Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00304

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00304

 

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/03163 дугаар шийдвэртэй

Д.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н, Д.Н нарт холбогдох автомашин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 9,239,991 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Нэхэмжлэгч Д.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Машин зарах гээд гаалийн татварын мөнгө хэрэгтэй болоод Н.Н гэх хүнээс мөнгө зээлсэн. Машин маш хурдан хугацаанд борлогдоно гэж тооцоод 3 сарын хугацаатай 3,000,000 төгрөгөөр зарагдана гэж зээлийн гэрээ хийсэн. Гэтэл зээлийн гэрээнээс хойш Н.Н утсаа таслаад алга болсон. Гэрээний хугацаа дуусч, арай хийж Н.Нтай уулзсан. Машиныг худалдахын тулд засварлуулсан гэж байна. Нэхэмжлэл гаргахдаа автотээврийн үндэсний төвөөс лавлагаа авахад машин нь Н.Н гэх хүний эзэмшилд байсан. Машинаа барьцаанаас гаргуулж авах, худалдан борлуулах эрхийг заасан ч худалдан борлуулах боломжгүй нөхцөлд үлдээсэн тул машинаа гаргуулж авахыг хүсэж байна. Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад орж ирсэн Т маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Нгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Д.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 01-нд 4,385,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Би уг мөнгийг хүнээс зээлж авч өгсөн. Гэвч хугацаандаа мөнгөө төлөхгүй алга болсон. Би өөрийн хохирлоо барагдуулахаар тухайн автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн. Иймд миний хохирлыг барагдуулсан тохиолдолд автомашиныг буцааж өгөх боломжтой гэжээ.

3. Хариуцагч Н.Нгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон үндэслэлийн агуулга: 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Б нь надаас 4,385,000 төгрөгийг зээлсэн. 1 сарын хүү 438,500 төгрөг, нийт 3 сар 1,315,500 төгрөг болж байгаа юм. Үндсэн зээл 4,385,000 төгрөг, хүүтэй нийлээд 5,700,500 төгрөг болж байгаа юм. 11-4 сар хүртэл 6 сар дулаан гараажид тавьсан төлбөр 1,234,000 төгрөг. Д.Б нь 2018 онд орж ирсэн машин, найздаа зарах гэсэн ч чадаагүй, машины зүйлсийг тоносон байна гэж надад хэлсэн байдаг. Нийт уг машинд зарцуулсан задаргаа гэвэл 4 ширхэг амортизатор 100,000 төгрөг, урд комны таваг 70,000 төгрөг, өндөрлөгөө 30,000 төгрөг, 2 ширхэг пурш 60,000 төгрөг, ажлын хөлс 40,000 төгрөг, хэвтээ янзалсан /доод эд анги/ 30,000 төгрөг, наклад 4 ширхэг 30,000 төгрөг, ажлын хөлс 20,000 төгрөг, босоо хөндлөн тэнхлэг тохиргоо 40,000 төгрөг, 2 ширхэг шинэ дугуй 70,000 төгрөг, хар кнопууд 8,000 төгрөг, боолт 6,000 төгрөг, подпарын ламп 5,000 төгрөг, суудлын бүрээс 300,000 төгрөг, шалавч 180,000 төгрөг, Эс ви 30 тос тосолгоо 52,000 төгрөг, батерей 800,000 төгрөг, агаар шүүгч 9,000 төгрөг, салоны агаар шүүгч 12,000 төгрөг, мотор бэхжүүлэгч 10,000 төгрөг, коллектор цэвэрлэгч 25,000 төгрөг, 4WS компьютер оношлогоо 64,000 төгрөг, жолоочийн даатгал 43,263 төгрөг, улсын дугаар 30,000 төгрөг, хүрээ 16,000 төгрөг, тень 50,000 төгрөг, улсын татвар 46,228 төгрөг, аккумулятор 135,000 төгрөг, 10001М шүүр 9,000 төгрөг, гаалийн татвар 15,000 төгрөг, нийт 2,305,491 төгрөг, нийлээд 9,239,991 төгрөг болж байгааг гаргуулна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эийн сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбарын агуулга: Барьцаалсан эд хөрөнгийг өөрчлөх шаардлага байгаагүй. Ямар ч засвар хийх шаардлагагүй байсан, ямар улсын, ямар тоног төхөөрөмж хийсэн юм бүү мэд. Хамгийн аюултай нь приус машиныг өндөрлөснөөс осол их гардаг. Бүрэн бүтэн зүгээр байсан машиныг осолд орохоор хэмжээнд аваачсан. Эдгээр засварыг хий гэсэн асуудал байхгүй. Эдгээрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 3 сарын хүү, үндсэн зээлийг зөвшөөрч байна. Автомашины барьцаатай зээл олгодог газрууд өөрсдийн газар дээр тавиулдаг. Хүний зээлийн явах боломжгүй машиныг дулаан гараажид тавьдаг. Дулаан гараажид унахгүй, ашиглахгүй машиныг тавьдаггүй. Сөрөг нэхэмжлэлийн хүү, үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна, бусад асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хадгалалтын гэрээ хийгээгүй, засвар, сайжруулалт хийх даалгавар өгөөгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Наас 99-38 УНБ улсын дугаартай, 0000000000 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Т 20 маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Бээс зээлийн гэрээний үүрэгт 5,700,500 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 3,539,491 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,110 төгрөг, хариуцагч Н.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 85,110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд, нэхэмжлэгч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 106 158 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Нд олгож шийдвэрлэсэн байна.  

6. Хариуцагч Н.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...

Нэхэмжлэгч Д.Бээс Н.Нд итгэмжлэл олгож, тухайн машиныг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн, зээлийн гэрээ байгуулж, хүүг тохирсон, бусдын хөрөнгөд гаргасан зардлаа нөхөн шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа хариуцагчийн тухайн тээврийн хэрэгслийг засан сайжруулахад шаардагдсан нэмэлт зардлын тооцоо, нотлох баримтыг гаргаж өгсөөр байхад үнэлэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн үлдэх 3,539,491 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнтэй холбоотой ямар нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байж холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн засвар үйлчилгээ, дулаан зогсоолын төлбөрийн баримт, сэлбэг, хэрэгсэл сольсон баримтыг гаргаж өгсөөр байхад үнэлж, дүгнээгүй, түүнчлэн шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, тухайн эд ангийг засан сайжруулсан эсэх дүгнэж үзээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг ямар үндэслэлээр нотолгооны шинжийг агуулахгүй байгааг эсхүл уг нотлох баримтыг үгүйсгэх өөр ямар нотлох баримт байгаа талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй хэрнээ хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийг засан сайжруулахад гарсан зардлыг нотолсон нотлох баримтыг бүхэлд нотлогдохгүй байна гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх ажиллагааг хийгээгүй хэрнээ нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Н, Д.Н нарт холбогдуулан 99-38 УНБ улсын дугаартай, 0000000000 арлын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй, Т 20 маркийн автомашин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч Д.Б зээлийн гэрээний үүрэгт 9,239,991 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би Япон улсаас автомашин оруулж ирдэг. Оруулж ирсэн машиныхаа татварыг төлж чадахгүй байдал үүссэн учраас Н.Нгаас мөнгө зээлсэн. 3 сарын хүүгээ төлөөд автомашинаа авья гэхэд машиныг зарсан гэж хэлсэн. Иймд автомашинаа гаргуулна гэж тайлбарласан байна.

3. Хэргийн 4 дүгээр талд Д.Бээс Н.Нд олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1387 дугаартай итгэмжлэл авагдсан байх бөгөөд уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу дээрх тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, замын хөдөлгөөнд оролцох, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгосон байна.

Анхан шатны шүүх Н.Н Д.Бийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах зорилготой биш, харин зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрөө барагдуулах агуулгатай байх тул барьцааны гэрээний тохиролцоо хийгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин зохигчид Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагын дагуу барьцааны гэрээг байгуулаагүй байх тул анхан шатны шүүх талууд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар автомашин барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын автомашин барьцаалсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ хууль зөв хэрэглэжээ.

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэг Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Н.Н нь автомашиныг өөрийн аав Д.Нын нэр дээр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийг баримтлан хариуцагч Д.Наас мөнгөлөг саарал өнгийн 99-38 УНБ улсын дугаартай Т 20 маркийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Харин хариуцагч Н.Н автомашины засвар хийсэн зардалд 3,593,491 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

6. Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгч Д.Б хариуцагч Н.Нгаас 4,500,000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлсэн, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ нотлох баримтыг зөв дүгнэжээ.

Хэргийн 14-21 дүгээр талд хариуцагч Н.Нгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Бийн 000000000 тоот данс руу нийт 4,385,000 төгрөг шилжүүлсэн байна.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагч Н.Нгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 5,700,000 төгрөгийг Д.Бээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/03163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,581 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО