Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Ж.Цогтбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1834000930106 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Налайх дүүргийн 1 дүгээр хороо, 21-1 тоотод оршин суух хаягтай, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, Хөхнуур овогт Б.Б  гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын нутагт Жавхлант 2 дугаар баг Өнөрийн 3-6 тоотод Ж.Цогтбаярт өөрийгөө бөө гэж итгүүлэн сүсэг бишрэлийг нь далимдуулан хормойн шуулт, гаанс, хутга, дээл, бүс, гутал, бөгж зэрэг эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогч Цогтбаярын найз Улаанаатай 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр очиж тэр айлд хоноод тэдний гэрээс хутга, гаанс, дээл, гутал зэргийг авсан үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “Манай найзыг дагаж ирсэн болохоор нь би итгээд гэртээ оруулсан. Өөрийгөө бөө гээд өөр айлд бууна гэж хэлээд манай гэрээс дээл, малгай, хормой шуугч, хутга, гаанс зэргийг аваад явсан” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            Хохирогч Ж.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд: “Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ни өдөр 19 цагийн орчим ажлаа тараад гэрээ харихад манай ах Идэрцогтын гэрт манай найз Улаанаа өөрийгөө Банди гэх залуутай цуг ирчихсэн тэр хэд архи уугаад байцгааж байсан. Манай гэр ах Идэрцогтынхтой нэг хашаанд байдаг. Миний толгой тэр өдөр өвдөөд байсан би тэр талаараа ярихад Бандиа нь миний судасыг барьж үзээд чиний толгой гар чинь их өвддөг юм байна барьж өгнө гэсэн. Тэр хүн улаан, цагаан хадгаар нүдээ боолгуулаад бөөлсөн бөөлж байхадаа танай гэрийн авдран дотор гаанс, хутга хадганд боолттой байна тэрийгээ аваад гэхээр нь би өөрийн гэрийн авдранд байсан улаан хадганд боолттой мөнгөн тоногтой хормойн шуулт, гаанс, хутгыг тэр хүнд авчирч өгөхөд олон жил нар салхинд гараагүй юм байна нар салхи үзүүлж маргааш би Дархан авч яваад буцааж хэд хоноод ирэхдээ аваад ирнэ гээд миний мөнгөн бөгжийн хамт авсан. Тэгээд бид хэд унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь 10 цаг гээд босоход нөгөө хүн гэрт байж байсан. Өмнөх өдөр тэр хүн ярихдаа маргааш өглөө эрт Дархан явна гэж байсан юм. Бандиа гэх хүн тэр өдөр яагаад Дархан яваагүйг мэдээгүй байж байсан. Тэгээд надтай цуг дэлгүүр явж тэр хүн өөрөө мөнгөөрөө архи авч ирээд Идэрцог ах, Улаанаа нар ууцгаасан. Тэгээд архи ууж байхдаа тэр хүн дахиж бөөлөөд миний толгойг барьсан. Бөөлж дуусчихаад миний дээл, бүсийг бөгж, хормойн шуулт, гаанс, хутгын хамт Дархан явахдаа авч яваад буцаж ирэхдээ аваад ирнэ гэж байсан. Бөөлөхөөсөө өмнө миний түрийтэй хар гутлыг хөл даараад байна гээд өмсчихсөн байсан. Бөөлж дууссаныхан дараа Улаанаа хөдөө гэр лүүгээ явлаа гээд явсан. Би хэд хөзөр тоглоод шөнө болгосон. Шөнө 03 цагийн үед танай гэрт чөтгөр байна би бөөлж арилгана чи ахындаа хоно 06 цагт дуудаарай гээд тэр хүн ганцаараа манай гэрт орсон. Би ахындаа унтаж өглөө 06 цагт гэртээ ороход тэр хүн байхгүй байсан. Тэр хүнийг буцаад ирэх байх гээд хэд хоног хүлээсэн. Тэр хүн миний хормойн шуулт, гаанс, хутга, дээл, бүс, гутал, бөгжийг надаас буцаж авчирч өгнө гээд авчихсан. Харин шөнө гэрээс явахдаа цүнхтэй хувцас, үхрийн мах нэмээд аваад явсан байсан. Би тэр хүнийг танихгүй. Манай найз Улаанаа хэлэхдээ намар хадлан дээр цуг байсан хүн энэ хүн Дархан явах гэж байгаа тэгсэн  оройтчихлоо тэгээд танайд хонохоор ирлээ гэж байсан. Буцаагаад аваад ирэх байх гэж итгээд өгсөн. Харин цүнхтэй хувцас, үхрийн махыг хэлэхгүй аваад явсан байна лээ. Гаанс нь шилэн юм шиг хуванцар хагархай толгойтой соруул нь удаан тамхи татсаар байгаад сорогдчихсон модон өөр содон шинжгүй, хутга нь үйсэн иштэй зузаан төмөртэй модон хуйтай 25 орчим см иртэй, иш нь 15 см орчим хутга байсан, мөнгөөр бүрсэн мөнгө нь харлачихсан хормойн шуулт, жижиг мөнгөн бөгж, шар торгон хиймэл дотортой дээл, бакалан ултай хар түрийтэй гутал, улбар шар дээлийн бүс, цэнхэр цүнхтэй хуучин хувцас, бярууны хаа гуя байсан. Бор царайтай намхан махлагдуу  биетэй чих нь жижиг дэлдэндүү чихтэй баруун талын далан дээрээ дунд зэрэг хэмжээний хас тэмдэг шивсэн баруун талын гарын булчин дээр төмөр ороосон могойн шивээстэй цагаан куртиктай, бор ноосон малгайтай, хар гуталтай, цэнхэр жинсэн мөрөвчтэй өмдтэй байсан. Тэр хүний авч явсан өөрийн эд зүйлүүдээ буцааж авмаар байна” гэх мэдүүлэг / хх-06-07 тал/,

 

                 Гэрч Т.Идэрцогт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байхад 18 цаг өнгөрч байхад миний танил Улаанаа нэг танихгүй намхан бор царайтай 30 орчим насны дунд зэргийн махлаг хар нүдний шилтэй цагаан куртиктэй залуутай цуг ирсэн. Тэгээд тэр танихгүй залуугаа Дархан явах гэсэн оройтчихлоо танайд хонуулах гээд аваад ирлээ гэсэн. Тэгээд тэр залууг хонуулахаар болоод танилцахад өөрийгөө Бандиа гээд Дарханд байдаг Гаанжуур гэдэг айлд хойно оччихоод буцаж явна гэж байсан. Тэр хоёр ирэхдээ 1 шил архитай ирсэн тэрийг нь бид 3 хувааж уугаад дахиад 3 шил архи аваад уусан тэгээд архи ууж байхдаа би бөө юм үздэг бөөлдөг гээд бөөлсөн тэгж байхдаа манай хашаанд цуг байдаг манай дүү Цогтбаярыг танай гэрт хадганд боолттой юм байна бас нэг юм байна тэрийгээ авдранаасаа аваад ир гэхэд манай дүү Цогтбаяр гэр рүүгээ ороод хадганд боолттой үйсэн иштэй үйсэн хуйтай зузаан төмөр хутга, модон иштэй цагаан толгойтой гаанс, мөнгөн тоногтой хормойн бүс аваад ороод ирсэн. Тэгээд нөгөө хүнд өгөхөд энийгээ салхи оруулж гаргаж бай гэж хэлж байсан. Тэгээд манайд унтацгаагаад өглөө нөгөө хүн яваагүй унаанаас хоцорчихлоо маргааш явахаас гээд манай гэрт өнжсөн. Тэгээд орой нь манай дүү Цогтбаярын гэрт бөөлөхөөр болоод орой 21 цагийн үед тэдний гэрт орсон. Эхнэр бид хоёрыг ороод ир би бөөлөх гэж байна гэхээрн нь бид 2 ороогүй гэртээ үлдсэн. Гэртээ унтаж байхад шөнө 00 цагийн үед манай охин Цогтбаяр, Бандиа бид хоёрыг энд байх хэрэггүй би бөөлж хононо та хоёр орж унт гэсэн гээд ороод ирсэн. Шөнө 03 цагийн үед манай гэрт орж ирээд 05,30-д намайг дуудаарай гэж хэлээд гарсан. Тэгээд 05 цагт би сэрээд Цогтбаярыг сэрээгээд нөгөө хүнээ дуудаарай гээд босоход Цогтбаяр гэртээ орчихоод нөгөө хүн байхгүй байна гээд буцаад орж ирээд унтаад өглөө 10 цагийн үед босож Цогтбаяр гэртээ орчихоод миний цүнхтэй хувцас мах байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг хаашаа юугаар яаж явсаныг мэдээгүй. Манай дүү Цогтбаяр тэр Бандиаг бөө гэж шүтсэн байх тэгээд авч яваад буцаад ирэх байх гэж бодсон байх” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Гэрч Б.Бямбахорол мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны намар манай хөрш айл болох Гаанжуур ахынд Бандиа гэх залуу ирсэн байхад нь танилцаж байсан. Гаанжуур ахын хүүхэд нь Улаанаа буюу Адъяанямбуугийн найз юм шиг байсан. Тэгээд намар цуг хадланд хийж байсан юм. Тэр үед 124-ийн давааны наана гэр байдаг гэж ярьж байсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг хойноос ирэхэд Бандиа гэрт ирчихсэн ахтай юм яриад сууж байсан. Тэгэхдээ Дарханаас явж байна найзындаа ирсэн гээд Гаанжуур ахынд ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Бандиа намайг төв оруулаад өгчих цаашаа унаанд суугаад Дархан явна гэхээр нь би мотоциклоор нь 19 цагийн орчим Сүмбэр сумын төв орж ирээд оройтчихлоо ах нь яаж явах уу гэхээр нь би Идэрцог гэдэг таньдаг ах байгаа тэднийд хоноод өглөө унаанд суугаад явчих гэсэн тэгье гээд тэдний гэрч очсон. Идэрцог ах эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан тэнд бид хэд 1 шил архи уугаад байж байхад ажлаа тараад ирж байна гээд Цогтбаяр ирсэн. Тэгээд байж байхад Бандиа би бөөлнө гээд бөөлж байснаа Цогтбаярыг танай гэрт удам дамжсан юм байна тэрийгээ аваад ир гэсэн. Тэгээд бөөлж дуусаад бид хэд унтаад өглөө босоод Бандиаг гэр лүүгээ явлаа та Дархан явахгүй юм уу гэсэн чинь өнөөдөр энд хоночихоод маргааш явна гэсэн. Тэгэхээр нь би харихгүй бол болохгүй гээд гэрлүүгээ явсан. Ээж аав нь 124-ийн давааны тэнд байдаг тэндээ байдаггүй юм шиг байна лээ. Гар утасгүй явж байсан утасны дугаарыг нь мэдэхгүй. Эхнэр нь нас барчихсан тэрнээс хойш эхнэр аваагүй гэж ярьж байсан. 30 орчим насны махлаг биетэй, бор царайтай гарын булчин дээр мод ороосон могойны шивээс шивээстэй, зүүн далан дээр хас тэмдэг шивсэн. Хар модон эрх зүүсэн дугуй дунд зэрэг гуулин толь зүүсэн байсан. Онгироодуу яриатай өөрийгөө бөө үзэж хардаг өвчтэй хүнийг эдгээдэг гэж ярьж байсан. Дархан явж хүнээс мөнгө авчихаад буцаж ирээд Ганжуур гуайнд өвөлжинө гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

            Гэрч Д.Туяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Б.Б бол манай дунд хүү дээрээ хоёр эгчтэй доороо хоёр эмэгтэй дүүтэй. Бага байхаас нь гэрийнхэн нь Бандиа гэж дууддаг байсан одоо ч тэгж дууддаг. Бат-Эрдэнийн Б.Бгэдэг бөгөөд 1990 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Манай хүүхдүүд бүгдээрээ Налайхад аавынхаа аав ээжтэй хамт амьдардаг байсан. Би Бат-Эрдэнээс салаад хориод жилийн өмнө Түмэн-Өлзий гэдэг хүнтэй гэр бүл болж амьдарч байна. Б.БСэлэнгэ аймгийн Ерөө суманд 1 дүгээр анги төгсөөд тэрнээс хойш сургуульд суугаагүй 2013 онд Төв аймгийн Сэргэлэн суманд цэргийн алба хаасан аль цэргийн анги гэдгийг нь мэдэхгүй байна. Б.Бэхнэр хүүхэд байхгүй. 2017 он хүртэл Налайхад дүү Отгонзаяатай цуг байж байгаад Отгонзаяа Сэлэнгэ аймаг Дулаанханд бэр болж явснаас хойш тэнд цуг байх болсон. Манай том охин өөд болчихсон дараа нь Уранзаяа гэдэг одоо Улаанбаатар хотод амьдардаг дараах нь Батзаяа, Батзаяагийн дүү нь Отгонзаяа Сэлэнгэ аймаг Дулаанханд байж байгаад сарын өмнөөс Дарханд амьдарч байгаа бага охин нь Мөнхзаяа Налайхад амьдарч байгаа. Б.Бманай гэрт 2017 оны 10 сард хамгийн сүүлд нэг портер машин буулгаж өгөөд тэрнээс хойш ирээгүй. Манайд ер нь цуг байж байгаагүй. Өөрийн дүү Отгонзаяагийнд байдаг. Яг тогтсон ажил байхгүй, самарт явж байна хадлан хийж байна гэсэн сураг гардаг өөрт нь гар утас байхгүй хүний утсаар л ярьдаг. Би лав гэмт хэрэгт холбогдлоо гэж сонсож байгаагүй, багаасаа тусдаа байсан болохоор нарийн зүйлүүдийг нь мэдэхгүй байна. Манайд жилдээ 1,2 удаа л ирдэг хааяа нэг утсаар ярьдаг юм. Батзаяагийн найз нөхөдийн талаар мэдэх зүйл алга. Одоо хаана байгаа талаар нь мэдэх зүйл байхгүй байна эгч дүү нарындаа очоогүй гэсэн. Бандиа бол бөө биш нэг бөөгийн түшээ хийж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,

            Гэрч Б.Уранзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Б.Бминий доод талын дүү байгаа юм. Манай өвөө, эмээ аав нарын хамт Б.Б2000 оны эхээр Налайх руу нүүсэн тэрнээс хойш тусдаа байх болсон ба хамгийн сүүлд манай гэрт 2017 оны 11 сарын 27-нд ирж 2 хоночихоод явсан тэрнээс хойш ирээгүй ба Сэлэнгэ явж мод хийнэ гэж ярьж байсан. Надтай 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Зүүнхараад самаранд явж байна гээд утсаар ярьсан. Хүний утсаар ярьж байна гэж байсан тэрнээс хойш утсаар холбогдоогүй. Батзаяад өөрийн гэсэн гэр байхгүй. Налайхад сүүлд амьдарч байсан. Батзаяаг одоо хаана амьдарч байгаа талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

            Гэрч Ч.Ганжуур мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны хавар манайх ямаа самнуулах тухай зар Баруунхараад хүнээр өгүүлсэн юм. Тэгсэн тэр зарын дагуу манайд ямаа самнахаар Баруунхараагаас 6 хүн ирсэн тэр хүмүүс дотор Бандиа ирж анх таньдаг болсон юм. Тэгсэн Бандиа манай Баруунхараагийн танил айл болох Туяа, Түмэн-Өлзий нарын хүүхэд байсан. Тэгээд манайд ямаа самнаад 2 хоночихоод явсан юм. Тэрнээс өмнө Бандиаг таньдаггүй байсан. Тэрнээс хойш 2017 оны 08 дугаар сарын 26,27-ны хавьцаа манай гэрт ирээд танайх хадлан өвсөө бэлдэх гэж байна уу тэгвэл би ажилд нь туслалцаад 2 хөгшиндөө 1,2 портер өвч авч өгий гэсэн тэгэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 10-аад хоног манай хадланд туслаж байгаад 1 портер машин өвс авч ээж, аав 2-тоо аваачиж өгсөн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа аав Түмэн-Өлзийтэйгээ мотоцикльтэй айлаас хонь авах гэж явна гээд орж ирээд гарсан тэрнээс хойш манайхаар ирээгүй. Манай хүүхэд Улаанаагийнх манай гэрт надтай цуг эхнэр хүүхдүүдтэйгээ байдаг. Бандиа тэр хоёр найз нөхөд биш ээ манайд ямаа самнахаар ирж байхад тэр хоёр танилцаж байсан. Тэрнээс хойш хадлан дээр цуг ажилласан тэрнээс хойш тэр хоёр уулзаагүй. Бандиатай хадлангаас хойш тааралдаагүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна намайг хониноос гэртээ ирэхэд манай гадаа айлын Баасанхүүгийнд тэдний дүү Улаанаа буюу Бямбахорол нар сууж байсан. Тэр орой нь манай гэрт Бандиа орж ирж унтаад маргааш үдээс хойш Улаанаа буюу Бямбахорол Бандиаг Сүмбэр сумын төв оруулж өгөхөөр явсан байсан. Манайд хоноход нь би хаа хүрч явааг нь асуухад энэ хүч явна гээд аав, ээжийг нь асуухад тэр хоёр дээр очоогүй гэсэн. Тэрнээс хойш манай тэр хавиар ирээгүй” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

             

            -Хохирогч Ж.Цогтбаярын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02 тал/,

            -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/,

            -Эд зүйлийн үнэлгээ /хх-19 тал/,

            -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-25-27 тал/,

            -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29 тал/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын нутагт Жавхлант 2 дугаар баг Өнөрийн 3-6 тоотод Ж.Цогтбаярт өөрийгөө бөө гэж итгүүлэн сүсэг бишрэлийг нь далимдуулан хормойн шуулт, гаанс, хутга, дээл, бүс, гутал, бөгж зэрэг эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Цогтбаярын мэдүүлсэн  “ ..Тэгээд архи ууж байхдаа тэр хүн дахиж бөөлөөд миний толгойг барьсан. Бөөлж дуусчихаад миний дээл, бүсийг бөгж, хормойн шуулт, гаанс, хутгын хамт Дархан явахдаа авч яваад буцаж ирэхдээ аваад ирнэ гэж байсан. Бөөлөхөөсөө өмнө миний түрийтэй хар гутлыг хөл даараад байна гээд өмсчихсөн байсан. Бөөлж дууссаныхан дараа Улаанаа хөдөө гэр лүүгээ явлаа гээд явсан. Би хэд хөзөр тоглоод шөнө болгосон. Шөнө 03 цагийн үед танай гэрт чөтгөр байна би бөөлж арилгана чи ахындаа хоно 06 цагт дуудаарай гээд тэр хүн ганцаараа манай гэрт орсон. Би ахындаа унтаж өглөө 06 цагт гэртээ ороход тэр хүн байхгүй байсан. Тэр хүнийг буцаад ирэх байх гээд хэд хоног хүлээсэн. Тэр хүн миний хормойн шуулт, гаанс, хутга, дээл, бүс, гутал, бөгжийг надаас буцаж авчирч өгнө гээд авчихсан. Харин шөнө гэрээс явахдаа цүнхтэй хувцас, үхрийн мах нэмээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг / хх-06-07 тал/, гэрч Т.Идэрцогтын мэдүүлсэн: “Тэгээд орой нь манай дүү Цогтбаярын гэрт бөөлөхөөр болоод орой 21 цагийн үед тэдний гэрт орсон. Эхнэр бид хоёрыг ороод ир би бөөлөх гэж байна гэхээр нь бид 2 ороогүй гэртээ үлдсэн. Гэртээ унтаж байхад шөнө 00 цагийн үед манай охин Цогтбаяр, Бандиа бид хоёрыг энд байх хэрэггүй би бөөлж хононо та хоёр орж унт гэсэн гээд ороод ирсэн. Шөнө 03 цагийн үед манай гэрт орж ирээд 05,30-д намайг дуудаарай гэж хэлээд гарсан. Тэгээд 05 цагт би сэрээд Цогтбаярыг сэрээгээд нөгөө хүнээ дуудаарай гээд босоход Цогтбаяр гэртээ орчихоод нөгөө хүн байхгүй байна гээд буцаад орж ирээд унтаад өглөө 10 цагийн үед босож Цогтбаяр гэртээ орчихоод миний цүнхтэй хувцас мах байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнийг хаашаа юугаар яаж явсаныг мэдээгүй. Манай дүү Цогтбаяр тэр Бандиаг бөө гэж шүтсэн байх тэгээд авч яваад буцаад ирэх байх гэж бодсон байх” гэх мэдүүлэг /хх-11 тал/, гэрч Б.Бямбахоролын мэдүүлсэн: “..Тэгээд маргааш өглөө нь Бандиа намайг төв оруулаад өгчих цаашаа унаанд суугаад Дархан явна гэхээр нь би мотоциклоор нь 19 цагийн орчим Сүмбэр сумын төв орж ирээд оройтчихлоо ах нь яаж явах уу гэхээр нь би Идэрцог гэдэг таньдаг ах байгаа тэднийд хоноод өглөө унаанд суугаад явчих гэсэн тэгье гээд тэдний гэрч очсон. Идэрцог ах эхнэр хүүхдүүдтэйгээ байж байсан тэнд бид хэд 1 шил архи уугаад байж байхад ажлаа тараад ирж байна гээд Цогтбаяр ирсэн. Тэгээд байж байхад Бандиа би бөөлнө гээд бөөлж байснаа Цогтбаярыг танай гэрт удам дамжсан юм байна тэрийгээ аваад ир гэсэн. Тэгээд бөөлж дуусаад бид хэд унтаад өглөө босоод Бандиаг гэр лүүгээ явлаа та Дархан явахгүй юм уу гэсэн чинь өнөөдөр энд хоночихоод маргааш явна гэсэн. Тэгэхээр нь би харихгүй бол болохгүй гээд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-13 тал/, гэрч Д.Туяагийн мэдүүлсэн: “Бандиа бол бөө биш нэг бөөгийн түшээ хийж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-14-15 тал/, гэрч Ч.Ганжуурын мэдүүлсэн: “2018 оны 01 дүгээр сарын дундуур өдрийг нь санахгүй байна намайг хониноос гэртээ ирэхэд манай гадаа айлын Баасанхүүгийнд тэдний дүү Улаанаа буюу Бямбахорол нар сууж байсан. Тэр орой нь манай гэрт Бандиа орж ирж унтаад маргааш үдээс хойш Улаанаа буюу Бямбахорол Бандиаг Сүмбэр сумын төв оруулж өгөхөөр явсан байсан” гэх мэдүүлгүүд /хх-17 тал/, хохирогч Ж.Цогтбаярын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-02 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-19 тал/, болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Бг бусдын сүсэг бишрэлийг далимдуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүх шүүгдэгч Б.Бд “2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Сүмбэр сумын нутагт Жавхлант 2 дугаар баг Өнөрийн 3-6 тоотод Ж.Цогтбаярт өөрийгөө бөө гэж итгүүлэн сүсэг бишрэлийг нь далимдуулан хормойн шуулт, гаанс, хутга, дээл, бүс, гутал, бөгж зэрэг эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус, зүйл хэсэг тохирсон байна.

                Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч Б.Бд 1 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасан байна.

                Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан түүнд 7 /долоо/ сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүгдэгчид Б.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Тав: Бусад зүйлийн талаар:

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Бгаас 530000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Цогтбаярт олгох зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Хөхнуур овогт Б.Б-г бусдын сүсэг бишрэлийг далимдуулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон  хоноггүй болохыг дурдаж  ял эдлэх хугацааг 2018 оны 05 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тооцсугай. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дуаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гаас хохирлын төлбөр 530000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Цогтбаярт олгосугай.

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан тохиолдолд Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ