| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03257/И |
| Дугаар | 192/ШШ2025/05681 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/05681
2025 07 04 192/ШШ2025/05681
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, З**** б******* овогт Л******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ************ байранд байрлах, М******* с******* с******* ХХК /*******/-д холбогдох,
22,349,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Оюу-толгойн төсөл дээр М******* с******* с******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ахлах ажилтнаар томилогдсон. Тус компанид 4 жил 2 сар ажилласан. Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Оюу-толгой ХХК, М******* с******* с******* ХХК хоорондын хамтын ажиллагааны гэрээ дуусгавар болж манай баг татан буугдсан. Иймд миний бие 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өдрийн Б/217 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийгмийн халамжийн хэлтэст ажилгүй болсноо бүртгүүлж, Өмнөговь аймаг, Даланзадгадын нийгмийн даатгалын хэлтэст шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж ажилгүйдлийн тэтгэмж хүссэн. Хүсэлт өгснөөс хойш тус нийгмийн даатгалын хэлтсээс танай компани нийгмийн даатгалын газар их хэмжээний өртэй, чиний нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 7 сар төлөөгүй байгаа тул компанитайгаа холбогдож төлөлтөө хийлгүүлэх шаардлагатай гэж мэдээлэл өгсөн. Тус асуудлаар компанийн хүний нөөц болон ерөнхий нягтлан Түвшинжаргал руу мэйл бичиж утсаар холбогдсон боловч хариу өгөөгүй. Ерөнхий нягтлантай удаа дараа очиж уулзахад удахгүй төлөлт хийнэ, нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулна гэж шийдвэрлэх алхам хийлгүй буцаасаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан 28 хоног дуусгавар болж тус сангаас тэтгэмж авах боломжгүй болсон. Иймд М******* с******* с******* ХХК нь "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-ийн 32.2.2-т заасны дагуу сар бүр шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас "нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль"-ийн 9.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх шаардлага хангаагүйн тул миний бие хохирсон. "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-ийн 32.2.6-т заасны дагуу нийгмийн даатгалын сангаас авах байсан 12,730,123 төгрөгийн хохирлыг М******* с******* с******* ХХК-с гаргуулж өгнө үү…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Л.Э******* нь хариуцагч М******* с******* с******* ХХК-д холбогдуулан 12,730,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,730,123 төгрөгийн 6,365,061.50 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,365,061.50 төгрөгийг хариуцагч М******* с******* с******* ХХК нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,730,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,730,123 төгрөгийн 6,365,061.50 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,365,061.50 төгрөгийг хариуцагч М******* с******* с******* ХХК нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М******* с******* с******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 109,316 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ