Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

Ч.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогч Я.Б, Ч.Л, хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, Т.Эрдэнэбат /цахимаар/, хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц, түүний өмгөөлөгч Ж.Содбаяр /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга А.Бадамсүрэн нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч И.Л, Я.Б, хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц нарын давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн, Ч.Л-т холбогдох, 2235001700246 дугаартай, 6 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х ургийн овогт Ч-ын Л (регистрийн дугаар:).

  1. Холбогдсон хэргийн талаар:

  1. Шүүгдэгч Ч.Л нь 2021 оны 10 дугаар сарын үеэс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд иргэн Ж.Ц-д Увс аймгаас тэмээ авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны худалдаа эрхэлж, их хэмжээний ашиг олж байгаа гэх байдлаар ойлгуулж, Ж.Ц-ыг хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Ц-аас 9 удаагийн гүйлгээгээр 24.756.000 төгрөг, мөн түүгээр дамжуулан иргэн Я.Б-гаас 37 удаагийн гүйлгээгээр 678.280.000 төгрөг, иргэн И.Л-гээс 19 удаагийн гүйлгээгээр 442.800.000 төгрөг, иргэн Я.Д-гаас 9 удаагийн гүйлгээгээр 38.850.000 төгрөг, А.Х-аас 2 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөг, нийт 1.213.686.000 төгрөгийг залилан авч, хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

           2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хожгор ургийн овогт Чойжилжавын Лхагвацэцэгт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолоор:

- шүүгдэгч Ч.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруул, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Л-т 16.000 (арван зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 (арван зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж,

-.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- шүүгдэгч Ч.Л нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Я.Б-д 49.900.000 төгрөг, хохирогч И.Л-д 31.350.000 төгрөг, хохирогч А.Х-д 9.000.000 төгрөг, нийт 90.250.000 (ерэн сая хоёр зуун тавин мянга) төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-ээс гэмт хэргийн хор уршигт 87.100.000 (наян долоон сая нэг зуун мянга) төгрөг гаргуулж хохирогч Я.Б-д, 53.650.000 (тавин гурван сая зургаан зуун тавин мянга) төгрөг гаргуулж хохирогч И.Л-д, 4.000.000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, хохирогч А.Х-д тус тус олгож, хохирогч Я.Б-гаас түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 24.000.000 төгрөг, замын унаа, буудлын зардалд нэхэмжилсэн 466.000 төгрөг нийт 24.466.000 (хорин дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаа мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс гаргуулж, хохирогч Ж.Ц-д олгох хохирол, хор уршиггүйг дурдаж,

- шүүгдэгч Ч.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж,

- энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Л-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

  4. Хохирогч И.Л, Я.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  Шүүгдэгч Ч.Л-т холбогдох хэргийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, Ч.Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 16.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т нийцээгүй байна.

  Ч.Л-ийн үйлдлийн улмаас бусдад нийт 1.213.686.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, энэ хэргийн улмаас учирсан хор, уршиг бүрэн арилаагүй байна.

  Шүүгдэгч нь хохирогч нарт шүүхийн шатанд хохирлыг төлж барагдуулах талаар илэрхийлсэн боловч, одоогоор төлсөн мэтээр бага хэмжээний мөнгө өгснөөр таслан зогсоож, үргэлжлүүлэн төлж барагдуулахгүй байгаа. Тэрээр учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь буруу гэж үзэж байна.

  Шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохироогүй гэж үзэж байгаа тул хэргийг хянаж өгнө үү гэжээ.

  5. Иргэний хариуцагч, хохирогч Ж.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

  Миний бие шүүгдэгч Ч.Л-ээс тэмээ худалдан авсны ашиг гэж нэг ч төгрөг илүү шилжүүлэн авч хэрэглээгүй. Харин ч шүүгдэгч Ч.Л рүү шилжүүлсэн мөнгөнөөс нийт 8.256.000 төгрөгийг буцаан авч чадаагүй байна.

  Шүүхээс надад учирсан хохирлын хэмжээг 8.256.000 төгрөг гэх үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч Ч.Л-ээс 10 орчим сая төгрөгийн  ашиг авсан гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.

  Хэрэгт авагдсан баримтад шүүгдэгч Ч.Л-ээс би 10 орчим сая төгрөг шилжүүлэн авсан тухай нэг ч баримт байхгүй. Миний хохирлын асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэж чадаагүй.

  Шүүхээс томилогдсон шинжээч үндэслэлтэй дүгнэлт гаргаж чадаагүй. Тодорхойгүй, ойлгомжгүй дүгнэлт гаргаж түүнийгээ маргааш шүүх хурал болно гэж байх үед шөнө танилцуулсан. Шинжээч шүүх хуралдаанд оролцсон боловч асуусан асуултад тодорхой хариулт өгч чадахгүй, ямар үндэслэлээр дүгнэлт гаргасан нотлох баримтаа зааж чадахгүй байсан. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Мөн тэмээний наймаа хийж байх хугацаанд шүүгдэгч Ч.Л нь надаас 10 гаруй сая төгрөгийн хувцас, бараа материал захиалж авсан. Энэ тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Шүүгдэгч Ч.Л энэ талаар маргадаггүй. Шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд энэ талаар тусгагдсан байгаа. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, харин ч хохирогч надад эд хөрөнгийн хохирол учраагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

  Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эд хөрөнгийн хохирлыг нотлох баримтад үндэслэн үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

           6. Хохирогч Я.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ хэрэгт хамгийн их хохирч байгаа. Шүүхээс хохирлыг 137,000,000 төгрөг гэж тооцсон. 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүх хурал дээр 49,900,000 төгрөг төлсөн байсан. Миний хувьд, 2 жил энэ хүнээс болоод байрныхаа мөнгийг алдаж, түрээсийн байраар амьдарч байна. 2 жилийн түрээсийн гэрээний төлбөрт 24.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх үүнийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

           Мөн анхан шатны шүүх хурлын шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх хохирол, төлбөр тооцоо нь дууссан тохиолдолд торгох ял оногдуулдаг гэж би хувьдаа ойлгож байгаа. Гэтэл зөвхөн надад төлөх ёстой 85.000.000 төгрөгийн хохирол байхад Ч.Л-т торгох ял оногдуулж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Л нь төлбөрийг ах, эгч төлж өгнө гэсэн тайлбар амаар хэлж, хохирлоо төлөх ямар нэгэн бодит боломж байгаа талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Тийм учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж, торгох ялыг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна гэв.

           7. Хохирогч И.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Я.Б-тай адилхан саналтай байна. Тэмээний наймаа гэж явсаар байгаад 2-3 жил худлаа хэлж явлаа. Ч.Л-ээс болж өр зээлд ороод банкны зээл гэхэд л 3 дахиа авч байна. Энэ хүн элдэв янзын шалтаг хэлж худлаа хэлж явсаар байгаад намайг маш ихээр хохироож байгаа учраас миний бие давж заалдсан гэв.

  8. Хохирогч Я.Б, И.Л нарын өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Шүүгдэгч Ч.Л-т шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл зэрэг зүйлүүдийг анхаарч үзсэнгүй гэж үзэж байна.

           Шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлөхөөр завсарлага авсан боловч хохирогч Ч.Б-д 8.000.000 төгрөг, хохирогч И.Л-д 5.400.000 төгрөг төлөгдсөн. Энэхүү хугацаанд  төлбөрийг бүрэн төлөөгүй нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзээгүй.   

           Шүүгдэгч Ч.Л болон түүний нөхөр тодорхой эрхэлсэн ажилгүй, өөрсдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй, бусдын эд хөрөнгийг түрээсэлж, хөдөлмөр эрхэлдэг талаараа мэдүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзаж үзэхгүйгээр ял шийтгэл ногдуулсан.

  Шийтгэх тогтоолын 24-27 дугаар талд гэмт хэргийн улмаас хохирогч Я.Б, И.Л нарт учирсан хохирлыг дүгнэж үзэхэд хохирогч Я.Б-д нийт 137.000.000 төгрөг, И.Л-д 85.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэсэн. Гэтэл шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт ойлгомжгүй болсон байна. Хохирогч нарт хор уршиг биш бодит хохирол учраад байхад хор уршиг гэж үзсэн байгаа.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

           9. Хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц-ын өмгөөлөгч Ц.Содбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хооронд гээд цаг хугацаа заагаад байгаа юм. Ж.Ц-д 10.000.000 орчим сая төгрөг төлсөн гээд байгаа боловч энэхүү хохирлыг хэрхэн төлж барагдуулсан, ямар баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна. Нийт хохирлын үлдсэн хэмжээг 8.256.000 төгрөг байна гэж тогтоосон нь үндэслэлтэй боловч шүүхээс тогтоосон хохирлоо гаргуулаагүйг ойлгохгүй байна. Ж.Ц-д хохирол учраагүй гэсэн шийдвэр гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

  Ямар учраас 2022 оны 3 дугаар сарын 2-оос хойших хохирлын хэмжээг тоолоод байгаа юм. Ж.Ц-д учирсан хохирол нь 2021 оны 10 дугаар сарын 15-аас хойш үргэлжлээд 2022 оны 5, 6 дугаар сар хүртэл явчихсан байгаа. Хэрэгт авагдсан дансны хуулгыг бүгдийг шүүгээд анхан шатны шүүх дээр хэлэлцсэн.   

  Ж.Ц нь тэмээний ашиг гэж нэг ч төгрөг аваагүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байхад шүүхээс 10,000,000 орчим сая төгрөг авсан тул хохирол 8.256.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

  Ж.Ц-ын хувьд хэрэг мөрдөж эхэлж байхад 10.000.000 төгрөгийн хувцас, бэлэн бараа зэргийг  Ч.Л-т өгч байсан гэж мэдүүлэг өгсөн байдаг ба энэ талаар мөрдөгч шалгаж үзээгүй,  энэ тухай баримтаа гаргаж өгсөн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолд энэ талаар иргэний журмаар шийдвэрлэх юм уу, эрүүгийн журмаар шийдвэрлэх ёстой юм уу гэдэг асуудлыг  дурдаж өгөөгүй байгаа. Тийм учраас Ч.Л-ээс Ж.Ц-д учруулсан хохирол байхгүй, хор уршиг байхгүй гэж шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

           10. Хохирогч Я.Б, И.Л нарын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Хохирогч нарын давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Шүүхээс цаг хугацааны хувьд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш энэ гэмт хэрэг үйлдэгджээ гэдэг байдлаар дүгнэж байгаа нь зөв гэж үзэж байна. Үүнээс өмнөх харилцаа бол 2021 оны 10 дугаар сараас эхлээд мөнгө өгөөд, аваад явж байсан. Мөн тодорхой хэмжээний ашиг гэдэг зүйлийг шилжүүлж байсан. Хэдийгээр талуудын хооронд ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч сайн дурын үндсэн дээр амаар тохиролцоод өнөөдөр 4.000.000 төгрөг өглөө гэхэд түүний ашиг, хүүг шилжүүлээд өгчихсөн байж байгаа. Үүнээс өмнөх асуудал дээр хохирогч нар маргадаггүй. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний хооронд Ч.Л-ийн гэмт хэрэг үйлдэх, хохирогч нарын итгэлийг олж авсан цаг хугацаа байна. Энэ хугацаанд авсан мөнгөндөө хүү тооцож өгөөд байгаа асуудал нь хоорондынх нь хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр хийгдсэн зүйл гэж харж байгаа. Энэ хугацаанд энэхүү наймаа маань ашигтай, их хэмжээний мөнгө шилжүүлээд их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулах юм бол илүү их ашиг олох боломж байна гэдэг итгэлийг хохирогч нарт төрүүлсэн. Я.Б-гийн хувьд 3 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 79.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 27-ны өдөр 58.000.000 төгрөг нийт 137.000.000 төгрөгийг өгсөн. И.Л 4 дүгээр сарын 28-ны өдөр 35.000.000 төгрөг, 5 дугаар сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөг нийт 85.000.000 төгрөг өгсөн энэхүү цаг хугацаанаас хойших хохирлыг хохирогч нарт төлөөгүй нөхцөл байдал үүсчихсэн. Эдгээр мөнгийг Ч.Л авч байхдаа энэ хохирлыг би төлөхгүй, өмнө нь итгэлийг нь олоод авсан учраас буцааж төлөхгүй гэх санаа зорилгоор авсан учраас шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг  үндэслэлтэй дүгнэсэн байна гэж үзэж байна.

  Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгыг нэн тэргүүний зорилго болгоод хуульчилсан байдаг.

  Хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилго хангагдаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хуульд заасан хөнгөн ял шийтгэлийг оногдуулах болсон үндэслэлээ дүгнээгүй гэж хохирогч нар гомдол гаргаж байгаа нь үндэслэлтэй байна. Я.Б-гийн хувьд 24.000.000 төгрөгөөр байр түрээсэлсэн. Түрээсийн гэрээгээ хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Гэтэл 24.00.000 төгрөгийг яагаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй.

  Хохирогч Я.Б хохироод байгаа гэдэг нь тогтоогдчихсон. Байрны түрээсийн гэрээгээр жилдээ 12.000.000 төгрөг, 2022 оноос хойш байр түрээсэлсэн хохирлоо Я.Б нэхэмжилсэн. Энэ нь Я.Б-д учраад байгаа бодит хохирол мөн гэж үзэж байгаа юм. Гарах ёсгүй байсан зардал гэмт хэргийн улмаас гарсан тул хохирогчид учирч байгаа хохирол гэж үзэх ёстой байсан.

  И.Л-гийн хувьд мөн давхар хохирсон байдаг. Машин худалдаж авах гэж байсан мөнгөө энэ хүнд шилжүүлчихсэн, захиалсан машин нь хүрээд ирсэн боловч машиныхаа төлбөрийг өгч чадаагүй. 3 дахь зээлээ аваад явж байгаа гэдэг байдал нь үнэн. Гэртээ харих боломжгүйгээр Цагаан хад гэдэг газарт машиныхаа кабинаас шүүх хуралдаанд ороод харих боломжгүй нөхцөл байдалтай ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа, харьчихаар орлого нь зогсчихно. Орлогоо зогсоохгүй нь тулд хүүхдийнхээ сургалтын төлбөр, амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж маш их хэмжээний байдлаар хохирсон нөхцөл байдал байгаа. Тэгэхээр хохирогч нарын гаргаад байгаа гомдол үндэслэлтэй байгаа тул давж заалдах шатны шүүхээс бодитой дүгнэлт хийж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна гэв.

  11. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа.

  Миний үйлчлүүлэгч Ч.Л-ийн хувьд хэргийг шалгах явцад асар их хэмжээний мөнгө төлсөн. 2021 оны 10 дугаар сараас эхлээд “тэмээ авна, тэмээний ашиг гэж өгнө” гэж мөнгө авч, буцааж шилжүүлж байсан. Энэ хугацааг шүүх юу гэж тогтоосон юм бэ гэхээр залилангийн гэмт хэрэг үйлдээгүй байна, харин харилцан мөнгөө шилжүүлж, ашиг авсан байна гэдэг байдлаар хохирлыг тооцож гаргасан.

  Хохирогч нар асар их хэмжээгээр бид нарыг хохироосон гэдэг зүйлийг яриад байгаа нь буруу. Ч.Л-ийн хувьд 71.900.000 төгрөгийг ашиг хэлбэрээр хохирогч нарт өгсөн тул энэ үйлдлийг шүүх залилах гэмт хэрэг биш байна гэж шийдсэн ба энэ нь үндэслэлтэй байна.

  Шүүх цаг хугацааны хувьд, 2022 оны 3 дугаар сараас хойших хугацаанд Я.Б-гаас 137.000.000 төгрөг залилсан, уг мөнгөө төлөөгүй гэдгийг шүүх тогтоосон. И.Л-д 85.000.000 төгрөг, иргэний хохирогч Х-д 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч энэхүү хохирлыг төлөөд яваад байсан, асар их хэмжээний мөнгө төлсөн. Шүүхийн шийдвэрээр 159.000.000 төгрөг гарсан. Шүүхэд хэрэг 2023 оны 12 дугаар сард шилжиж ирсэн. Тэгэхээр мөрдөн байцаалтын шатанд огт төлөөгүй гэдэг зүйл яриад байгаа. 71.900.000 төгрөгийг Солонгост байдаг эгчийнхээ байр авах гээд цуглуулсан мөнгөөр төлж барагдуулсан. Үүнээс хойших мөнгийг ч гэсэн бас төлж байгаа юм. Шүүх хэрэгсэхгүй болгосон үйлдэл дээр 71,900,000 төгрөгийг төлсөн байгаа. Улсын яллагч сая дурдлаа, шийтгэх тогтоол хохирогч нарт ашигтай гарсан, хохирогч нар хохироогүй гэж. Шүүхэд хэрэг шилжиж ирснээс хойш 9.640.000 төгрөгийг төлж байгаа юм. Шүүхээс хохирлын тооцоог гаргаснаар төлөх хохирол тодорхой болсон. Завсарлага авсан 5 хоногийн хугацаанд 14.500.000 төгрөгийг бас төлсөн. Энэхүү хохирол хасагдаад сүүлийн байдлаар гарсан байгаа. Миний үйлчлүүлэгч бүх бололцоогоороо мөнгө олж, төлж байгаа. Өнөөдрийн байдлаар хүний ажлын байр түрээслээд хоолны газар ажиллуулж байна, сонгуулийн үе юм чинь өдөрт 700,000 төгрөгийн орлого олж чадна гэж тооцоод энэ тухайгаа энэ хоёр хүнд хэлсэн. Мөн солонгост байгаа эгч нь амлалтаа биелүүлж баталгаа гаргасан. Энэхүү хугацаанд дүүгийнхээ хохирлыг төлж барагдуулна гээд өчигдрийн байдлаар хоёр хохирогчид 7 сая төгрөгийг хоёр хувааж төлсөн.

  Бид нар шинжээчийн дүгнэлт дээр маргасан. Шинжээч бол дүгнэлтээ тайлбарлаж чадаагүй. Хэрэгт авагдсан дансны хуулгаар тооцвол бид нар авах авлагатай гарч байсан.

  Ж.Л нь ах дүү зургуулаа, айлын хамгийн бага нь, ах дүү нар нь малаа зараад  олсон бүх ашиг орлогоо дүүдээ өгч, хохирол төлж байгаа. Банкнаас тултал нь зээл аваад төлж байгаа юм. Шүүхээс оногдуулсан торгох ял тохирсон гэж үзэж байна. Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бүх нөхцөл байдлыг харгалзсан.

  Иймд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийн шаардлагыг хангасан, хуульд нийцсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

  Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч нар болон иргэний хариуцагч гомдол гаргаад байгаа энэхүү шийтгэх тогтоолд хийсэн шүүхийн дүгнэлт бол хохирогч нарт хамгийн ашигтайгаар шийдсэн гэж үзэж байна.

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шийдсэн бол яллах дүгнэлт дээр хийсэн тооцоог шинжээчийн дүгнэлтээр гаргасан Ч.Л-ийн хохирогч нарт ашиг гээд Ж.Ц-аар дамжуулаад өгөөд байсан мөнгө, төлбөрүүдийг бүгдийг нь хасаад, эцсийн байдлаар төлөх дүнг гаргачихсан байсан. Тэгэхээр үүнийг анхан шатны шүүх хуралдаанд бүгдээрээ оролцож маш сайн ойлгосон.

           Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, төлбөрөө төлж байгаа байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээд торгуулийн ял оногдуулсан байна.

           Анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 119 дугаар шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл байхгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн оролцогч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч Ц.Б, И.Л, хохирогч, иргэний хариуцагч Ж.Ц нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Л-т холбогдох, 2235001700246 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Л-ийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл бусдад нийт 1.213.686.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

           3. Анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Ч-ын Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хохирогч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

           4. Прокуророос шүүгдэгч Ч.Л-ийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Ж.Ц-д Увс аймгаас тэмээний мах худалдан авч, Баян-Өлгий аймаг болон Бүгд Найрамдах Казакстан улс руу гаргаж, мал махны наймаа эрхэлж, их хэмжээний ашиг олж байгаа гэх байдлаар ойлгуулж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Ж.Ц-аас 9 удаагийн гүйлгээгээр 24.756.000 төгрөг, Ж.Ц-аар дамжуулан иргэн Я.Б-гаас 37 удаагийн гүйлгээгээр 678.280.000 төгрөг, И.Л-гээс 19 удаагийн гүйлгээгээр 442.800.000 төгрөг, Я.Д-гаас 9 удаагийн гүйлгээгээр 38.850.000 төгрөг, А.Х-аас 2 удаагийн гүйлгээгээр 29.000.000 төгрөг, нийт 1.213.686.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

           5. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Л-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв. 

           5.1. Анхан шатны шүүхээс: “шүүгдэгч Ч.Л нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хохирогч Ж.Ц-ыг, мөн түүгээр дамжуулан хохирогч Я.Б, И.Л, Я.Д, Я.Х нарыг хуурч, нөхөр Х.Б-гийн хамт тэмээ худалдан авч, Баян-Өлгий аймаг болон Казакстан улс руу гаргаж худалдан борлуулж, их хэмжээний мах нийлүүлж, ашиг орлого олдог, 1 тэмээнээс 115.000-150.000 орчим төгрөгийн ашиг олдог, мөн Баян-Өлгий аймгийн цэргийн ангид тэмээний мах нийлүүлж ашиг олдог, хөрөнгө оруулбал ашиг өгнө гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар нэр бүхий хохирогч нарын шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр тэмээ болон тэмээний мах худалдан авч, гадаад дотоодын иргэдэд худалдан борлуулж байгаагүй, хилийн цэргийн ангид мал мах нийлүүлдэггүй гэх бодит байдлыг нууж, хохирогч Ж.Ц тай урьд нь бараа материал худалдах, худалдан авах замаар холбогдож олж авсан итгэлийг нь урвуулж, түүнийг худал үгээр хуурч, төөрөгдүүлэн нэр бүхий хохирогч нараас их хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон” гэж хэргийн үйл баримтыг дүгнэсэн байна.

           Гэвч шүүхээс дээрх тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүгдэгчийн гэм бурууг зөв тогтоож чадаагүй байна.

           Шүүгдэгч Ч.Л нь мал, мах худалдан авах, борлуулах наймаа хийж байгаагүй, тодруулбал тэмээ худалдан авах, худалдан борлуулах үйл ажиллагаа огт явуулж байгаагүй /энэ нь хэргийн баримтаар тогтоогдсон/ атлаа ийм наймаа эрхэлж, ашиг ихээр олдог гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, үүнийгээ Ж.Ц болон бусад хохирогч нарт итгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр тэдний мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл хэргийн баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шүүгдэгч Ч.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Б, И.Л, Ж.Ц, Я.Д нарын эд хөрөнгөд материаллаг хохирол учраагүй, шилжүүлэн авсан мөнгөө ашгийн хамт буцаан өгч, тэдгээрийн эрх ашигт бодит хохирол учруулаагүй тул прокуророос шүүгдэгчийг ялласан үйлдлүүдээс, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хохирогч Ж.Ц, Я.Б, И.Л, Я.Д нараас мөнгө шилжүүлэн авсан гэх үйлдэл,

           - 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.Х-аас 16.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл,

           - хохирогч Я.Д-г залилсан гэх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг хангаагүй гэх дүгнэлт хийж, дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т: “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол…” гэж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон, өөрөөр хэлбэл, дээрх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр энэ гэмт хэргийн шинж хангагдахаар хуульчилсан байна.

           Тодруулбал, дээрх зүйл, хэсэгт заасан арга, хэлбэрээр бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан бол залилах гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт хохирлын хэмжээ шаардаагүй, харин энэ гэмт хэргийн улмаас ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан байна.

           Бусдын эд хөрөнгийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан этгээд уг эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь буцаан шилжүүлсэн, эсхүл бусад байдлаар эд хөрөнгийн эрхийг нь сэргээсэн, хохиролгүй болгосон нь энэ гэмт хэргийг үйлдээгүй буюу залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлгүй болно.      

            Гэтэл шүүх шүүгдэгч Ч.Л нь хохирогч нараас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд авсан мөнгөө буцаан шилжүүлсэн, ашиг өгсөн, бодит хохирол учраагүй гэж тайлбарлан, тухайн хугацааны үйлдлүүдийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, харин зөвхөн шүүгдэгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Я.Б, И.Л, А.Х, Ж.Ц нараас 243.256.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.              

           5.2. Шүүгдэгч Ч.Л нь бусдын мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу бизнесийн эргэлтэд оруулж, өндөр ашиг олох бодит боломж, баталгаагүй байсан атлаа тэмээний наймаа хийдэг, ашиг ихээр олдог гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, энэ байдлаа хохирогч нарт итгүүлэн тэднийг хуурч, хохирогч нарын эд хөрөнгийг давтамжтай, үргэлжилсэн идэвхтэй үйлдлээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан байхад шүүх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

           Гэм буруутай этгээд гэмт санаагаа хэрэгжүүлсний дараа учруулсан хохирол, хор уршиг буюу үр дагаврыг арилгасан /хохирол төлсөн/ байдлыг хохирогч нарын эд хөрөнгөд материаллаг хохирол учруулаагүй гэж үзэж залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх үндэслэлгүй болно. 

           6. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах бөгөөд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

           7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч нарын “...шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тохироогүй, хохирлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

            8. Шүүгдэгч Ч.Л-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/119 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Л-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                                          ШҮҮГЧ                                                  Ж.ОТГОНХИШИГ         

                                                          ШҮҮГЧ                                                  Н.МӨНХЖАРГАЛ