Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

 

 

Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, О.Төмөрчөдөр, Э.Пүрэв-Очир

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Э.Гэрэлмаа,                                        

          Шүүгдэгч Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 30 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, О.Төмөрчөдөр, Э.Пүрэв-Очир нарт холбогдох эрүүгийн 201525011058 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Халзан дамба овогтой Бат-Өлзийгийн Жалбаажамц, 1992 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Дако” ХХК-д сантехникчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 8 гудамжны, 167б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АН92050316/,

2. Жонгоор овогтой Бумсангийн Бат-Эрдэнэ, 1995 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сум, 1 дүгээр баг, Чулуутад оршин суух, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согтоотын 84 гудамжны, 1226 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АН95081819/,

3. Бүрээч овогтой Олзвойн Төмөрчөдөр, 1997 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн, Цагаан-Уул сум, 2 дугаар баг, Өвгөдөд орших суух, ял шийтгэлгүй, /РД:РП97042613/,

4. Лаалаа овогтой Эрдэнэбатын Пүрэв-Очир, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автоинженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, 5 дугаар баг, Шаргад оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РП97122518/,

Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вишн Девелопмент” ХХК-ийн барилгын агуулахад нэвтэрч сантехникийн хоолой, Порто фермийн угаалтуур зэрэг эд зүйл хулгайлж, 1.675.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь мөрдөн байцаагчийн тогтоолоор эд зүйлийн үнэлгээ хийсэн гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар гаргасан мөрдөн байцаагчийн тогтоол хэрэгт байхгүй байна. Хэргийн 14 хуудас дахь баримтыг мөрдөн байцаагч тогтоол үйлдсэн гэж үзэхээргүй байна. Мөн эд зүйлийн үнэлгээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаах тасгийн дарга батлах гэх эрх хэмжээ байхгүй байна. Эд зүйлийн үнэлгээг хэн хийсэн нь тодорхойгүй, гарын үсгийн тайлалгүй. Мөн эд зүйлийн үнэлгээ хийсэн гэх этгээдэд Шүүхийн шинжилгээний тухай хууль 13 дугаар зүйлийн 13.1.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 46.6, 46.7 дахь хэсэгт заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан өгөөгүй байна. Мөн хохирогч, шүүгдэгч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлд заасан эрхийг танилцуулаагүй, энэ эрхийг эдлүүлээгүй байна. Түүнчлэн эд зүйлийн үнэлгээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч нарт танилцуулаагүй, энэ хуульд заасан эрхээр нь хангаагүй байна. Шинжээч нь тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байхыг Шүүхийн шинжилгээний тухай хуулиар хуульчилсан байхад Дүүргийн аудит гэх нэгнээр үнэлгээ гаргуулсан нь буруу байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч хүнийг хэлнэ гэж заажээ. Иймд тусгай эрх бүхий этгээдээр үнэлгээг хийлгэх шаардлагатай байна. Мөн хэргийн 43 дугаар хуудсанд Ч.Гангантөгсийг гэрчээр байцаасан тэмдэглэлд “Б.Жалбаажамц нь 1992 онд миний ууган хүү болон мэндэлсэн, бага насаа Архангай аймагт өнгөрөөсөн. ...Тэгээд бид 2 танилцаад 2010 оноос эхлэн дотно харьцаанд орж, тэрнээс хойш хамтран амьдарч байгаа” гэх мэдүүлэг авсан нь ээжтэйгээ хамтран амьдраад байгаа, эсхүл дотно харьцаатай байгаа аль нь болох нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт холбогдох үйлдлийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийг журамлаагүй нь буруу байна гэж дүгнээд Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарт урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 78-03 УБҮ улсын дугаартай “Хонда Сивик” загварын автомашин битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох дараах үндэслэл байна. Үүнд: Тухайн хэрэгт хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан болох үнэлгээний комиссоор гаргуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл эд зүйлийн үнэлгээг гаргуулахдаа заавал шинжээчээр томилсон тогтоол үйлдэж гаргуулах шаардлагагүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156 дугаар зүйлд заасан заавал шинжилгээ хийлгэх асуудалд эд зүйлийн үнэлгээ гаргуулах асуудал хамаарахгүй байна.

Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Жалбаажамцын хувийн байдлын талаар гэрч Ч.Гангантөгсийг байцаасан байцаалтын утга агуулга ойлгомжгүй бичигдсэн гэх асуудал нь шүүх хуралдааны явцад асууж тодруулан нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт биш юм. Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын үйлдэл машин механикм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэх шинжээрээ мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байгаа тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Э.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид хохирлын үнэлгээг тусгай шинжилгээний, тусгай үнэлгээчингээр үнэлүүлэх ёстой гэсэн байна. Гэтэл тухайн гэмт хэрэг нь баригдаж байсан барилгаас шинэ эд зүйл алдсан. Иймд хохирогчийн гаргаж өгсөн үнэлгээг үндэслэн Дүүргийн үнэлгээний комисс хохирлын үнэлгээг гаргасан. Ховор үнэтэй болон машин механизмд тусгай үнэлгээчин үнэлгээ гаргадаг. Тодорхой эд хөрөнгө, ахуйн хүрээний эд хөрөнгө болон хохирлын тооцоо бодит байгаа нөхцөлд Дүүргийн үнэлгээний комисс үнэлгээг гаргах боломжтой. Мөн шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийг журамлаагүй нь буруу байна гэсэн байна. Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор урьдчилан үгсэн тохиролцсон гэдгийг тухайн гэмт хэргийг үйлдэхдээ нэг удаагийн үйлдэлд үгсэн тохиролцсоныг тооцох тухай байгаа. Иймд заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нар тухайн гэмт хэргээс олсон эд зүйлсээ бусдад худалдаалсан талаараа мэдүүлсэн учир хохирлыг танилцуулаагүй, эрхийг нь хангаагүй гэдэг асуудал яригдахад үндэслэл муутай. Шүүгдэгч нар тухайн эд зүйлийг зарсан үнийн дүн нь хохирогчийн гарган өгсөн үнэлгээтэй ойролцоо байгаа. Иймд хохирлын тал дээр маргах шалтгаан байхгүй. Мөн хуульд хохирлын талаар заавал танилцуулах ёстой гэсэн заалт байхгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Пүрэв-Очир, О.Төмөрчөдөр нарын өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн материалтай танилцсан. Тухайн үед хохирогч хохирлын үнэлгээний талаар бичгээр болон амаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй. Санал хүсэлтээ гарган дахин үнэлгээ гаргуулах боломжтой байсан. Тухайн байгууллагаас алдсан эд зүйлийн үнэлгээг тухайн дүүргийн үнэлгээний аудитын газар хийсэн учир энэ үнэлгээг хууль ёсны үнэлгээ гэж үзэж байна. Иймд прокурорын саналыг дэмжиж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, түүнд дурьдсан үндэслэл, хийсэн хууль зүйн дүгнэлт ойлгомжгүй, тодорхой бусаас гадна, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулснаас цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, хэрэгт чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул магадлалд заасан дараах ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэвэл зохино. Үүнд:

 

            Хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээнд “…Сантехникийн 16-н хэмжээтэй хуванцар хоолой …хохирогчийн үнэлгээ 1.555.000 төгрөг, …комиссын үнэлгээ 1.200.000 төгрөг…” гэж үнэлсэн байна. /1-р хх-ийн 14/, “Вишн девелопмент” ХХК-ийн нэхэмжлэхэд “…06018054 кодтой хоолой “ф16 PVC” 1.555.000 төгрөг…” /1-р хх-ийн 15/ гэсэн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Чимэд мөрдөн байцаалтанд болон анхан шатны шүүх хуралдаанд “…Миний хариуцаж байсан агуулахаас “Женди” фермийн цэвэр усны хоолой, “Порто” фермийн угаалтуур, хөлний хамт 5 ширхэг эд зүйл хулгайд алдагдсан. Хохиролд 2.030.000 нэхэмжилсэн бөгөөд үүнээс 1.675.000 төгрөг нь төлөгдөөд, 355.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа…” /1-р хх-ийн 30-31, 2-р хх-ийн 8/ гэж үнэлгээг зөвшөөрөхгүй маргасан, цэвэр усны хуванцар хоолойн нэр, төрлийг тодорхойлсон шинжтэй мэдүүлгийг өгчээ.

 

            Дээрх байдлыг харьцуулан дүгнэж үзвэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсан болон үнэлгээ хийсэн этгээд сантехникийн 16-н хэмжээтэй хуванцар хоолой гэж ерөнхий байдлаар үнийг 1.200.000 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий байна. Өөрөөр хэлбэл алдагдсан гэх хуванцар хоолой, аль улсын, ямар нэртэй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, цэвэр усны хуванцар хоолойн нэр төрөл, зориулалт, шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцүүлэн үнэлгээг тогтоох шаардлагатай.

 

            Ингэснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн гүйцэт хуульд нийцүүлэн тогтоосон гэж үзэх бөгөөд ялтан нарт ял шийтгэл оногдуулахад чухал нөлөөтэй.   

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: