Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

А.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

прокурор Б.Догмиддорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга А.Бадамсүрэн нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.А-т холбогдох, 2435000000062 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 3дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т ургийн овогт А-гийн А (Регистрийн дугаар:).

  1. Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 06 дугаар сард иргэн Ү.М-ын шар хээр зүсмийн 1 тооны адууг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т ургийн овогт А-гийн А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2435000000062 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Т ургийн овогт А-гийн А-ийг цагаатгаж,

- шүүгдэгч А.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан мотоцикль битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,

- шүүгдэгч А.А нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

  4. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

  4.1. Шүүх хэргийг цагаатгахдаа А.А нь 2023 оны 6 дугаар сард иргэн Ү.М-ын шар хээр зүсмийн 1 тооны адууг өөрийн ижил зүс, настай адуутай андуурч Д.М-т зарсан нь гэрч Ч.Б, Д.Т, Т.Д, яллагдагч А.А нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнээд, хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч А.А-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

  Учир нь, яллагдагч А.А нь өөртөө эдийн ашиг олох зорилгоор бусдын малыг мотоцикл ашиглан хулгайлан авч, өөрийн эзэмшилд дур зоргоор оруулж, захиран зарцуулах нөхцөл байдлыг бий болгож, бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан обьектив талын шинжийг бүрэн хангасан болох нь хохирогч Ү.М, гэрч Ш.О, Д.М, Х.Б, Л.Б, Ч.Б, Д.Л, Н.Ц нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон.

  4.2. Мөн яллагдагч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд: “...би багаасаа хараа муутай байсан болоод бусдын малыг андуурч авсан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй...” гэж тайлбарлаж байх боловч, урьд 2018 онд иргэн Н.Ц-тэй хээр зүсмийн даагыг булаацалдаж, тэрээр өөрийн дааганы тамга, шинж тэмдгийг зөв таньж, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулан буцааж өөрийн эзэмшилд авч байсан болох нь гэрч Н.Ц-ийн “...би Бөхмөрөн сумын иргэн А.А гэх хүнийг зүс мэдэх төдий танина. 2018 онд А.А бид хоёр хээр зүсмийн даага булаацалдаж байсан учир танина...би даага танихгүй андуурсан, А.А даага зөв таньсан түүний эзэмшлийн даага болох нь тогтоогдсон...А.А нь адуу, малаа сайн таньдаг бөгөөд надтай даага булаалцалдаж өөрийн болохыг тогтоолгож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103-р хуудас/, мөн хэрэг бүртгэлтийн 183500411 дугаартай хэргийн материалаас хэрэгт хуулбарлан авсан баримтуудаар тогтоогддог тул энэ нь түүний бусдын малыг андуурч авсан гэх үйл баримтыг үгүйсгэж байгаа баримт болно.

  4.3. Яллагдагч А.А нь хувийн байдлын хувьд хараа муутай, мал маллаж амьдардаггүй, өөрийнхөө малын зүс, содон шинж тэмдгийг мэддэггүй зэрэг шалтгаан нөхцөлийг илэрхийлдэг ч хувь хүний хувьд бусдын болон өөрийн малыг олж авахын өмнө тухайн малын зүс, тамга, содон шинж тэмдэг, нас зэргийг нягталж шалгах, хайж буй малынхаа зүс, тамга тэмдэг, нас зэргийг мэддэг хүнээс асууж, тодруулах зэрэг үйлдэл хийгээгүй нь түүний хулгайлах гэмт үйлдлийг зөвтгөх шалтгаан биш бөгөөд харин ч энэхүү үйлдлээрээ гэмт этгээд өөрийнхөө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг бүрэн дүүрэн нотолж байгаа хэлбэр болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

  Анхан шатны шүүх яллагдагч А.А-ийн гэмт үйлдлийг зөвтгөхдөө урьд нь өөрийн морио эрж хайсан, андуурсан, Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан үүргээ биелүүлээгүй, тухайн морины тамга харагдахгүй байсан гэх мэт шалтгаануудыг дурдсан байна.

  Гэвч яллагдагч А.А-ийн дээрх үйлдлүүдээс гадна хохирогч Ү.М-ын эзэмшлийн хээр зүсмийн моринд байх бусад содон шинж тэмдэг болох чих шуурхай /цуулбар/ им, зөв тал бүдэг буурал үс зэргийг хэрхэн андуурсан талаар дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьсан, субьектив хандлагаар хандсан, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлж ял завшуулах нөхцөл бололцоог бий болоход чиглэсэн шийдвэр болсон байна.

  Цаашид мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь мал хулгайлсан гэмт үйлдлээ үгүйсгэхийн тулд хулгайлсан малаа өөрийн малтай андуурсан гэж тайлбарласнаар ял завших бүрэн боломжтой гэх ойлголтыг авч, улмаар мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэх сөрөг үр дагавартай болохыг анхаарч, анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг зөвтгөж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг хангуулах нь зүйтэй гэж үзэж байна.

  Гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтуудыг яагаад үгүйсгэж байгаа талаараа анхан шатны шүүх шийдвэртээ дурдаагүй, зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, гэмт этгээдэд ял завшуулсан гэж үзэж байна.

  Анхан шатны шүүхийн шүүгдэгчийг цагаатгасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

  Иймд 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн140 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

  5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт малын тамгыг үзлэг хийгээд гэрэл зургаар бэхжүүлсэн байгаа, мөн хохирогч миний адуу давхар саран тамгатай, дээд талын сар нь өргөстэй, дэгээтэй гэдэг байдлаар хэлсэн. А.А-ийн адуу дээрээ нартай, доороо сартай, нар саран тамгатай, энэ нь дээр шүүх дүгнэлт хийсэн. Давхар сар нь хаана байна гэдгийг энгийн нүдээр харахаар харагдах боломжгүй байгаа. Нөгөө талаасаа дээр байгаа сэрээ, дэгээ гэж хэлээд байгаа хохирогчийн мэдүүлэгт давхар саран тамгатай, дээд талын саран дээрээ дэгээтэй, өргөстэй гээд хэлээд байгаа. А.А нар сар гээд хэлэхэд хоёр өөр байдлаар тамганы тухай яригдаад байгаа юм.

  Энгийн нүдээр харахаар хохирогчийн хэлээд байгаа дэгээ, өргөс гэж нэрлээд байгаа зүйл нь хэрэгт гэрэл зургаар бэхжигдчихсэн байгаа малын тамганаас харахаар сар дугуй хэлбэртэй байгаад байгаа юм. Тэгэхээр үүнийг миний үйлчлүүлэгч нар гэж андуурсан нар, сар гэдэг тамга гэж харсан өөрийнхөө тамгатай андуурсан гэж байсан. Энэ нь хоёр тусдаа нар сар гэж харагдаад байгаа юм. Миний үйлчлүүлэгч үүнийг харснаараа мэдүүлэг өгсөн, энэхүү байдлаар дүгнэх боломжтой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар А.А техник сонирхдог хүн, мал маллаж хөдөө амьдардаггүй. Айлд малаа тавьж маллуулсан байсан учраас малаа дутуу тоолуулдаг зэрэг үйл баримт тогтоогдсон байдаг.

           А.А-ийн 1 тооны адууг маллаж байсан айлын хүмүүс “танай адуу азарга болоод адуу мал хөөгөөд таслаад байна, энэ адуугаа засаж өгнө үү, аль эсвэл зарж борлуулаарай” гэж хэлсэн байдаг. Хохирогч Ү.М-ын адуу алга болохоос өмнө А.А нь нар, сар тамгатай, хохирогчийн алга болсон малтай ижил морио зарж борлуулах талаар  хэлцэл хийгээд явж байсан байдаг. Д.М гэдэг хүнтэй зарахаар тохиролцсон байсан нь тогтоогдсон. Хохирогчийн мал алга болохоос сарын өмнө буюу 5 дугаар сард тухайн мал маллаж байсан айлын хүмүүст “би морио зарахаар боллоо, одоо очиж авна” гээд очиход цасан шуурганаас болоод мал уруудчихлаа гээд тухайн үед 5 дугаар сард Д.М-т 1 тооны адуугаа зарж чадалгүй, Д.М-ийн чиргүүлийг авч үлдээд буцаасан явсан үйл баримт тогтоогдож байгаа юм. Тэгэхээр хохирогчийн адуу алга болоогүй байхад хохирогчийн адуутай ижил зүстэй, ижил настай, нар сар тамгатай адуу заръя гээд  явж байх боломж байгаа юм уу, хэрвээ өөрийнхөө адуутай андуураагүй бол хулгайлах гэмт хэргээ бэлдээд яваад байсан юм гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

           Прокурор эсэргүүцэлдээ болон анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан баримтуудыг дурдаад, шүүгдэгч нь мал сайн мэддэг хүн гэж хэлээд байна. Харин эсрэгээрээ тухайн баримтуудаар шүүгдэгч мал мэддэггүй, таньдаггүйгээ нотлоод байгаа юм.

           А.А өөрөө малаа малладаггүй, айлд тавьж маллуулдаг учраас өөрийнхөө малын зүс, насыг мэддэггүй. Баянбат гэдэг хүнд маллуулж байсан ба түүний гэрчээр өгсөн мэдүүлгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруугийн санаатай, ашиг олъё гээд байгаа шунахайн сэдэлт, нууц далд арга гэдэг нөхцөл байдлууд чинь үгүйсгэгдээд байгаа учраас анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

           Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.А-т холбогдох, 2435000000062 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос шүүгдэгч А.А-ийг Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 06 дугаар сард иргэн Ү.М-ын шар хээр зүсмийн 1 тооны адууг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

           3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичсэн байна.

           4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхээс А.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

           4.1. Шүүгдэгч А.А нь иргэн Ү.М-ын шар хээр зүсмийн 1 тооны адууг өөрийн ижил зүс, настай адуутай андуурч бусдад зарсан үйл баримт хэрэгт тогтоогдсон болон шүүгдэгчийн уг үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

            4.2. Хэрэгт авагдсан, гэрч Д.Л, Л.Б, Д.Т, Ч.Б, Т.Д нарын мэдүүлгээр шүүгдэгч А.А нь шар хээр зүстэй, 5 настай, буруу гуяндаа нар саран тамгатай, 1 тооны морь /засаж хөнгөлөөгүй буюу азарган/-той байсан, тэрээр уг адуугаа өөрөө малладаггүй, даага байхаас нь Д.Л гэх айлын адуун сүрэгт ижилсүүлж тавьсан буюу тэдний маллагаанд байсан, уг адуу 2023 оны 5 дугаар сард ижлээсээ 3 тооны адууны хамт салж алга болсон, 

           - А.А нь 2023 оны 5 дугаар сард Д.Л-ийн адуунаас алга болсон хээр зүсмийн морио хайж явахдаа Д.Т, Ч.Б, Т.Д нартай уулзаж, адуугаа асууж сурагласан, олж харвал өөрт нь мэдэгдэхийг тэднээс хүсэж, захиж байсан болох нь тус тус нотлогдсон байна. 

           Тухайлбал, гэрч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “А.А нь мал малладаггүй сумын төвд амьдардаг хүн бөгөөд түүний хээр зүсмийн бөөсөг /засаа/-тэй адуу манай адуунд 4 жил болсон. Сүүлдээ азарга болоод манай адуунаас гүү тасалж хөөгөөд яваад байсан тул би Ат “энэ адуугаа ав” гэж олон удаа хэлсэн. А адуугаа авахаар 2023 оны 5 дугаар сард тэвштэй машинтай ирсэн боловч тэр өдөр нь цасаар шуураад адуу уруудаад алга болсон тул хайгаад олохгүй явсан. Тухайн шуурганд адуу уруудахад уг морь нь манай 3 адууны хамт алга болсон байсан. А уг морио нэг сар орчим хайж байгаад олж аваад казак хүнд зарсан гэж сонссон. А.А-ийн алдсан морь нь хээр зүсмийн буруу гуяндаа сар, наран тамгатай, том сартай дээр нь жижиг нартай тамгатай байсан, бөөсөгтэй азарга тавих гэж надад хадгалуулсан байсан адуу юм. Манай адуунаас А.А-ийн хээр морь /азарга/-той хамт алдагдсан 3 тооны адууг манай хүү хайж яваад, сүүлд 6 сарын 10-ны үеэр олж авсан. Анх А.А даага байхад нь авчирч манай адуунд тавихад буруу гуяндаа сар, наран тамгатай байсан. Өөр ямар нэг тамга дарагдаагүй, анх ирсэн тамгатайгаа байсан адуу юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-99 дэх тал),

           - гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2023 оны 5-р сард А буюу Ц надтай уулзаад, хээр зүсмийн 1 тооны морь алдчихлаа, та сураг тавиад өгөөч, тухайн морь нь айлын адуу малд азарга болоод явж байж магадгүй” гэж захиж байсан юм. Тэрний дараа хэд хонож байтал манай гэрийн ойролцоо “Цөөхөн ус” гэх нэртэй газар хүрэн хээр гэхээр зүстэй, засаатай /азарга/ морь, хажуудаа 3-4 тооны гүү, даагатай хамт байсныг хараад “А гэх залуугийн надад захиж байсан адуу мөн байж магадгүй” гэж бодоод түүнд хэл дуулгаж, тухайн адууг очиж хараарай гэж хэлсэн. Тухайн адуу нь гуяндаа саран тамгатай юм шиг харагдахаар нь би А гэх залуугийн захисан адуу байж магадгүй гэж бодоод хэл дуулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р тал/,

           - гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манайх 2023 оны хавар Бөхмөрөн сумын 2-р багийн нутаг “Цөөхөн ус” гэх газар хаваржиж байх үед нэг өглөө манай гэрт А гэх залуу ирж, “шар хээр зүсмийн, засаатай, 1 тооны морь хатуугийн хөдөө гэх газар орчмоос алдаад хайж явна, энэ хавиар сураг тавьж байгаарай гэж захиад утасны дугаараа үлдээгээд явсан. Түүний дараагаар би малдаа явах замдаа хүрэн гүү, хоо зүсмийн даагатай, хажууд нь шар хээр зүсмийн гэхээр засаатай морь азарга болж явсныг хараад цааш явж байтал А нь дахин утасдахаар нь би түүнд замд харсан адууныхаа талаар хэлж, очиж үзээрэй гэж хэлсэн. Тэр өдөр А дахин утсаар залгаж, би таны харсан адууг оллоо, хамт явсан шар хээр морь нь минийх мөн байна, би адуунуудыг туугаад Х буюу Б гэх айлын гадна очоод морио барьж авлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /84-86-р тал/,

           - гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2023 оны хавар, яг хэзээ гэдгийг санахгүй байна, өдрийн цагаар А.А нь мотоцильтой 4 тооны адуу туучихсан манай гэрийн гадна ирээд “морь барилцаад өгөөч” гэж дуудахаар нь би сур аргамжаа авч гараад хээр зүсмийн морь барьж өгсөн, бусад адууг нь бэлчээрт явуулчихсан юм. Удалгүй ланд 80 маркийн машинтай, казак хүн ирээд тухайн адууг ачаад явсан. Би А-ээс “энэ адууг зарж байгаа юм уу” гэхэд тиймээ, би энэ хүнээс чиргүүл авсан, тэрнийхээ өртгөнд өгч байгаа юм” гэж хэлсэн. Тэр морь барилцдагийн өмнөх өдөр нь А манайд ирээд “хээр зүсмийн морь хайж явна” гээд явсан, дахиад маргааш өглөө нь буюу 4 адуу тууж ирэхээсээ өмнө нь бас ирээд “миний хайж явсан хээр морь танайхаас доошоо, худгийн усны тэнд байгаа сураг гарлаа, би тийш явж үзээд мөн байвал аваад ирье, та барилцаад өгөөрэй гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд А нь манайхаас яваад буцаж ирэхдээ тэр 4 тооны адууг тууж ирсэн нь тэр юм. Тэр хайж явсан хээр морь нь О /Л/ гэх хүний адуунаас алга болсон гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /73-79-р тал/-үүдээр тэрээр өөрийн хээр зүсмийн, засаатай /азарга/ морь хайж явсан, уг морьтой адил нас, зүсмийн морийг олж авсан үйл баримт тогтоогдсон  байна.

           Харин А.А нь тухайн морийг өөрийнх нь биш гэдгийг тухайн үедээ мэдэж байсан гэх, мөн түүнчлэн нууц, далд аргаар Д.М-т зарж борлуулсан  гэдгийг тус тус нотолсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүй. 

  4.3. Мал хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын малыг нууц, далд аргаар, бусдад мэдэгдэлгүйгээр, шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор авч захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн болон захиран зарцуулсан үйлдэл байх бөгөөд А.А-ийн үйлдэл нь дээрх шинжүүдийг хангаагүй, шүүгдэгчийг цагаатгасан шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

  5. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...шүүгдэгч нь би багаасаа хараа муутай байсан учраас бусдын малыг андуурч авсан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй...” гэж тайлбарлаж байх боловч, урьд 2018 онд иргэн Н.Ц-тэй хээр зүсмийн даагыг булаацалдаж, тэрээр өөрийн дааганы тамга, шинж тэмдгийг зөв таньж, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулан буцааж өөрийн эзэмшилд авч байсан болох нь хэрэг бүртгэлтийн 183500411 дугаартай хэргийн материалаас хэрэгт хуулбарлан авсан баримтуудаар тогтоогддог тул энэ нь түүний бусдын малыг андуурч авсан гэх үйл баримтыг үгүйсгэж байна.

  Гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтуудыг яагаад үгүйсгэж байгаа талаараа анхан шатны шүүх шийдвэртээ дурдаагүй, зөвхөн яллагдагчийн мэдүүлэгт хөтлөгдөж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, гэмт этгээдэд ял завшуулсан гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг дараах үндэслэлүүдээр хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

  5.1. Прокуророос шүүгдэгч А.А-ийг малын тамга, зүс, шинж тэмдгийг сайн таньж мэддэг болох нь хэрэгт авагдсан, хэрэг бүртгэлтийн 183500411 дугаартай хэргийн материалаас хуулбарлан авсан баримтуудаар нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр баримтууд нь шүүгдэгчийг буруутгаж буй, Ү.М-ын1 тооны адуу хулгайлсан гэх үйлдэлтэй хамааралгүй, энэ хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй байна.

           5.2. Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч А.А-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж чадаагүй, харин шүүгдэгчийн эзэмшлийн, Д.Л гэх хүний адуун сүрэгт байсан шар хээр зүсмийн, 1 тооны морь 2023 оны 5 дугаар сард ижлээсээ 3 адууны хамт салж алга болсон, А.А нь 2023 оны 5 дугаар сард Л-ийн адуунаас алга болсон хээр зүсмийн морио хайж явахдаа Д.Т, Ч.Б, Т.Д нартай уулзаж, адуугаа асууж сурагласан, олж харвал өөрт нь мэдэгдэхийг тэднээс хүсэж, захиж байсан, дараа нь морио хайж яваад адил нас, зүсмийн морийг олж аваад Д.М гэгчид чиргүүлийн өртөгт тооцож өгсөн, уг морь нь иргэн Ү.М-ынх байсан гэдгийг сүүлд мэдсэн зэрэг үйл баримтыг нотолсон байна.

  Шүүх хэрэгт цугларсан буюу яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, эдгээр нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлтэй байна. 

  5.3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дан ганц шүүгдэгч А.А-ийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх бөгөөд хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн байна

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүгдэгчийн гэм бурууг тогтоох ажиллагаа нь зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэх учиртай бөгөөд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байж болох бүхий л баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байх боловч эдгээр нь шүүгдэгч А.А-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай, хөдөлбөргүй нотлоогүй байна.

           7. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

           8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.   

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/140 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ,

                                                    ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧ                                             Ж.ОТГОНХИШИГ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.АЛТАН