Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/934

 

 

 

  2024              08            20                                       2024/ДШМ/934

 

 

  С.Н-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч С.Н,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Н-д холбогдох эрүүгийн 2410000000507 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн С-н .................., 19... оны .... дүгээр сарын ...-ны өдөр ......... төрсөн, .. настай, э.эгтэй, , .......... мэргэжил..., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ......... хамт .................. оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Шүүгдэгч С.Н нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны харуулын байранд хохирогч Б.Б-н толгой болон цээжин тус газарт нь цохиж, биед нь халдаж зууралдах явцдаа газарт дарж унан зүүн 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ыг 01 сарын хугацаагаар зорчих эрхийг эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч С.Н нь өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 4-5 хоногийн дараа хохирогчийн охин гэх хүн утасдаж 1.000.000 төгрөг өг, өгөхгүй бол цагдаад өгнө гэж аашилж загнасан, ярихаар нь би уурлаад мөнгө өгөх боломжгүй гэж хэлсэн удалгүй цагдаад хандаж өргөдөл өгсөн юм билээ. Энэ байдал нь их мөнгө гаргуулах авах зорилготой байсан гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаагч хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн гаргасан гомдлын агуулга юуг шалгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. С.Н хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж харуулын байранд биед нь халдаж толгой болон цээжин тус газарт нь цохиж, хохирогчтой зууралдах явцдаа түүнийг дарж унан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялыг ярилцсан бөгөөд С.Н нь тэтгэвэр авдаггүй, группт байдаггүй, ямар нэгэн нийгмийн халамж авдаггүй учраас торгуулийн ял оногдуулах боломжгүй, мөн 60 нас хүрч байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй гэж үзсэн. Прокурорын зүгээс 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хамгийн доод хэмжээ буюу 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байтал ийм зүйл яриад зогсож байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч С.Н нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер Стоун” хотхоны харуулын байранд хохирогч Б.Б-н толгой болон цээжин тус газарт нь цохиж, биед нь халдаж зууралдах явцдаа газарт дарж унан зүүн 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун чамархайн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дуудлага лавлагааны хуудас /хх 4/,

хохирогч Б.Б-н “...5-10 минутын дараа нөгөө согтуу оршин суугч орж ирээд миний өөдөөс хараад тонгойгоод суугаад байсан. Тэгээд энгэрийн халааснаас нь шилтэй архины шингэн мэт зүйл байгаад байхаар нь би архийг нь авч асгаж цэвэрлээд гар гэж шаардлага тавихад тэр хүн босож ирээд хэл амаар доромжилж, дайраад эхэлсэн. Бид хоёр бие биеэ заамдалцаж барьж авсан. Миний цээжний зүүн талын хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед зууралдаж байгаад хоёулаа харуулын байрнаас гараад удалгүй зууралдаж бие биеэ цээж рүү цохиод байх шиг байсан. Байрны босго хэсэг дээр хамт тэнцвэрээ алдаж унасан. Би газар унаад нөгөө хүн бас биеэрээ дээрээс дараад унасан. Бид хоёр газар бие биетэйгээ зууралдсан хэвээр барьцалдаж байгаад, хэсэг маргалдаж байгаад салсан. Миний толгойн дээд хэсэгт цус гарч шарх авсан. Цээжний зүүн хэсэгт хөндүүртэй, мөн баруун хойд талын хавирга хугарсан маш их хөндүүртэй байна. Би тухайн үед эрүүл байсан. Харин надтай барьцалдсан нөгөө хүн гаднаас орж ирэхдээ согтуу байсан. ... Би биед нь халдсан зүйл байхгүй. Намайг цохихоор нь яаж байгаа юм гээд хувцаснаас нь барьж авсан. Миний зүүн гар угаасаа муу ямар нэгэн байдлаар биед нь халдсан зүйл байхгүй. Би эмчилгээнд зарцуулсан мөн ажилгүй байсан үеийнхээ хохирлыг нэхэмжилж байна. ...” /хх 8-10, 13-15/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Б.Б-н биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-28/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4296 дугаар шинжээчийн “…Б.Б-н биед зүүн 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун чамархайн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 23-24/  гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Н-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Н-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Б-той маргалдаж, улмаар Б.Б-н толгой болон цээжин тус газарт нь цохиж, биед нь халдаж зууралдах явцдаа газарт дарж унан түүний биед “...зүүн 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун чамархайн шарх...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг агуулсан байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

          Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын санкцаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож 1 сарын хугацаагаар зорчих эрхийг эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь С.Н-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч С.Н-ын “...мөрдөн байцаагч хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж шалгасан ... зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх бөгөөд шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд С.Н-ын ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүй болно.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

                                                ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР