Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0124

 

 

  2018 оны 02 сарын 21 өдөр            Дугаар 221/МА2018/0124                      Улаанбаатар хот

   Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, гуравдагч этгээд Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар шийдвэртээ: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 161 тоот хаягт баршилтай 57 м.кв хувийн сууцыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б-ын М-ийн нэр дээр Ү-1317001267 дугаарт бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ж.Б-ын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хэзээ хэдийд бүртгүүлсэн ямар дугаарын гэрчилгээг хүчингүй болгох талаар тодорхой бичээгүй байхад шүүх өөрийн үзэмжээр 000381157 дугаарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон УБ-ийн 1317004267 дугаартай бүртгэлтэй гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэв гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ү-1317004267 дугаарт бүртгэлтэй Б-ын М-н нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгосугай гэжээ. Энэ байдал нь заавал улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар бичигдэх ёстой байтал бичээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ү-131704267 дугаарт 000381157 дугаартай гэрчилгээг Б.М-д олгосон байна гэж тэмдэглэсэн байдаг. Мөн иргэний шүүхийн өмчлөгч тогтоосон шийдвэрийг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж гуравдагч этгээдээр тогтоогдсон Б.М миний бие үзэж байна. Учир нь: Иргэний хэргийн шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй Ж.Б гэдэг хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй. Харин миний өөрийн үе уламжлан ирсэн хувийн орон сууцандаа өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өмчлөгч мөн байхад давхар өмчлөгчөөр Ж.Б-ыг тогтоосноос миний бие хохирч үлдэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Б.М миний бие эдүгээ 78 насыг зооглож байна. 1969 онд гэр бүл болж эцэг эхийнхээ гал голомтод болох энэ байшинд олон жил амьдарч байгаад хажуу талын хашаандаа шинэ орон сууц барьж одоо болтол амьдарч байна. 1966 онд анх улс даяар газрын тооллого явагдаж газрыг бүртгэж авах үед өөрсдийн нэр дээр бүртгүүлж 1996 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших гэрээ хийгдэж, газрын зураглал хийж, 001825 дугаарын Монгол Улсын иргэний газар эзэмших гэрчилгээ бичигдэж энэ нь одоо болтол хүчинтэй хэвээрээ байна. 2005 онд дахин энэ газар дээрээ газрын кадастрын зураглал хийлгэж, дараа нь 2015 онд шинэчлэн кадастрын зураглал хийлгэж баталгаажуулсан. Энэ газрыг гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр 000612777 дугаарын гэрчилгээг олгож улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Ийм нотлох баримтууд байсаар байхад хүний өмчийг бусдад өгч шийдвэрлэж байгаа нь буруу юм.

Ж.Б нь шинээр орон сууц бариагүй байхад шүүхэд удаа дараалан би шинээр барьсан барилга гэж мэдүүлж байгаа нь худал юм. Хэрэн энэ байшинг шинээр барьсан улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авахгүй яагаад өдий хүрсэн гэдгийг шүүх анхаарах ёстой байсан. 2015 оны 8 дугаар сард хашаан дээрээ зар тавьсан. Энэ маргаан тэр үеэс үүсэж одоо болтол үргэлжилж байна. Ж.Б өөрийгөө өвчтэй гэж хүмүүст өрөвдүүлж байгаа боловч үнэн хэрэг дээрээ эхнэрээ амьд байхад өөр хүнтэй сууж 2-ч байшин шинээр барьж нөгөө эхнэртэйгээ амьдарч байгаа нь туйлаас үнэн. Гэтэл биднийг хөгшин хонины насгүй болсон яаж ч дээрэлхэж байсан яахав гэсэн байдлаар хандаж байгаад гомдож сууна, хүн бүхэн л бид хоёр шиг өндөр настай ээж аавтай байлгүйдээ. Энэ асуудлын үнэнийг олох гэж хүйтэнд хөрч, халуунд халж 2 жил гаруй шүүхийн хаалгыг татаж явна нас минь гүйцэхгүй л болж байна. Сүүлийн үед бие өвдөж хэцүү байна. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг тэмдэгтийн хураамжид өгч дуусаж байна.

Би 1996 онд газар эзэмших хүсэлт гаргаж улмаар газар эзэмших гэрээ байгуулсан Засаг даргын захирамжаар баталгаажигдсан надад эзэмшүүлсэн газар байсан байтал 2008 онд Ж.Б нь сумын захиргааны газрын албаны жолоочоор ажиллаж байхдаа хуурамч материал бүрдүүлэн миний эзэмшлийн газар дээр өөр хүний нэр дээр газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийн он, сар, өдөр дугаарыг бичиж хуурамч гэрчилгээ авсан байсан нь илэрч түүнийг хүчингүй болгох асуудлыг Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас сумын Засаг даргад үүрэг чиглэл өгч хүчингүйд тооцсон байгаа.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн гэрч Ц.О, Ч.С нар миний байшинд сууж байсныг гэрчилдэг болохоос бид нарын дунд байр худалдсан асуудлыг гэрчилдэггүй юм. Би нэгэн зүйлийг бодоод ойлгохгүй явна. Учир нь миний өөрийн өмч хөрөнгө дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ байсанаа байхад Ж.Б-ын өмч гэж үзэж миний өмчийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг ойлгох гээд ч чадахгүй байна. Ийм шударга бус байдлаар хүний өмч хөрөнгийг бусдад өгч завшуулах нь Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг дэндүү хөсөрдүүлж, өмч хөрөнгийг минь үргүйдүүлж байгаад л туйлын ихээр гомдож сууна. Ер нь тухайн хүний өмч гэдэг маань цаасан дээр буусан хэлцэл байх ёстой. Гэтэл Ж.Б миний байшинг худалдан авсан баримт огт байхгүй, тэр хүний өмч гэсэн баримт бичиг байхгүй, түүний өвөг дээдсээс өвлөн авсан баримт байхгүй байхад миний өмчийг бусдад өгөхөөр өмчийн минь гэрчилгээг хүчингүйд тооцсон нь бодит амьдралтай огтхон ч нийцэхгүй шийдвэр гарлаа.

Тиймээс шийдвэрийг хянаж үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хөгшин би та бүхнээсээ хүсэж энэ гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадсангүй. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8 дугаар багийн 2 дугаар хэсгийн 161 тоот байшинд олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийн гуравдагч этгээд Б.М-ийн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Ц бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 2 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн шүүх нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн 2 дугаар хэсэг 161 тоот хаягт байршилтай 57 м.кв хувийн орон сууцанд иргэн Б.М-ийн нэр дээр Ү-131701267 тоот бүргэлийн гэрчилгээ олгохдоо, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ямар заалтыг яаж зөрчсөнийг тогтоосонгүй, зөвхөн Улсын Дээд шүүхээс уг хаяг дээр байршилтай хашаа байшин Ж.Б-ын өмч болохыг тогтоосон тогтоолыг үндэслэн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “бүртгэл үнэн зөв байх” гэсэн заалт байна.

Тэгвэл Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн Бат-Очирын Мөнхдалайн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан бүртгэлийн мэдүүлэг, нотлох баримтууд нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангасан учраас үнэлж дүгнээд бүртгэж гэрчилгээ олгосон юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5-ын, 5.1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар зүйлд заагдсан бүх шаардлагыг Б.М хангасан байсан учраас дээрх гэрчилгээг авсан юм.

Харин нэхэмжлэгч Ж.Б-ын хувьд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүйгээс гадна, Б.М-аас уг хашаа байшинг худалдан авсан нь нотлогдоогүй, мөн Ж.Б-ын талийгаач эхнэр Ш.Б-ийн нэр дээр олгогдсон 012245 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ нь давхардан олгогдсон гэдэг нь холбогдох байгууллагын шалгалтаар нотлогдон тогтоогдсон юм. Б.М нь бүх баримтыг хуулийн дагуу бүрдүүлж бүртгүүлсэн гэрчилгээг хууль бус гэж хүчингүйд тооцсон шүүхийн шидйвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэнд гомдолтой.

Харич ч үнэн зөв баримт бүрдүүлэн бүртгүүлсэн, уг хашаа байшин, газраа 50 гаруй жил эзэмшиж байгаа иргэн Б.М-ийн эрх ашгийг дэндүү хохироосон шийдвэр боллоо. Хянаж зөвтгөж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй учир давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдолд дүгнэлт хийх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хянаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгавал зохих гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэх хэсэгтээ бичиж, зөвхөн “Гуравдагч этгээд Б.М нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д зааснаар энэ хуулийг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг бусад нотлох баримттай уялдуулан хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой болохоос гэрчүүдийн мэдүүлгийг зөвхөн жагсааж бичсэн нь нотлох баримт үнэлж, дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг баримталсан боловч үндэслэх хэсэгтээ эдгээр хуулийн заалт нь хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж, хэрэглэгдэж байгаа талаар харьцуулж дүгнээгүй байна.

Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг шийдвэрлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр хэрхэн нөлөөлөх, тухайн эд хөрөнгө оршиж буй газар эзэмших эрхтэй холбоотой нотлох баримтыг үнэлж, дүгнэх шаардлагатай. Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Мөн хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудсанд байгаа баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, 83 дугаар хуудсанд байгаа баримт уншигдаж судлагдах боломжгүй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтын удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ