Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/966

 

 

     2024          08            27                                         2024/ДШМ/966

  М.Д-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/461 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр эсэргүүцлийг үндэслэн М.Дт холбогдох эрүүгийн 2411002160104 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ...................., ..... оны ..... дугаар сарын ......-ний өдөр ............. төрсөн, .... настай, э..эгтэй, ..................., ............... мэргэжил...., ................. ажил...., ам бүл .., ....... хамт ........... дүүргийн ....... дугаар хороо, ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................ дүүргийн ...... дугаар хороо, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .........../; 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1578 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1329 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэвэр жингээр 3,3 граммыг өөрийн цүнхэндээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч М.Дыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж мансууруулах бодис хэрэглэхийг 5 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар. зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч М.Д нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах,
зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас
зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч М.Д-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч
шийдвэрлэжээ.

Прокурор Р.Энх-Оюун эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм. Хэдийгээр шүүгдэгч М.Д-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг тэлж Нийслэлийн хэмжээнд тогтоосон нь буруу байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/461 дүгээр шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтад ‘‘....Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч М.Д нь 2023 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд цэвэр жингээр 3,3 граммыг өөрийн цүнхэндээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 89/,

гэрч П.З-н “...бид хоёр танилцаад 5-6 жил болж байна. Тэрнээс өмнө л хэрэглэдэг байсан байх. Би хаанаас, хэнээс авдаг талаар нь бол мэдэхгүй байна. Д-н хар өнгийн гар жижиг цүнхнээс тэр хоёр гаргаж ирсэн бөгөөд хоорондоо л ярилцаад байсан. Хар жижиг төмөр савтай, дотроо юу байсныг нь бол эхэндээ анзаараагүй. Харин пивоны лаазан дээр тавиад сорж байхыг нь харахад хар өнгөтэй, жижиг нунтаг өвс шиг зүйл байсан. Би Д-н цүнхнээс гарсан болохоор Д-нх гэж бодож байна. ... Д, М хоёр хамт тэр жижиг хар савтай өвс мэт зүйлййг татсан. Өөр зүйл бол татаж, хэрэглээгүй. Харин намайг Дтай анх уулзахад, Д архи уучихсан согтуу байсан. Мансуурсан байсан талаар нь хэлж мэдэхгүй байна. ...” /хх 60-61/,

гэрч Д.Мын “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Д, З нарын хамт “Ану” буудалд байхад Д бид хоёр хар хайрцаганд хийсэн ногоон өнгийн өвс ургамлыг эхлээд цаасанд ороож татах гэсэн чинь болохгүй байсан. Тэгтэл Д надад пивоны лаазны доод хэсгийг базаад хажуу хэсэгт нь цоолоод цоолсон газар дээрээ нөгөө өвсөө тавиад өвсөө шатаа гэж хэлэхээр нь би яг хэлснийх нь дагуу хийгээд пивоны лаазны амаар нь сорсон. Тэгээд тэр үедээ би давхар архи уусан байсан болохоор хэсэг хугацааны дараа юу болж байгааг мэдэхээ больж манарч эхэлсэн. Тухайн үед хар хайрцганд хийсэн өвс ургамлыг би хаанаас гарч ирсэн хэнийх гэдгийг мэдэхгүй байна. Тэр үедээ архи уучихсан байсан болохоор би Дтай нийлээд тэр өвс ургамлыг шатааж сорсон байх. Харин Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очих үед Д “Тэр өвс минийх надад байсан” гэж хэлсэн. Өөрөөр хэнийх, хаанаас авсан, буудалд байхад хэн гаргаж өгсөн талаар мэдэхгүй байна. Д өөрөө надад хэлж байсан. ...” /хх  68-69/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 309 дүгээр “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ану зочид буудалд эмэгтэй хүн агсам тавиад байна гэсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан ZORRO бичиглэлтэй хар өнгийн жижиг хайрцагтай дотроо хатаасан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн төмөр хайрцагт хийсэн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 tethrahydrocannbinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно, “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ану зочид буудалд эмэгтэй хүн агсам тавиад байна гэсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цаасанд ороож хэрэглэсэн мэт өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

“Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ану зочид буудалд эмэгтэй хүн агсам тавиад байна гэсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цаасанд ороож хэрэглэсэн мэт өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цаасанд боодолтой зүйлийн гялгар ууттай жин нь 2,4 г, цэвэр жин 0,5 г, “Чингэлтэй дүүргийн 5 дугарр хороо, Ану зочид буудалд эмэгтэй хүн агсам тавиад байна гэсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан ZORRO бичиглэлтэй хар өнгийн жижиг хайрцагтай дотроо хатаасан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн жижиг хайрцагтай дотроо хатаасан өвс мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн төмөр хайрцагт хийсэн ургамал мэт зүйлийн төмөр хайрцагтай үеийн жин нь 18,8 г, цэвэр жин нь 3,3 г байна. ...” /хх 98-99/ гэсэн дүгнэлт, 309 тоот шинжилгээний зураг /хх 100/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 308 дугаар “...1, 2, 3 шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “М.Д /У3911011977/ гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methamphetamine/ болон тетрагидроканнабинол /Delta 9 tethrahydrocannbinol/ илэрсэн.  Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. …” /хх 87-88/ гэсэн дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 285 дугаар “М.Д нь өмнө нь архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, даслын хам шинж /солиорлын эмгэг/ оноштой хэвтэн эмчлэгдэж байсан өвчний түүхүүд байна. М.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Д нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Д нь хэрэг хариуцах чадвартай байна. М.Д нь мансууруулах сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. …”  /хх 107-108/ гэсэн дүгнэлт,

мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Номин-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэгээр “Zorro бичиглэлтэй хар өнгийн жижиг хайрцагтай 18.8 грамм өвс мэт зүйл, цаасанд ороосон 2,4 грамм өвс мэт зүйл” хураан авсан ажиллагааны тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-25/,

 эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 50/,

 мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.Д /У391101197/, Д.М /ХЛ86112917/ нарын биеэс биологийн дээж авч тест ашигласан ажиллагаа /хх 30-35/,

 мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал, прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 76, 77 дугаар “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоолууд /хх 27, 29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Дыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч М.Дын “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүх, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь М.Дын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

     Харин анхан шатны шүүх шүүгдэгч М.Дт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл 3 дахь хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч М.Дыг ................... дүүргийн ... дугаар хороо, ........... тоотод оршин суух бүртгэлтэйг харгалзан, Улаанбаатар хотын .............. дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулж, прокурор Р.Энх-Оюуны “...шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтад ‘‘...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Д-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх уг ялын хэмжээг хөндөөгүй тул дээрх өөрчлөлт нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор Р.Энх-Оюуны бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/461 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...“Улаанбаатар хот”-оос гэснийг “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр”-ээс. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 74 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА

                         ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР