| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/04937/И |
| Дугаар | 192/ШШ2025/05724 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/05724
2025 07 07 192/ШШ2025/05724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 7 хэсэг, Стадион о******* ***** байр, ****тоотод оршин суух, М******* овогт Т******* Б******* /Иргэний бүртгэлийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, **** байр, ***** тоотод оршин суух, Б******* овогт Г******* О******* /РД:*******/-д холбогдох
70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Г.О*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б******* нь 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Г.О******* нь миний үүсгэн байгуулсан П т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэсний дагуу түүнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу Г.О*******ын Хаан банкны тоот харилцах дансанд шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдүүлсэн мөнгөө авахаар шаардсан ч буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрч байгаа тул хариуцагчаас 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Г.О******* миний бие нь 2016 онд "П И" ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилд орж хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн харилцаа бий болсон бөгөөд түүнээс хойш ажлын үзүүлэлт, үр дүнгээс хамааран төв салбарт шилжиж улмаар метал хайгч худалдан борлуулдаг засвар үйлчилгээ бүхий дэлгүүрийг хариуцан ажиллаж байсан. 2020 онд БНХАУ-ын "XCMG" брэндийн хүнд даацын ачаа тээврийн автомашиныг чиргүүлийн хамт Монгол Улсад импортлон оруулах, Монголын зах зээлд таниулах зорилгоор тус бизнесийг эхлүүлсэн. Дээрх хүнд даацын тээврийн хэрэгслийг худалдан борлуулахад худалдан авагчийг ажлаар хангах хэрэгцээ шаардлага гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор "П т" ХХК-ийг Т.Б******* үүсгэн байгуулсан. "П т" ХХК-ийг Т.Б******* Х гэх хүнтэй хамтран үүсгэн байгуулж, компанийн хувь эзэмших нөхцөлтэйгөөр хамтран ажилласан. Улмаар Х компанийн үйл ажиллагааг нь хариуцаж зах зээлд тогтвортой, өсөлттэй компани болгон хөгжүүлсэн. Гэтэл Т.Б******* элдэв шалтаг гарган Хаш-Эрдэнийг энэхүү бизнесээс гаргаж, тэдгээрийн хооронд үл ойлголцол бий болсон. Нэхэмжлэгч Т.Б******* тухайн үед надад "П т" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан бөгөөд би зөвшөөрч уг ажлыг хариуцаж ажиллахаар болсон. "П Т" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж аваад үндсэн цалинг нэмэгдүүлэхгүй, эхний удаад компанийг ашигтай ажиллуулчхаад цалин нэмэх талаар ярилцъя хэмээн нэг сарын 1,500,000 төгрөгөөр ажиллаж эхэлсэн. "П Т" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авахад тус компани нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 50 орчим автомашинтай байсан хэдий ч өмнөх захирал Х танил хүмүүс нь өөрийн автомашинаа аван түүнийг даган гарсан. Улмаар Т.Б 3, бусад хувь хүний 3 нийт 6 ширхэг тээврийн хэрэгсэлтэйгээр тус тээврийн компанийг удирдаж эхэлсэн бөгөөд 2024 он гэхэд 97 ширхэг тээврийн хэрэгсэлтэй нийт 6 чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг компани болтол нь хичээн ажилласан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед компанийнхаа 20-30 хувийг надад өгнө хэмээн аман хэлэлцээр хийсэн ба 2023 оноос эхлэн компанийн ашгаас 20 хувийн бонус цалинг /шагнал цалин/ улиралд эсхүл жилд нэг удаа тооцон олгохоор тохиролцсон. Нэхэмжлэгч Т.Б******* нь надад компани ямар үр ашигтайгаар ажилласныг өөрөө мэдэж байгаа болохоор шаардлагатай үедээ надаас шагнал цалингаа түрүүлээд авч хэрэглэж болно хэмээн хэлж байсан. 2023 онд 2 удаагийн, 2024 онд 2 удаагийн гүйлгээгээр тус нэхэмжилж буй мөнгийг авсан. Т.Б надаас нэхэмжилж буй мөнгө нь үнэн хэрэгтээ зээлсэн мөнгө биш харин тээврийн компанийн ашгаас надад төлөх тохиролцоотой байсан бонус шагнал цалин юм. Тус компанийн мөнгөн гүйлгээнд би оролцдоггүй Т.Б эхнэр Д, бүх компаниудын гүйлгээг хийдэг ерөнхий нягтлан бодогч Сэлэнгэ нар төлбөр тооцоо, гүйлгээг хийдэг байсан. 2023 оны ажлын үр ашгийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Т.Б*******д өгөх өглөг болон мөн зээлээр хийлгүүлсэн нүүрс тээврийн бокс (чиргүүлийн дээр тавьдаг хайрцаг)-ны төлбөрийг суутгуулан 18,440,871.24 төгрөгийг бодуулан авсан. 2024 онд ажилласан үр ашгийг мөн бодон 2024 онд урьдчилж авсан үр ашигт тооцуулан өгөх тохиролцоотой байсан. Одоо П Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Булгантамир, нягтлан бодогч Т мөн ерөнхий нягтлан бодогч Сэлэнгэ, Т.Б эхнэр Д гэх хүмүүс энэ бонус цалин авдаг байсан талаар мэдэж байгаа мөн тухайн зээлсэн гэх мөнгийг бүрэн барагдуулсан бөгөөд миний бие тус компаниас үр ашгаа авах авлагатай байгаа билээ. Нэхэмжлэгч Т.Б*******ас зээл авсан зүйл огт байхгүй, зээлийн гэрээтэй холбоотой харилцаа байхгүй, зээлийн төлбөр төлөх үүрэг байхгүй. Харин шагнал цалинг урьдчилан авч байсан, түүнийгээ бодогдсон шагнал цалингаас суутгуулж байсан тохиолдол байгаа. Т.Б******* нь анх гүйцэтгэх захирлаар ажиллуулж эхлэхдээ компанийнхаа хувьцаанаас өгнө хэмээн амласан бөгөөд уг хувьцааг шилжүүлэн өгөөгүй бөгөөд бидний хооронд үл ойлголцол үүсэж цаашид хамтран ажиллах боломжгүй болж би ажлаас гарсан. Намайг ажлаас гарсны дараа Бонус цалинд тооцон олгож байсан мөнгийг зээлсэн мэтээр тайлбарлан нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Т.Б*******тай хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан түүний эзэмшлийн хуулийн этгээдүүдэд ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байхад П Т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах талаар санал тавьсан бөгөөд би зөвшөөрч ажиллахаар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж заасан бөгөөд уг заалтын дагуу компанийг үр ашигтай сайн удирдаж ашигтай ажилласан тул тодорхой тохиролцсон хувь хэмжээгээр компанийн ашгаас бонус буюу шагнал цалин авч байсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ" гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т "Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцэл хийсэн гэж үзнэ" гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т "48.3. Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж тус тус заасан. Эндээс үзвэл нэхэмжлэгч Т.Б******* харилцан тохиролцсоны дагуу компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулж, ашиг орлого олсны хариуд тохиролцсон хувь хэмжээгээр шагнал цалин буюу бонус цалинг өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу олгосон цалинг зээлсэн мэтээр буцаан нэхэмжилж буй нь ёс зүйн хувьд ч, хууль зүйн хувьд ч үндэслэлгүй зүйл юм. Иймд нэхэмжлэгчийн "Зээлийн гэрээний төлбөрт 70,000,000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, депозит дансны хуулга,
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, фото зургууд гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б******* нь зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О*******д холбогдуулан гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Г.О******* нь Т.Б******* надаас 70,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Г.О*******ын Хаан банкны тоот харилцах дансанд шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсан гэж үзнэ. Иймд хариуцагчаас 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Г.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч Т.Б*******тай харилцан тохиролцсоны дагуу П т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, компани ашиг орлого олсны хариуд тохиролцсон хувь хэмжээгээр шагнал цалин буюу бонус цалин гэж уг 70,000,000 төгрөгийг өгсөн. Түүнээс зээл аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй …” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Т.Б дугаар данснаас 2023.11.08-ны өдөр дугаарын данс руу гүйлгээний утга нь - Зээл гэсэн агуулгаар 15,000,000 төгрөг, 2023.11.09-ны өдөр дугаарын данс руу гүйлгээний утга нь - Зээл гэсэн агуулгаар 15,000,000 төгрөг, 2024.04.01-ний өдөр дугаарын данс руу гүйлгээний утга нь - Зээл гэсэн агуулгаар 20,000,000 төгрөг, 2024.04.02-ны өдөр дугаарын данс руу гүйлгээний утга нь - Зээл гэсэн агуулгаар 20,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 хуудас/
Хариуцагч Г.О******* нь дугаарын данс нь миний харилцах данс мөн бөгөөд уг 70,000,000 төгрөгийг зээл гэж аваагүй, шагнал цалин гэж авсан гэх ба 70,000,000 төгрөг авсан талаар хариуцагч маргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1.-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Г.О******* нь П т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх мөнгөн төлбөрийг шагнал цалин гэж авч байсан болохоо шүүхийн өмнө нотлох үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар шүүхийн өмнө нотлох нь шүүхэд талуудын хооронд үүссэн харилцааг сэргээж, бодит байдал дээр талуудын хооронд ямар харилцаа үүсэж байсан болохыг тогтоож өгдөг, хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Түүнчлэн хариуцагч Г.О******* нь П т ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бол хөдөлмөрийн гэрээний 1 хувийг шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой юм. Компанийн гүйцэтгэх захирал бол тухайн компаниас гарч буй мөнгөн гүйлгээний 1-р гарын үсэг, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлдөг этгээд бөгөөд өөрийн болон бусад ажилчдынхаа цалин хөлсийг хуульд заасан журмаар олгох зэрэг үүрэгтэй, мөн өөртөө авч буй цалингаа хуульд нийцүүлэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, үндсэн, нэмэгдэл зэрэг цалинг зөв тооцоолж олгож байгаад хяналт тавьдаг, санхүүгийн гүйлгээ үнэн зөв явж байгааг хянах үүрэгтэй хариуцлагатай албан тушаалтан. Гэвч өөрийнхөө цалинг компаниас аваагүй, хувь хүнээс авсан мөнгөн гүйлгээг П т ХХК-иас авсан цалин гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд дээрх нийт 70,000,000 төгрөгийг зээл гэх гүйлгээгээр хариуцагч Г.О*******д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2.-т Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Т.Б******* мөнгөн төлбөрийн үүргийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Г.О******* шаардсан даруй мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчаас нэхэмжлэгч 70,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Г.О*******оос 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Г.О*******оос 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ