| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2311008180724 |
| Дугаар | 2024/ДШМ/933 |
| Огноо | 2024-08-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/933
2024 08 20 2024/ДШМ/933
Г.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/767 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-т холбогдох эрүүгийн 2311008180724 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
............ овгийн ..................., ....... оны ... дугаар сарын ....-ны өдөр .........төрсөн, .... настай, э.эгтэй, .......... боловсрол..., ...............мэргэжил...., ................ ажил..., ам бүл .., ................. хамт ............................ оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../;
Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр ... дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хохирогч Ж.Ж-гээс өөрийн хадам эгч Н.Д-н эзэмшлийн “.. дүүргийн .. дүгээр хороо, ... тоот хашааг 50.000.000 төгрөгөөр зарна” хэмээн 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд 13.610.000 төгрөг, “зуслангийн газар авч өгнө” хэмээн 2021 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөг, “Нийслэлийн Орон сууц корпорацын зээлд хамруулж байр авч өгнө” хэмээн 2022 оны 01 дүгээр сард 3.000.000 төгрөг, “хүүхэд өвчтэй байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихлоо” хэмээн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, “идэшний үхэр, адуу авч ирж өгнө” хэмээн 2022 оны 10 дугаар сард 5.000.000 төгрөг, нийт 30.110.000 төгрөгийг хохирогчоос бэлэн болон бэлэн бусаар авахдаа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорйх байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас нийт 15.600.000 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хаягт оршин суух ....... овогт Ж.Ж /РД:.........../-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Б нь анх 30.110.000 төгрөгийн хохирлыг хохирогчид учруулснаас мөрдөн байцаалтын хугацаанд 9.500.000 төгрөгийг хохирогч талд төлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирол гомдол барагдуулах 5 хоногийн хугацаанд 5.010.000 төгрөг хохирогчид нэмж төлсөн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд орохдоо 3.600.000 төгрөг төлж үлдэгдэл болох 12.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд сар бүр 1.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна.
Миний бие цахилгааны мончор мэргэжилтэй, эхнэр сувилагч мэргэжилтэй 7-15 насны ерөнхий боловсролын сургуульд сурдаг 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Н.Э нь Хавдар судлал үндэсний төвд ажилладаг бөгөөд цалин нь байрны лизинг, цахилгааны зээлд зарцуулагддаг. Би “Приус 11” маркийн 32-16 УБА улсын дугаартай авто машинаар такси үйлчилгээнд явж өдөр бүр 50.000-80.000 төгрөгийн орлого олдог. Тус орлогыг миний өөрийн эзэмшлийн 5072094830 тоот дансны орлогын гүйлгээгээр нотолж болно. Үүнээс сар бүр 1.000.000 төгрөгийг хохирогчид бүрэн төлөх боломжтой юм. Үлдэгдэл орлогыг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг.
Г.Б миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд гэр бүлийн минь нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол гомдлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэргийг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Б.Балжидмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн
талаарх нөхцөл байдал...” тогтоохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Үүнд:
Хавтаст хэргийн 67-69 дүгээр талд Г.Б-ын нэр дээрх Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл байх ба хохирогч Ж болон Э нарын данснаас нийт 39 удаагийн гүйлгээгээр 14.100.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг /E-s hashaani mungu/, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг /J-s zeel/ гэх утга бүхий гүйлгээ хийгджээ.
Гэтэл хохирогч Ж.Ж 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Хашааны мөнгө гэж 13.610.000, зуслангийн газар зарна гэж 2.500.000, ББСБ-аас 6.000.000 төгрөг, адуу, үхэр зарна гээд 5.000.000 төгрөг, нийт 30.110.000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн байна...” гэх мэдүүлэг. /хх 20/,
мөн хохирогчоос 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн: “...2021 оны 07 дугаар сард бэлнээр болон дансаар 13.610.000 төгрөг, зуслангийн газар зарна гэж 2.500.000 төгрөг, үхэр өгнө гэж 2022 оны намар 5.000.000 бэлнээр...” гэх мэдүүлэг,
2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгт: “...Хамгийн анх 2021 оны 05 дугаар сарын үер нөхөр Э-с нөхрийн ажил дээр байхдаа 850.000 төгрөг, дараа нь бэлнээр 3.650.000 авсан ... бэлнээр болон дансаар 13.610.000 төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг,
Гэтэл гэрч Д.Э-н өгсөн мэдүүлэгт ажил дээр нь очиж бэлнээр 3.650.000 төгрөг авсан эсэх талаар огт яригдаагүй, тодруулж асуугаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн өгсөн мэдүүлгээр бодит хохирлын үнийн дүн зөрүүтэй, 13.610.000 төгрөгийг бэлнээр эсхүл дансаар алинаар нь өгсөн болох нь тодорхойгүй, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр 14.100.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 6.000.000 зээлсэн болох нь харагдаж байгаа боловч энэ нь 14.100.000 төгрөгөнд орсон боловч бэлнээр авсан гэх 13.610.000 төгрөгт орж тооцогдсон эсэх нь тодорхойгүй байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд:
Даргалагчаас: Шүүгдэгчээс асууя. Хохирогчийн дурдсан шиг гэрээс нь очиж мөнгө авч байсан юм уу гэхэд
Шүүгдэгч: “Байгаа. Зөрүүтэй байна гэв.” гэх тэмдэглэл авагджээ. Гэтэл шүүхээс аль аль дүн зөрүүтэй байгаа талаар тодруулж асуулгүй орхигдуулсан буюу нягтлаагүй байна.
Хэрэгт Г.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүд, гэрч Д.Э-гийн тодорхой бус мэдүүлэг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс харахад “Залилах” гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол хэдэн төгрөг болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хохирлын тооцоог үнэн зөв гаргаагүй байна.
Г.Б-ын тухайд өөрийн дансаар хүлээн авсан 14.100.000 төгрөг болон, гэрч Д.Э-с бэлнээр авсан 2.300.000 төгрөг буюу нийт 16.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд, идэшний мөнгө гэх 5.000.000 төгрөг болон хавтаст хэргийн 129 дүгээр хуудсанд авагдсан нотариат дээр хийгдсэн “гарын үсэг гэрчилсэн үйлдэл” гэх хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг.
Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Б-т оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг хуульчилсан бөгөөд 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Хуульд зааснаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгаа нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болно. Гэтэл шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан 30.100.000 төгрөгийн хохирлын хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрч гомдлоо гаргасан байхад өмгөөлөгчийн зүгээс хохирол бүрэн тогтоогдоогүй байна гэж мэтгэлцэж байгаа нь үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх биш, дордуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох хэрэгт өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлтийг нь харгалзан үзэж, анхан шатны шүүх хуралдааныг явуулсан байдаг. Г.Б-ын хувийн байдлын тухайд эрхэлсэн тодорхой ажилгүй, такси үйлчилгээнд явдаг гэдэг боловч ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, манай эхнэрийн цалин лизинг, зээлд яваад таардаг гэдэг талаар гомдолдоо дурдсан. Такси үйлчилгээнд явж орлого олдог талаар мэдүүлсэн боловч тухайн орлого нь тогтмол биш, ял шийтгэл биелэгдэх боломжтой нөхцөл байдалд хамаарахгүй гэж дүгнэсэн учраас анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хохирогч Ж.Ж-с өөрийн хадам эгч Н.Д-н эзэмшлийн “.. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашааг 50.000.000 төгрөгөөр зарна” хэмээн 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд 13.610.000 төгрөг, “зуслангийн газар авч өгнө” хэмээн 2021 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөг, “Нийслэлийн Орон сууц корпорацын зээлд хамруулж байр авч өгнө” хэмээн 2022 оны 01 дүгээр сард 3.000.000 төгрөг, “хүүхэд өвчтэй байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихлоо” хэмээн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөг, “идэшний үхэр, адуу авч ирж өгнө” хэмээн 2022 оны 10 дугаар сард 5.000.000 төгрөг, нийт 30.110.000 төгрөгийг хохирогч Ж.Жгээс бэлэн болон бэлэн бусаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь:
хохирогч Ж.Ж-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол /хх 15-17/,
хохирогч Ж.Ж-гийн “...Г.Б манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхортой ойролцоо байдаг. Тэгээд 2019 онд манай нөхөр Э ус буцалгагч засуулж байгаад танилцаж байсан. Манай гэрт хааяа орж, гарж явдаг болсон. 2021 оны хавраас хойш манайд байнга ирж нөхөр бид хоёртой юм ярьдаг болсон. Би тухайн хүнд хандан “зам дагуу хашаа авах бодолтой байна, боломжийн үнэтэй газар байвал авна” гээд ярьж байсан. Тэгтэл манай нөхөр Э-тэй яриад “манайх хороололд 3 өрөө байранд орохоор болсон, зам дагуу хашаагаа зарахаар болсон шүү” гэж хэлсэн байсан. Тэгээд нөхөр Э 2021 оны 05 дугаар сарын сүүл хавьцаа ажлын газар болох баруун дөрвөн замын хажуугийн “Элба” төвийн үүдэнд байхдаа бэлнээр 850,000 төгрөг өгсөн байсан. Орой гэрт ирэхдээ Э надад хандан “би Б-с зам дагуу хашааг нь 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар боллоо” гээд хамт гэрт ороод ирсэн. Би “та хоёр ямар наймаа хийсэн юм бэ” гэж хэлэхэд, Б ах “хашаагаа та хоёрт зарахаар болсон, мөнгө цувуулаад надад өгч болно” гээд байсан. Тэгээд манай нөхрийн ажил дээр очоод бэлнээр 3.650.000 төгрөг авсан байсан. Хашаа байшингийн урьдчилгаанд нэг машинаа өгчих гээд байсан. Тухайн үед урьдчилгаанд өгөх гэж байсан машин нь “Акуа” маркийн машин байсан. Өгч чадахгүй явж байгаад нөхрийн төрсөн ах Б 10.500.000 төгрөгөөр зарсан. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Бичил глобус финанс банк бус” санхүүгийн байгууллагаас 15.000.000 төгрөгийн зээлтэй “Приус-41” маркийн машин худалдаж авсан. Хашааны урьдчилгаанд өөрийн машинаа 26.500.000 төгрөгөөр үнэлээд 2021 оны 08 дугаар сарын дундуур өгсөн. Би өөрийн хуримтлалын мөнгө болох 1.800.000 төгрөгийг аваад дээрээс нь 200.000 төгрөг нэмээд Сонгинохайрхан дүүрэг 11 хороо, Хонхор 2-78а тоот гэртэй байхдаа бэлнээр өгсөн. Б бид хоёрт “манай хүүхэд бие өвдөөд байгаа, ер нь шинжилгээний хариу эвгүй гараад байна” гэж хэлээд яваад байсан. 2021 оны 09 дүгээр сард “манай хүүхэд цусны хорт хавдар туссан байна, Турк улс явах шаардлагатай байгаа” гэж хэлэхэд нь нөхөр бид хоёр Б-т олсон бүх мөнгөө “Хаан” банкны ... тоот данс руу би өөрийн ..., ... гэх данснаас шилжүүлдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б манайд ирээд “Турк улсад манай хүүгийн бие муудаад аппаратад орсон, яаралтай мөнгө хэрэгтэй байна 6.000.000 төгрөг зээлээд өгөөч” гэж хэлсэн. Би “тань дээр зээл гаруулаад өгье” гэхэд тэрээр “ах нь өөрөө өндөр зээлтэй болохоор зээл гарахгүй, чи надад зээл гаргаад өгөөч” гэхээр нь би “Бичил глобус финанс” дээр очоод зээл гаргуулаад 6.000.000 төгрөгийг Б-ын 5072094830 данс руу шилжүүлсэн. Тэгээд Б энэ зээлээ төлөөгүй ба би зээлийг төлөөд явж байгаа. 2022 оны 02 дугаар сард Б манайд ирээд “Нийслэлийн орон сууц корпорацид миний багийн найз ажилладаг, хурган дарга хийдэг, та хоёр надад их тус болдог болохоор би байранд оруулаад өгье, материалаа өгчих” гэхээр нь хэрэгтэй бүх материалаа өгсөн. Тэгээд “та хоёрыг байранд оруулж өгөх гээд хүн амьтантай уулзаад яваад байна” гээд яриад байдаг байсан. Би нийт 3.000.000 төгрөг өгч байсан бөгөөд Б “та хоёрын материал чинь тэнцсэн байна “Сэлбэ” хотхонд 13 дугаар давхрын 1072 тоотод байр чинь хуваарилагдсан” гэж чатаар хэлж байсан. Энэ нь худлаа болоод бид хоёрыг залилаад яваад байсан. Б бид хоёрт “хүүгээ хорт хавдар туссан, бас эхнэр нь аваарт орсон” гэж хэлж байсан. Энэ бүх зүйл худлаа болж таарсан. Хүүхэд нь зүгээр хичээлдээ явж байсан. ...Нийт 30.110.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. ...Хамгийн сүүлд 500.000 төгрөг билүү 1.500.000 төгрөгийг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 2-78а тоотод байхдаа Б-т бэлнээр өгсөн. Би Б-т хандан “за ахаа ингээд 50.000.000 төгрөг гүйцсэн шүү” гэж хэлэхэд, Б “өө тийм үү би 50.000.000 төгрөгөөс хэтэрсэн байх гэж бодож байсан юм” гэж хэлж байсан. ...Би 2023 оны 03 дугаар сард залилуулснаа мэдээд “Приус-41” маркийн тээврийн хэрэгслээ буцаагаад авчихсан. Тэгэхээр би машинаа оролцуулсан 26.500.000 төгрөгөө хасаж бодож байгаа. Үүн дээр надад Б буцааж 9.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 30.500.000 төгрөгийг Б-аас гаргуулан авах ёстой. ...Б надад хашаа зарна гэж 2021 оны 07 дугаар сард 13.610.000 төгрөгийг бэлнээр, зуслангийн газар зарна гэж 2.500.000 төгрөг, Нийслэлийн орон сууц корпорацид байранд оруулна гэж 2022 оны 01 дүгээр сард 3.000.000 төгрөг бэлнээр, хүүхдийн бие муу байна гээд Банк бус санхүүгийн байгууллагаас 2022 оны 01 дүгээр сард 6.000.000 төгрөгийг дансаар, адуу, үхэр өгнө гэж хэлээд 2022 оны намар 5.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 30.110.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан. Үүнээс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800.000 төгрөг, 04 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 05 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 05 дугаар сарын 22-ны өдөр 800.000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, 06 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 9.600.000 төгрөгийг надад шилжүүлсэн. Тэрнээс хойш надад огт мөнгө өгөөгүй. ...Г. Б Нийслэлийн орон сууцны корпорацид оруулж өгнө гэсний дагуу 3.000.000 төгрөг, надад мал зарна гэсний дагуу 5.000.000 төгрөг, зуслангийн газар авч өгнө гэж 2.500.000 төгрөг тус тус авсан. Ингээд дээрх мөнгөтэй нийлүүлээд бодож үзэхэд 30.110.000 төгрөг өгсөн байгаа. Нийт хохирол маань энэ мөнгө юм. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах шаардлагагүй. ...” /хх 20, 22, 25-26, 32, 35-36/,
гэрч Н.Д-н “..... дүүргийн .. дүгээр хороо, ... тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ эхлээд манай аав Ц.Н-н нэр дээр байж байгаад дараа нь ээж Ц.Д-н нэр дээр байсан. Манай аав, ээж хоёр нас бараад албан ёсоор надад өвлөгдөж ирсэн. Одоо миний нэр дээр байдаг ба манай төрсөн дүү Н.О бид хоёрын нэр дээр байдаг. Б манай төрсөн дүү Н.Э-ы нөхөр, миний хүргэн байгаа юм. Манай газар дахин төлөвлөлтөд орно гэсэн сураг гараад би ах, дүү нартаа “газраа зараад тус тусдаа хашаатай болъё” гэж ярьсан. Тэр үед Б, Э нар байсан. Тэгтэл дахин төлөвлөлт нь цуцлагдсан ба тухайн үед Б газар авах хүн байвал сураглаж өгье гэж хэлж байсан. Тэгээд л өөр зүйл яриагүй, би Бт газраа худалдах зөвшөөрөл өгч байгаагүй. ...Түүнд манай хашааг зарах, захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. 2020 онд би Солонгос улс руу явах гээд “хашаагаа зарчихмаар байна” гэж Бтай хальт ярьж байсан юм. Тэгээд корона гараад миний явах худлаа болоод өнгөрсөн. Дахиж би Бтай “хашаа зарна” гэж яриагүй. Надад Б таны хашааг хүнд зарахаар боллоо гэж хэлж байгаагүй. Би ч Б-аас ямар ч мөнгө аваагүй. ...” /хх 50, 54/,
гэрч Н.Э-ний “...Би Г.Б-тай 2018 оноос хойш хамтран амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Надтай амьдрахаас өмнөх эхнэрийн хүүхэд нь цусны хорт хавдраар нас барсан талаар сонсож байсан. Миний 3 хүүхэд эрүүл саруул байдаг. Ж 2023 оны 04 дүгээр сард манайд ирээд “танай нөхөр газар зарна гээд мөнгө авсан” гээд над руу дайраад байсан ба би юу ч мэдэхгүй. Тэр үед Б зугтаагаад байсан болохоор би Быг дуудаж авчраад Ж уулзуулсан. Тэр үед би үнэхээр гайхсан. ...” /хх 52/,
гэрч Н.Э-ний “... 2021 оны 05 дугаар сард Б манай ажил болох “Элба” төвийн хажууд “Мөнгөн дэлгэц” нэртэй телевизор засварын газар ирсэн байхдаа “хашаа зарна” гээд надтай яриад, улмаар хашаагаа эхлээд 40.000.000 төгрөгт зарна гэж байснаа 50.000.000 төгрөгг зарахаар тохирсон. Тэгээд эхнэр бид хоёроос 59.000.000 гаруй төгрөг бэлнээр болон дансаар, мөн манай “Приус-41” маркийн авто машиныг 26.500.000 төгрөгөөр тооцож өгсөн. Б-т залилуулснаа мэдээд “Приус-41” маркийн авто машинаа буцаагаад авчихсан. Тэгээд эхнэр Ж, Б бид гурав хоорондоо сууж
байгаад тооцоо нийлэхэд Б-аас 23.000.000 төгрөг авахаар байсан. Тэр үед Б төлж барагдуулна гэж тохирсон боловч хэлсэн хугацаандаа төлөөгүй. Б “өвлийн идэш өгнө" гэсэн боловч өгөөгүй. Б-аас одоо 23.000.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. ...” /хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,
“Хаан” банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 67-72/, Г.Б-н “Хаан” банкинд эзэмшдэг ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 73-118, 136-146/, Г.Б-аас хохирогч Ж.Ж-д зарим хохирол төлсөн талаар гүйлгээний баримтууд /хх 124-127/, Г. Б-н “Хаан” банкинд эзэмшдэг .... тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 132/,
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21/649 дугаар албан бичиг /хх 135/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/6360 дугаартай албан бичиг /хх 182/,
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19/651 дүгээр албан бичиг /хх 183-196/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Б-ын үргэлжилсэн үйлдлээр ... дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хохирогч Ж.Ж-д өөрийн хадам эгч Н.Д-н эзэмшлийн “.. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашааг 50.000.000 төгрөгөөр зарна” хэмээн 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд 13.610.000 төгрөгийг нь, “зуслангийн газар авч өгнө” хэмээн 2021 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгийг нь, “Нийслэлийн Орон сууц корпорацын зээлд хамруулж байр авч өгнө” хэмээн 2022 оны 01 дүгээр сард 3.000.000 төгрөгийг нь, “хүүхэд өвчтэй байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихлоо” хэмээн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгийг нь, “идэшний үхэр, адуу авч ирж өгнө” хэмээн 2022 оны 10 дугаар сард 5.000.000 төгрөгийг нь тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, нийт 30.110.000 төгрөгийг нь залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих төрлийн ялаас хорих ялыг сонгож, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.
Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ж.Ж-гээс “хадам эгч Н.Д-н эзэмшлийн .. дүүргийн .. дүгээр хороо, .. тоот хашааг 50.000.000 төгрөгөөр зарна”, “зуслангийн газар авч өгнө” “Нийслэлийн Орон сууц корпорацын зээлд хамруулж байр авч өгнө”, “хүүхэд өвчтэй байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай болчихлоо”, мөн “идэшний үхэр, адуу авч ирж өгнө” хэмээн нийт 30.110.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ж.Ж-г төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Шүүгдэгч Г.Б-аас “...гэр бүлийн минь нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол гомдлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруутай үйлдэлдээ маргаагүй хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй зэргийг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Балжидмаагаас “...шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Б-т оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэхгүй.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийн хэлбэрийг тодорхой бичээгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс зөвтөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/767 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР