Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00011

 

*******ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2022/00177/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: *******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай, иргэний хэргийг

Өвчтэй этгээд *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Өвчтэй этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Хүсэлт гаргагч *******аас:

******* нь удаа дараа архидан согтуурсан үедээ зөрчил үйлдэж, цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн. Гэр орондоо байнга айдас, түгшүүр, төрүүлдэг, амгалан тайван байдал алагдуулдаг байх тул согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Өвчтэй этгээд ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эмчилгээнд явбал ажилгүй л болох юм даа. Би -ийн үйлдвэрт ажилладаг гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ыг архины албадан эмчилгээнд явуулж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Цэрэндуламд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өвчтэй этгээд ******* давж заалдах гомдолдоо:

Миний бие *******, *******, од амьдардаг. Миний эхнэр нь элэгний хорт хавдартай учир би харж асардаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний гомдлыг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдсан гомдол гаргасан этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

******* согтуурах буюу мансуурах донтой өвчтэй этгээд *******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд өвчтэй этгээд болох ******* нь -нд ажилладаг тул хэрэв эмчилгээнд явбал ажилгүй болох юм гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг өвчтэй этгээд болох ******* өвчтэй эхнэрээ асардаг гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч ******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн болох нь багийн засаг дарга, хэсгийн байцаагч, эрүүлжүүлэх байрны дарга нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт баримт болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр нотлогдоно.

Тухайлбал: хэрэгт авагдсан баримтаас үзвэл цагдаагийн эрүүлжүүлэх байранд сүүлийн 3 жилд 14 удаа эрүүлжүүлэгдсэн байх бөгөөд архидан согтуурсан үедээ өөрийн орон гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг байдал нь байнгын шинжтэй болсон, архины шалтгаант зан төрхийн эмгэгтэй болох нь нотлогдож байна.

Анхан шатны шүүх Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.-т заасан албадан эмчлэхийг хориглох нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гомдол гаргагч ******* нь өвчтэй эхнэрээ асардаг гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.

Иймд давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                          ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                          ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА