| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00046/Э |
| Дугаар | 00056 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Эод холбогдох 1832000000057 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №122 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан. бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Сүхбаянгийн Э.
С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их ноёд” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Төтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ан, Тө нарын хамт архи ууж байгаад Тө бид хоёр жоохон маргасан. Төийн дүү ирээд архи уулаа гээд хашаанаас хөөсөн бид нар хашаанаас гараад явж байхад Тө ууж байсан архитай шилээрээ миний дух руу цохихоор нь би барьж аваад унагаад гуя руу нь 2 удаа өшиглөсөн. Мөн “Их ноёд” дэлгүүр дотор ороод байж байхад араас Тө ороод ирэхээр нь түлхэж унагаад 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу гэжээ.
Хохирогч О.Төын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ан, Тө бид нар хамт архи ууж байгаад С.Э бид хоёр мөнгөний асуудлаас болж маргасан. Бид хашаанаас гараад явж байхад би С.Эын араас толгойн дух хэсэг рүү архины шилээр 1 удаа, нуруу руу нь 2 удаа цохисон. Тэр үед С.Э намайг хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд С.Э “Их ноёд” дэлгүүр орохоор нь араас нь ороход намайг унагаж өшиглөж зодсон. Миний зүүн талын нүд хөхөрч хавдаж улайсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/
Гэрч Б.Отийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … 2018 оны 04 сарын 17-ны өдөр 21 цагийн орчим “Их ноёд” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад Эын нурууг Ан гараараа дарчихсан цус гоожоод орж ирсэн ба “түргэн, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь цагдаа, түргэн дуудсан. Тэгж байтал Тө орж ирэхэд Э нь Төийг өшиглөөд газар унагаад зодож цохиод байхаар нь дэлгүүрээс гаргасан. Эын нурууг архины шилээр зүсчихсэн гэж хамт явж байсан Ан нь хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-р тал/
2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №70 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...
1. О.Төийн биед зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 14-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 25 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Эын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /26 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 29-31 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их ноёд” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Төтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Төын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/, Гэрч Б.Отийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-р тал/, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №70 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 14-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.Эыг хохирогч О.Төын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их ноёд” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Төтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний биед нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна. хохиригч О.Тө нь гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Э нь 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 24.6-1-д заасан гэмт хэрэг үйлдэж 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялаа эдэлж дууссан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаянгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Эыг торгох ялыг 02 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Э нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.
6. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.