| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0008/з |
| Дугаар | 119/ШШ2026/0020 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 119/ШШ2026/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК /РД:**/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Холхивч II” /ЭҮТӨГ/20250102442/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх”,
“Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох”,
“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох”,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт нэхэмжлэгч “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Холхивч II” /ЭҮТӨГ/20250102442/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан
“2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх”,
“Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох”,
“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох”,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт гэрээ байгуулах эрх олгох талаар даатгах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.
1.2. “**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/219 дугаар бүхий албан бичгээр “**” ХХК-д хариуг хүргүүлсэнийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.
Хоёр: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдэлд “Захиалагчийн 26 дугаар барааны хийцийн стандарт IS012297:2012 гэж заасныг (GВ/Т 41103-2022 /IS012297:2012/ дүйцэхүйц гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна.” гэж дурдсан байна.
Дээрх мэдэгдэлд “IS012297:2012 стандартын дүйцэхүйц GВ/Т 41103-2022” баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дурдсан боловч энэ нь олон улсын стандартын дүйцэхүйц байдлыг үгүйсгэсэн, үндэслэлгүй тайлбар юм.
2.2. Учир нь техникийн тодорхойлолтын 25, 26 дугаар барааны хийцийн стандарт IS0 12297:2012 гэж заасан стандарт болох холхивчны булны хэмжээ болон хүлцэл заасан стандартыг захиалагч тал оруулсан. Уг ISO12297:2012 стандарт нь хүчин төгөлдөр бус болсон бөгөөд шинэчлэгдэн ISO12297 2:2018, ISO12297 1:2021 гэж өөрчлөгдөн одоогоор энэхүү стандартыг баримтлан мөрдөгдөж байгаа. Манай компаниас зүгээс уг стандартыг дүйцүүлэн БНХАУ-ын GВ/Т41103 2022 стандартыг оруулсан. Уг GВ/Т41103 2022 стандарт нь БНХАУ-ын булны хэмжээ болон хүлцэлийг заадаг стандарт бөгөөд ISO12297 2:2018 ISO12297 1:2021 стандарттай дүйцдэг гэж үздэг бөгөөд булны хэмжээ болон хүлцэлийн утга нь таардаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг буруу тайлбарласан бөгөөд уг мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй байна” гэж тус тус маргав.
3. Нэхэмжлэгч “**” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Холхивч II” /ЭҮТӨҮГ/20250102442/ тендер шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1911 тоот мэдэгдлээр гэрээ байгуулах эрх авсан.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “**” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, дахин үнэлгээ хийх тус яамны 2025 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн 02/11175 тоот шийдвэрийн дагуу үнэлгээний хороо хуралдаж, манай компанийг дараах үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдэл хүлээж авсан.
Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн дагуу гомдол гаргасан боловч тус хуулийн 59.5-т заасны дагуу шийдвэрлэж хариу өгсөн асуудал гэж үзэж, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/219 тоот хариу ирүүлсэн.
Гэвч, Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/11175 тоот шийдвэрт “Захиалагчийн 26 дугаар барааны хийцийн стандарт 13012297:2012 гэж заасныг GВ/Т 41103-2022 /IS012297:2012/ дүйцэхүйц” эсэхийг хянан үзэх нь зүйтэй агуулгатай байснаас үзэхэд тухайн асуудлыг хянан үзсэн, хянан шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байхад хуулийн 59.5-ын дагуу буцаасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 59.2- т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж заасан тул бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр гомдол гаргаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ- 112-12/62 дугаартай мэдэгдэлд “Захиалагчийн 26 дугаар барааны хийцийн стандарт IS012297:2012 гэж заасныг (GВ/Т 41103-2022 /IS012297:2012/ дүйцэхүйц гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна.” гэж дурдсан байна.
Дээрх мэдэгдэлд “IS012297:2012 стандартын дүйцэхүйц GВ/Т 41103-2022” баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дурдсан боловч энэ нь олон улсын стандартын дүйцэхүйц байдлыг үгүйсгэсэн, үндэслэлгүй тайлбар юм.
Учир нь техникийн тодорхойлолтын 25, 26 дугаар барааны хийцийн стандарт IS0 12297:2012 гэж заасан стандарт болох холхивчны булны хэмжээ болон хүлцэл заасан стандартыг захиалагч тал оруулсан. Уг ISO12297:2012 стандарт нь хүчин төгөлдөр бус болсон бөгөөд шинэчлэгдэн ISO12297 2:2018, ISO12297 1:2021 гэж өөрчлөгдөн одоогоор энэхүү стандартыг баримтлан мөрдөгдөж байгаа. Манай компаниас зүгээс уг стандартыг дүйцүүлэн БНХАУ-ын GВ/Т41103 2022 стандартыг оруулсан. Уг GВ/Т41103 2022 стандарт нь БНХАУ-ын булны хэмжээ болон хүлцэлийг заадаг стандарт бөгөөд ISO12297 2:2018 ISO12297 1:2021 стандарттай дүйцдэг гэж үздэг бөгөөд булны хэмжээ болон хүлцэлийн утга нь таардаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг буруу тайлбарласан бөгөөд уг мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас манай компанид гэрээ байгуулах эрх олгосон. Сангийн яаманд гомдол гаргасны үндсэн дээр үндэслэлгүй гэж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ цуцалсан. Хариуцагч тал одоогийн байдлаар Сангийн яамыг татан оролцуулъя гэдэг санал өгч байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “**” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэ маргаанд шууд шалтгаан болж буй захиргааны акт бол Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичиг биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу маргаан үүсгэж захиргааны акт гаргасан байгууллага хариуцагч болох ёстой.
Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээд байгууллагын буюу Сангийн яамны шийдвэрийг дагаж байна гэсэн тайлбар өгөөд байгаа. Манай талаас Сангийн яам тухайн шийдвэрийг гаргаагүй учраас хариуцагчаар татах үндэслэлгүй гэсэн тайлбар өгч байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гаргасан этгээд хариуцагч байна гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад Сангийн яамыг хариуцагчаар татах үндэслэл болохгүй” гэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанийг ISO12297:2012 гэдэг стандартад шаардлагад нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр унагаасан байгаа. Тухайн техникийн тодорхойлолтын 25, 26 дээр хийцийн стандартыг ISO12297:2012 гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оруулж өгсөн байхад манай компаниас зүгээс уг стандартыг дүйцүүлэн БНХАУ-ын GВ/Т41103 2022 стандартыг оруулсан. Уг GВ/Т41103 2022 стандарт нь БНХАУ-ын булны хэмжээ болон хүлцэлийг заадаг стандарт бөгөөд ISO12297 2:2018 ISO12297 1:2021 стандарттай дүйцдэг гэж үздэг бөгөөд булны хэмжээ болон хүлцэлийн утга нь таардаг. Манайхыг керамик гэдэг нэрнээс болж унагаасан. Хүлцлийн утгыг нь яг GB/Т 41103-2022 гэдэг утгатай харьцуулан дүйцүүлж оруулж өгсөн. Тиймээс энэ нь тендерт унах шалтгаан болохгүй гэж үзэж байгаа” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Холхивч II” /ЭҮТӨҮГ/20250102442/ дугаартай тендер шалгаруултад нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлаж 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим худалдан авах ажиллагааны системээр ирүүлсэн тендерүүдийг нээсэн. Тус тендер шалгаруулалтад нийт 10 компани тендер ирүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу Үнэлгээний хороо тендер хүлээн авах, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх чиг үүргийг хэрэгжүүлж 2025 оны 12-р сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр “**” ХХК-ийг шалгаруулсан захиалагч 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/11911 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “**” ХХК-д хүргүүлсэн. Улмаар тендер оролцогч “**” ХХК, “**” ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яам гомдлыг хянан үзэж, үйлдвэрийн газарт 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Гомдол хянасан тухай” 02/11175, 02/11176 дугаартай албан бичгийг ирүүлсэн.
Сангийн яамны 02/11175 дугаартай албан бичгийн 3-т "... загварын холхивч нийлүүлэхээр техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд заасан боловч Timken, FAG брэндийн бараанд холбогдох тохирлын гэрчилгээ байхад дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, Сангийн яамны 02/11176 дугаартай албан бичгийн 6.3-т “**” ХХК-с санал болгож буй 9,10 дугаар бараанд холбогдох техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд заасан үзүүлэлтийг нотлох баримт бичиг ирүүлээгүй байхад техникийн тодорхойлолтод заасан нарийвчлалын ангилал:5” гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж хянан үзэж, “**” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911, “**” ХХК-д хүргүүлсэн М-ДБ-112-12/11916 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, эдгээр компанийн тендерийг нягтлан үзэхийг үйлдвэрийн газарт даалгасан.
Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ”-т гэж заасны дагуу Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар тус тендерт оролцогчдын тендерийг дахин хянан үзэж “**” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэр гаргасан.
Иймд Сангийн яамны шийдвэрээр хүчингүй болсон 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 мэдэгдлийг хэвээр үлдээх, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн МБ-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, шаардлага хангасан тендер ирүүлээгүй “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.
Үйлдвэрийн газар нь Сангийн яамны шийдвэрийн дагуу шийдвэр гаргасан, мөн нэхэмжлэгч Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул Сангийн яамыг хариуцагчаар татан оролцуулна уу” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/1911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх, Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/219 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох, захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэрээ байгуулахыг даатгаж өгөх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийг цахимаар зарлаж тухайн тендерт 10 компани тендерээ ирүүлсэн байсан. Эхний буюу 2052 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар “**” ХХК-ийг шалгаруулаад М-ДБ-112-12/1911 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Сангийн яам хүчингүй болгосон.
Сангийн яамны хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой тайлбарласангүй. 10 компани оролцсоноос 2 компани Сангийн яаманд гомдол гаргасан. Энэ гомдлуудтай холбоотой Сангийн яамнаас 02/11175, 02/11176 дугаартай албан бичгүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. Нотлох баримтаар Сангийн яамнаас 02/11175 дугаартай бичгийг хавсаргаж өгсөн. Энэ бичгийн 3 дугаарт захиралагчийн шийдвэр үндэслэлгүй гэсэн агуулгаар оруулж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Сангийн яам хийдэг. Сангийн яамны гаргасан энэ шийдвэр дээр “захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр үндэслэлгүй байна” гэсэн. Мөн 02/11176 дугаартай шийдвэрээр “**” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. М-ДБ-112-12/1911 дугаартай мэдэгдлийг Сангийн яам хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад энэ мэдэгдлийг хэвээр үлдээнэ гэдэг шаардлага үндэслэлгүй. Сая нэхэмжлэгч тайлбарлалаа, Сангийн яамны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцагч биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар “нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох тухай шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо хуралдсан. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо эс үйлдэхүй гаргаагүй “**” ХХК-тай холбоотой шийдвэр гаргасан. Бараа нийлүүлэлтийн хуваарийн 26 дугаарт заасан холхивч гэсэн барааны тодорхойлолтыг тендер шалгаруулалтын баримт бичгийн 7 дугаарт материалын стандарт G4805, хийцийн стандарт нь ISO12297:2012 гэсэн шаардлага тавьсан. Энэ стандарт хэрэв зөрүүтэй байх юм бол дүйцэж байгаа талаар нотлох баримтаа тендер шалгаруулалтын материалдаа заавал ирүүлэхээр заасан. Тендер шалгаруулалтын баримт бичиг Монгол хэлээр байхаар заасан. Бид Хятад хэл дээрх биш Монгол хэл дээр орчуулгатай тендерийг хянан үзэж үнэлнэ. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг харахад стандартын орчуулгыг ирүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавьсан стандартад шаардлагад нийцэж байгаа юу үгүй юу гэсэн баримт ирүүлээгүй. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахад дэлгэрэнгүй тайлбарлана. Үнэлгээний хороог GB/Т 41103-2022 стандарт нь ISO стандарттай нийцэж байгаа эсэхийг хянаж үз гэж Сангийн яам шийдвэртээ зааж өгсөн байгаа. Орчуулгыг харах юм бол нэгдүгээрт манай тавьсан стандарт байхгүй, уг стандартыг зөвхөн гарчиг дээр нь тавьсан байна. Уншаад үзэхэд дүйцэж байгаа гэсэн материал байхгүй. Иймд Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар Сангийн яаманд гарсан гомдлыг хянаж үзээд “**” ХХК-ийн тендерээс татгалзсан. Сангийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан. Даатгах нэхэмжлэлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд энэ шаардлагаар нэхэмжлэл гаргах боломжгүй. Ирүүлсэн тендерийг хянаж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн техникийн тодорхойлолтын талаар ярья. Стандартад дүйцэх эсэх асуудлаар өмнө Үнэлгээний хороо үзээд гэрээ байгуулах эрх олгосон. Үүнээс хойш Сангийн яам гомдол гаргаад дахин нягталж үз гээд хүчингүй болгосон учраас Сангийн яамны шийдвэрийг биелүүлж дахин хуралдаж шийдвэр гаргасан” гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Холхивч II” /ЭҮТӨГ/20250102442/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан
“2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх”,
“Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох”,
“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох”,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт гэрээ байгуулах эрх олгох талаар даатгах” шаардлагууд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт гэрээ байгуулах эрх олгох талаар даатгах” гэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нэхэмжлэгч “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** эс тодруулж, бусад шаардлагуудаа дэмжиж оролцов.
Хоёр. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх” шаардлагын тухайд:
2.1. “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Холхивч II” /ЭҮТӨГ/20250102442/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон байна.
2.2.Дээрх тендер шалгаруулалтад шалгарсан “**” ХХК-д 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/1911 тоот мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүргүүлжээ. /ХХ-ийн 3 дугаар тал/
2.3. Тус тендер сонгон шалгаруулалтанд оролцогч “**” ХХК-аас дээрх тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч, дээд шатны байгууллагад гомдол гаргасаныг Монгол улсын Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/11175 дугаар албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/1911 тоот мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 189-191 дүгээр тал/
2.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь дээд шатны байгууллага болох Монгол улсын Сангийн яамны дээрх 2025 оны 02/11175 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 /Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох байгууллага заавал биелүүлнэ/ дахь хэсэгт зааснаар хүлээн авч, тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаж, 6 дугаар шийдвэр /тэмдэглэл/-ээр “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж” шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан тендерийн Үнэлгээний хорооны 6 дугаар шийдвэр болон бусад бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 150-173 дугаар тал/
2.5. Тендерийн Үнэлгээ хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийж, 06 дугаартай шийдвэрээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч тал уг тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй, өөрөөр хэлбэл уг шийдвэр хүчинтэй тул нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн М-ДБ-112-12/11911 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хэвээр үлдээх” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.9 “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.4-т “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана” гэж тус тус хуульчилсан.
Гурав. Нэхэмжлэгчийн “Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
3.1.Монгол улсын Сангийн яам нь Улаанбаатар хотод байрлах бөгөөд тус захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх харьяалан шийдвэрлэнэ.
3.2.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана”, 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасанчлан Монгол улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийг тус шүүх харьяалан шийдвэрлэх эрхгүй.
3.3.Иймд нэхэмжлэгчийн “Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 /тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/-т зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.
3.4.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрх нээлттэй.
Дөрөв. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Холхивч II” /ЭҮТӨҮГ/20250102442/ тендер шалгаруулалтад шалгарсан “**” ХХК-д 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/1911 тоот мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүргүүлсэн бөгөөд тус тендер сонгон шалгаруулалтад оролцогч “**” ХХК-аас дээрх тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч, дээд шатны байгууллагад гомдол гаргасаныг Монгол улсын Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/11175 дугаар албан бичгээр дээрх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/1911 тоот мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
4.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь дээд шатны байгууллага болох Монгол улсын Сангийн яамны дээрх 2025 оны 02/11175 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 /Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох байгууллага заавал биелүүлнэ/ дахь хэсэгт зааснаар хүлээн авч, тендерийн Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаж, 6 дугаар шийдвэр /тэмдэглэл/-ээр “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж” шийдвэрлэсэн. /ХХ-ийн 150-173 дугаар тал/
4.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тендерийн Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг “**” ХХК-д 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “М-ДБ-112-12/62 дугаартай албан бичгээр “Захилагчийн 26 дугаар барааны хийцийн стандарт ISO12297:2012 гэж заасныг GB/T 41103-2022 / ISO12297:2012/ дүйцэхүйц гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй” гэж шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй болохыг мэдэгджээ. /ХХ-ийн 4 дүгээр тал/
4.4 Энэхүү албан бичгийн агуулгаас дүгнэвэл “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/62 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр буюу “**” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна.
4.5.Тодруулбал, дээрх албан бичиг нь дангаараа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийдвэр хүчинтэй энэ тохиолдолд дээрх маргаан бүхий “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны М-ДБ-112-12/62 дугаартай албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй.
4.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 /шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах/, 28.4 /Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана/-т зааснаар Захиалагч тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар заасан бөгөөд энэхүү захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь мөн хуулийн 50.2 “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, “50.2.2 “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3 “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” зааснаар Үнэлгээний хорооны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргадаггүй.
4.7.Иймд “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Тав. Нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт нэхэмжлэгч “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагын тухайд:
5.1. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нэхэмжлэгч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан, тендерийн Үнэлгээний хорооноос “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзсан” шийдвэр гарсан, түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзах, эсхүл гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул энэхүү даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
5.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг.
5.3. Тодруулбал, Хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус “эс үйлдэхүй” эсхүл “татгалзсан шийдвэр”-ийн эсрэг “даалгах нэхэмжлэл”-ийн шаардлага гаргадаг бөгөөд эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй.
5.4. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.2, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.4, 51 дүгээр зүйлийн 51.7, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/11911 дугаартай албан бичгийг хэвээр үлдээх”, “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/62 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт нэхэмжлэгч “**” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Монгол улсын Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Гомдол буцаах тухай” 03/219 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ