| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/01924/И |
| Дугаар | 192/ШШ2025/05338 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/05338
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 192/ШШ2025/05338 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************ дүүрэг, *************дугаар хороо, *********** тоотод оршин суух, ********* овогт ********* ******* /РД:*******/
Нэхэмжлэгч: ********** дүүрэг, *******дугаар хороо, ************* тоотод оршин суух, ******овогт ****** Болдбаяр /РД:***********/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********* дүүрэг, *********дүгээр хороо, *******дүгээр байр, ******* тоотод оршин суух, *овогт ********* ********** /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 16,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 12,297,320 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ********, ********* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*********** бид нар нь******тай зарын дагуу уулзаж ярилцаад *********ын 3 өрөө байрыг худалдан авахаар тохиролцсон.Ингээд тус байранд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нүүж ороод амьдарсан. Гэрээгээр тохирсны дагуу 10 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч ажлын хөлс орж ирээгүйн улмаас 10 хоног хойшилж, 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр *********д 65,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг өгч амжаагүй байж байтал ***** нь нүүж гарахыг шаардсан. Ингээд бид өгсөн мөнгөө авалгүй өвлийн хүйтэнд нүүж, өөр байранд орсон. Түүний шаардсаны дагуу нэн даруй байрыг нь суллаж өгөөд гарсан. *********аас өгсөн мөнгөө нэхсэн боловч өгдөггүй, миний мөнгийг ашиглаад 5 сар болж байна. Бид 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байранд нүүж ороод 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүж гарсан. Ингээд******аас мөнгөө нэхэхэд нийт 49,000,000 төгрөгийг буцааж өгсөн боловч үлдэх 16,000,000 төгрөгийг өнөөдөр хүртэл хугацаанд өгөхгүй байх тул *******аас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч *********т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд ********нараас ********* надад холбогдуулан "16,000,000 төгрөг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг гардаж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Нэлээд хугацаанд хүлээсэн боловч мөнгөө өгөхгүй хохироож эхэлсэн тул байраа чөлөөлж авсан.
Иймд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэв.
3.Хариуцагч *********т нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч нар болох ********, ******** нар нь миний өмчлөлийн ***********дүүргийн *********дугаар хороо, ********** /17100/, **********, 1437 дугаар байрны *********хаягт байрлах 78,31 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 258,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Урьдчилгаа болгон 100,000,000 төгрөгийг өгнө, үлдэх төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэж тохиролцсон. Тэдний хэлсэнд итгээд байрандаа оруулсан. Тэгээд урьдчилгаа гэж 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 65,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгөө 2 хоногийн дотор өгнө, мөнгө бүтэхгүй бол унаж байгаа ********* машинаа зараад өгнө гэсэн боловч мөнгө бүтэхгүй байна, өгнө гэсээр 2 сар 10 хоног манай байранд амьдарсан.
Тус орон сууц нь байрны зээлтэй ба сар бүр 3,008,000 төгрөгийг төлдөг байсан. Энэ тухайгаа ч анх арилжаа хийхдээ хэлж байсан. Мөнгөө өгөхгүй байсан тул наймаа хийхээ больж байраа 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлж, түлхүүрээ авсан. Төлбөрөө цаг хугацаанд нь өгөхгүй худал хэлж, миний төлөвлөж байсан ажлуудад саад болж, байраа хурдан зарахын тулд 5,000,000 төгрөгийн төлбөрийг үл хөдлөх худалдааны агентад төлж заруулах зэргээр маш их хохирсон.Дараагийн худалдан авагчид урсгал зардлын төлбөргүй байр хүлээлгэн өгөхийн тулд бүхий л зардлуудыг өөрөө төлсөн.
Иймд орон сууцны зээлийн 2 сар 10 хоногийн төлбөрт 7,018,670 төгрөг, мөн хугацааны цахилгааны төлбөрт 78,261 төгрөг 7 мөнгө, халаалт, цэвэр бохир усны төлбөрт 200,389 төгрөг 1 мөнгө, агентын төлбөр 5,000,000 төгрөг, нийт 12,297,320 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цахилгааны төлбөр болон халаалт цэвэр, бохир усны төлбөрт нэхэмжилсэн 278,650 төгрөг 8 мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Харин орон сууцны зээлийн төлбөр болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан агентыг зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зардлууд нь хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд гарсан зардал тул нэхэмжлэгч нартай хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,018,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч талаас хэрэгт дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 65,000,000 төгрөг тухай баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээ,итгэмжлэл зэрэг болно.
6.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг өгсөн байна. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтууд зэрэг болно
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нар нь хариуцагч ************д холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан 12,297,320 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, түүний өмчлөлийн Нийслэлийн *********угаар хороо, ******** /1***0/, **********удамж, ****** дугаар байрны******* тоот хаягт байрлах 78,31 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 258,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоод, урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 20-ны өдөр төлөхөөр үүрэг хүлээж, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус байранд нүүж орсон. Гэвч ажлын хөлс удаж орж ирсний улмаас урьдчилгаа төлбөрт 65,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгч, үлдэгдэл төлбөрөө өгч амжаагүй байтал ********* нь байрнаас нүүхийг шаардсан тул 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүж гарсан. Ингээд бидний урьдчилгаанд өгсөн төлбөрөөс 16,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ... нь нэхэмжлэгч нар миний орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 258,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаанд 100,000,000 төгрөг өгнө, үлдэх төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлнө гэж тохирсон. Тэдний хэлсэн зүйлд нь итгээд байрандаа оруулсан боловч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 65,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгөө өгөхгүй хохироож 2 сар гаран амьдарсан гэх агуулгаар тайлбарлан, нэхэмжлэгч нараас хохиролд 12,297,320 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн.
4. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нар нь тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүйгээс болж миний төлөвлөсөн ажлууд амжихаа байж, би байраа нэхэмжлэгч нараас аваад хурдан зарахын тулд үл хөдлөх худалдан борлуулах агентад 5,000,000 төгрөгийн төлбөр төлж хохирсон. Мөн нэхэмжлэгч нар нь миний байранд 2 сар 10 хоног амьдарсан учраас тэр хугацааны зээлийн төлбөрт 7,018,670 төгрөг төлөх ёстой. Мөн амьдарсан хугацааны ашиглалтын зардалд 278,650 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 278, 650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
6. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Талууд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар нь хариуцагчаас *************дугаар хороо, ********* /**********00/, *************, ********** дугаар байрны *******тоот хаягт байрлах 78,31 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 258,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцоод, нэхэмжлэгч нар нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус орон сууцны урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг, үлдэгдэл 158,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
6.2 Нэхэмжлэгч нар нь тус байранд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүн орж, амьдарсан байх ба байрны үнэд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 65,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.
6.3 Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг тохирсон хугацаандаа мөнгөө өгөөгүй гэх үндэслэлээр байрнаас нүүхийг шаардсаны дагуу нэхэмжлэгч нар нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус байрнаас нүүж, байрыг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна.
6.4 Хариуцагч нь нэхэмжлэгч нараас орон сууцны төлбөрт хүүлээн авсан 65,000,000 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг төлж, үлдэх 16,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
7. Дээрх үйл баримтаас дүгнэхэд:
7.1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.
Талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нар нь төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэх шалтгааны улмаас хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээнээс татгалзаж, гэрээний зүйл болох орон сууцыг суллахыг шаардсан байна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн шаардсаны дагуу орон сууцнаас нүүн гарснаар хариуцагчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биеслсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.
Иймд хариуцагч нь гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан авсан тул, нэхэмжлэгч нараас худалдах, худалдан авах гэрээний үнэд авсан 65,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь дээрх 65,000,000 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч маргаагүй, харин 16,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй байх тул нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 16,000,000 төгрөгийг шаардаж байгаа нь дээрх хуульд нийцнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *************аа 16,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
7.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12,297,320 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд нэхэмжлэгч нарыг орон сууцанд амьдарсан хугацааны ашиглалтын зардалд 278,650 төгрөгийг, мөн хугацааны орон сууцны зээлэнд төлсөн 7,018,670 төгрөг, орон сууцыг бусдад худалдахад төлсөн агентын төлбөрт 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь учирсан хохирол, үүргийн зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоо байх явдал юм.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалд нэхэмжилсэн 278,650 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны зээлэнд төлсөн 7,018,670 төгрөг, орон сууцыг бусдад худалдахад төлсөн агентын төлбөрт төлсөн гэх 5,000,000 төгрөгийг тус тус эс зөвшөөрч маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.
Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ..тус орон сууцыг банкны зээлээр авсан бөгөөд сар бүр 3,008,000 төгрөгийг төлдөг гэж тайлбарлан, уг төлбөрийг нэхэмжлэгчийн тус орон сууцанд амьдарсан хугацаагаар тооцон 7,018,670 төгрөгийг нэхэмжилсэн.
Дээрх тайлбараас үзвэл хариуцагчийн нэхэмжилж байгаа 7,018,670 төгрөг хариуцагчийн гуравдагч этгээдтэй буюу банктай байгуулсан гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөр гэж ойлгогдохоор байх тул уг төлбөрийг нэхэмжлэгч нарын хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгч нарыг орон сууцнаас гаргасны дараа тус орон сууцыг хурдан хугацаанд худалдах хэрэгцээ шаардлага гарсаны дагуу агентад 5,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжилжээ.
Хариуцагчид тус байрыг хурдан хугацаанд зарах ямар хэрэгцээ шаардлага байсан болох, агентгүйгээр тус орон сууц бусдад худалдагдахгүй байсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй төдийгүй хариуцагч нь сайн дурын үндсэн дээр агенттай гэрээ байгуулж, тухайн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг төлсөнд нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нараас 278,650 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,018,670 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *************аас 16,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ************ нарт олгож, нэхэмжлэгч **********нараас 278,650 төгрөгийг гаргуулан, хариуцагч ***********ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,018,670 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 211,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************аас улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********нарт, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 9,010 төгрөгийг гаргуулан хариуцагч **********д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА