Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

Ц.Д, Н.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор А.Анхбаяр, яллагдагч Ц.Д, Н.Б, яллагдагч нарын өмгөөлөгч Д.Алтангэрэл, Д.Дамдинсүрэн, Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Д, Н.Б нарт холбогдох, 2335000000283 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

            - Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, М ургийн овогт Ц-ын Д (регистрийн дугаар:),

            - Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 6-4 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б ургийн овогт Н-гийн Б (регистрийн дугаар:).

                               Холбогдсон хэргийн талаар:

  1. Яллагдагч Ц.Д, Н.Б нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутгаас тус багийн иргэн Ц.Г-ийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогчид 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Д, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, М ургийн овогт Ц-ын Д, Бр ургийн овогт Н-гийн Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:

- Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д, Н.Б нарт холбогдох эрүүгийн 23350000283 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр тус прокурорын газарт буцааж,

- хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.Д, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

4.1. Шүүхээс хавтаст хэргийн 14-15 дахь талд авагдсан “Дансны хуулга” гэх баримтад тусгагдсан 0000000000 тоот данс нь яллагдагч Ц.Д-ын эхнэр М.Б-ийн эзэмшлийн данс мөн эсэх, хэрэв М.Б-ийн данс мөн бол тухайн данснаас хохирогч Ц.Г-ийн аль банкны ямар дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн зэргээр Ц.Г-ийн данс руу гэмт хэргийн хохиролд төлсөн гэх 5,000,000 төгрөгийн эх сурвалжийг шалгаж тогтоолгохоор буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт хохирогч Ц.Г-ийн“... 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал Д ах манайд ирээд 2 үхрийнхээ үнэ хэлээдэх гэж хэлсэн. Тэгэхээр нь би 5.000.000 сая төгрөг өгөөрэй гэж хэлсэн тэгтэл Д ах эхнэр лүүгээ залгаад миний данс аваад 5.000.000 сая төгрөг хийчихлээ гэж хэлсэн тэр үед манайд Ц бид 3 хамт байсан. Тэгээд би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг,

            - гэрч М.Б-ийн“...Тэгээд бид хоёрын дунд хэрүүл болоод дууссан тэгээд хэд хонож байтал манай нөхөр Ц.Д миний 111111111 гэсэн дугаар луу залгаж орж ирээд би Г-той байна чи Г-ийн данс руу нөгөө 2 үхрийн хохирол болох 5 сая /таван сая/ төгрөг шилжүүлчих гэж утсаар ярьсан. Тэгээд би Г-ийн данс руу 5 сая төгрөг хийсэн юм. Би 2023 оны 10 дугаар сарын сүүлээр байх яг өдрийн сайн санахгүй байна би өөрийнхөө 0000000000 дугаартай данснаас Г гэсэн хүний данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар хохирогч Ц.Г нь гэмт хэргийн хохиролд Ц.Д-аас 5.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан, Ц.Д нь хохирогч Ц.Г-т өөрийн эхнэр М.Б-ийн дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хохирол төлсөн талаараа тодорхой мэдүүлдэг өгсөн ба хохиролд 5 сая төгрөг өгсөн, авсан гэх асуудлын талаар хэн ч маргаагүй, хохирол төлөгдсөн гэх үйл баримт тогтоогдсон.

Гэтэл шүүх яллагдагч Ц.Д-ын хохирол төлсөн 5 сая төгрөг шилжүүлсэн гэх дансыг эзэмшигчийн шалгаж, тогтоох, банкнаас лавлагаа авах шаардлагатай гэж үзэж байгаа нь чухам ямар ач холбогдолтой болох, хэргийг шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийгээгүй байна.

4.2. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад: “... гэрчийн мэдүүлэгт дурдагдсан М гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, болон бусад байдлын талаар тодруулах ажиллагааг гүйцэтгүүлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай байна” гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт өрөөсгөл дүгнэлт болжээ.

Хэрэгт хохирогч Ц.Г нь өөрийн үхрүүдийг Зүүнхангай сумын харьяат М гэх хүнийг гуйж Ар гэх газар луу туулгасан, энэ үед М нь хохирогч Ц.Г-ийн үхэр дутсан гэдгийг, түүнчлэн хохирогч Ц.Г-ийн эхнэр О.О нь анх үхрээ дутсан талаар мөн М-оос мэдсэн талаараа мэдүүлсэн байдаг.

Хэрэгт тухайн М гэх хүн нь хохирогчийн гуйлтаар түүний үхрүүдийг туусан хүн болохоос, харин гэмт хэрэг гарсан байдлыг мэдсэн этгээд биш юм. Тодруулбал, хохирогчийн 2 тооны үхрийг хэн, хэзээ, хэрхэн хулгайлсныг харсан, мэдсэн хүн биш бөгөөд М гэгчээс гэрчийн мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй юм.

М гэх хүнийг тогтоож мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоно гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.

4.3. Шүүхээс яллагдагч Ц.Д, Н.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 46-85 УБЧ улсын дугаартай Kia bongo-3 загварын автомашины эзэмшигч, өмчлөгчийг эргэлзээгүй тогтоох, эзэмшигч, өмчлөгчийн иргэний журмаар авто машинаа нэхэмжлэх эрхийг хангах талаар ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан гэрч Ж.Н-ийн “...Манай нөхрийн төрсөн эгчийн залуу болох Б.Б нь 2022 оны хавар өөрийн бонго машиныг зарах гэж байгаа бөгөөд та мал худалдаж авахаар хөдөө явдаг тул хүнд хэлж ярьж байгаад мал оролцуулаад зараад өг, зарах хүртлээ унаж бай гээд өгсөн. Уг машиныг банк бусаас зээлээр авсан машин байгаа юм. Одоо манай дүү Улаанбаатар хотод байгаа” гэх мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудаст байгаа Увс аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 286 дугаартай албан бичгээр 4685 УБЧ улсын дугаартай автомашин нь Жи Эс Би капитал ББСБ-ын өмчлөлийн нэр бүртгэлтэй, Б-гийн Б-ийн эзэмшигчтэй болох нь тогтоогдсон байхад тухайн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлж аваагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.

Учир нь авто тээврийн газраас лавлагаа мэдээлэл авах ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагаанд хамаарахгүй мөрдөгчийн бие даан гүйцэтгэх ажиллагаа юм. Энэ эрхийнхээ хүрээнд мөрдөгчийн бие даан гүйцэтгэсэн хууль ёсны мөрдөн шалгах ажиллагаа яагаад хууль журамд нийцээгүй талаар тодорхой дүгнэлтийг мөн хийгээгүй байна.

           Мөн хэрэгт шинжээч томилж, 46-85 УБЧ улсын дугаартай Kia bongo-3 загварын автомашины үнэлгээг гаргуулсан дүгнэлт авагдсан.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/225 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн, эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

           5. Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Анхан шатны шүүхийн 227 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь хуульд нийцсэн байна. Шүүгчийн захирамжид заасан асуудлыг гэм буруугийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа.

  1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд дансны хуулга гэх фото зураг авагдсан байгаа. Фото зургаар хэний данснаас хэдэн сарын хэдэнд, хэн гэдэг хүний данс руу мөнгө орсон вэ гэдэг нь тодорхойгүй байгаа тул гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохын тулд дансны хуулгыг хэрэгт хавсаргаж, хэний данс вэ гэдгийг тогтоож шаардлагатай байгаа.

  Гэм буруугийн шүүх хуралдаан дээр банкнаас дансны хуулгыг авч ирээд гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох ямар ч боломж байхгүй. Нөгөө талаасаа хэрвээ гэм буруугийн хуралдаанаас гэм буруутай гээд шүүхээс дүгнэвэл хохирол төлсөн баримт нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд маш ач холбогдолтой гол нотлох баримт болно. Ялангуяа миний үйлчлүүлэгчийн тухайд гэм буруутай гэж тооцогдвол хохирол төлсөн баримт нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх гол нотлох баримт болно. Мөн шүүх хэрэгт авагдсан фото зургийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байгаа. Иймд энэ ажиллагааг хийж, хэргийн материалд хавсаргах нь зөв байна гэж үзэж байна.

  Шүүгчийн захирамжийн 2 дугаар үндэслэл нь М гэх этгээдийг олж тогтоох талаар заасан байгаа. Үхэр алга болсон юм уу гэдгийг хамгийн анх мэдсэн хүн бол М гэж хүн байгаа гэж гэрч мэдүүлсэн тул хаана, хэзээ үхэр алга болсон бэ гэдгийг анх мэдсэн хүн М  байгаа юм. Хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг сайн мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж хуульд заасан. Мөн тухайн хүнийг М гэдэг юм уу, өөр нэртэй юм уу, үхрийн тоо хэмжээ, зүсийг мэддэг хүн мөн юм уу гэдгийг зайлшгүй асуух шаардлагатай юм.

  Хохирогч Ц.Г нь 2 тооны үхрээ хулгайд алдсан гэдгийг шалгасан боловч хохирогч нь хэдэн тооны үхэртэй эсэхийг шалгасан баримт буюу хохирогчийн малын А данс гэх баримт хэрэгт байхгүй байгаа юм. Иймд хохирогчийн мал тоолуулсан дансыг хэргийн материалд авч хавсаргах зайлшгүй шаардлагатай гэдэг асуудал хөндөгдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг прокурор өөрөө тайлбарласан ба прокурор хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна гэж заасан юм. Тэгтэл миний үйлчлүүлэгч өнөөдөр шүүгдэгч биш, яллагдагч байхад  энэ үндэслэлээр тайлбарлаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байна.

  Шүүгчийн захирамжийн 3 дугаар үндэслэл буюу автомашинтай холбоотой асуудал дээр прокурор мөрдөн шалгах байгууллагын хийсэн ажиллагаа энэ ажиллагаа прокурорын зөвшөөрлөөр хийгдэхгүй учраас прокурорт хамаагүй гэдэг тайлбарыг гаргаад байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, хохирогч нарын эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалж оролцож байгаа хүн бол прокурор байгаа. Хэрэгт, 46-85 улсын дугаартай, автомашины өмчлөгч, эзэмшигч хэн вэ гэдгийг заавал тогтоох ёстой. Хэрвээ гэм буруутай гээ үзвэл автомашиныг улсын орлого болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Гэтэл автомашины улсын бүртгэл дээр бүртгэгдсэн өмчлөгч нь өөрийнх нь машин, гэмт хэргийн улмаас улсын хөрөнгө болох гэж байна гэдгийг мэдэхгүй явж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч гэдэг асуудлыг оруулж ирсэн ба энэ ажиллагаа заавал хийгдэх ёстой. Бусдын эрх ашиг зөрчигдөхөөр нөхцөл байдал үүсээд байгаа тул иргэний нэхэмжлэгчийг тогтоож, тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгч авах эрхийг заавал хангах ёстой. Энэ нь гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

  Иймд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн 227 дугаартай захирамж нь хууль ёсны үүрэг үндэслэл бүхий байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  6. Яллагдагч Ц.Д-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлогдоогүй. Н.Б гэдэг хүн бонго маркийн машинтай Зүүнхангай суманд очоод 2 үхэр ачаад ирсэн гэдэг дээр маргахгүй байна. Харин Н.Б нь би хулгай хийгээгүй, Ц.Д-аас авлага, өглөгтөө авсан гэдэгт маргаж байгаа. Энэ асуудалд анхаарах ёстой.

  Прокуророос Ц.Д-ыг Н.Б-тэй бүлэглэж хулгай хийсэн гэж яллаж байгаа боловч хэрэгт Н.Б нь ямар санаа зорилгоор очсон талаар, хулгай хийх гэж очсон юм уу, аль эсвэл өглөг авлагаа авах гэж очсон юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэмэлт ажиллагаа хийж тодруулах ёстой. Прокурор хэргийг бүх талаас нь бүрдүүлж, бүрэн гүйцэт шалгах үүргээ биелүүлээгүй, таамаг байдлаар яллаад байгаа юм.

  Энэ хэргийг Ц.Г гэдэг хүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт хөтлөгдөөд явчихсан. Гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалж зааж чадаагүй, бүгд Ц.Г-ийн мэдүүлгийг үндэслэн мэдүүлэг өгсөн. Авто машины эзэмшигчийг тогтоох нь зөв.

  Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  7. Яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Улсын яллагчийн эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан тухайн хэргийг хэзээ, хаана, хэн үйлдсэн юм бэ, ямар санаа зорилго агуулсан юм бэ, сэдэлт, гэм буруугийн хэлбэр гэх асуудлыг ерөөсөө тогтоогоогүй.

  Мөн прокурорын зүгээс Н.Б Улаангомоос гараад эхнэртэйгээ Зүүнхангай суманд очоод 2 үхэр ачаад ирсэн гэдэг зүйл яриад байна. Анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж авсан. Тэгэхээр хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн учраас хохирогч бол үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч тухайн үед хохирогчийн ярьсан зүйлүүд бол гэрт нь байсан, хамт байдаг айл хөрш хүмүүсийн яриа дамжаад гэрчээр мэдүүлэг өгөөд яваад байгаа. Түүнээс биш Н.Б хулгай хийе гэсэн санаа зорилготой гарсан гэдэг байдлыг тогтоогоогүй. Н.Б, Ц.Д-т азарга өгсөн, тэрнийхээ хариуд мал авах гэж очсон ба Ц.Д нь малаа ав, бэлэн байна гэж утсаар ярьсан байдаг.

  Улсын яллагч тайлбартаа шөнийн цагаар хулгай хийх гэж очсон гэдэг зүйл яриад байна. Улаангомоос Зүүнхангай сум 340 гаруй километрт байдаг ба Н.Б эхнэртэйгээ өдөр гараад яваад очиход нь харанхуй болчихсон байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлогдвол зохих зүйлүүдийг тогтоолгохоор урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан.

  Мөн улсын яллагч эсэргүүцэл дээрээ шүүх хэт нэг талыг барьсан гэдэг зүйлийг бичсэн байна. Гэтэл шүүх хэргийг шийдэх боломжгүй байгаа тул буцаасан.

  Анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ц.Д, Н.Б нарт холбогдох, 2335000000283 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Увс аймгийн Прокурорын газраас: Яллагдагч Ц.Д, Н.Б нарыг бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн нутаг дэвсгэрээс иргэн Ц.Г-ийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

           3. Анхан шатны шүүх яллагдагч Ц.Д, Н.Б нарт холбогдох хэргийг хүлээн авч, яллагдагч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Лхагважавын хүсэлтээр шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 225 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тус захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж дүгнэв.

           Анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид: “хохирогч Ц.Г-ийн данс руу гэмт хэргийн хохиролд төлсөн гэх 5.000.000 төгрөгийг хэний данснаас хохирогчийн аль данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан дансны хуулга гэх баримтад тусгагдсан 0000000000 тоот данс нь яллагдагч Ц.Д-ын эхнэр М.Б-ийн эзэмшлийн данс мөн эсэх нь тодорхойгүй байх тул уг дансны эзэмшигчийг тогтоох,

           - хохирогч Ц.Г нь Зүүнхангай сумын харьяат иргэн М гэх хүнийг гуйж, өөрийн эзэмшлийн үхэр малаа “Ар” гэх газар уруу туулгах үед М нь Ц.Г-ийн үхрээс 2 тооны үхэр дутсан талаар тэдэнд мэдэгдсэн болох нь тогтоогдож байх тул гэрч Л.О-нийн мэдүүлэгт дурдагдсан М гэх хүнийг олж тогтоон, түүнээс гэмт хэрэг гарсан байдлын талаар мэдүүлэг авах,

           - хэрэгт битүүмжилж, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй гэх 46-85 УБЧ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэх үндэслэлүүдийг заажээ.

           Шүүгчийн захирамжид заасан дээрх 3 үндэслэлийн 2 үндэслэл буюу захирамжийн 1,3 дугаар үндэслэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх ба харин захирамжийн 2 дугаар үндэслэлийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, энэ нь хэрэгт ач холбогдолгүй байна.

           3.1. Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ байтал Ц.Д ах манайд ирээд 2 үхрийнхээ үнэ ханшийг хэл гэхээр нь би 5.000.000 төгрөг гэхэд Ц.Д ах эхнэр лүүгээ залгаад миний данс аваад 5 сая төгрөг хийлгэчихлээ гэж хэлсэн. Тэр үед Ц манайд байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэж,

           - гэрч Т.Ц: “...Ц.Д ах гар утсаа гаргаж ирээд нэг дугаар луу залгасан цаад хүн нь эмэгтэй шиг байсан, Ц.Д ах “би нөгөө хулгайлж авсан үхрийн эзэнтэй хамт байна, цагдаад хэлэхгүй гэж тохиролцож байна. 2 үхрийн хохирол мөнгө шилжүүлмээр байна гэж ярьсан. Тэгээд 30 минутын дараа байх Ц.Г ахын гар утсанд мессеж ирэхэд Ц.Г ах утсаа гаргаж харахад 5.000.000 төгрөг дансанд нь орж ирсэн байсан” гэж,

           - гэрч М.Б: “...тэгээд хэд хонож байтал манай нөхөр Ц.Д миний 111111111 дугаарт залгаад би Ц.Г-той байна, чи Ц.Г-ийн данс руу нөгөө 2 үхрийн хохирол 5.000.000 төгрөг шилжүүлчих гэж утсаар ярихаар нь би Ц.Г-ийн данс руу 2 үхрийн хохирол 5.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн байна.

           Хохирогч Ц.Г нь өөрийн хулгайд алдсан гэх 2 тооны үхрийн хохиролд Ц.Д-аас 5.000.000 төгрөг  авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн энэ үйл баримтын талаар гэрч Т.Ц, М.Б нараас мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх тул энэ үйл баримтын талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хохирлын мөнгө шилжүүлсэн данс хэний эзэмшлийн данс болохыг тодруулах ажиллагаа нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй үндэслэл болохгүй гэж дүгнэв.

           3.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Г, түүний эхнэр гэрч  О.О нар 2 тооны үхрээ хэдийд, хаанаас алдсан, хэрхэн эрж хайсан

талаараа буюу 2 тооны үхрээ 2023 оны 04 дүгээр сарын 12-ны шөнө Зүүнхангай сумын нутаг төв засмал замын баруун тал Кэмп гэх газраас хулгайд алдсан талаараа мэдүүлсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар М гэгчээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг заавал хийх шаардлагагүй, энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж үзлээ.

           3.3. Хэрэгт битүүмжилж, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй гэх 46-85 УБЧ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигчийг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэж дүгнэж, энэ үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болон үнэ ханшийг тогтоох ажиллагаа хийгдсэн байна. 

           Хэрэгт, Увс аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 286 дугаартай “4685 УБЧ улсын дугаартай автомашин нь Жи Эс Би капитал ББСБ-ын өмчлөлийн нэр дээр бүртгэлтэй, Б-гийн Б гэх эзэмшигчтэй” гэх албан бичиг авагдсан, мөн энэ талаар гэрч Ж.Н-ийн: “манай нөхрийн төрсөн эгчийн залуу болох Б.Б нь 2022 оны хавар өөрийн бонго машиныг зарах гэж байгаа бөгөөд та мал худалдаж авахаар хөдөө явдаг тул мал оролцуулаад зараад өг, зарах хүртлээ унаж бай гэж хэлээд өгсөн. Уг машиныг банк бусаас зээлээр авсан машин байгаа юм. Одоо манай дүү Б.Б Улаанбаатар хотод байгаа” гэх мэдүүлэг тус тус авагдсан, уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

           4. Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, Ц.Д, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэх боломжтой гэж дүгнэв. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

           5. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв. 

            6. Яллагдагч Ц.Д, Н.Б нарт нарт тус тус өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/225 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Ц.Д, Н.Б нарт тус тус өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                               ДАРГАЛАГЧ,

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                                                         ШҮҮГЧ                                                 Ж.ОТГОНХИШИГ         

                                                         ШҮҮГЧ                                                   Н.МӨНХЖАРГАЛ