Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2022/00007

 

Б.*******, Ч.******* нарын нэхэмжлэлтэй

Ж.*******д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2022/00005 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Бямбаагийн *******, Чимэддоржийн *******

Хариуцагч Жавзаны *******д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.600.000 төгрөг гаргуулах тухайн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.*******, Ч.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн харьяат 5-4-14 тоотод оршин суугч Жавзан овогтой *******, миний гэр бүлийн хүн болох Ч.******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Байдраг сумын Давсан тал хэмээх газраас иргэн *******гийн өвлийн идшийг авахаар 97-82 БНХ улсын дугаартай Ланд-80 маркийн миний эзэмшлийн нэр бүхий машиныг 3 хоногийн хугацаатай зөвшөөрөл аван хөлслөн явсан. Энэ үедээ мөнгө муутай байгаагаа хэлээд надаас бэлнээр 280,000 төгрөг зээлж явсан. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ж.*******гийн төрсөн дүү болох Ядамсүрэн манайд 14 цагийн үед ирж ах тантай уулзаад мөнгө төгрөгийн тусламж аваад машинтайгаа гар Дөвөнт гэх газар луу 55 тооны мал дайчихлаа, тосоод ав гэж байна гэсээр ирсэн. Би юу болоод байгааг тодруулж нөхөртэйгөө холбоо барьтал цас зуд болоод хүмүүс малаа зээлээр ав гээд тууж авчирч өгөөд байна. Чиний ч хэрэг байна. Ж.******* бид 2 ашгаа хувааж авахаар тохирлоо гэж хэлээд Ж.*******тэй яриулсан. Ж.******* нь миний найз мөнгө олох арга байна уу, бид 2 малын наймаа хийхээр боллоо. Би дүү Ядмаагаа чам руу явуулсан байгаа. Чи уулзаад Дөвөнт рүү ачуулсан малыг зохицуулаад, тэндээсээ наашаа гарах хэрэг байна. Чиний хэрэг маш их байна. Мөнгө олоорой гэж хэлсэн. Ингээд би хот руу өөрийн төрсөн дүү Б.Бат-Эрдэнийн хүү Балжины хуримтлалын мөнгө 2,000,000 төгрөгийг хүүтэй зээлээд Дөвөнт гэх газар луу дүү Ядамсүрэнтэй, мөн мал нядлах 3 хүний хамт хоол, хүнс, бензин, тосны зардал 234,500 төгрөгийг гаргаж явсан. Ингээд өөрт ч ашигтай, өрөөлд ч ашигтай гээд Дөвөнт гэх газар луу ачуулсан малын ачилтын хөлс 5245094267 данстай н.Мөнхбат гэх хүнд 275,000 төгрөгийг хувиасаа шилжүүлсэн. /Дансны хуулга харах/ Ж.******* нь үхрийн 560,000 төгрөг 5245012568 данс руу н.Ганбат, н.Энхбаярын 5245094267 данс руу бензин шатахуун бусад зардал байна тус болооч гээд 145,000 шилжүүлж авсан. Энэ үед ашиг гаргая... хамт хуваая, оруулсан мөнгийг чинь гаргаж өгнө. Чи итгэхгүй бол өөрөө ир гэсэн. Ингээд дүү Ядамсүрэнгийн хамт Дөвөнт гэх газраас Давсан тал руу мал нядлуулахаар авч явсан аав, хүү, хүргэн болох 3 хүний хамт гарсан. Эдгээр хүмүүст мал нядалгааны цалин хөлс 510,000 төгрөгийг мөн зохицуулж 5247110868 данс руу шилжүүлсэн. Газар дээр нь очиход бэлэн бусаар 5 айлын 400 гаруй богийг авсан байсан. Гал тогоог нь барьж, санхүүгийн тусламж үзүүлж бүх асуудлыг зохицуулж, мал махаа нядалж дуусгаад авч ирэх хүртэл хамт явсан. Ирээд нууж зараад, ашиггүй болсон би өгөхгүй гэсээр байгаад хохироосон.

Иргэн надаас гарсан нийт зардалд: 10 хоногийн ажилчдын хоол хүнс, бензин масло-200,000 төгрөг, 55 мал ачуулсан хөлс зардалд-275,000 төгрөг, мал нядалгааны хөлс-510,000 төгрөг, н.Ганбатад үхрийн мөнгө 560,000 төгрөг, н.Энхбаярт 145,000 төгрөг, бэлнээр өгч явуулсан мөнгө 280,000 төгрөг, Давсан талаас ирэхдээ Ланд машинд бензин-69,100 төгрөг, Галуут сумаас түлш 126,400 төгрөг, Дөвөнтөөс мах авчирсан зардалд-82,600 төгрөг, Дөвөнт рүү араас нь машинаар 40 л түлш, хөлсөлсөн машины зардал-101,269 төгрөг, мах ачиж ирсэн унааны хөлс 400,000 төгрөг, Давсан талд нэмж авчирсан ажилчдын хөлс 550,000 төгрөг, хөдөө явахаас өмнө 140,000 төгрөг зээлдэж авсан 300 гаран толгой авч далд хийсэн нийт 3,439,369 төгрөгийн тусламжийг үзүүлсэн. 3,439,369 төгрөгөөс 904,000 төгрөгийг өөрөө барьж авсан. Одоо өөрийн үлдэгдэл 2.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би хамтран ажиллах гэрээг Ж.*******тэй албан ёсоор байгуулсан зүйл байхгүй. Тухайн үед надаас мөнгөн тусламж хүссэний дагуу би 2,000,000 төгрөгийн тусламж үзүүлж, түүнд мал мах авах нөхцөл бололцоогоор нь хангасан. Тусламж үзүүлснийхээ төлөө Ж.*******гээс ашиг хонжоо хараагүй боловч тэрээр өөрөө ашиг гаргаж өгнө гэж хэлсэн. Ингээд би нөхрийн хамт ангийн хүүхэд гэж найздаа итгээд 2,000,000 төгрөгөө өгч, тусалж, хамтарч явсан. Түүний хашаанд 30,000,000 гаруй төгрөгийн мал махыг хүлээлгэж өгсөн байхад маш их хэмжээгээр дутаасан учир найз нөхөд гэх итгэлээ алдсан. Бидний зүгээс Ж.*******г ашигтай, ашиггүй ажиллах нөхцөл боломжоор нь хангах үүднээс өөрийн төрсөн дүүгээсээ зээлж 2,000,000 төгрөгийн тусламж үзүүлсэн байдаг. Гэтэл Ж.*******гээс ашиг авах байтугай оруулсан мөнгөө авч чадахгүй байгаа явдалд маш их гомдолтой байна. Миний хувьд дүүгээсээ авсан мөнгөө буцааж өгөх гэж байгаа бөгөөд миний бүх зүйл цаг хугацааны хувьд үндэслэлтэй, нотолгоотой байгаа. Иймд миний бэлнээр оруулсан 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ж.******* нь өөрөө гэр бүлгүй бөгөөд манай гэрээр орж гарж, хонож өнждөг, заримдаа мөнгө төгрөг зээлдэг найз нөхөд хүмүүс байсан. Тухайн үед би 140,000 төгрөг өгөөд Ж.******* нөхөр хоёрыг толгой, шийр авч үнэд хүргэж зарах ажлыг эхлүүлээд үз гэж хэлж байсан. Ингээд явцын дунд Ж.******* нь нэг өдөр манайд ирээд хөдөө байгаа 2 сувай үнээгээ зараад, мөнгө залгуулах гэсэн юм машинаа өгөөч гэж хэлсэн. Манай нөхөр Ч.******* нь чи миний машины занг мэдэхгүй учир машинаа чамд өгч явуулахгүй гээд, надаас бензиний мөнгө авч түүнтэй хамт явахаар болсон байдаг. Тухайн үед Ж.******* нь малын наймаа хийх гэж яваагүй хөдөө байгаа малаа авч ирэх гэж явсан. Ингээд манай нөхөр Ж.******* хоёрыг явсны дараа Ж.*******гийн дүү н.Ядмаа над дээр ирээд Ж.*******, Ч.******* хоёрыг идэшний үхрээ авч байхад нь машиныг нь хараад хөдөөний малчид зуд болох гээд цаг үе хэцүү байгаа учир мал, мах авч байгаа хүмүүс байна гэж ойлгоод олон тооны малаа өгсөн байна, Ж.******* ах мөнгөгүй байж мал мах авч байна гээд хэлсэн гэнэ, таныг тус болно гээд намайг явууллаа гэж хэлсэн. Ингээд би учрыг нь сайн ойлгохгүй нөхөр Ч.******* болон Ж.******* нартай холбогдоход бид 2-ыг идэш малаа авч байхад хүмүүс малаа өгөөд их сонин юм боллоо, 2,000,000 төгрөг хэрэгтэй байна, бид 2 мал авсан байгаа биднийг ирээд авах хэрэг байна. Хэн хэн нь мөнгөтэй болъё гэж хэлсэн.

Тэгээд Ж.*******гийн дүү нь намайг аваад тэдний байгаа газар луу явсан байдаг. Газар дээр нь очиход бензин, шатахууны мөнгө болон Баянхонгор аймгаас мал туух болон мал гаргуулахаар 5 хүн хөлсөлж авч явсан бөгөөд эдгээр 5 хүний хөлс, хоол, унд гээд бүх зүйлд мөнгө гаргаж нөхөр Ч.******* болон Ж.******* нарыг аймагт авч ирсэн. Ингээд авчирсан мал, махаа 3 өдрийн дотор бөөндөж зарахад 20-иод тооны мах дутсан байдаг. Энэ дутсан шалгаан нь Ж.*******гийн хашаанд аваачиж мал, махаа тавьснаас болсон учир нь манай гэр байранд байдаг тул аваачих боломжгүй байсан. Ж.******* нь өмнө хил дээр хууль бус зүйл хийдэг байсан гэдгийг бид мэдэж байсан хэдий ч түүнийг найз нөхөд хүмүүсээ арай ч хуурах хүн биш байх гэж итгэж байсан. Тухайн үед махаа н.Түвшин гэх хүнд бөөндөж зарсан байдаг. Яагаад 20-иод тооны мах дутаад байгаа талаар Ж.*******гээс асуухад тэрээр би мэдэж байгаа, толгойнд тооцоо байна, дахиж явъя гэж хэлээд хоёр дахь удаагаа явах болсон юм. Дахиж явахдаа Ж.******* нь ашгаа хийе, гаргасан малын мах авъя гээд, Ж.*******гийн 3 жил асдаггүй байсан машинд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө мөнгө гарган дахин малчдаас мах авч ирээд Ж.*******гийн хашаанд тавьсан тавихдаа янз бүрийн зан битгий гаргаарай гэж хэлээд өглөө нь ирэхэд ченжид бүгдийг нь бөөндөөд өгсөн байсан. Ингээд биднийг байхгүй байхад бие дааж зарж борлуулсан байсан тул түүнээс оруулсан мөнгөө авъя гэсэн зүйлийг ярьж эхэлсэн. Хоёр удаагийн явалтаар авч ирсэн мах бүгд зарагдсан хэдий ч тооцоо хийхэд дутаж гарсан байдаг. Ийм учраас би өрөнд орох юм байна гэж бодож би өөрөө цагдаад өгсөн өргөдлийн утга нь борлуулахаар авч ирсэн махаа Ж.*******гийн хашаанд тавихад шөнийн дотор дутаад байна гэж дуудлага өгсөн байдаг.

Хэрэв мөнгөө нэхээд ирвэл Ж.******* хариуцах уу, би хариуцах уу гэж хашааных нь байр байдлын зургийн авсан. Тухайн үед цагдаагийн газарт махны үнэ авахаар ирсэн нэг хүн, би болон манай нөхөр Ч.*******, Ж.******* нар уулзалдахад Б.*******, Ч.******* надад хамаагүй, би өөрөө хариуцлага үүрнэ гэх утгатай бичгийг Ж.******* хийж өгсөн байдаг. Эдгээр баримтууд нь алга болсон байдаг. Мөн тооцоо нийлээд Ж.*******гийн гарын үсэгтэй баримт байгаа. Ингээд би данс тооцгоо үнэн зөв хөтлөөд ч нэмэргүй болсон байдаг. Тиймээс Ж.******* нь дүүгээрээ дамжуулж надаас тусламж хүссэн, түүний тусламж хүссэний дагуу өгсөн 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Ж.*******тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний бие нь Ч.*******той 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр таарч уулзтал гэртээ ажилгүй, хоол, ундгүй хэцүү байгаагаа надад ярьж би Ч.*******ыг малын толгой авч хуйхалж зар, би мөнгийг нь гаргаж ашгийн хувааж авъя гэж тохироод нэг толгойг 1000 төгрөгөөр авч 3000 төгрөгөөр зарж байтал намайг миний найз Банзрагч Байдраг сумаас хонь, ямаа авъя гэж дуудсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Байдраг сум руу явах гэж байтал Ч.******* нь би цуг яваад ирье, хийх ажилгүй тул миний машинаар явъя, би чамаас хөлс, мөнгө авахгүй гээд цуг явж Байдрагийн Давсан талд очоод 420 бог мал авч н.Ядамсүрэн, Б.******* нарыг 4 хүний хамт хүрээд ир гэсэнд эдгээр хүмүүс ирж 4-5 өдөр мал нядалж дуусаад хөлс мөнгөө аваад бид малын махаа ачиж аваад Баянхонгорт зарж борлуулж мөнгийг нь Б.*******ын дансанд хийж хамтран ажиллахаар тохирсон. Б.*******, Ж.******* хоёр нь дүүгээсээ 2 сая төгрөг гуйж авлаа, дүү малын мах зарагдмагц өгөөрэй гэж байна гэж ярьж байсан. Ж.******* би 25,800,000 төгрөгийг Б.*******ын дансанд хийлгэж данс тооцоог Б.*******аар бариулсан. Б.*******, Ч.******* хоёроос явцын дунд мөнгө дутсан. Нийт тооцоо хийх гэтэл Б.******* нь дансны хуулга авч ирж үзүүлэхгүй худлаа ярьж, гэрт нь очихоор өдөр болгон согтуу элдэв муу муухайгаар харааж хөөнө. Б.*******аас гарсан зарлага 1,895,000 төгрөг байдаг. Б.*******аас тооцоо хийж 6 сая төгрөг дутсаныг би нэхэмжилнэ гэж хэлсэн. Бид наймаа хийж эхлэхдээ ашиг олбол хувааж авна, алдвал өөр өөрсдөө хариуцна гэж тохиролцсон юм. Б.*******, Ч.******* хоёрын дутаасан 6 сая гаруй төгрөгийг би малчдад нь банкнаас зээл авч төлж явна. Ж.*******гээс Б.*******д өгсөн мөнгөн дүн мах 10 ширхэг 220 кг 1,540,000 төгрөг, толгой 90ш 3000 төгрөг, 270.000, мах 2 ш 240,000 төгрөг, мах 1 ш 120,000, өвс 38 ш 650,000, ваань 1 ш 250,000, Ч.******* бэлнээр 400,000 төгрөг тус тус өгсөн. Миний хувьд Б.*******д өргүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.*******гийн зүгээс тайлбарлахдаа анх 2020 оны 11 дүгээр сард Ч.******* гэх хүнтэй таарч Ч.******* нь мөнгө төгрөг хэрэгтэй байна, гэр орондоо хоол хүнс авах мөнгөгүй болж байна гэж хэлсэн байдаг. Тэгээд малын толгой авч түүнийгээ үнэд хүргэж зарж, борлуулахаар хоорондоо ярилцаж тохиролцсон. Ингэхдээ Ж.******* нь малын толгойг авах бүх төлбөр тооцоог нь хийх, хуйхлах гээд бусад ажлыг Ч.******* хийхээр тохирч, толгойгоо 3000 төгрөгөөр зарахаар болж хамтран ажиллах гэрээ хийгдсэн. Энэ талаар нотолсон нэхэмжлэгч Б.*******ын дансаар толгойны үнэ хэмээх утга бүхий гүйлгээ хэд хэдэн удаа хийгдсэн нөхцөл байдал харагддаг. Үүний дараа Ж.******* нь мал авах зорилгоо хөдөө явах гэтэл Ч.******* хамт явъя, би өөрөө хөлс мөнгөө гаръя гэж хамтран ажиллах саналыг тавьсан. Ингээд Ч.*******той Ж.******* нар нь амаар харилцан тохиролцож хамтран ажиллах болсон бөгөөд дундаас нь Б.******* орж ирсэн байдаг. Тэд хамтран ажиллахдаа алдагдал гарвал харилцан хүлээнэ, орлого олбол тэнцүү хуваахаар ажлаа эхэлсэн гэдэг. Малчдаас мал худалдан авахдаа зээлээр худалдан авч, авсан малынхаа мах, арьс, ширийг зарж борлуулсны дараа тухайн мал өгсөн малчдын малынх нь үнийг өгсөн байдаг. Тухайн үед бүх төлбөр тооцоо, мөнгөн гүйгээ бүгд Б.*******ын дансаар явагдсан байдаг. Энэ нөхцөл байдлаас харахад Б.******* нь 2,600,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Б.******* өөрөө төлбөр тооцоо барьж байсан бөгөөд 6,000,000 төгрөгийн алдагдалд оруулсан. Б.******* нь өмнө хамтран ажиллаж байсан гэж ярьж байсан мөртлөө хамтран ажиллах гэрээний дагуу хариуцлагаа давхар хүлээнэ гэж хэлэхэд нь хамтарч ажиллаагүй, туслалцаа үзүүлсэн гэж хэлж мушгин гуйвуулж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Мөн 2,000,000 төгрөг нь Б.*******ын дансаар орж ирсэн нь харагдаж байгаа боловч уг ажилд зарцуулсан болох нь хэргийн материалд авагдсан баримтаар болон Ж.*******гийн зүгээс тайлбарлахдаа юунд хэрэглэсэн гэдгийг мэдэхгүй гэж тайлбарладаг. Тиймээс дан ганц дансны хуулгаар бусад руу мөнгө шилжүүлсэн байгааг энэ мөнгийг мал худалдаж авсан ажилд зарцуулсан болохыг тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад хандсан талаар ярьж тайлбарладаг энэ талаар нотолсон баримт гэж гэрэл зургуудыг өгсөн байдаг. Энэ нь нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байдаг.

Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар цагдаагийн байгууллага дээр энэ асуудал шалгагдаж байгаа бол нэг асуудлаар яагаад хоёр газар шалгагдаж байгаа гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн хэргийн материалд гарган өгсөн данс нийлж тооцоо нийлсэн гэх баримт байдаг. Гэтэл Ж.*******тэй тооцоо нийлсэн зүйл байхгүй Б.******* нь Ж.*******д 6,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн талаар хэлсэн байдаг. Ингээд Ж.******* нь яагаад алдагдалтай ажилласан гэж дансны хуулга харъя гэхэд нь Б.******* 2,000,000 төгрөг оруулсан гэж ярьж эхэлсэн ингээд маргаан үүссэн. Хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэл дээр цуг данс нээсэн мэтээр бичсэн хэдий ч данс, тооцоо нийлээгүй гэдэг нь харагддаг. Эхний удаа явахдаа ашиг хийсэн гэж тайлбарладаг бөгөөд дараагийн удаа нь оруулсан 2,000,000 төгрөгөө авна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй асуудал гарч ирж байгаа юм гэв. Иймд хамтран ажиллах гэрээ нь хариуцлагыг хамтран хүлээх онцлогтой байдаг учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит байдал дээр Ж.*******д нэхэмжлэгч нарт өгөх мөнгө байхгүй харин авах мөнгө байгаа юм. Алдагдал хүлээсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэх эсэхээ Ж.******* өөрөө шийдвэрлэх байх. Тооцоо нийлсэн асуудлаар цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг харж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэний данс руу ямар учиртай мөнгө хийж байгаа нь мөн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.*******гээс хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Ч.******* нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.550 /тавин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Т.Пүрэвдаваа миний бие Б.*******ын нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэг 2.600.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 131/ШШ2022/00005 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 131/ШШ2022/00005 дугаартай шийдвэрээр *******гээс 2.000.000 төгрөгийг гаргуулан Б.*******, Ч.******* нарт олгохоор шийдвэрлэжээ.

Ж.*******, Б.Буяннэмэх, Ч.******* нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээг амаар байгуулжээ. Үүнийг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч үйл баримтыг зөв дүгнэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг гаргаж чадаагүй байна.

Дээрх этгээдүүд нь малчдаас мал зээлээр худалдан авч зарж борлуулаад малын үнийг малчдад өгөхөөр үйл ажиллагаа явуулсан боловч тооцоо барьж байсан Б.Буяннэмэхийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан зарим малчдад мал худалдан авсан мөнгийг өгч чадаагүй, ашиг олох бус алдагдалд орсон байдаг. Б.Буяннэмэх нь ашиг олоогүй, харин ч зарим малчдын мөнгийг нь өгч чадахгүй алдагдалд хүрсэн талаараа Ж.*******д хэлсэн байдаг бөгөөд Ж.*******гийн зүгээс Б.Буяннэмэх, Ч.******* нартай тооцоо нийлэх талаар хэлж, дансны хуулгыг нь үзье гэхэд тооцоог нь барьж байсан Б.Буяннэмэх нь дансны хуулгаа үзүүлэхгүй, тооцоо хийхгүй зугтаж, малчдын мөнгийг нь хувааж төлье, төлөхгүй гэвэл шүүхэд өгнө гэхэд Б.Буяннэмэх нь Ж.*******г төрүүлээд шүүхэд өгсөн байдаг. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан уг алдагдлыг Ж.*******, Б.Буяннэмэх, Ч.******* нар нь хувааж хариуцах байтал хамтарч ажиллахад оруулсан 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Хэрэв оруулсан мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэхэд доорх байдлыг харгалзан үзэх нь зүйтэй юм. Б.Буяннэмэхээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тооцооны бичигт хэргийн 41 дүгээр талд баримтад Иргэн *******, *******, ******* нараас хүлээлгэн өгсөн мах, арьс ширний тооцоо 2021.11.16 ...******* миний бие 2.666.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 1.350.000 авсан, үлдсэн 1.316.000 төгрөгийг авч чадаагүй хохирч байна гэжээ, мөн 12 сарын 27 ний өдрийн шүүх хуралдаанд сүүлд нь 904.000 төгрөгийн мах авсан талаараа мэдүүлдэг эдгээрээс үзэхэд Б.Буяннэмэх нь оруулсан мөнгөө авлаа гэж 1.350.000 төгрөг, 904.000 төгрөг нийт 2.254.000 төгрөгийг авсан байгаа ба уг нэхэмжилж буй 2.000.000 төгрөгийг Ж.*******гээс гаргуулж шийдэх нь үндэслэлгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 131/ШШ2022/00005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Ч.******* нар нь хариуцагч Ж.*******д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.*******гээс хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******, Ч.******* нарт олгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр харилцан тохиролцож мал, мах худалдан авч түүхий эдийг үнэ хүргэн худалдан борлуулж ашиг олохоор мөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажилласан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Б.*******, Ч.*******, хариуцагч Ж.******* нарын хамтран ажилласан харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг харилцан хүлээдэг онцлогтой харилцаа бөгөөд хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болохоор хуульчилсан байдаг.

Мөн уг нэхэмжлэгч Б.*******, Ч.*******, хариуцагч Ж.******* нар нь хамтран ажиллах гэрээний дагуу ашиг, алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй бөгөөд аль нэг тал гэрээнээс гарахад хамтын ажиллагааны явцад олсон ашиг, алдагдал, биелүүлээгүй үүрэг зэрэг нь адил тэнцүү талуудад хуваагдах бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Пүрэвдаваагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2022/00005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвдаваагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

                    ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                                       Б.БОЛОР-ЭРДЭНЭ