Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 201

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Э.О холбогдох эрүүгийн 1810009620300 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Оюунгэрэл /томилолтоор/, хохирогч А.Эрдэнэбат, шүүгдэгч Э.О   нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, One event hall-д ахлах инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24-123 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Э-гын О /РД:УП88112230/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Э.О   нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарны камерийн хяналтын өрөөнд тус бааранд хамгаалагч ажилтай хохирогч А.Э-г шалтаг шалтгаангүйгээр, түүний зүүн шанаа орчим газарт гараараа нэг удаа цохиж биед нь зүүн 1, 2 дугаар шүдний мултрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.О   нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.  Шүүгдэгч Э.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24:00 цагийн үед би Минт бааранд 2 найзын хамт очоод, найзуудаа олохгүй, хаана байгааг нь хайгаад заалаар нь явж байхад намайг тооцоогоо хийхгүй явах гэж байна гэж ойлгосон бололтой баарны нэг хамгаалагч ажилтан нь намайг саатуулж, миний гар утасыг хурааж авсан. Тухайн үед би “найз нараа хайж байна, төлбөр тооцоогоо хийнэ, явах болоогүй” гэдгээ тайлбарлах хооронд тэр залуу миний баруун гарыг өчөөд, 4 дүгээр давхараас хөөж 1 дүгээр давхар луу гаргасан юм.

Тэгэхээр нь учир байдлаа хэлээд би камерын бичлэг шүүж өгөхийг хүсээд харуулын өрөөнд орсон. Камер шүүгээд үзэж байхад хохирогч А.Э орж ирэхээр нь “намайг өчиж гаргасан хамгаалагч залууг байна” гэж бодоод андуураад хохирогчийг цохисон нь үнэн. Миний согтолтын зэргийг шалгахад 1.8 хувьтай гарсан. Тухайн үед би өчсөн хамгаалагчийг Э-гыг гэж харсан. Би хохирогчийн шанаа тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон.

Тэр үед хохирогчийн 2 шүд нь унасан эсэхийг хараагүй, дараа нь рентген зургаас үзэхэд 2 шүд нь унасан байсан. Тухайн үед баарны тооцоо 160.000 төгрөг гарсан. Би маргааш нь буцаж очоод гар утсаа авсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би шүдний эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээний төлбөр болон бусад зардалд нь 5.0 сая төгрөгийг хохирогч Э-гад төлөхөөр болж, би хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байгаа.

Хохирогчид төлнө гэсэн 5.0 сая төгрөгийн тухайд хиймэл шүд /имплант шүд/ хийлгэх зардалд 4.0 сая төгрөг, бусад эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд тооцож 1.0 сая төгрөг өгнө. Хиймэл шүд нь өөрөө үнэтэй, нэг шүд 2.0 сая орчим төгрөг болно гэсэн. Хохирогч бид хоёр хамт явж, шүдний эмнэлэгийн үнийн судалгаа хийсэн юм. Миний хувьд үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн учир хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ гаргасан санал хэвээр байгаа. Улсын яллагчийн ял хариуцлагын саналыг танилцаж зөвшөөрсөн. Би хийсэн хэрэг, үйлдлээ ухаарч байгаа болохоор улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

2.  Хохирогч А.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Э.О   үл ойлголцолоос болоод миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд миний 2 шүд унасан. Би Минт бааранд хамгаалагчаар ажилд ороод удаагүй байсан ба тухайн хэрэг гардаг өдөр ээлжинд гарч байсан. Шүүгдэгчийн утсыг авсан гээд байгаа хамгаалагч нь би биш, өөр хүн байсан юм билээ. Камерын хяналтын өрөөнд шүүгдэгч намайг гар утсыг нь авсан гэх ажилтантай андуурч цохисон. Шүүгдэгч 7 хоногийн дотор банкнаас зээл авна гэсэн боловч бүтсэнгүй гээд үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж мөнгө гаргуулж, хохирол эмчилгээний зардал төлөхөөр тохирсон. Эмчилгээ хийлгэх шүдний эмнэлгийг шүүгдэгч өөрөө олж, эмчилгээний төлбөрийн тооцоог хийнэ гэсэн юм. Би хохиролд төлнө гэсэн 5.000.000 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Шүд хийлгэхээс өмнө эмчилгээ хийлгэж, буйл бүрэн эдгэрсэн байх ёстой гэсэн. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Шүүгдэгч нь надаас уучлалд гуйж эвлэрсэн учир хялбаршуулсан ажиллагаараа хэргийг шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн байгаа.” гэсэн мэдүүлэг,

Эрүүгийн 18100 0962 0300 дугаартай хэргээс:

1. Хохирогч А.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх Минт бааранд хамгаалагчаар ажилд ороод 5-6 хонож байсан юм. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагаас ажилд гараад шөнөжин ажиллаад өглөө 05:00 цагийн үед баар хаах дөхөж байхад би Минт баарны хяналтын камерын өрөөнд сууж байтал манай хамгаалалтанд ажилладаг хамгаалагч Хаш-Эрдэнэ, One Event hall ресторанд дижи хийдэг О гэх залуутай камер шүүгээд сууж байсан юм.

О нь хамгаалагч нартай муудалцаад, идэж уусан зүйлийнхээ тооцоог хийхгүй байсан. Тэгтэл Огийн хийгдээгүй тооцооны оронд утсыг нь барьцаанд баарны санхүү авсан. Тэгээд баарны хамгаалагч нар О-д шаардлага тавиад “та гараад маргааш мөнгөө олж ирж тооцоогоо хий” гэхэд шаардлага биелүүлэхгүй үгэнд орохгүй байсан юм. Хамгаалагч нь хүчээр гаргачихсан чинь О буцаж орж ирээд “намайг хэн өчсөн бэ, камер шүүнэ” гэж маргаад камерын өрөөнд оруулж камер шүүж байсан. Тэгэхэд нь би Од “чи шаардлага хүлээж аваад гарахгүй яасан юм бэ” гэж хэлтэл шууд үгийн зөрөөгүй миний ам хэсэг рүү нэг удаа гараараа маш хүчтэй цохисон.

Тэгэхэд миний дээд хоёр үүдэн шүд унасан. Мөн уруул язарч, буйлнаас цус гарч хавдсан байсан. Өөр гэмтэл, шарх учраагүй. Тэгээд хамгаалагч нар Ог барьж авч салгаад, цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн. Ингээд би цагдаад өргөдөл гаргаж хандсан.

Миний хувьд Ог танихгүй, бидний хооронд ямар нэгэн өс хонзон, өөр бусад харилцаа байхгүй. Миний Од цохиулж унасан дээд хоёр үүдэн шүд эрүүл шүднүүд байсан тул уг шүднүүдээ имплантаар хийлгэнэ. Энэ гарах зардлаа нэхэмжилнэ. Мөн хоёр шүдээ хийлгээд эмчлэгдэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. О нь надад түр зуур авагддаг үүдэн шүд 50.000 төгрөгөөр хийлгэж өгсөн байгаа. Имплант шүд хийлгэж өгнө гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

2. Гэрч Б.Х-Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20:00 цагаас Минт бааранд хамгаалагчаар ажилд гараад шөнөжин ажиллаад өглөө 05:00 цагийн үед баар хаах гэж байхад Минт баарны хяналтын камерын өрөөнд орсон. Тэгтэл гаднаас One Event hall ресторанд дижи хийдэг О гэх зүс таних залуу согтуу орж ирээд “намайг нэг хамгаалагч өчөөд гадагшаа гаргасан, хэн өчсөнийг нь камер шүүгээд хараад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би шүүж өгч байсан чинь гаднаас хяналтын камерын өрөөнд Э-г орж ирсэн. Орж ирээд Э-г нь “би чамайг өчсөн байгаа биз дээ” гээд инээсэн чинь О “чи яаж байгаа юм” гээд хэлэхэд нь Э-г “за тоглосон юм тоглосон юм” гээд хэлсэн чинь О нь босож ирээд шууд үгийн зөрөөгүй Э-гын ам хэсэг рүү нэг удаа гараараа маш хүчтэй цохисон.

Тэгтэл Э-гын дээд хажуугийн хоёр үүдэн шүд нь унасан. Мөн уруул нь язарч, буйлнаас цус гарч хавдсан байсан. Ингээд би салгаж байтал гаднаас Э-н найз орж ирээд салгалцсан. Тэгээд Э-н найз нь цагдаа дуудсан. Би ч харихаар гараад явсан. Ийм л зүйл болсон. Камер шүүлгэх үедээ О нь согтолт нь гайгүй болчихсон байсан. Тэр өдөр О Минт бааранд хоёр найзтайгаа үйлчлүүлж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

3. Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4966 тоот дүгнэлтэд:

1. А.Э-н биед зүүн 1, 2-р шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдалтанд нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хэргийн 8х/,

4. Шүүгдэгч Э.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг ойлгож, сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.

Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Минт бааранд 23:00 цаг өнгөрч байхад найз Нямжаргал, Төмөрсүх нарын хамт орсон. Ороод нэг шил виски, 3 лааз кола авч суугаад ууцгаасан. Ууж дуусах үед бид нар согтоцгоогоод, би бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа хоёр найзаасаа салцгаасан. Ингээд бааран дотор хоёр найзыгаа хайгаад явж байтал баарны хамгаалагч “намайг тооцоогоо хий” гэхэд нь би тооцоогоо утасны интернет банкаараа хийнэ гэхэд “намайг мөнгө байхгүй байна” гэж ойлгосон бололтой тооцооны барьцаанд миний гар утсыг минь булаагаад авчихсан юм.

Тэгээд тэр нэг танихгүй хамгаалагчтай “намайг гадагшаа гар” гэхээр нь учраа хэлэх гээд маргаж байхад тэр хамгаалагч нь миний баруун гарыг өчөөд 4 давхараас 1 давхар луу буулгаж хөөж гаргасан юм. Ингэхээр нь би согтуудаа шарлахаад буцаж ороод, нөгөө хамгаалагчийг хайгаад хяналтын камерын өрөөнд орсон. Камер шүүгээд үзэж байхад хохирогч Э-г орж ирээд суусан. Хохирогч Э-г нь миний хайж байсан хамгаалагчтай надад адилхан харагдахаар нь би баруун гараараа зүүн эрүү орчим нь нэг удаа цохисон. Тэгээд Э-гын хоёр шүд нь унасан бөгөөд хамгаалагч нар намайг салгаад, цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн. Би цагдаа дээр хүргэгдэн ирж эрүүлжүүлэхэд хоносон. Тухайн үеийн болсон асуудлыг сайн санаж байна.

Би хохирогч Э-гыг огт танихгүй, урьд нь маргаж муудалцаж байсан зүйл байхгүй, хэрэг гарсан тухайн өдөр ч маргасан муудалцсан асуудал болоогүй юм. Хохирогч Э-гыг миний гарыг өчсөн хамгаалагчтай андуураад цохисон нь үнэн. Би буруу хүнээ андуурч цохисоноо цохисоныхоо дараа мэдээд шууд уучлалт гуйсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 14х/, шүүгдэгч нь ахлах инженер албан тушаалд сарын 900.000 цалин орлоготой ажилладаг талаарх ажил олгогч “One event hall” компаний тодорхойлолт баримтууд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.О   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож хохирогчийн хиймэл шүд хийлгэх зардал болон бусад эмчилгээний зардалд тооцож 5.0 сая төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч А.Э нь хүлээн зөвшөөрч, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэн хэлэлцсэн, прокурорын хяналтын шатанд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаархи бичгээр гаргасан  хохирогч, шүүгдэгч нарын хүсэлтийг /хэргийн 33-34х/ 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 42 дугаартай прокурорын тогтоолоор хүлээн авч ханган, прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тэдгээрт танилцуулж /хэргийн 41х/, улмаар Э.О  д холбогдох эрүүгийн 1810 0096 20300 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцжээ.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.О-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.О   нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт баарны камерын хяналтын өрөөнд тус бааранд хамгаалагч ажилтай хохирогч А.Э-г “төлбөр тооцооны асуудлаар гар утасыг барьцаалан авсан ажилтантай андуурсан” гэх үндэслэлээр зүүн шанаа тус газарт нэг удаа гараар цохиж, биед нь “...зүүн 1, 2 дугаар шүдний мултрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт:   

- хохирогч А.Э-н: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байх Минт бааранд хамгаалагчаар ажилд ороод 5-6 хонож байсан юм. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагаас ажилд гараад шөнөжин ажиллаад өглөө 05:00 цагийн үед баар хаах дөхөж байхад би Минт баарны хяналтын камерын өрөөнд сууж байтал манай хамгаалалтанд ажилладаг хамгаалагч Х-Э, One Event hall ресторанд дижи хийдэг О гэх залуутай камер шүүгээд сууж байсан юм.

О нь хамгаалагч нартай муудалцаад, идэж уусан зүйлийнхээ тооцоог хийхгүй байсан. Тэгтэл О гийн хийгдээгүй тооцооны оронд утсыг нь барьцаанд баарны санхүү авсан. Тэгээд баарны хамгаалагч нар О-д шаардлага тавиад “та гараад маргааш мөнгөө олж ирж тооцоогоо хий” гэхэд шаардлага биелүүлэхгүй үгэнд орохгүй байсан юм. Хамгаалагч нь хүчээр гаргачихсан чинь О буцаж орж ирээд “намайг хэн өчсөн бэ, камер шүүнэ” гэж маргаад камерын өрөөнд оруулж камер шүүж байсан. Тэгэхэд нь би О-д “чи шаардлага хүлээж аваад гарахгүй яасан юм бэ” гэж хэлтэл шууд үгийн зөрөөгүй миний ам хэсэг рүү нэг удаа гараараа маш хүчтэй цохисон.

Тэгэхэд миний дээд хоёр үүдэн шүд унасан. Мөн уруул язарч, буйлнаас цус гарч хавдсан байсан. Өөр гэмтэл, шарх учраагүй. Тэгээд хамгаалагч нар О-г барьж авч салгаад, цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн. Ингээд би цагдаад өргөдөл гаргаж хандсан.

Миний хувьд О-г танихгүй, бидний хооронд ямар нэгэн өс хонзон, өөр бусад харилцаа байхгүй. Миний О-д цохиулж унасан дээд хоёр үүдэн шүд эрүүл шүднүүд байсан тул уг шүднүүдээ имплантаар хийлгэнэ. Энэ гарах зардаа нэхэмжилнэ. Мөн хоёр шүдээ хийлгээд эмчлэгдэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. О нь надад түр зуур авагддаг үүдэн шүд 50.000 төгрөгөөр хийлгэж өгсөн байгаа. Имплант шүд хийлгэж өгнө гэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

- гэрч Б.Х-Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20:00 цагаас Минт бааранд хамгаалагчаар ажилд гараад шөнөжин ажиллаад өглөө 05:00 цагийн үед баар хаах гэж байхад Минт баарны хяналтын камерын өрөөнд орсон. Тэгтэл гаднаас One Event hall ресторанд дижи хийдэг О гэх зүс таних залуу согтуу орж ирээд “намайг нэг хамгаалагч өчөөд гадагшаа гаргасан, хэн өчсөнийг нь камер шүүгээд хараад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би шүүж өгч байсан чинь гаднаас хяналтын камерын өрөөнд Э-г орж ирсэн. Орж ирээд Э-г нь “би чамайг өчсөн байгаа биз дээ” гээд инээсэн чинь О “чи яаж байгаа юм” гээд хэлэхэд нь Э-г “за тоглосон юм тоглосон юм” гээд хэлсэн чинь О нь босож ирээд шууд үгийн зөрөөгүй Э-гын ам хэсэг рүү нэг удаа гараараа маш хүчтэй цохисон.

Тэгтэл Э-гын дээд хажуугийн хоёр үүдэн шүд нь унасан. Мөн уруул нь язарч, буйлнаас цус гарч хавдсан байсан. Ингээд би салгаж байтал гаднаас Э-гын найз орж ирээд салгалцсан. Тэгээд Э-гын найз нь цагдаа дуудсан. Би ч харихаар гараад явсан. Ийм л зүйл болсон. Камер шүүлгэх үедээ О нь согтолт нь гайгүй болчихсон байсан. Тэр өдөр О Минт бааранд хоёр найзтайгаа үйлчлүүлж байсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4966 тоот дүгнэлтэд:

1. А.Э-н биед зүүн 1, 2-р шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдалтанд нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хэргийн 8х/, шүүгдэгч Э.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч А.Э-н биед учирсан “зүүн 1, 2-р шүдний мултрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.О түүнийг гараараа цохисоноос үүссэн байх ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.О   нь хохирогч А.Э-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Прокуророос Э.О -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.       

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.   

Хэргийн шүүгдэгч Э.О   нь хохирогч А.Э-г цохиж түүнд зүүн 1, 2 дугаар шүдний мултрал бүхий гэмтэл учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хиймэл эрхтэн буюу имплант шүд хийлгэх эмчилгээний зардалд 5.000.000 /таван сая/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хохирогч нь хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх шүүгдэгч Э.О-гээс гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Э-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Э.О   нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 14х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч, шүүгдэгч нар эвлэрэн хэлэлцсэн болон шүүгдэгч нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүгдэгч Э.О-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

Энэ хэрэгт Э.О   нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч А.Э нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 ТОГТООХ нь:

1. Б.Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.О   нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хэргийн улмаас учирсан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд Э.О   нь 5.000.000 төгрөг /таван сая/ нөхөн төлөхөө илэрхийснийг хохирогч А.Э зөвшөөрч тэдгээр нь эвлэрэн хэлэлцсэнийг баталж, шүүгдэгчээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрны 140 тоотод оршин суух, /РД:КЮ89110474/ Дашням овогт Алтанчимэгийн Э-гад  олгосугай.

5. Энэ хэрэгт Э.О   нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч А.Э нь гомдол саналгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.О  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД