| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0186/э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О. С. М-т холбогдох эрүүгийн 1710010350160 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч А.С-н, шүүгдэгч С.М , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 16а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О.С.М /РД:ЛН79042112/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 53 тоотын гадна талын дулаалгыг 1.500.000 төгрөгөөр хийж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.С-наас бэлэн 800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.М-с шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Тухайн үед хохирогч эгч надтай утсаар холбогдоод байрны гадна дулаалга хийлгэнэ гээд, би дүүгийн хамт газар дээр очиж үзсэн. Тэгээд 1.500.000 төгрөгөөр хийж өгнө гэж тохироод урьдчилгаа 800.000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгөнөөс нь зарим нэг барилгын материал аваад үлдэх мөнгийг нь өөртөө хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. Мөн надад байрны гадна талд засвар хийхэд шаардлагатай юүлк байхгүй, хүнээс авна гэсэн боловч хэрэглэж байна, сулрахаар нь өгнө гэсээр хугацаа алдаж, ажлыг эхлээгүй байж байхад хохирогч мөнгөө авна, ажил хийлгэхээ болилоо гэж ярьсан. Тэгээд мөнгийг өгч чадахгүй байсаар ийм асуудал болчихлоо. Нэг удаа 200.000 төгрөг өгөхөөр очиход бөөнд нь авна гээд аваагүй. Би хувиараа цонхны дулаалга хийдэг ажил хийж байгаад хохирогч эгчийн мөнгийг 2018 оны 08 сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргахгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч А.С-наас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 4 дүгээр байрны 53 тоотод оршин суудаг. Хүйтэн ойртож байсан болохоор тэтгэврийн мөнгөө цуглуулаад байрныхаа гадна талаас хөөсөнцрөөр дулаалга хийлгэхээр шийдсэн. Манай байрны нэг айл ийм дулаалга хийлгэсэн байсан учир дулаалгын ажил хийдэг хүнийх нь утсыг олж аваад М тай холбогдсон юм. Тэгээд гэрт ирж байрыг үзээд 1.500.000 төгрөгийн ажлын хөлстэй хийнэ гээд урьдчилгаа 800.000 төгрөг аваад явсан. Тэгэхэд нөхөр бид хоёр “бидний тэтгэврийн мөнгө шүү, хурдан сайн хийж өгөөрэй” гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед хамт ажиллах хүн гээд нэг хүнтэй хамт ирж байсан. Тэгээд маргааш нь утсаар ярихад “материал авахаар явж байна” гэж хэлээд алга болсон. Дахин дахин утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Арга бараад хамт ирсэн хүнээс нь эхнэрийнх утасных нь дугаарыг аваад холбоо барихад мэдэхгүй гээд байсан. Тэгээд бүтэн 3 сар гаран хүлээгээд зальдуулчихаж гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Нөхөр бид хоёр Казахстан улсруу явах болоод дэлгүүр ажиллуулдаг дүүгээсээ 1.0 сая төгрөг зээлж аваад явлаа, мөнгөө дэлгүүрийн хүнд өгчихөөрэй гэж Мт хэлсэн боловч өгөөгүй байсан. Одоо М т өгсөн 800.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдол санал гэх юм байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710010350160 дугаартай хэргээс:
1. Хохирогч А.С-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 4-р байрны 53 тоотод оршин суудаг. Энэ өвөл хүйтэн өвөл болох сураг сонсогдоод, гадна талаа хөөсөнцрөөр дулаалга хийлгэхээр шийдсэн. Тэгээд манай орцны 5-н давхарын айл дулаалга хийлгэсэн болохоор нь уг айлаас “ямар хүмүүсээр дулаалгаа хийлгэсэн юм бэ, би бас дулаалах гэсэн юм “ гэхэд надад 99601140 гэсэн утасны дугаар өгсөн. Тэгээд 99601140 гэсэн дугаар луу залгаж, “дулаалга хийдэг хүн мөн үү” гэсэн чинь “мөн байна” гээд дулаалга хийлгэх талаар ярихад “бид нар ажил ихтэй байна 7 хоногийн дараа холбогдоорой” гэж 2017 оны 10 дугаар сарын эхээр ярьсан. Тэгээд хугацааг нь сайн санахгүй байна 7 хоногийн дараа залгасан чинь “бид нарын ажил ёстой амжихгүй юм шиг байна, та өөр хүнээр хийлгэ” гээд таньдаг өөр хүн байна уу гэж лавлахад надад 88642662 гэсэн дугаарын утсыг мессежээр явуулсан. Тэгээд 88642662 дугаарын утас руу залгаж М тай холбогдсон юм. М нь манай гэрт ирж уулзаад, хийх ажлаа хараад, ер нь бол 1.500.000 төгрөгөөр хийж өгье гэж тохироод явсан. Ингэхдээ “би 800.000 төгрөгөө аваад явчихъя, үлдсэн 700.000 төгрөгийг нь ажлаа хийж дуусгаад авна” гэсэн. Тэр өдөр М тай хамт өөр бас нэг залуу хамт явж байсан. Тэр залууг Б.Ц гэх нэртэй 8 гэсэн дугаарын утастай залуу байгаа.
Тэгээд маргааш нь над руу ярихгүй болохоор өнжөөд нөгөөдөр нь залгахад “би материаланд явж байна, удахгүй хийнэ, та санаа зоволтгүй” хэлсэн. Тэгээд л утас нь холбогдох боломжгүй болсон. 8 гэсэн дугаараар М тай цуг ирсэн Ц руу ярихад “тэр чинь мөнгөө аваад, ажлаа ганцаараа хийнэ” гээд яваад өгсөн гэж байсан. Тэгээд хоёр гурав хоног утас нь холбогдохгүй болохоор нь буцаж анх ярьсан хүмүүстэй холбогдоход “тэр хүнтэй хамт ажиллаж байсан, эхнэрийнх нь дугаарыг өгье” гээд надад 8 гэсэн дугаарыг өгсөн. Энэ дугаар луу залгаж эхнэр нь гэсэн хүнтэй холбогдоход М-ыг “надад юм хэлээгүй, би талаар мэдэхгүй байна, нөхрөө ирэхээр нь яриулъя” гэсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой нь М гэх залуу өөрөө залгаад “би балраад явж байна, таны мөнгө байхгүй, би удахгүй хийж өгнө” гэхээр нь би “мөнгөө авмаар байна” гэсэн чинь би тантай маргааш нөгөөдрөөс эргэж ярина гэсэн.
Эхнэр лүү нь ярихаар манай нөхөр утсаа алдчихсан утасгүй байгаа, орой ирэхээр нь яриулъя гээд 2-3 хоног ярьж байгаад дахиж холбогдож чадаагүй. Би нийт 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Би өгөхдөө хоёр хөгшин нь тэтгэврийн мөнгөө цуглуулж байгаад өгч байгаа юм шүү гэж хэлсэн чинь та санаа зоволтгүй хийж өгнө гээд явсан юм. Би М гэх хүнийг танихгүй. Манайд ирэхэд нь анх удаа харсан. М нь манайд 10 дугаар сарын 10-ны өдрийн орой ирсэн. Ирээд 800.000 төгрөгөөр материал авна гэж хэлж авч яваад алга болсон. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. Би Казакстан руу хүн нас бараад явахдаа дэлгүүрээс мөнгө зээлээд авчихсан юм шүү 800.000 төгрөгийг энэ дэлгүүрийн хүнд өгөөрэй гэсэн чинь намайг явсан хойно 200.000 төгрөг өгчих үү гэхэд нь манай худалдагч бөөнд нь авна гэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш дахиж ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6х/,
2. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...М нь над руу 10 дугаар сарын эхээр залгаад “хоёр өдрийн ажил байна, ахдаа өдрийн 30.000 төгрөгөөр ажиллаад өгөөч” гэсний дагуу уулзаж, хамт Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төв орчмын саарал өнгийн байрны 4 давхрын айлд дагаж очсон. Гадна талын дулаалга хийж өгөхөөр тохиролцоод бэлнээр нь 800.000 төгрөг М ах авсан. Маргааш нь би залгахад утсаа аваагүй. Дахиад нэг хоногийн дараа залгасан чинь согтуу утсаа аваад “очих боломжгүй байна, чи очиж бай” гэхээр “үгүй” гэж хэлсэн. Нэг дэх өдөр нь би өөрөө ажилтай байсан болохоор дахиж залгаагүй. Учир нь амралтын 2 өдөр таарч байсан тул би туслаад өгье гээд анх зөвшөөрч байсан юм.
М нь манай ээжийн эгчийнх нь хүүхэд юм. Бид хоёр үеэлүүд. Тэр үеэс хойш уулзаагүй. Утас нь ч холбогдохоо болиод, хаана байгаа газар нь тодорхойгүй байсан. Би нэг ч төгрөг аваагүй. Ажил төрлийг нь хийлцээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,
3. Шүүгдэгч С.М ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын эхээр над руу С-н гэх хүн 99 гэсэн дугаараас залгаад” зарын дагуу ярьж байна, гадна талын фасатны дулаалга хийлгэе, үнэ хөлс нь хэд вэ, гээд 4 давхарт 3-н цонх” гэхээр нь би “бүх материал нь ороод 1.500.000 төгрөг болно” гэсэн. 2017 оны 10-р сарын 10-ны өдөр гэрт нь очиж үзэж хараад “урьдчилгаа 800.000 төгрөг өгчих” гэсэн. Тэгээд урьдчилгаа 800.000 төгрөг аваад М гэх хүнээс юүлк авах гэсэн чинь хэрэглэж байна гээд 3 хоносон. Тэгээд сулрахаар нь аваад очино гэхэд С нь над руу 3 хоногийн дараа “мөнгөө авъя” гэж залгаж ярьсан. Тэгэхээр нь би “юүлкээ авчихлаа, би одоо очоод хийгээд өгье” гэсэн чинь” хийлгэхгүй” гээд байхаар нь би “таны мөнгийг үрчихсэн болохоор та хэд хоног хүлээчих, би ажил олж хийгээд өгье” гэж хэлсэн. Тэгээд 200.000 төгрөг олоод өгөх гэсэн чинь бүгдийг нь авна гээд уурлаад байсан юм.
Тэгтэл хөдөө Өмнөговь аймгийн Дэрсэн-Ус нэртэй газар очиж ажил хийсэн боловч цалин мөнгөө өгөхгүй болохоор нь ажлыг нь хаячихаад хүрээд ирсэн юм. Би эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг, манай бага хүүхэд жоохон болохоор гэртээ нүүрс түлээгээ аваад, мөн тухайн байранд хөөс, замаск зэрэг материал авчихсан байсан. Би хохирлоо барагдуулаагүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 17х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч А.С-н, гэрч Б.Ц нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 53 тоотын гадна талын дулаалгыг 1.500.000 төгрөгөөр хийж өгнө гэж хохирогч А.С-наас бэлэн 800.000 төгрөгийг ажлын урьчилгаанд тоцон авсан үйл баримт хохирогч А.С-н, гэрч Б.Ц нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.М ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч А.С-наас “2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүний Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 53 тоот дахь байрны гадна талын дулаалгыг 1.500.000 төгрөгөөр хийж өгнө гэж, уг ажлын урьдчилгаа хөлсөнд 800.000 төгрөг авсан атлаа мөнгийг өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулж, тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй, тухайн ажлыг хийж гүйцэтгэх бодит боломж нөхцөл өөрт нь байгаагүй, тодруулбал ажлын багаж, хэрэгсэл /юүлк/ байхгүй, мөн А.С-нд утсаар холбогдоход нь “би материалд явж байна, удахгүй хийнэ, та санаа зоволтгүй, мөнгийг нь буцааж өгнө” гэх зэргээр худал амлан, хэлэлцэн тохирсон “байрны гадна фасадын дулаалга хийж гүйцэтгэх” гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан шүүгдэгч С.М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч С.М ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэл бүхий хэдий ч тухайн гэмт хэргийн “хуурч” гэх үндсэн шинжийг нь орхигдуулсныг шүүх залруулж зөвтгөсөн болно.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч С.М-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.М өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч А.С-нд учруулсан эд хөрөнгийн хохирол болох 800.000 төгрөгийг 2018 оны 08 сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул шүүгдэгч С.М-с гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.С-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэргийн 17 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэж тэмдэглэгдсэн /хэргийн 17х/ тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүгдэгч С.М нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч А.С-нын эд хөрөнгө болох 800.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан С.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О.С.М-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт тус тус зааснаар С.М-с гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 3-0 тоотод оршин суух хаягтай, С овогт А-н С д /РД:ЧЙ56030204/ олгосугай.
5. Энэ хэрэгт С.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД