Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2022/00006

 

 

 

Р.*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00748 дугаар шийдвэртэй,

 Хүсэлт гаргагч Р.*******ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагч Р.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р:Цогдэлгэр оролцов.

Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 1966 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл маллаж байсан мөн 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оныг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Р.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие өндөр настны тэтгэвэрт орох гэтэл аав, ээжийн хамт мал маллаж байсан учир тэр үеийн баримт архиваас дутуу гарч ирсэн тул шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгохоор хандсан. Би 1981 онд ар гэрийн шалтгаанаар сургуулиас гарч Баянхонгор аймгийн Баацагаан суманд ээжтэйгээ мал малласан бөгөөд 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдсан. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байна. Иймд 1981 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Саарал овогт Рэнцэнгийн *******ын 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлтийн гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Р.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00748 дугаартай шийдвэрийг хүлээн авч, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие Рэнцэнгийн ******* нь 1966 онд төрсөн. Бага насаа сургуульд сурч байгаад ээжийн бие муудсан тул ээжийгээ харж хандах, аав ээждээ тус дэм болохоор сургуулиас гарч 1981 оноос нэгдлийн гишүүнээр элсэн аав, ээжтэйгээ хамт мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл сум орон нутагтаа малаа маллан амьдарч яваа малчин хүн юм.

Хөдөөгийн хүмүүс бид малаа л маллаж, малынхаа ашиг шимээр л амьдардаг, бичиг үсэгтээ муу, албаны хүмүүсийн хийж зааварласнаар л бичиг баримтаа зөв гэж боддог. Ялангуяа 1980-аад онд залуу жаахан хүүхэд байсан, тэр үеийн дарга нарын хийж өгсөн зүйлийг бат найдвартай гэж итгэж өдийг хүрсэн.

Гэтэл миний 1981-1990 он хүртэл Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсныг минь нотолж байгаа, 1981-1990 он хүртэл авч байсан хөдөлмөр өдрийн хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг маань шүүх авч хэлэлцэхгүй, жирийн малчин иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна.

Архивын газраас намайг ажиллаж байсныг нотлох баримт гарч ирэхгүй байна гэж миний ажиллаж байсан байдлыг тогтоохгүй байна. Гэтэл тухайн үед ажиллаж байсныг нотлох хамгийн гол нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтэр маань тоо бүртгэгчийн сар болгон бичдэг хөдөлмөр өдрийн хөлстэйгээ хамт байна шүү дээ. Архиваас баримт гарахгүй байгаа нь малчин иргэн миний буруу биш байх гэж бодож байна, харин би өөрийнхөө зүгээс ажиллаж байснаа нотолж хөдөлмөрийн дэвтрээ энэ олон жил хадгалсаар ирсэн байхад энэ гол баримтыг шүүх үнэлэхгүй байгаад гомдож байна. Малчин иргэн бид хөдөлмөрийн дэвтрээс өөр юуг хамгаалж, хадгалах ёстой байсан юм бэ? Тухайн 1980-аад онд ажилгүй хүн гэж нэгээхэн ч байдаггүй байлаа, малчин ардын хүүхдүүд сургуулиа төгсөөд илгээлт аваад л өөрийн нэр дээрээ 50-100 мал аваад л тэрийгээ маллаж өгсөж үржүүлдэг байсан.

Миний хувьд ч мөн адил ээж маань өвчтэй байсан аавдаа туслахаар малчин болж, тухайн үед өөрийн нэр дээр 50 ямаа аваад л малчин болж байсан. Малаа маллаж байгаад 1986 оны 6 сард цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд ч мөн тус нэгдэлдээ эргэн малчнаар ажиллаж байсан. Би нутагтаа насаараа мал малласан гэдгийг нутгийн иргэд мэднэ. Нэгдэлд хамт ажиллаж байсан хүмүүсээ гэрчээр асуулгасан.

Иймд миний малчин байсан гэдгийг нотлох гол баримт болох хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж, миний 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хүсэлт гаргагч Р.*******ын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Хүсэлт гаргагч Р.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл маллаж байсан.. Би 1981 онд ар гэрийн шалтгаанаар сургуулиас гарч Баянхонгор аймгийн Баацагаан суманд ээжтэйгээ мал малласан бөгөөд 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдсан. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байна. Иймд 1981 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Саарал овогт Рэнцэнгийн *******ын 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Харин “...миний 1981-1990 он хүртэл Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсныг минь нотолж байгаа, 1981-1990 он хүртэл авч байсан хөдөлмөр өдрийн хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг маань шүүх авч хэлэлцэхгүй, жирийн малчин иргэн намайг хохироож байгаад гомдолтой...” гэх агуулгаар тус шүүхэд гомдол гаргасан хүсэлт гаргагч Р.*******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нягтлан үзэхэд:

Анхан шатны шүүх “... хүсэлт гаргагч Р.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 1981-1986 онуудад ажиллаж байсан гэх хөдөлмөрийн дэвтэрт 1986-1988 онуудад цэргийн алба хаасан байхад түүнийг ажиллаж, цалин авснаар бичиглэл хийсэн хөдөлмөрийн дэвтэр эргэлзээтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 Хүсэлт гаргагч Р.*******ын нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн ХАА-н нэгдлийн гишүүний цагаан өнгийн 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн байх бөгөөд тухайн бичиглэл хэсгийн ажилласан хоног, үндсэн хөлсийн бичилтийн шинж байдлыг нөхөж бичсэн, ажилласан он цаг нь түүний цэргийн алба хаасан хугацаатай давхардсан зэрэг байдлаараа уг дэвтрийг нотлох баримтад авч үнэлэх боломжгүй юм.

Мөн түүнчлэн тухайн хөдөлмөрийн дэвтрийг нотлох, давхар бичмэл нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад түүнийг үнэлэх нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Р.*******ын гомдлыг хангахгүй орхиж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Р.*******ын давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00748 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Р.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

             

 ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                   Г.УЛАМБАЯР