодруулахад Э гэх хүн “миний өөрийн хонь байгаа юм, аймаг оруулж зарах гэж байгаа юм” гэж хэлсэн, мөн би тухайн малын гарал үүсэл байгаа эсэх талаар асууж шалгахад ямар нэг үзүүлж харуулах зүйл байгаагүй учир тухайн малыг нягталж шалгахаар тухайн хүмүүсийг дагаж яваад Р.Т-ын гэрт очиж хар зүсмийн 1 тооны морийг Р.Т-ын морь мөн эсэхийг асууж тодруулан өөрийнх нь адуу мөн байсан тул гэрт нь үлдээсэн. Тэгээд тухайн 14 тооны хонийг Т.Э-гийн өөрийн мал мөн эсэхийг шалгаж үзэхээр Т.Э-гийн гэрт очиход нэлээн орой болсон байсан тул 14 хонийг машин дээр нь үлдээгээд Т.Э-г сумын төв рүү авч явсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өглөө уг 14 тооны хонь хулгайн мал байж магадгүй гэж бодоод Давст сумын ард иргэдийн цахим сүлжээнд уг 14 тооны хонины зургийг оруулаад удаагүй байтал тухайн Давст сумын малчин иргэдээс таны оруулсан мал миний мал байна, очиж үзмээр байна гэж утсаар ярьсан. Тухайн хүнийг дагуулаад Т.Э-гийн гэр лүү хамт яваад очтол гэрийн гадна ачаатай үлдээсэн 14 тооны хонийг машинаас буулгаад хониндоо нийлүүлчихсэн гэж Т.Э-гийн эхнэр хэлсэн. Тухайн айлын мал нь бэлчээрт гарсан байсан тул бэлчээрт нь очиж цуглуулж бөөгнүүлж байгаад мал алдсан хүнээр малыг нь шүүж үзүүлэхэд Т.Э гэх хүний хонь малд тус аймгийн Давст сумын иргэн Т.Б, Т.О нар нь “миний хонь мөн байна” гэж хэлэхээр нь тухайн ачиж явсан 14 тооны хонь нь хулгайн мал байж болзошгүй юм байна гэж үзээд цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд оруулан шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм. Давст сумын иргэн Т.Б, Т.О нар нь 14 тооны хонин дээр нэмээд 19 тооны хонь ялгаж, Т.Э гэх хүний бог малаас нийтдээ 31 тооны хонь ялгаж авсан” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 165-166 дахь тал),
- малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-18-р тал/,
- хохирогч Т.Б, Т.О нарт хонь хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 19, 20-р тал/,
- малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-26-р тал/
- Т.Э-гийн 03-59 УВХ улсын дугаартай, Киа Вонго портер маркийн ачааны автомашинд 14 тооны хонь ачсан байдал, хонины зургийг бэхжүүлсэн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Даяарт алдартай Давстынхан нэртэй фейсбүүкийн групп чатанд зар тавьсан байдал, хонины зургийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-58-р тал/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Т.Э-гийн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.
5. Анхан шатны шүүхээс хэрэгт тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
6. Шүүгдэгч Т.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцохдоо хэрэгт авагдсан, малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 174-р тал/-ийг үндэслэсэн байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас 5.605.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Т.Б, Т.О нар хулгайд алдсан 31 тооны хонио зүсээр нь буцаан авсан нь тус тус тогтоогдсон, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
7. Шүүхээс шүүгдэгч Т.Э-гийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан гэх хар зүсмийн, 9 настай морийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журамд нийцсэн байна.
8. Шүүгдэгч Т.Э-гийн давж заалдах журмаар гаргасан “Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлж арилгасан.
Иймд надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
8.1. Шүүгдэгч Т.Э-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-д ял оногдуулахдаа: гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан, түүнд 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх бөгөөд шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
8.2. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг илрүүлэх, нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус хуульчилсан боловч энэ нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Э-г бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй талаар дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Т.Э-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
9. Шүүгдэгч Т.Э-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.Э-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН