Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

            Улсын яллагч                                         Э.Энхбат

            Шүүгдэгч                                                 П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.Бад холбогдох 1832000000041 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Монгол овогт Пүрэвсүрэнгийн Б РД:/*/

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгйин Мандал сум 7 дугаар баг Шарын голын 06 тоотод өөрийн хамтран амьдрагч А.Тын “гэртээ ирэхгүй гадуур явлаа” гэж хэлээд цохиж зодсоны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой би хадмындаа хоночихоод өглөө нь байж байтал 09 цагийн үед аав утасруу рамруу явъя 2 машин мод ирсэн байна гэж залгасан. Тэгээд би хадмынхаас 09 цаг өнгөрч байхад гараад рам ороод ажиллаж байтал 14 цагийн үед рам эвдрэхээр нь гэртээ ирээд ядраад унтчихсан байна лээ. Тэгсэн унтаж байсан чинь утас дуугарч хартал эхнэр залгаж байсан автал хардаж уурласан. Тэгэхээр нь би итгэхгүй бол ирээд хар гэсэн чинь хүүхдээ тэврээд орж ирээд намайг цохиж хараагаад хутга барьж надруу далайсан. Тэгээд  миний нүүрнийг майжихаар нь би тэсэхгүй цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа миний буруу. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Т мэдүүлэхдээ: ... Манай нөхөр Б 2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө модны рам явж мод зүснэ гээд явсан. Тэгээд гэртээ ирэхгүй болохоор нь 16 цагийн үед хадмынхаа гэрт буюу Шарын голын 06 тоотод би хүүхдээ аваад очсон чинь Б аавындаа байж байсан. Тэгэхээр нь би гэртээ ирэхгүй яасан юм гэж хэлсэн чинь өөдөөс “чи яах гэж ирсэн юм, одоохон очих гэж байхад” гэж урласан. Би гэртээ харихгүй яасан юм гэсэн чинь дуугарахгүй суугаад байхаар нь  хөл рүү нь зөөлөн цохиход намайг “хүүхдээ аваад яв, зайл” гэж хэлсэн. Тэрнээс олоод бид хоёр маргаж хэрүүл болсон ба Б миний баруун хацарт хоёроос гурван удаа алгадсан, би өөдөөс нь гараараа бие рүү нь цохиж авсан. Тэгсэн чинь ижиг /хуванцар/ сандал аваад миний толгой руу нэг удаа цохиод авсан. Тэр үед ь би өөдөөс нь барилцаж авсан чинь миний хоолойг хоёр гараараа боож аваад ор уу түлхэж унагасан. Тэгээд л би хүүхдээ аваад тэднийхээс гарч явсан...Гомдол,санал, нэхэмжлэх зуйл байхгүй,. хуулийн дагуу шийдвэрлэнэ биз” гэх мэдүүлэг /хх- ийн 13-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч П.Тэ мэдүүлэхдээ: ... “...Би тэр өдөр гэртээ байж байсан чинь манай ах Б өдөр 14 цагийн үед орж ирээд унтаж амарсан. Тэгээд удалгүй сэрээд байж байсан чинь Т эгч манай гэрт орж ирээд учиргүй уурлаж янз бүрийн юм яриад Б ахыг цохиж аваад байсан. Тэгэхэд ах тэсэлгүй Тушбааш эгчийг алгадаад авсан чинь Т эгч хутга аваад ах руу дайрсан ба би Т эгчийн гараас бариад хутгийг нь авсан. Тэгсэн чинь Т эгч сандал аваад Б ах руу шидхэд тухайн сандлыг нь ах буцааж Т эгч рүү шидсэн чинь хөлөнд нь оносон. Тэгээд л Т эгч ахыг маажиж дайраад шүлсээ нулимаад байсан. Тэгсэн чинь Б ах “чи одоо болоо юм бишүү, ээж рүү чинь ярина” гэсэн чинь Т эгч “би ярина гээд хүүхдээ аваад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

    Шүүх эмнэлгийин үзлэг хийсэн №63 дугаартай шинжээчийн “...А.Тийн биед баруун хацар, баруун хөлийн өвдөгний үений дотор хэсэг, хүзүү, баруун гарын тохой, шуунд цус хуралт, хамар, баруун өвдөгний дотор талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэхдугнэлт /хх-ийн 16-р хуудас/

            Шүүгдэгч П.Бын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 25-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 26-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:    

           

            Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгйин Мандал сум 7 дугаар баг Шарын голын 06 тоотод өөрийн хамтран амьдрагч А.Тын “гэртээ ирэхгүй гадуур явлаа” гэж хэлээд цохиж зодсоны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч А.Тийн баруун хацар, баруун хөлийн өвдөгний үений дотор хэсэг, хүзүү, баруун гарын тохой, шуунд цус хуралт, хамар, баруун өвдөгний дотор талд зөөлөн эдийн гэмтэл учирсан нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилээгүй, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, П.Бад  өмнө авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

    

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Монгол овогт Пүрэвсүрэнгийн Быг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Пүрэвсүрэнгийн Быг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар   ялтан  П.Б нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан П.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж анхааруулсугай.

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

            7.П.Бад авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ