Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2022/00323

 

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00323

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03329 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.У-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 30,590,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Д.У- нь өөрийгөө ашигтай бизнес хийдэг, 18 сая төгрөг олоод өгвөл 3 сарын дотор 7 сая төгрөг нэмж өгье гэж гуйхаар нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг, 279а тоотод байрлах, өмчлөлийн газар, хашаа байшингаа Жи эс би капитал ББСБ-д барьцаанд тавьж, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ХААН банк дахь түүний 5025266116 тоот дансанд 17,800,000 төгрөг шилжүүлж өгсөн. Д.У- мөнгө шилжүүлж авснаас хойш утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй алга болсон. Бид Жи эс би капитал ББСБ-аас авсан мөнгөө төлж чадаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02796 тоот захирамж гарч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг 30,590,400 төгрөгөөр үнэлж, Жи эс би капитал ББСБ-д шилжүүлэн өгч хохирсон. Д.У- мөнгийг юунд хэрэглэсэн нь баримтаар нотлогдож байгаа, н.Мандалмаад өгсөн гэж бодохгүй байна. Харин би н.Мандалмаатай уулзаж байгаагүй, гэрээ хэлцэл ч хийж байгаагүй. Гэрчийн мэдүүлгээр Д.У- нь 95 сая төгрөгтэй ямар ч холбогдолгүй зүйлд мөнгийг ашигласан гэдэг нь тогтоогдож байгаа. Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан тоот, Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолтой танилцахад цаг хугацааны хувьд манай нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй өмнөх асуудал байна. Иймд 30,590,400 төгрөгийг Д.У-ас гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 17,800,000 төгрөгийг Д.Сонинбатын хуурай эгч болох н.Тунгалаг нь миний дансаар дамжуулан авсан, энэ мөнгийг би өөртөө хэрэглээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Г-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сонинбат, гэрч н.Тунгалаг, н.Эрдэнэтуяа, хариуцагч Д.У- нар хамтран Монгол Тайваны төвийн зээл зуучлах төвийн ажилтан н.Мандалмаагаас Хөдөө Аж ахуйн яамны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас Тайваны төв дээр байрладаг зээл зуучлах төвөөр дамжуулан 2,3 тэрбум төгрөгийн зээл авах асуудлаар ярилцаж, н.Мандалмаад зээл зуучлах ажиллагааны зардлын урьдчилгаанд 95 сая төгрөг олж өгөхөөр тохиролцсоны дагуу энэ мөнгийг бүрдүүлж өгөхөөр хөөцөлдсөн. Нэхэмжлэгч Б.Г- өөрийнхөө өмчлөлийн объектыг барьцаанд тавьж, тодорхой хэмжээний мөнгө гаргаж өгнө, энэ мөнгийг нь Д.У-, н.Эрдэнэтуяа, н.Тунгалаг нар н.Мандалмаад өгөх 95 сая төгрөгтөө оролцуулж өгөөд зээл бүтэхээр зээлийг нь төлөөд Б.Г-од 70 сая төгрөгийн урамшуулал буюу шагнал өгөхөөр хоорондоо ярьж тохирсон байдаг. Ийм яриа болсон гэдгийг н.Эрдэнэтуяа гэрчийн мэдүүлэг дээрээ хэлсэн.

н.Мандалмаа зээл бүтээж өгнө гэсэн амлалт нь хуурамч, зохиомол байдлыг бий болгосон нөхцөл байдлаас болоод Д.У-, н.Эрдэнэтуяа. н.Тунгалаг нар зээлээ бүтээлгэж чадаагүй. н.Эрдэнэтуяа. н.Тунгалаг нар н.Мандалмаад залилуулсны улмаас өөрсдийн эд хөрөнгөөрөө хохирсон. Хэрэв н.Мандалмаа нэр бүхий хүмүүсээс 95 сая төгрөгийг хууран мэхэлж авсан нь тогтоогдвол хохирлыг төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Д.У-ас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 30 950 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-од болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ас улсын тэмдэгтийн хураамжид 467 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлд Д.У- гэдэг хүнээс 17,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байхад шүүхийн шийдвэрт Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 30,590,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв гэсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийж 30,590,400 төгрөгөөр үнэлсэн байхад эвлэрлийн гэрээгээр 23,695,852 төгрөгөөр тохиролцон Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтыг шийдвэрт дурджээ. Үүнээс харвал нэхэмжлэгч нь дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгөө алдсан биш харин өөрөө сайн дураараа үнэлгээг нь буулгаж төлбөр авагчид шилжүүлсэн болох нь харагдаж байхад зөрүү мөнгийг хохирол хэмээн хариуцагчаас гаргуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран том зээл хөөцөлдөж, зээл бүтэхээр нэхэмжлэгч 70 сая төгрөгийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлж авахаар тохирсон нь тэдний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогддог.

Гэрч Н.Тунгалаг нь хариуцагч Д.У-д хэд хэдэн эх үүсвэрээс мөнгө зээлсэн гэж мэдүүлэх боловч үүнийг нотлох ямар ч баримт байхгүй байхад түүний мэдүүлгийг үндэслэн Х.Гүндалайн дансаар дамжин Н.Тунгалагт очсон 15 сая төгрөгийг Д.У- нь Н.Тунгалагаас зээлсэн мөнгөө төлсөн" хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Энэ 15 сая төгрөгөөр Н.Тунгалаг нь өмнөх байрны зээлээ төлж, охин Б.Хонгорзулын нэр дээр дахин 30 сая төгрөгийн зээл авч, түүнийгээ хамтран зээл хөөцөлдөж байсан хүмүүсийнхээ дансаар оруулж гаргаад эцэст нь н.Мандалмаа гэгчид зээл хөөцөлдөх зардалд тооцон өгсөн байгаа нь бүгд хамтраад, өөрсдийн бодит боломжуудыг шавхан ажилласан болох нь харагдаж байна. Гэрч С.Эрдэнэтуяагийн мэдүүлгээр ...хариуцагч Д.У-д том зээл бүтээх ажилд нь зориулж мөнгө өгч, хариуд нь зээл бүтэхээр 70 сая төгрөг авч ашиглахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна. Үүнээс харвал нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлсэн биш, харин том зээл бүтээхийн төлөө хамтран ажилласан болохыг харж болно.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст н.Мандалмаагийн нэн хөнгөлөлттэй том зээл бүтээнэ гэж хариуцагч Д.У-ас урьдчилгаанд 95 сая төгрөг авсан асуудлыг шалгаж байгаа үйл баримтад шүүх ямар ч үнэлэлт өгөөгүй байна. Шүүгч нотлох баримтуудыг зохих ёсоор гүйцэд үнэлээгүй, хэрэглэх хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд ороход 50 хувиар худалдан борлогдсон тохиолдолд илүү гарсан мөнгийг нь төлдөг гэж тайлбарласан учраас бид ялгаагүй гэж хөрөнгөө хураалгасан. Д.У-, Б.Г- нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Анх хөрөнгөө барьцаалж зээл авч, зээл олгогдохоор 70,000,000 төгрөг зээлнэ гэдэг байдлаар хоорондоо ярилцаж тохиролцсон. Д.У- нь н.Тунгалагаас 25,000,000 төгрөгийн зээл авахдаа хамтран зээлдэгч, батлан даагчаар оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Д.У-, н.Мандалмаа нарын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан эсэхийг мэдэхгүй, уг нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нягтлах гэж олон гэрч асууж, нотлох баримтууд гаргуулж, хүсэлт гаргасныг хангасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Д.У- нь одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, төлөх хүсэлгүй, хугацаа авч өнөөдрийг хүрч намайг хохироож байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч Д.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,800,000 төгрөг, хохиролд 12,790,400 төгрөг, нийт 30,590,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Жи эс би капитал ББСБ-аас зээл авч Д.У-д шилжүүлсэн, зээлээ төлөөгүйгээс барьцаа хөрөнгийг тус байгууллагад шилжүүлсэнээс хохирол учирсан гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1, 239-242/

Хариуцагч Д.У- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ мөнгийг хувьдаа хэрэглээгүй н.Тунгалаг авсан, уг мөнгө н.Мандалмаад н.Тунгалагаас дамжиж очсон. Д.Сонинбат, Б.Г-, н.Эрдэнэтуяа, Д.У- нар н.Мандалмаагийн зээл зуучилдаг газраас 2,3 тэрбум төгрөгийн зээл авахаар тохиролцсонтой холбоотой мөнгө бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсэн агуулгаар тайлбарлаж, мэтгэлцжээ. /хх18, 221, 240/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Б.Г-, Жи эс би капитал ББСБ ХХК нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгөөс 17,800,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г-оос хариуцагч Д.У-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 4,7-11/

Өөрөөр хэлбэл, Жи эс би капитал ББСБ ХХК нь нэхэмжлэгч Б.Г-той 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу 17,900,000 төгрөгийг Хаан банк дахь түүний 5039152192 тоот дансанд шилжүүлсэн, улмаар Б.Г- нь тус банк дахь Д.Уянгын 5025266116 тоот дансанд 17,800,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

Түүнчлэн хэргийн баримтаар, нэхэмжлэгч Б.Г- нь Жи эс би капитал ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг, 8 дугаар гудамжны 279а тоотод байрлах, 64 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлах, 183 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 30,590,400 төгрөгөөр үнэлэгдэн улмаар тус банк бус байгууллагын өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх72-86, 95/

5. Нэхэмжлэгч Б.Г- нь дээр дурьдсанаар хариуцагч Д.У-д 17,800,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байхаас гадна хариуцагч Д.У- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, хариуцагч Д.У- нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.Г- нь Жи эс би капитал ББСБ ХХК-ийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, улмаар барьцаалсан хөрөнгөө алдаж хохирсон байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

6. Нэхэмжлэгч Б.Г- нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Д.У-ас 17,800,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохиролд 12,790,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /хх51/ бөгөөд үндэслэлээ барьцаа хөрөнгийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед 30,590,400 төгрөгөөр үнэлсэн гэх агуулгаар тайлбарласан байх тул хариуцагчийн гаргасан Д.У-ас 17,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 30,590,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцсэн, нэхэмжлэгч сайн дураараа хөрөнгөө банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлсэн тул хохиролд тооцохгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх217/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед авагдсан гэрчийн мэдүүлэг /хх 106-112/ зэрэг баримтаас үзэхэд эдгээрт дурьдсан үйл баримтууд нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь гомдлыг хангах үндэслэл болохгүй юм.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН