| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00050/Э |
| Дугаар | 00060 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Уранчимэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Д.Уранчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Уранчимэгээс ирүүлсэн тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах тухай Д.Тд холбогдох прокурорын дүгнэлтийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт * тоотод оршин суух хаягтай, урьд 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169Б. 198А. 92В дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, 2001 онд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 1-д зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар, 2004 онд Орхон аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар, 2016 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн №81 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнссэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнссэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дугаржавын Т /*/.
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар воганд зорчин явсан Ё.Дорлигын цүнх, хайрцагтай хувцас, гурван ширхэг үхрийн суран бугуйл болон биет 110000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Эмээлт өртөөн дээр буух үедээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Тын өгсөн мэдүүлэгт: … Эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан үедээ архи ууж зөрчсөндөө гэмшиж байна.Өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Оюунбилэгээс прокурорын газарт хүргүүлсэн саналд: ... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авч шийтгэжээ.
Д.Т нь дээрхи албадлагын арга хэмжээ авагдсаны дараа удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэний улмаас хаана байгаагаа болон очих газар нь мэдэгдэхгүй болсон тул Мандал сум дахь Цагдаагийн хэсгийн баривчлах байранд эрүүлжүүлэгдсэн.
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Үйлчилгээний №23 тоотод байрлах Д.Тын хаягаар очиж шалгахад Д.Т нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан нь согтуурлын зэрэг шалгах багажаар тогтоогдож, 4 бүхэлтэй гарсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 189 дүгээр зүйлийн 189.9 дэх хэсэгт зааснаар Прокурорт санал хүргүүлэх нь:
Боржигон овогт Дугаржавын Тд оногдуулсан 03 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж ял оногдуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Уранчимэгээс ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №03 дугаартай дүгнэлтэнд: ... Д.Т нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ шүүхээр авагдсаны дараа удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй, 13 цагт эрүүлжүүлэгдсэн нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн захиргааны зөрчил шалгах хуудсаар нотлогдсон.
Мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Үйлчилгээний №23 тоотод байрлах Д.Тын хаягаар очиж шалгахад Д.Т нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил нь гаргасан нь согтуурлын зэрэг шалгах багажаар 4 бүхэлтэй гарсан архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 314 тоот шийтгэх тогтоол, хяналтад авагдсан этгээдийн бүртгэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, хяналтад байгаа этгээдэд эрх, үүрэг танилцуулсан тэмдэглэл, хяналтад байгаа этгээдийн гаргасан баталгаа, хяналтад байгаа этгээдтэй уулзаж ярилцсан тэмдэглэл, захиргааны зөрчил шалгах хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /согтуу 4.00 драгераар үлээлгэсэн/ зэрэг нотлох баримтуудаар, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, Мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах арга хэмжээгээр шийтгүүлсэн шүүхээс хэрэглэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн байна.
Шүүхээс оногдуулсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулж, ял оногдуулах үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, Прокурорын тухай хуулийн 23.1.7-д заасныг тус тус удирдлага болгон Д.Тд оногдуулсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулж, ял оногдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын дүгнэлт үйлдэв гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №314 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай мэдэгдэл
Хяналтад байгаа этгээдэд эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл
Хяналтад байгаа этгээдийн гаргасан баталгаа
Хяналтад байгаа этгээдтэй уулзаж ярилцсан тэмдэглэл
2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг болно.
Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатараас Улаанбаатар чиглэлийн суудлын 272 дугаар галт тэрэгний 7 дугаар воганд зорчин явсан Ё.Дорлигын цүнх, хайрцагтай хувцас, гурван ширхэг үхрийн суран бугуйл болон биет 110000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Эмээлт өртөөн дээр буух үедээ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №314 дугаартай шийтгэх тогтоолоор “ Хулгайлах гэмт хэргийг бүрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон арга хэмжээг тогтоож шийдвэрлэжээ.
Гэтэл шүүгдэгч Д.Т нь ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосон хэмжээ авсан хэрэглэхээр шийдвэрлэжээ.
Тэнссэн хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон тул Мандал сум дахь Цагдаагийн хэсгийн баривчлах байранд эрүүлжүүлэгдсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Үйлчилгээний №23 тоотод байрлах Д.Тын хаягаар очиж шалгахад Д.Т нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан нь согтуурлын зэрэг шалгах багажаар тогтоогдож, 4 бүхэлтэй гарсан.
Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын дүгнэлтээр тогтоогдож байх тул уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Дугаржавын Тыг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Тд оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
3. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Ж.Даваажаргал нарт ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт торгтоосон албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй”- гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ