| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0076/З |
| Дугаар | 110/ШШ2026/0002 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 110/ШШ2026/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Э” ХХК,
Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар,
Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гаалийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан хаяг шошгогүй, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчил гаргасан гэж үзэж, 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, мөн хатаасан жимс, самар, жигнэмэг зэрэг барааг хураах, устгуулахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
2.”Э” ХХК-аас уг шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.Үүнд:
2.1. Гаалийн улсын байцаагч Х.Ж нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийн хатаасан жимс, самар, жигнэмэгт хяналт шалгалт хийх явцад хаяг шошгогүй, хаяг шошгын зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дах хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, тэдгээрийг хурааж, устгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн төдийгүй, шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журамд тавигдах шаардлагыг хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүйд гомдолтой байна.
2.2. Гаалийн улсын байцаагч Х.Ж нь газрын даргын баталсан 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлын хэсэгт орж ажиллахдаа 2025 оны 02 дугаар сарын 15-нд Монгол Улсад импортоор орж ирээд худалдан борлогдож байсан хатаасан жимс, самар, жигнэмэг хөгцөрч муудаж чанараа алдсан гэх зөрчлийг 2025 оны 8 дугаар сарын 26-нд илрүүлсэн гэсэн. Бодит байдал дээр бид өөрсдөө 2025 оны 8 дугаар сарын 12-нд зарим жимс муудсан байсныг илрүүлээд устгах горимд шилжүүлэх тухайгаа гаалийн байцаагч н.А 2025 оны 8 дугаар сарын 21-нд утсаар мэдэгдэж байсан.
Миний бие хүүхдээ яаралтай эмчлүүлэхээр гадагшаа явсан байхад Гаалийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/394 тоот албан бичгийг хавсралт болох мэдэгдэл, илтгэх хуудасны хамт, мөн маргааш нь 01/403 тоот албан бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт ир гэсэн дуудах бичгийг цахимаар илгээснийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мэдээд, Гаалийн газарт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуудсан өдөр очих боломжгүй, харин 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр очих боломжтойг холбогдох баримтуудаа хавсаргаж цахимаар мэдэгдсэн.
2.3. Гаалийн газарт очих зорилгоор хүүхдийнхээ эмчилгээг таслаад 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18-ны өдрийн хооронд Гаалийн газарт ирэхэд, Х.Ж амралтаа аваад гадагшаа явсан гэж надтай уулзах хүн байгаагүй, удирдах албан тушаалтан Б.Х уулзах гэхэд намайг хүлээн авахаас татгалзаж, илэрсэн гэх зөрчилд өгсөн миний тайлбар мэдүүлгийг сонсоогүй. Улаанбаатарт ирээд 2025 оны 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд илэрсэн гэх зөрчлийн талаар Гаалийн газарт тайлбар, хүсэлтээ цахимаар явуулж, 9 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгч авсан. Манай өмгөөлөгч 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Хуягбаатар даргатай утсаар ярихад, архи дээр нь зөрчлийн хэрэг нээсэн гэдэг мэдээлэл өгсний дагуу 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 7 хоног эрх бүхий албан тушаалтан Х.Жанаргүл, аймгийн Прокурорын газрын прокурор П, Г, ерөнхий прокурорын туслах нараас Зөрчлийн хэрэг нээсэн үндэслэл, шалгах ажиллагаа ямар шатандаа яваа зэрэг мэдээллийг авах оролдлого удаа, дараа хийж цахимаар Прокурорын газарт захидал гомдол илгээж байсан хэдий ч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэргийн талаар мэдээлэл авч чадаагүй байсан.
2.4. Х.Жанаргүл нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өглөө өмгөөлөгчид архинд Зөрчлийн хэрэг нээсэн маргааш хэрэг нь шүүх рүү явна гэж утсаар мэдээлэл өгчхөөд тухайн өдрийнхөө үдээс хойш 16 цагт “хатаасан жимстэй холбоотой хэрэг шүү” гэж мессеж илгээсэн. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр орой ажлын бус цагаар Х.Ж, Ж.Е нар нь 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэж огноолсон эд хөрөнгө битүүмжилсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд манай худалдагчаар гарын үсэг зуруулах гэж хууль бус ажиллагаа явуулсан.
Өмгөөлөгч шийтгэлийн хуудас гаргахаас нь өмнө Х.Ж энэ зөрчлийн хэргийг шалгуулахаас татгалзаж байгаа үндэслэлээ удирдах албан тушаалтанд нь цахимаар 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн хэдий ч үүнийг үл тоож шийтгэлийн хуудсаар гаргасан.
Хэргийн материалтай 10 дугаар сарын 01-ний өдөр танилц гэсэн. Би манай өмгөөлөгчид хэл гэсэн. Өмгөөлөгч “цахимаар танилцуулах боломжтой юу” гэхэд Х.Жанаргүл нь хэргийн оролцогч танилцахгүй гэсэн гэж худлаа тэмдэглэл үйлдсэн. Шийтгэл оногдуулсан хуудсыг надад 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цахимаар явуулсан. Өмгөөлөгч 10 дугаар сарын 02-ны өдөр болон 10 дугаар сарын 06-ны өдөр прокурорт хүчингүй болгуулах гомдол гаргасан. 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн хяналтын лабораторид импортлогдсон хар чавга, шар чавга, хар үзэм, бор үзэм, хатаасан алим, ястай хатаасан хар чавга зэргийг шинжилгээнд хамруулахад бүгд хэвийн элдэв бактери, нян илрээгүй байсан.
2.5. Түүнчлэн, хатаасан жимс, самрын хаяг, шошго нь шаардлага хангаж байсан учраас 2025 оны 02, 03 дугаар сард Монгол Улсын гаалиар нэвтрүүлж гаалийн байцаагч нь хяналт шалгалтыг зохих дүрэм журмын дагуу хийж тамга, тэмдгээр баталгаажуулсан байсан. Гэтэл 6 сарын дараа тухайн нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүний хаяг шошго нь тээвэрлэлт, зөөвөрлөлт, хадгалалтын мөн улирал солигдох явцад зарим нь бүдгэрч унаж, арилсан байгааг мэдсээр байж хаяг, шошгын зөрчилтэй бараа худалдаж байсан гэж шийтгэл оногдуулсан нь шударга үнэнд нийцэхгүй байна.
2.6. Жигнэмгийн хугацаа дууссан гэдгийг гаалийн байцаагч Х.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр илрүүлээд, 2 шил архи, 1 кг чихрийг шинжилгээний хариу гаргахаар устгана гээд устгаагүй агуулахад хадгалагдаж байсныг 2025 оны 8 дугаар сарын 26-нд илрүүлсэн зөрчил гэж үзэх нь үндэслэлгүй.
2.7. Холбогдогчийн эрхийг ноцтой зөрчиж хязгаарласан. 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг хүртэл Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл ангиар зөрчлийн хэрэг нээсэн нь ойлгомжгүй, тодорхой бус мэдэгдээгүй байсан. Өмгөөлөгч маань Зөрчлийн ямар хэрэг нээсэн, хэзээ нээгдсэн талаар мэдээлэл авах гэж бүтэн 7 хоногийн турш Гаалийн газар, Прокурорын газартай удаа дараа холбогдож байгаад анх архи нь зөрчилтэй гэж мэдсэн бол дараа нь хүн бүрийн мэдэж байсан хугацаа дууссан жигнэмэг зөрчилтэй гэдгийг хамгийн сүүлд муудаж ялгасан байсан хатаасан жимс зөрчилтэй гэдгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдээд байтал 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цахимаар явуулсан шийтгэлийн хуудсыг хүлээн авч самар, хатаасан жимс, жигнэмэг нь хаяг шошгогүй, хаяг шошгын зөрчилтэй гэж торгууль оногдуулсныг албан ёсоор мэдсэн.
2.8. Эрх үүрэг огт танилцуулаагүй, мэдүүлэг тайлбар аваагүй. Дээж авах, хураах, үзлэг хийх ажиллагаанд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. Зөрчил гэж үзсэн үндэслэлийн няцаасан тухай нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй. Бидний гаргасан хүсэлт, гомдол, мэдэгдлийг Гаалийн газар хүлээн авч хариуг илгээсэн гэх ч цахимаар ирээгүй. Хариуг 2025.10.20-ны өдөр авсан.
|
|
![]() |
Зөрчлийг шалгаж байсан эрх бүхий албан тушаалтан Х.Ж 2025.09.28-ны өдрөөс хуульд заасан үндэслэлээр татгалзаад байхад шийдвэрлэхгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хувийн өс хонзонгоор, зориуд, санаатай, ажлын цаг дууссан хойно явуулж хариуцлага хүлээлгэн дуусгасан. Х.Ж нь шийтгэл оногдуулсныхаа дараа 2025.10.01-ны үдээс хойш “Зөрчлийн материалтай танилц” гэж мессеж явуулахад нь “ бид алс газар очих гэхээр онгоцны тийз олдохгүй байна, цахимаар танилцах боломж байна уу” гэхэд Х.Ж нь “материалтай танилцахгүй” гэсэн гэж хуурамч баримт бүрдүүлж хэргийн материалд хавсаргасан байна. 2025.10.13-нд Гаалийн газарт өмгөөлөгчийн хамт очиж Аймгийн орлогч Прокурор Т.Ө, Гаалийн ажлын албаны дарга Уламбаяр, Зөрчилтэй тэмцэх чиглэл хариуцсан ГУБ Т.Ж, Эрүүл ахуй, стандартын хяналт хариуцсан ГУАБ Ж.Е нартай уулзаж хавтас хэрэгтэй танилцах хүсэлт гаргахад, Х.Ж нь хот явсан бид танилцуулах боломжгүй гэж татгалзахад манай өмгөөлөгч хяналтын ахлах прокурор П утсаар нь ярьж зөвшөөрөл авснаар хэргийн материалтай 2025.10.13-ны өдрийн 16:15 минутад танилцсан.
2.9. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дахь прокурорын оролцоо хангалтгүй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлд прокурор хяналт тавих талаар хуульчилсан. Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч 4-н субъектийн нэг гэж ойлгож байгаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Прокурорын хяналт хэрэгжих ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг гэж хуульчилжээ. Прокурор нь 2025.10.01-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан манай гомдлыг хянаад Зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гээд хүчингүй болгохоор шүүхэд дүгнэлт бичих боломжтой байсан.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлж хянасан бол өнөөдөр бид 680 сая төгрөгийн хохирол амсахгүй байх байсан.
2.10. Дээж авах, устгах дүрэм, журмыг зөрчсөн. Гаалийн хяналт шалгалт хийх явцад бараанаас сорьц, дээж, загвар авахдаа дээж авах ажиллагааг акт үйлдэж, оролцогч талуудаар гарын үсэг зуруулна. Дээжийг зориулалтын сав, баглаанд хийж битүүмжилнэ. Шинжилгээний дүн гараагүй тохиолдолд барааны хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэсэн заалтуудыг Гаалийн байцаагч Х.Ж зөрчиж барааны хөдөлгөөнийг 2025.08.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 2 сарын хугацаанд хязгаарлаж 680 орчим сая төгрөгийн хохирол учруулаад байна.
2.11. Х.Ж нь дээж авахдаа ямар нэгэн акт үйлдээгүй, эзэмшигч, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хөндлөнгийн гэрч нарыг оролцуулаагүй, хатаасан жимс, самрын төрөл бүрээс бүтэн хайрцаг хайрцаг, шуудай, шуудайгаар нь битүүмжийн дугааргүй, актын дугааргүйгээр, илтэд муудаж ялгасан хатаасан жимснээс нь зориуд ялгаж машинд ачаад авч явсан. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн бараа, бүтээгдэхүүнд гаалийн байгууллага хяналт тавихдаа зөвхөн хуульд заасан үндэслэлээр л оролцох учиртай. Гэтэл гаалийн газраас Цагааннуур чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа манай бараа, бүтээгдэхүүнд дур мэдэн гэнэтийн хяналт хийж, дээж авч барааг бүхэлд нь битүүмжилж, хураахаар шийдвэрлэсэн. Энэ ажиллагаа нь зөвхөн шүүх, Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа байсан гэж үзэж байна.
2.12. 2025.01.15-ны өдөр 225 хайрцаг жигнэмлийг авах, хадгалах хугацаа 2025.01.05-ны өдөр дууссан үндэслэлээр 4 050 000 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг 0001497 дугаартай хураах хуудсыг үйлдэж, ГАУБ Ж, ГУБ Х.Ж нар агуулахад түр хадгалуулж явсан. 2025.02.02-ны өдөр манай худалдагч хугацаа дууссан гэх жигнэмгийг устгах горимд оруулах хүсэлтээ өгөхөд гаалийн байцаагч Х.Жанаргүл нь удахгүй устгана гээд 2 сарын сүүлээр дэлгүүр дээр ирж, “... Бид өөрсдийн унаагаараа өөрснөө авч яваад устгана” гээд 225 хайрцаг жигнэмгийг авах гэхэд нь устгалын журам зөрчсөн гэж үзээд хугацаа дууссан жигнэмгийг өгч явуулаагүй, өнөөдрийг хүртэл тоо хэмжээгээрээ хадгалаастай байгаа юм.
2.13. 2025.08.25-ны өдрийн удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулахдаа нийт 6 шил архийг штрих кодыг давхардуулж наасан, 2 улс орны штрих кодтой тул “шинжилгээнд хамруулна” гэж дээжид авч явсан. Өнөөдрийг хүртэл шинжилгээнд хамруулаагүй, хариуг нь гартал худалдахыг хориглож орлого олох боломжийг хязгаарласан. 2025.01.15-нд “Айдабул, Бурабай нэр төрлийн 2 шил архи, 1кг чихрийг дээжид авч явлаа” гээд авсан.
Өнөөдрийг хүртэл ямар ч хариу байхгүй байгаа. Гаалийн байцаагч аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторид 14 төрлийн хатаасан жимс, самрын дээжийг холбогдох баримтын хамт 2025.09.3-ны өдөр хүргүүлсэн байна.
Ийнхүү дээж авахдаа илтэд муудаж хөгцөрсөн устгалын горимд шилжүүлэхээр бэлдсэн хатаасан жимснээс дээж авсан. Хөрөнгийг битүүмжилж хураах шийдвэр гаргаагүй атлаа шийтгэлийн хуудсанд хатаасан жимс, самрыг бүгдийг нь хураахаар шийдвэрлэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эд зүйл хураан авах тохиолдолд заавал прокурорын зөвшөөрөл авах байсан ч зөвшөөрөл аваагүй байна. Зөрчил мөн эсэхийг эцэслэн тогтоож шалгаагүй байхдаа чөлөөт бүсийн захирагчийн албанд 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлыг хүлээн авч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
3.1. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №0957687 дугаартай шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн зүгээс хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэлийг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол буруу шошголсон, шошгын мэдээлэгч, хандлага хангаагүй хүнсний түүхий эдээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Тэгэхээр шийтгэлийн хуудаснаас харахад худалдах явцад гэдэг үг, үсэг орж байна.
3.2. Импортоор орж ирсний дараа худалдсан. Импортоор орохыг гааль зөвшөөрчихсөн, хаяг, шошго бүрэн бүтэн, шаардлага хангаж байна гээд улсын хилээр 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, мөн зарим хэсгийг нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр улсын хилээр оруулсан.
3.3. Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 26-ны удирдамжийг үндэслээд хяналт шалгалт явуулсан гэж байна. Тэгвэл өнөөдөр хяналт шалгалт нь хуульд заасны дагуу явсан эсэх асуудлыг хөндөхийг хүсэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ямар хяналт шалгалт явуулсан нь ойлгомжгүй байгаа. 4 төрлийн хяналт шалгалтын аль төрлийн хяналт шалгалт явагдсан тодорхой бус юм. Яагаад гэвэл хяналт шалгалт явагдсан байгаа талаар мэдээллийг урьдчилаад гомдол гаргагчид өгөөгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хуульчилсан байна. Мөн хуулийн 52.5 Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэж заасан. Аль нь гэдэг нь мэдэхгүй учраас энэ дээр мэтгэлцэх боломжгүй байна. Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна. Хяналт шалгалт хараат бус байх ёстой, шударга байх ёстой, хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх зарчимтай. Энэ зарчмыг зөрчсөн, хяналт шалгалтыг шударга, хараат бусаар явуулаагүй буюу үйл ажиллагаа нь нээлттэй байгаагүй. 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хяналт шалгалтын мэдэгдэл, илтгэх хуудсыг явуулсан гэсэн боловч энэ нь өөрөө дараагийн тайлбараар няцаагдана.
3.4. Шалгуулагч этгээдүүдэд адил тэгш хандах ёстой. Тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах ёстой байсан. Харин тийм хүндэтгэл байхгүй. Хууль ёсны эрх ашиг сонирхлын энэ хяналт шалгалт явахдаа маш ноцтой зөрчсөн, тухайн хүнийг оролцуулаагүй. Үзлэгийн ажиллагаанд Т.Туяагийн дүү нь байсан гэж ябайна. Т.Туяа нь шалгалт явагдаж байна гэж нэг хүнийг л явуулсан болохоос биш төрсөн, төрөл, садан, тэр компанид хамааралтай хүн үзлэг хяналт шалгалтын үед байгаагүй. Энэ нь мөн адил хуулийн заалтуудыг зөрчсөн.
3.5. Хяналт шалгалтын тухай хуулийнхаа 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан, шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулаад удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн. Энэ шалгалт мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан журмаар явагдсан шалгалт гэж үзэж байгаа. Учир нь, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түргэн муудах бараа учраас жимснүүд муудчихсан. Тэгэнгүүт Т.Т ажилчидтайгаа нийлээд 2025 оны 08 сарын 12-ны өдөр ялгасан. Тэр печенийн хайрцагт хар чавга хийчихсэн гээд байгааг ялгаад устгалын горимд оруулах тусдаа тавьчихсан байсан. Үүнийг Т.Туяа 8 дугаар сарын 12-ны өдөр ялгачхаад, 8 дугаар сарын 21-ний өдөр гаалийн улсын байцаагч А утсаар мэдэгдэхэд “устгах горимд шилжүүлнэ, хүсэлтээ өгөөрэй” гэж утсаар ярьсан. Ингээд 5 хоногийн дараа Х.Ж ахлуулсан эрх бүхий албан тушаалтан бөгөөд 3 ажилтан шалгалтыг хийсэн гэж байгаа. Тэгэхлээр хориглосон хуулийн заалтыг зөрчиж шалгалт явагдсан. Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэл үйлдэх ёстой. Тэмдэглэлээс 2 хувь үйлдэнэ, нэг хувийг нь шалгуулагч этгээдэд өгнө. Шалгалтын тэмдэглэлд дараах зүйлүүдийг тусгана. Шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал, дүгнэлтээс гадна шалгуулагч этгээдийн санал хүсэлт, шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй нь танилцаад гарын үсэг зурж баталгаажуулна. Хэрвээ гарын үсэг зурахаас татгалзах юм бол тэмдэглэлд тусгана. Эд нарыг хэрэгжүүлэхгүйгээр хяналт шалгалт хийгээд явсан. 8 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудсандаа хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн гэж байгаа юм.
3.6. Худалдах борлуулах явцад чанар алдсан 24 мянган кг хатаасан жимс, жигнэмгийг эзэнд нь мэдэгдэж, хуулийн хүрээнд илэрсэн зөрчлийг арилгуулахаар мэдэгдлийн дагуу ажил зохион байгуулахад хамтран ажиллахыг уриалж байна гэсэн. Илтгэх хуудсан дээр 24 мянган кг хатаасан жимс гэж ямар баримтаар 24 мянган кг гээд байгаа нь ойлгомжгүй, шийтгэлийн хуудсан дээр энэ хэмжээ яаж гарч ирсэн юм бэ, программаар 141 сая төгрөгийн бараа байна гээд байгаа. Энэ программ, дэлгүүр дээрх агуулах контейнерынх бүгд зөрнө, нэг ч удаа жигнэж үзээгүй боловч 24 мянга гэсэн тоог оруулсан. Тэгэнгүүт самар байхгүй, хатаасан жимс гээд ямар жимс байгаа юм бэ, хар чавга чинь 6, 7 төрөл байна, маш олон төрлийн савлагаатай байна. Аль савлагаатай нь муудсан гэхлээр Сэлэнгээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр авчирсан цагаан хайрцагтай болон бор хайрцагтай хар чавга муудчихсан, үүнийг ялгаад тавьчихсан байна. Хяналт шалгалт хийж байгаа хүн тайлбар аваад, шалгалтын дараа сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Харин Х.Жанаргүл ээлжийн амралттай байхдаа заавал энэ ажиллагааг хийнэ гэж, 9 сард бүтэн сар гаруй шалгасан гээд 7 өдөр Ж гарын үсэгтэй эрхийн актууд гарсан байна.
3.7. Жигнэмэг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр илэрсэн зөрчил биш, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр жигнэмгийн хугацаа дуусчихсан байна гэдгийг илрүүлсэн, устгана гээд тоолоод тавьчихсан. Харин илтгэх хуудас дээр 8 сарынх дээр оруулж ирж байгаа юм. Х.Ж 9 дүгээр сарын 04-ний өдөр 63 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг зөрчлийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийг нээнэ, ээлжийн амралттай байх хугацаандаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийг маргаж байгаа оролцогч хүлээн зөвшөөрөхгүй байхад хэргийн материалтай танилцуулаагүй, 10 дугаар сарын 01-ний өдөр торгууль оногдуулсан. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээхээсээ өмнө зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан нь хэргийн материалаас харагддаг юм. Процесс зөрчиж байна.
3.8.Оролцогч маргаад байхад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх болох юм уу гэдэг асуудал яригдана. Гомдол гаргагч нь эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг үүсгэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа 4 үндэслэл заагаад, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Нэгдүгээр үндэслэл нь хэргийн оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь ноцтой зөрчиж эрхийг нь хязгаарласан. 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр цахимаар явуулсан гэх үед Туяа гэдэг компанийн захирал, хувьцаа эзэмшигч Монгол Улсад байгаагүй. 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зөрчлийн хэргийг нээгээгүй байхдаа аль хэзээний чөлөөт бүс рүү энэ тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцал гээд албан тоот явуулчихдаг, шалгаагүй, эцэслэн тогтоогдоогүй. 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Х.Ж хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилно уу гээд явуулдаг юм. Тэгэнгүүт Туяа “би гадаадад байна” гэж эмчилгээгээ хаяад 9 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсад хүрээд ирдэг. 9 дүгээр сарын 16-ны өдөр билүү 13-нд билүү Баян-Өлгий аймагт ирсэн. Тэгээд гаалийн газарт 3 хоносон, Х.Ж ээлжийн амралттай гадаад явсан Б.Х хүлээж аваагүй, нарийн бичиг нь дарга байхгүй гэсэн. Тэгэнгүүт 3 дахь өдөр нь Гаалийн газрын Б.Х өрөөнөөсөө гараад явж байхад нь коридорт таараад, байхгүй гээд байсан дарга чинь хаа байна гээд маргаан үүсээд явсан. Нэгэнт зөрчлийн хэрэг үүсгэчихсэн юм чинь тэр үед хол газраас ирэхэд нь эрх үүргийг нь танилцуулаад, мэтгэлцэх боломжийг нь хангах зэрэг ажиллагаа явуулаагүй.
3.9. Өмгөөлөгч авахаасаа өмнө 2025 оны 9 дүгээр сарын 22, 23-ны өдөр Гаалийн газар руу тайлбарууд явуулдаг. Би 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Б.Х даргатай холбогдоход архи дээр нь зөрчлийн хэрэг үүсгэсэн гэж л ярьж байсан, харин хатаасан жимсний хаяг, шошго огт яриагүй гээд ярьдаг. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 12:00 цагт Х.Ж архи дээр нь зөрчлийн хэрэг үүсгэсэн гэж хэлсэн. Тэгэнгүүт нь үдээс хойш 16 цаг хэдэн минутад Х.Ж надад мессеж өгөхдөө “хаяг, шошгоны зөрчилтэй” гэсэн мессеж явуулж байсан.
3.10. Компанийн хувьд худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. Манай Монгол Улсад 3 чөлөөт бүс байдаг Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн. Т.Т гурвууланд нь яг ижил барааu зардаг. Тэр 2 гааль буюу чөлөөт бүс ямар ч асуудал гаргадаггүй, стандарт шаардлага хангасан гэж явуулдаг. Харин Цагааннуур боомт дандаа ийм асуудал гаргадаг, хувийн ашиг сонирхолтой гэж хардаад, сэрдээд байна.
3.11. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т зааснаар улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаар гаалийн байгууллага, улсын байцаагчид мэдүүлэх гэсний дагуу 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн. Энэ талаар бүх бичиг баримт гаальд байна. Тийм учраас би шүүхэд хүсэлт тавьсан. Шүүх тухайн хүсэлтийг хангахаас татгалзсан. Гаалийн улсын байцаагч тодорхой орос хэл, англи хэл мэдээд байна. Яагаад натурал 100% гэсэн юмыг өнөөдөр орц найрлага яриад байгаа юм бэ, энэ дээр өөр ашиг сонирхол байна. Бусдын эрхийг хүндэлсэн бол бодитой шалгах боломж байсан.
3.12. Хаяг, шошгоны зөрчилтэй гээд байгаа нь Киргизстан улсын Бишкек хотоос импортолсон хүнсний бүтээгдэхүүнүүд юм. 2, 3 сард гаалийн улсын байцаагч нар Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 275 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хяналт тавих журам”-ын дагуу нэг бүрчлэн хяналт шалгалтаа хийгээд шинжилгээнд хамруулаад, стандарт шаардлага хангасан хаяг шошгын зөрчилгүйгээр тамга тэмдгээрээ баталгаажуулаад бичиг баримтын бүрдэл хангасан гээд гаалиар нэвтрүүлсэн. Нэвтрүүлсэн учраас бид худалдаж байна. Магадгүй тухайн үед энэ асуудлыг шалгаад, хаяг шаардлага хангахгүй гэвэл импортлогч орон руу буцаагаад, зөрчлөө арилгуулж буцаж орж ирдэг юм байна.
3.13. Жигнэмгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хураах акт үйлдчихсэн, устгахаар шийдчихсэн. Тэгэнгүүт 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэлийн хуудсанд хаяг шошго, стандарт шаардлага хангаагүй гээд байгаа атлаа хугацаа дууссаныг оруулж ирсэн гэдгийг ойлгохгүй байгаа, адилхан хүнсний бүтээгдэхүүн юм чинь нэг шийтгэлийн хуудсанд бичсэн гэж яриад байна, тус тусдаа бичигдэх ёстой. 225 хайрцаг жигнэмэг хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусчихсан, 01 дүгээр сарын 15-ны өдөр зөрчил илэрч байгаа юм. Ж, Х.Ж нар 4,050,000 төгрөгийн барааг хураачихсан, агуулах контейнерт хадгалуулчихсан. 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр худалдагч Унатхан хугацаа дууссан жигнэмгийг устгах горимд оруулах хүсэлтээ өгсөн. Х.Ж өөрөө тэнд очоод, ингэж бич гээд загварыг нь өгсөн. Х.Ж нь 2 сарын сүүлээр дэлгүүр дээр очиж, 225 хайрцаг жигнэмгийг авч явна гэсэн. Тэгэхээр худалдагч нь Т.Т руу яриад “авч явах гээд ирчихсэн байна” гэхэд Т.Т “битгий өг, дүрэм журам зөрчих гэж байна, бид нар хамт явж байж устгах ёстой” гэж хэлээд өгч явуулаагүй. Бүгд хүнсний бүтээгдэхүүн учраас нийлүүлж нэг мөр шийдвэрлэх боломжтой гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн байна.
3.14. Хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Т. Туяа байгаагүй, 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд гаальд дээр ирсэн байхад ажиллагаанд оролцуулаагүй. Зөрчлийн хэрэг дотор хуурамчаар баримт үйлдсэн, “оролцогчоос танилцахгүй гэсэн хариу өгсөн” гэж хавсаргасан. Эрх үүрэг танилцуулаагүй, мэдүүлэг тайлбар аваагүй, дээж авах, эд зүйл хураах үндэслэл хийх ажиллагаанд хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй. 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг хүртэл ямар зүйл ангиар зөрчлийн хэрэг нээсэн нь ойлгомжгүй, тодорхой бус зөрүүтэй, янз бүрийн асуудлууд ярьж байсан учраас мэдээлэл байхгүй байсан.
3.15. 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дуудах бичиг байгаа юм. Зүйлчлэл нь байхгүй, дуудаж байна гэж бичсэн. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эрх бүхий албан тушаалтаас татгалзсан, хүсэлтийг өөрөө шийдэж “Хангахаас татгалзаж байна” гэсэн хариу өгөөд байна.
Улсын байцаагч Х.Жанаргүл 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойш 15 цагт вайбераар” хэргийн материалтай танилцаарай” гэж мессеж, мэйл явуулчихсан гээд байх юм. Тэр надад ирээгүй, Гаалийн газраас явуулахдаа “инбокс” дотроо байхгүй “спам” дотор орчихсон байсныг 10 дугаар сарын 02-ны өдөр мэдэж байгаа. Харин мэйлүүд нь ч ирээгүй, залгахад утсаа авдаггүй, дуут мессеж явуулахаар хууль бусаар дуу хоолойг зөвшөөрөлгүйгээр бичээд байсан. Ажил тарсан хойно худалдагчид гарын үсэг зур гээд албадаад байх юм, тэр хүн над руу ярьдаг.
3.16. Би 2025 оны 10 дугаар сарын 01-ний шөнө прокурорын мэйл хаягийг нь олоод, мессеж бичсэн. Тэгэнгүүт М.П гэдэг хүн “утас хаанаас авсан юм гэж загнаж, хэрэг над дээр байхгүй, манайд ийм зөрчлийн хэрэг байхгүй” гэсэн. Миний бие тухайн үед оролцогч мөн учраас би өөрийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
3.17. Хоёрдугаарт, шийтгэлийн хуудас нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй. Шийтгэлийн хуудсанд тавигддаг шаардлагыг хангаагүй, шийтгэлийн хуульд дурдсан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй. Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягтыг хэрэглэх журам гэж байна. Тэгэхээр ямар нэр төрлийн, хэдэн килограмм жин хэмжээтэй хатаасан жимс, самар байгаа, устгаад, хураах гээд байгаа нь шийтгэлийн хуудсан дээр ойлгомжгүй байдаг. Үүнд, төрөл нь дутуу, тоо хэмжээ үндэслэлгүй, гарын үсэг зураагүй байхад нь хялбаршуулсан журмаар шийдчихсэн. Худалдаж байгаа хатаасан жимс, самар, жигнэмэг гээд байгаа хугацаа дууссан, хяналтыг дутуу хийчихсэн асуудлууд байна. Энэ хаяг, шошгыг санаатайгаар устгасан юм уу, арилгасан юм уу сонин тайлбар хэлээд байна. 0957687 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дүгээрт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсгийг бичсэн, 2-т нь шийтгэлийн хуудас дээр тавигддаг шаардлага хэсэгт данс нь байхгүй. 3 дахь хэсэг нь хоосон , 4 дэх хэсэгт торгуулийг хэрхэн, хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй, ойлгомжгүй, 5-д нь зөрчилтэй барааг хурааж авсан уу, хөрөнгийг битүүмжлээгүй байж хураах боломж бий юу, хураагаагүй атлаа хураагаад устгана гэсэн. Хэрвээ хурааж авах байсан бол прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа юм. Харин энэ ажиллагаа мөн хийгдээгүй байна.
3.18. Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэлийн лабораторид 14 төрлийн хатаасан жимс, самар гаргасан юм, өнөөдөр очиж үзэхэд 16 төрөл байгаад байна. 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн мэдэгдэлтэй 14 төрөл гээд байна. Эко 100% натурал гээд байгаа юманд ямар юмны нэмэлт байх юм бэ. 16 нэр төрлийн хатаасан жимс, самар байна. Шинжилгээнд шинжлэх боломжгүй гээд биччихсэн. Тэр нь ялгаад тавьчихсан муудчихсан жимс, хөгцөрчихсөн, түүнийг Х.Жанаргүл нь шинжилгээнд өгнө гээд аваад явсан. Шинжээч нь шинжлэх боломжгүй гэж ястай хар чавга, курага жимс, хатаасан алимыг шинжлээгүй.
3.19. Прокурор хуульд зааснаар зөрчлийн хэрэг дээр хяналт тавих ёстой. Энэ зөрчлийн хэрэг дээр хэн гэдэг прокурор хяналт тавьж байгаа нь тухайн үед олдохгүй байсан.
Хэрэгт ач холбогдолтой шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй гэж байна. Т.Т дахин шинжлүүлье гээд хүсэлт уламжлаад Гаалийн дарга Б.Х нь 3 газрыг томилчихсон байхад шууд шийтгэлийн хуудас гарсанд нь гомдоод байна.
Гаалиар импортоор орж, ирж байгаа бараануудад шалгалт хийгээд байдаг нь урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ. Гэтэл байцаагч нар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хаяг, шошго хуульд заасан шаардлага хангасан эсэх, бичиг баримт нь зөрчилтэй эсэх, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага нөхцөлийг хангасан эсэх асуудал зэрэг бүх л асуудлыг шалгадаг. Татваргүй барааны дэлгүүрт тавигддаг шаардлагыг хангасан байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.
3.20. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэргийг нээнэ. Зөрчлийн хэргийг дуусахаас нь өмнө нь оролцогч нарт танилцуулдаг. Шийтгэвэр 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гараад, 10 дугаар сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцаарай гэдэг нь зөрчилтэй.
Хэрэг бүртгэлтийн хэргийг хэзээ дуусгах гэхээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгах, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл хуульд заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн аль нэгийг гаргана. Тэгэхээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар ямар тохиолдолд шийдвэрлэх гэхээр зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Зөрчил үйлдсэн нь стандартаар баталгаажсан хэмжилт, хяналтын төхөөрөмжөөр нотлогдчихсон, зөрчил үүсгэсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоод холбогдсон, зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөх юм бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг.
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын ашиглалтад тавих шаардлага зөрчсөн гэж байна. Энэ хэнд үйлчилдэг юм, юунд үйлчилдэг юм? Энэ стандарт зайлшгүй сав боодол хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгоны шаардлагад хамаарна. Зайлшгүй гэдэг чинь эрсдэл өндөртэй боловсруулах бүтээгдэхүүн ордог юм байна. Тэгэхлээр эрсдэлийн үнэлгээнд эрсдэл өндөртэй гэдгийг Засгийн газрын тушаал журмаар тогтоодог юм байна.
Стандарт дээр орц найрлага, үйлдвэрлэсэн газар, хугацаа, нэр жин, үйлдвэрийн газар хадгалах хугацаа нөхцөл зэрэг заавал байх ёстой үндсэн мэдээлэл нь байна.
Шийтгэлийн хуудас нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт:
4.1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын ХЧСХХГУБ Х.Ж би, Газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр баталсан удирдамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 26- ний өдөр Цагааннуур чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд гаалийн хяналт, бүрдүүлэлт, барааны хадгалалт, борлуулалт, устгал, агуулахын стандарт, оюуны өмчийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, камерын холболт зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх ажлын хэсэгт орж ажилласан.
Хяналт шалгалтын явцад “Э” компани /6274129 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-уул 11- р хороо, 7-р хэсэг 118, 215 тоот хаягт байршилтай/, худалдан борлуулж буй 14 төрлийн хатаасан жимс, самарт тооллого хийх явцад хатаасан жимс нь хөгцөрч муудсан, нянгаар бохирдсон, агуулах дотор хулгана үхсэн, барааны шуудай, хайрцаг нь хулганы баасаар бохирдсон, урагдаж гэмтсэн байдалтай байсныг илрүүлсэн.
“Э” компанийн захирал өөрсдөө илрүүлж /2025.08.12-нд/, ГУБ А.А мэдээлсэн гэх асуудлыг тус зөрчлийн хэргийн 44 дүгээр хуудсанд хавсаргасан болно. Гаалийн тухай хуулийн Тавдугаар дэд бүлэг 208 дугаар зүйлд “ Бараа устгах горим”, 208.1-д “Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон бол түүнийг байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар гаалийн байгууллагын хяналтын дор устгана”, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын “Бараа устгах горим хэрэгжүүлэх журам”-ын 1.3-т “Мэдүүлэгч нь барааг устгах горимд байршуулах хүсэлтээ гаалийн байгууллагад бичгээр гарган өгсөн байх бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна” гэж заасны дагуу байцаагчид мэдээлэх бус гаалийн байгууллагад бичгээр мэдэгдэх ёстой.
4.2. Эрх бүхий албан тушаалтан Х.Ж миний бие 2025 оны 09 дүгээр сарын 04- ний өдөр зөрчлийн холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай тус компани захирал Т.Т нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг 2513001057 дугаартай зөрчлийн хэргийн хавтасны 3-10- хуудсанд, байгууллагын явуулсан бичгийн хуулбарыг хавсаргасан.
Тухайлбал, эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас, зөрчилд холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцуулах 2025.09.04 01/403 дугаар бүхий албан бичиг, 2025.09.09 өдрийн 01/415 дугаар бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлэх албан бичгүүдийг тус тус тухайн зөрчил гаргагч аж ахуй нэгжийн мэйл хаяг, гар утасны viber-аар хүргүүлсэн.
Түүнээс өмнө утсаар болж буй процессыг тухай бүр мэдэгдэж байсан. Иргэн Т.Т нь 2025 оны 9 дүгээр сарын 14-16-ны хооронд Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт 3 удаа ирсэн. Тухайн үед газрын дарга Б.Х албаны ажлаар гадуур уулзалттай байсан бөгөөд 17-ны өдөр хүлээн авч өрөөнд уулзсан. Уулзалтад ГУБ А.М, М.Б, А.А хамт байлцсан. Ямар ажлаар явж байгааг нь тодруулж, болсон үйл явдлын талаар гаалийн улсын байцаагч нар хууль зүйн үүднээс тайлбарлаж өгсөн. М.Туяа нь тайлбарлаж байхад яриа сонсохгүй, байцаагч нарыг элдвээр доромжилж “ажлаа хийж чадахгүй байна, та нар өөрсдөө хоёр үхсэн хулгана шидчихээд зураг авсан, Ж муудаагүй бараанаас дээж аваагүй” гэх мэтээр илтэд төрийн байгууллагыг хүндлэхгүй, төрийн албан хаагчдыг гүтгэсэн авир гаргаж байсан.
Өгсөн тайлбарыг сонсохгүй байсан тул би “дахиж тантай уулзаж чадахгүй, та ажил шалгасан ажлын хэсэгт асуудлаа танилцуулаарай” гэж газрын дарга хэлсэн байна. Миний бие Х.Ж Газрын даргын 2025.04.01 өдрийн Дугаар А/08 тушаалаар амралтаа 2025.09.01-ээс 2025.09.30 хүртэл эдлэх ёстой байсан уг зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор 2 хувааж амарсан ба 9 дүгээр сарын 17-нд би амралттай байсан. Өмгөөлөгч авсан тухай тоотыг Гаалийн газарт хүргүүлсэн байсан. 2025 оны 09 сарын 25-ны орой Т.Ту өмгөөлөгч У гэж танилцуулсан хүн ажил тарах үеэр Газрын дарга Б.Х утсаар ярьсан байна.
4.3. Өмгөөлөгчтэй ярилцаж байх үед өмгөөлөгч болсон үйл явдлыг илт буруу ойлгосон байсан. Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас зөв ойлголттой байхыг тайлбарлаж өгсөн. “...Танайд зөрчлийн хэрэг нээсэн гэж надад ажлын хэсэг танилцуулсан. Архины шошгын зөрчил илэрсэн түүн дээр зөрчлийн хэрэг нээсэн байх /2 төрлийн архины бар кодыг давхар наасан, архины хугацаа дууссан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2 төрлийн архи нь стандартын шаардлага хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд одоо Баян-Өлгий аймгийн цагдаа, прокурорын газарт уг асуудал шалгагдаж байна/. Би сайн мэдэхгүй байна. Та ажлын хэсгээс тодруулаарай. Би удирдамжаар шалгалт хийж байх үед Засаг даргын хамт ОХУ-д албан ажлаар явж байгаад ирсэн учир нарийн ширийн зүйлүүдийг мэдэхгүй байна...” гэх тайлбар өгсөн.
ГУБ Х.Ж миний бие тус компанийн өмгөөлөгчтэй утсаар яриагүй, тэр хүний утсыг ч мэдэхгүй байв. 2025 оны 09 сарын 30-ны орой ажил тарах үеэр танихгүй дугаараас дуудлага ирсэн авахад, “...Би “Э” компанийн өмгөөлөгч нь байна” гэж ярьсан. Миний бие Зөрчлийн тухай хуулийн 6.15 зүйлийн 10-д заасны дагуу хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалсан тул Г-63 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх бүртгэл нээж, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх гэж байгаагаа тайлбарласан. Архийг шинжилгээний хариу гарахаар шийдвэрлэх талаар тайлбар өгсөн боловч өмгөөлөгч ойлгоогүй юм уу, ойлгохыг хүсээгүй юм уу сонин ойлгомжгүй хариу илгээсэн.
4.4. Дээж авах, битүүмжлэх ажиллагааны тухайд, Цагааннуурын чөлөөт бүсэд 2025.09.30-ны өдөр ажлын цагаар очиж тус компанийн хатаасан жимс хадгалсан байр савын бүрэн бүтэн байдал, лац ломбо хөндсөн эсэхэд хяналт хийхээр очсон. Битүүмжилсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож, хадгалах, хамгаалах үүргийг хүлээсэн компанийн худалдагч Д.У , ажилтан Х.Б нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан хариуцлагыг сануулж гарын үсэг зуруулах гэсэн боловч “...Т.Т захирал битгий зур гэсэн...” гээд зураагүй болно.
4.5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас татгалзан гаргах хүсэлтээ удирдах албан тушаалтанд гаргаж болно” гэж заасан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасан үндэслэл үүсээгүй тул ЭБАТ-ийг өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэрийг удирдлагууд гаргасан. Хэргийн материалтай танилцах тухай хуудсыг эзэн болох Т.Т, өмгөөлөгч нарт цахим хаягаар илгээсэн болно.
Т.Т “таны илгээсэн материалтай танилцахгүй, өмгөөлөгчид хандаарай” гэсэн. Өмгөөлөгч нь чамаас татгалзсан гэсэн хариу өгсөн. Шийтгэврийн хуудсыг прокурорт хүчингүй болгуулах гомдлыг компанийн өмгөөлөгч гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай дугаар 69 тогтоолыг үйлдсэн байна. 2025.02.17-ны өдрийн шинжилгээний хариунаас харахад, бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа байхгүй байгаа нь тогтоогдоод байгаа ба аж ахуйн нэгж нь микробиологийн шинжилгээ хийлгүүлээгүй зөвхөн нитратын хэмжээ болон мэдрэхүйн үзүүлэлтийг шинжлүүлсэн байна. Хөгц мөөгөнцрийг микробиологийн шинжилгээгээр илрүүлдэг. Худалдан борлуулж буй хатаасан жимснүүдийн ихэнх нь огт хаяг шошгогүй, зарим нэгэнд нь хаяг шошго нь байгаа боловч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна: хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр; үйлдвэрлэгчийн нэр, хаяг; хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;үйлдвэрлэсэн он, сар, өдөр; хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа; хадгалах нөхцөл; тэжээллэг чанар, орц, найрлага; хэрэглэх арга; гаж нөлөө, хориглох заалт” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Энэ хуулийн 12.7. дах хэсэгт “Дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон” гэж үзнэ: 12.7.4 дэх хэсэгт энэ хуулийн 12.4, 12.5.2-т заасан шошгод тавьсан шаардлагыг хангаагүй; бол буруу шошголсон гэж үзнэ. Мөн Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартын шаардлагыг хангахгүй зөрчилтэй байсан тухайлбал гарал үүсэл аль улсынх, хэзээ хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа “өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх ба заасан хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь өөрчлөгдөх хугацаа“, хэрэглэж дуусах хугацаа "өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх ба заасан хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацаа”/, хадгалах нөхцөл , жин, тоо орц найрлага г.м мэдээлэл огт байхгүй байсан болохыг тогтоогдсон. MNS 6648:2016 стандартын 7.-д Шошгыг байршуулах хэсэг 7.1 -т “ Хүнсний бүтээгдэхүүний шошго нь түүний сав боодлоос салахааргүй байна”, 7.3-т “Шошгын мэдээлэл нь худалдааны болон хэрэглээний хэвийн нөхцөлд хэрэглэгчдэд ойлгомжтой, ил харагдахуйц, арилахааргүй, хялбар уншигдахуйц байна” гэснийг тус тус хангахгүй, хаяг шошгогүй байгаа нь магадгүй хэрэглэх хугацаа нь дуусаад авч хаясан байх магадлалтай байна.
4.6. Миний бие ГУБ Х.Ж, Д.Б, газрын даргын хамт 2025.01.15-нд чөлөөт бүсэд хяналт шалгалт хийх явцад хэрэглэх хугацаа дууссан жигнэмэг зарж борлуулж байсан үйлдлийг илрүүлж зарж борлуулахыг хориглож, “... захиралдаа уламжилж хэлээрэй, устгах горимд шилжүүлэх тухай хүсэлтээ гаргаарай” гэж худалдагч Д.У хэлж, хураах хуудас үйлдэж явсан. Т.Т ГУБ Д.Б зөрчлийн талаар маш тодорхой тайлбарлаж өгсөн боловч худалдагчийн буруу, ажлаас нь хална гэх байдлаар зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, ГУБ байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Энэ нь сунжирсаар 2025 оны 08 дугаар сарын 26-ны хүртэл үргэлжилсэн. Иймд газрын даргын баталсан удирдамжийн шалгалтаар илэрсэн зөрчилд нэмж шийдвэрлэхээр зөрчлийн хэрэгт нэмсэн болно.
4.7. Тухайн үед чанар байдлаа алдсан бараа бүтээгдэхүүнийг гаалийн устгах горимд байршуулах, устгах үйл ажиллагаанд өөрөө биечлэн оролцох, боломжгүй бол хууль ёсны төлөөлөл оролцуулах хүсэлтээ бичгээр ирүүлэхийг газрын даргын 2025.09.03-ны өдрийн 01/394 тоот албан бичгээр хүргүүлсэн. Албан бичгийн хамт хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийг нэг бүрчлэн танилцуулсан танилцуулга, барааны чанар алдсан байдлыг баримтжуулсан фото зургийг хавсаргасан.
4.8. Т.Т шүүхэд гаргасан гомдолд “Болсон хэргийн үйл баримт” хэсгийн 2-т “бид ямар зөрчилд холбогдсоноо мэдээгүй, сарын хугацаанд ямар ч мэдээлэл өгөөгүй гэж” илт худлаа бичсэн байна. Бидний зүгээс эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас, зөрчилд холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцуулах 2025.09.04 өдрийн 01/403 дугаар бүхий албан бичиг, 2025.09.09 өдрийн 01/415 дугаар бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлэх албан бичгүүдийг аж ахуй нэгжийн мэйл хаяг, viber-ээр хүргүүлж байсан.
3өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд буюу ажлын 5 хоногт багтаан шалгаж, Г-63 дугаар авч хялбаршуулсан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн боловч холбогдогч ирээгүй тул 2513001057 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Хэрэг бүртгэлийн хугацааг нэг удаа 7 хоногоор сунгасан бөгөөд холбогдох нотлох баримт гэрэл зураг, камерын бичлэг, үзлэгийн тэмдэглэл, дээж авах баримт зэрэг бүгд хавтаст хэрэгт бүрэн хавсаргасан.
4.9. Компанийн худалдаалж байсан хатаасан жимс нь огт хаяг шошгогүй, MNS 6648:2016 стандартын шаардлага хангаагүй, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, гарал үүсэл, найрлага, хадгалах нөхцөл, хэрэглээний заавар зэрэг заавал байх мэдээлэл дутуу, микробиологийн шинжилгээ хийгдээгүй. Хөгц мөөгөнцөр илэрсэн тухай нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон. 2025.01.15-нд хэрэглэх хугацаа дууссан 225 хайрцаг 5131 жигнэмэг илрүүлж, устгалд шилжүүлэх хүсэлтээ бичгээр гаргахыг худалдагчид мэдэгдсэн боловч өнөөг хүртэл хүсэлтээ ирүүлээгүй. Иймд зөрчилтэй бусад бараатай хамт устгалд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
4.10. 2025.10.13-ны өдөр гомдол гаргагч компанийн хууль ёсны өмгөөлөгч Т.Урангэрэл, компанийн захирал Т.Туяа нар тус газарт ирж биечлэн танилцсан. Танилцсан талаарх нотломж бичгээ хавтаст хэрэгт хавсаргасан. Дээж авах, үзлэг хийх явцад тухайн компанийн худалдагч нарыг /Б.У/ байлцуулсан ба Т.Туяагийн төрсөн дүү нь дээж авах явцад оролцож, надтай зэрэгцээд тайлбар хийгээд явж байсан нь дээж авах үеийн энгэрийн камерын бичлэгт байгаа болно.
Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. Тус компанийн гаргасан зөрчлийг нотлох камерын бичлэг, гэрэл зураг, бичиг баримтуудыг цуглуулан зөрчлийн хавтаст хэрэгт хавсаргасан. Уг зөрчлийн хэрэгт холбогдуулан нотлох баримт гаргаж өгөх нээлттэй байсан ч зөрчил гаргагч компанийн зүгээс ямар нэгэн баримтыг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй. Тус компанийн гаргасан хүсэлт, гомдол, шаардлагад тухай бүр бичгээр хариу хүргүүлж ажилласан. Харин ч тус хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Тухайлбал, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.4, Бараанаас сорьц, дээж загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын 7.4-т зааснаар дээжийн шинжилгээний төлбөрийг өнөөдрийн хүртэл барагдуулаагүй байна.
4.11. Иргэн Т.Т нь 2025 оны 9 дүгээр сарын 14-16-ны хооронд Баян-Өлгий аймаг дахь гаалийн газарт 3 удаа ирсэн. Тухайн үед газрын дарга Б.Х албаны ажлаар гадуур уулзалттай байсан бөгөөд 17-ны өдөр хүлээн авч өрөөнд уулзсан. Миний бие Х.Ж Газрын даргын 2025.04.01 өдрийн Дугаар А/08 тушаалд амралтаа 2025.09.01 -ээс 2025.09.30 хүртэл эдлэх ёстой байсан уг зөрчлийн хэрэгтэй холбоотойгоор хоёр хувааж амарсан ба 9 дүгээр сарын 17-нд би амралттай байсан. Бидний зүгээс эрх бүхий албан тушаалтны дуудах хуудас, зөрчилд холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд оролцуулах 2025.09.04 өдрийн 01/403 дугаар бүхий албан бичиг, 2025.09.09 өдрийн 01/415 дугаар бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлэх албан бичгүүдийг аж ахуй нэгжийн мэйл хаяг, viber-ээр хүргүүлж байсан.
Х.Ж миний бие тангараг өргөсөн төрийн албан хаагч тул хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан. Бидний дунд хувийн өс хонзон үүсэхээр өмнө нь ямар нэг харилцаа тогтоож байгаагүй, огт танихгүй. Т.Т ирүүлсэн зарим нэг гомдол нь давхацсан, бичигдсэн зүйлүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, илт худал бичигдсэн байна. Бид хуулийн хүрээнд ажилласан болохоо үүгээр мэдэгдэж байна.
4.12. Дээж авах, устгах дүрэм, журмыг зөрчсөн тухайд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2 дах хэсэгт "Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ" гэж хуульчилсан байдаг.
Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны А/422 дугаар тушаалаар баталсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.3.-т “Хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналтад зайлшгүй хамрагдах барааны тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчсөн, гэмтэж муудсан, битүүмжлэл алдагдсан бараанаас дээж авна” гэж заасан.
Дээж авах, үзлэг хийх явцад тухайн компани худалдагч нарыг /Берекебай,Уатхан/ байлцуулсан ба Туяа захирлын төрсөн дүү нь дээж авах явцад оролцож, надтай зэрэгцэн тайлбар хийж байсан нь дээж авах үеийн энгэрийн камерын бичлэгт бичигдсэн. Бараанаас дээж авсан тухай тэмдэглэл, хавсралтыг хавтаст хэргийн 20-21 хуудаст хавсаргасан болно. Тэмдэглэлд тус компанийн ажилтан болох Берекебай гарын үсэг зурсан ба дээж авах шаардлагын дагуу битүүмжлэлтэй хайрцаг, уутаар нь авсан.
Аймгийн Стандартчилал хэмжил зүйн итгэмжлэгдсэн лабораторийн шинжээчээр шинжилгээ хийхэд хүрэлцэхүйц хэмжээгээр авхуулж, үлдсэн барааг байгууллагын агуулахад хадгалуулсан. Хайрцаг, уутаар нь авах болсон нэг шалтгаан нь шинжилгээний дүнд барааны хадгалах хугацааг тусгах зорилготой байсан.
4.13. Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5. дах хэсэгт “Чөлөөт бүсэд нэвтрүүлж байгаа бараанд эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг тавина”, Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны А/422 дугаар тушаалд “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 2.8-д “Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч хянаж баталгаажуулснаар сорьц, дээж, загварын бүртгэлийн дугаар СА13 программд автоматаар үүсэж, гаалийн лабораторид цахимаар илгээгдсэн үеэс лабораторийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа түр зогсоно” гэсний дагуу барааг худалдан борлуулахыг зогсоосон.
Шинжилгээний дүн эерэг буюу стандартын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр гарсан тул зөрчлийн хэрэг нээж, барааг ангиллаар нь нэг бүрчлэн жинлэх шаардлагатай тул одоогоор битүүмжилсэн байдалтай байна. Мөн зөрчилд холбогдогч шүүхэд гомдол гаргасан тул орон тооны бус зөвлөлд шилжүүлээгүй болно. 2025.01.15-ны өдөр 0001497 дугаартай хураах хуудас үйлдэн хадгалах хугацаа хэтэрсэн 225 хайрцаг 8131 жигнэмгийг хураасан ба удаа дараа устгах горимд байршуулах хүсэлтээ бичгээр гаргахыг мэдүүлсэн боловч хэрэгжүүлээгүй тул хатаасан жимстэй хамт устгахаар шийдвэрлэсэн болно. Тухайн зөрчлийн хэрэгт архи нь ямар ч хамааралгүй ба архийг аймгийн Цагдаагийн газар ГМ-904 дугаарт бүртгэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх саналтайгаар аймгийн Прокурорын газарт хүргүүлж, шийдвэрлэсэн талаарх хариуг манайд хүргүүлсэн гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
5.1. Миний бие 2025 оны 0 8 дугаар сарын 23 хүртэл Цагааннуур боомтод ажиллаж байсан. Би 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжийн амралт авах байсан. Тэгээд 1 дэх өдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдөр байгууллага дээр очиход газрын дарга маань “удирдамж гарсан, та амралтад явахаас өмнө чөлөөт бүс дээр нэг ажиллаад ирээч, таныг ажлын хэсэгт оруулсан байгаа” гэж хэлсэн. Тэр удирдамж нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарсан байсан. Бид нар 08 өдөр 26-ны өдөр чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд удирдамжид заасан шаардлагын хүрээнд хяналт шалгалтаа хийсэн. Миний бие ажлын хэсэгт орсон болохоос биш, ахлах Ерлан байсан, би ажлын хэсгийг ахлаагүй. Энэ удирдамжийг Ерлан ахлах болон Бердигүл хоёр утсаар 8 дугаар сарын 25-ны өдөр чөлөөт бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн худалдагч нарт танилцуулаад, бид нар маргааш танайх руу очих гэж байгаа гээд удирдамжийг танилцуулсан.
5.2.Тэгээд бид нар 8 дугаар сарын 26-ны өдөр бүх аж ахуйн нэгжүүдийн дэлгүүрт удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Барааг нь тоолох гээд л очоод харахад, тэр агуулахад хулгана үхсэн, бараанууд нь эмх замбараагүй, энд, тэнд цацагдсан, хөгцөрч муудсан байсан. Тэгээд ажлын хэсэг өөрсдөө хэлэлцээд, үүнийг битүүмжлээд маргааш нь ирж шинжилгээнд хамруулъя гээд, бусад компаниудыг хянаад, маргааш нь ирж дээж авахаар болж битүүмжлээд явчихсан.
2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Жамсранжав бид хоёр ирж дээж авсан. Камерыг бариад явж байгаа хүн зөрчлийн байцаагч Жамсранжав байсан. Би ороод тухайн бараануудыг нэг бүрчлэн хайрцаг савыг нь хараад, ерөнхийд бараануудын 80-90-ээд хувь нь хаяг, шошго байхгүй байсан.
5.3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна гэсэн. Үүнд, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, тоо хэмжээ, цувралын дугаар, өөрөөр хэлбэл тэр үйлдвэрлэгдсэн үйлдвэрлэгчийн цувралын дугаар нь байх ёстой. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсвэл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалтыг заавал тусгах ёстой гэж заасан байдаг. Мөн хулийн 12 дугаар зүйлийн 12.7-д дараах тохиолдолд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буруу шошголсон гэж үзнэ. Үүнд, 12 дугаар зүйлийн 12.4, 12.5.2-т заасан шошгод тавьсан шаардлагыг хангаагүй бол буруу шошголсон гэж үзнэ гэж заачихсан. Өөрөөр хэлбэл, дээр мэдээлэл байхгүй барааг буруу шошголсон гэж үзэх юм байна. Шошгын мэдээлэл нь байгаа газарт нь дээрх дурдсан мэдээлэл байхгүй, заримд нь бүтээгдэхүүний нэр нь байгаа, заримд нь үйлдвэрлэгч нь байхгүй, цувралын дугаар огт байхгүй. Хамгийн гол нь хэрэглэж дуусах хугацаа гэж нэг ч бараанд нь байхгүй.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтод тавих шаардлага гэсэн стандарт тусгаад өгсөн. Энэхүү стандартын шошгыг хэрхэн байршуулах талаар заасан байдаг. Үүнд, 7.1-д хүнсний бүтээгдэхүүний шошго нь түүний сав бодлогоос салахааргүй байна, 7.3-д шошгын мэдээллийн худалдааны болон хэрэглээний хэвийн нөхцөлд хэрэглэгчдэд ойлгомжтой, ил харагдахуйц, арилахааргүй хэлбэр уншигдахуйц гэснийг тус тус хангасан байх ёстой. Зарим барааны хаяг, шошго нь арилчихсан, салчихсан байна гэсэн. Харин стандартын 7.1, 7.3 дахь хэсэгт салахааргүй, арилахааргүй байна гээд л заасан.
5.4. Бараа муудсан байсныг А гэдэг байцаагчид мэдээлсэн гэж тайлбарлаж байна. Гаалийн тухай хуулийн 5 дугаар бүлгийн 208-д бараа устгах горимын 1-д “бараа гаалийн хяналтад байх хугацаандаа гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон бол Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар бараа устгах горим хэрэгжүүлэх журмын 1.3-д зааснаар мэдүүлэгч нь барааг устгах горимд байршуулах хүсэлтээ гаалийн байгууллагад бичгээр гаргана” гэсэн. Байцаагчид утсаар мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байхгүй, мэдүүлэгч нь бараагаа горимын нөхцөл шаардлага хангаагүй, муудсан гэвэл бичгээр хүсэлтээ манай гаалийн байгууллагад гаргаж өгөх ёстой байсан. Бид дээжээ хайрцаг шуудайгаар нь авсан. Дээжийн протоколд үйлдвэрлэгч улс орон, хэрэглэх, дуусах хугацаа нь бүгдэд нь байгаагүй гэдэг утгаар нь хайрцгаар болон шуудайгаар нь авсан.
2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр аваад 8 дугаар сарын 29-ний өглөө лабораторид хүргэж өгсөн. Микробиологийн шинжилгээ нь 5 хоногийн дараа гардаг юм байна. Тэгээд шинжилгээний хариу нь 9 дүгээр сарын 3-ны өдөр гараад 9 дүгээр сарын 04-ний өдөр Г63 гэсэн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
5.5. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа нь хоног заасан хугацаатай байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1.1-д “эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эрх үйлдэхүйг илрүүлсэн, мөн хуулийн хуулийн 6.1.2 дахь эрх бүхий албан тушаалтан нь энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг нь гаргана” гэж заасан.
5.6. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дугаар хэсэгт заасан буруу шошголсон, шошгын мэдээлэл, шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдсан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдэхээр Г 63 гэсэн дугаарыг авсан боловч холбогдогчийг хүлээгээд ажлын 5 хоног дууссан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2513001057 гэсэн дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Хугацаа нь дуусахаар зөрчлийн хэрэг нээгдэх юм байна. Энэ явцад мөн адил холбогдогчийг хүлээсэн холбогдогч нь хүндэтгэн үзэх шалтгаантай гээд хүсэлт илгээсэн, тэрийг хавтаст хэрэгт бол хавсаргасан. Ингээд л хугацаа нь дууссан зөрчлийн хэрэг бүртгэх, удирдах албан тушаалтны эрхийн хүрээнд нэг удаа 7 хоногоор сунгасан.
5.7. Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ” гэсний дагуу мөн 2 дахь хэсэгт зөрчил шалгах ажиллагаанд зөрчил үйлдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйл үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгө, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх ажиллагаанаас бүрдсэний дагуу эдгээр ажиллагаанууд явагдсан ба тухайн үед компанийн хууль ёсны төлөөлөгч нь байхгүй байсан учраас бид нар зөвхөн битүүмжлээд явсан.
5.8. Илтгэх хуудсанд тусгагдсан хэмжээ бодит тоо биш. Бид нар хайрцгийг нь зүгээр тоолоод, нэг хайрцагт хэдэн килограммаар савлагдсан гэдэг утгаар нь үржүүлээд тавьсан. Яагаад гэвэл, хураах хуудсыг бичихийн тулд компанийн төлөөллүүд нь байгаад нэг бүрчлэн тоолно, хэрвээ дутвал Гаалийн тухай хуулиар компани нь өөрөө торгуулийн арга хэмжээ авагдах зохицуулалттай байдаг. Тийм учраас зөвхөн бид нар битүүмжлээд явсан, тоо хэмжээний хувьд хайрцгуудыг тоолоод, худалдагчийн хэлснээр үржүүлээд тавьчихсан тоо байгаа юм.
5.9. Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны А/422 дугаар тушаал баталсан. Гараанаас сорьц дээж авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмын 2.1.3-д “хорио цээр, эрүүл ахуй, чанар, тохирлын хяналтад зайлшгүй хамрагдах, барааны тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчсөн, гэмтэж муудсан, битүүмжлэл алдагдсан бараанаас дээж авна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэмтэж муудсан бараанаас дээж ав гэсэн заалт нь байгаа болохоор хөгцөрчихсөн, муудсан бараанаас авсан.
5.10. Чөлөөт бүс нь гаалийн хяналт доор ажилладаг. Тийм учраас эрсдэлд суурилсан хяналтыг Чөлөөт бүсийн тухай хуулиар гаалийн байгууллага хийж болно гэж заасан тул хяналт шалгалт хийсэн. Тиймээс Чөлөөт бүсийн тухай хуулиар хийсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн гомдол гаргагчийн “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудасны[1] “жигнэмэг”, “хурааж, устгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж” хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Тогтоогдсон үйл баримтуудын тухайд,
2.1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Шалгалтын удирдамж”-аар[2] Цагааннуур чөлөөт бүсэд худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, “Р” ХХК-ийн баталгаат агуулахад 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тус тус шалгалт хийхээр шийдвэрлэж, шалгалт хийх бүрэлдэхүүнийг баталжээ.
2.2. Шалгалт хийх ажлын хэсэг нь хяналт шалгалтад хамрагдсан “Э” ХХК-ийн худалдан борлуулж буй бараануудад 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шалгалт хийхэд, 3 төрлийн 7197 ширхэг согтууруулах ундаанд давхар бар код наасан, тус компанийн импортолж ирүүлсэн 12 төрлийн хатаасан жимс, самрыг хадгалсан агуулахын дээвэр, хана зэрэг нь стандартын шаардлага хангаагүй, дээврээс борооны ус гоожсон, хатаасан жимс нь хөгцөрч муудсан, нянгаар бохирдсон агуулах дотор хулгана үхсэн, барааны шуудай хайрцаг нь хулганын баасаар бохирдсон, урагдаж гэмтсэн байдалтай, худалдан борлуулж буй хатаасан жимснүүд нь хаяг, шошгын зөрчилтэй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн болох нь хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Илтгэх хуудас”[3]-аар тогтоогджээ.
2.3. Мөн хатаасан жимс, самар зэрэг барааг худалдан борлуулсан, уг бараануудад хаяг, шошгын тэмдэглэгээ байхгүй болох нь 2513001057 дугаартай зөрчлийн материалд авагдсан гэрэл зураг[4], мөн хариуцагчаас гаргаж өгсөн СD бичлэгт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус батлагдаж байна.
2.4. Хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар дээрх нэрлэсэн зөрчлүүдээс хаяг, шошгогүй хатаасан жимснүүдийг худалдан борлуулсан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дах хэсэгт зааснаар гомдол гаргагч компанийг 3.000.000 төгрөгөөр торгож, хатаасан жимс, самар, жигнэмэг зэрэг барааг хураах, устгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд,
3.1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна”, 12.4.1-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр”, 12.4.2-т “үйлдвэрлэгчийн нэр, хаяг”, 12.4.3-т “хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар”, 12.4.4-д “үйлдвэрлэсэн он, сар, өдөр”, 12.4.5-д “хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа”, 12.4.6-д “хадгалах нөхцөл”, 12.4.7-д “тэжээллэг чанар, орц, найрлага”, 12.4.8-д “хэрэглэх арга”, 12.4.9-д “гаж нөлөө, хориглох заалт”, 12.6-д “Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна” гэж тус тус заажээ.
3.2. Гомдол гаргагчаас хатаасан жимс болон самрыг импортолж оруулсан гэж тайлбарласан, импортолж оруулсан хатаасан жимс, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа хуульд заасан шошгын мэдээлэл, шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000. 000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
3.3. Харин хэрэгт авагдсан зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд, хаяг, шошгоны зөрчилтэй жигнэмгийг худалдан борлуулсан талаар нотлох баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй байх тул шийтгэлийн хуудаст тусгасан “жигнэмэг “ гэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
3.4. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-дах заалтад заасан зөрчлийг гаргасан этгээдэд зөвхөн торгох шийтгэл оногдуулахаар хуульд заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны холбогдох хэсгээр хуулийн тухайн заалтад заагаагүй албадлагын арга хэмжээг авахаар, тодруулбал, хатаасан жимс, самрыг хураан авах, устгах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэсэн хууль ёсны зарчимтай, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай тус тус нийцээгүй, гомдол гаргагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
3.5. Гомдол гаргагч нь шүүхэд “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх үүрэг тайлбарлаагүй, мэдүүлэг тайлбар аваагүй, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж буй гаалийн улсын байцаагчаас татгалзсан байхад шийдвэрлээгүй, прокурорын оролцоог хангаагүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй” гэж тайлбарласан боловч хаяг, шошгоны зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 10, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай 12 дугаар зүйлийн 12.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Эс” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0957687 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудасны “жигнэмэг”, мөн “хурааж, устгахаар аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж” хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША