Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбат Шинэбаяр |
Хэргийн индекс | 2410017510385 |
Дугаар | 2024/ДШМ/967 |
Огноо | 2024-08-27 |
Зүйл хэсэг | 27.10.5., |
Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/967
2024 08 27 2024/ДШМ/967
З.Ч-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
шүүгдэгч З.Ч,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/541 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн З.Ч-т холбогдох 2410017510385 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
................. овгийн З............Ч..........., .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .......... төрсөн, ... настай, э.эгтэй, .................., .............. мэргэжил...., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , .................................................... оршин суух, урьд ял шийтгэл..., /РД: .............../;
Шүүгдэгч З.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ
2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ...-ын амны зуслангийн замд “Toyota Prius” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгспийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: З.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Ч-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч З.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч З.Ч-ыг өөрийн оршин суудаг ............ дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч З.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгч З.Ч-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.Ч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрдэнэт хотод хэвтэрт байдаг 90 настай хөгшин эхдээ эм тариа хүргэж өгч, эргэж тойрох ажил гарч байгаа тул 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...З.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон тул 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр түүнд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаанд ............. дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч З.Чын тайлбараар эрүүл мэндийн хувьд урьд группт орж байсан бөгөөд 2016 онд группээс гарсан. Мөн 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 5.000.000 төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Ч-ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх 1-2/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2,07 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/,
иргэний нэхэмжлэгч Ч.Э-н “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь Хан- Уул дүүргийн замын цагдаагаас ярьж байна, таны аав Ч Б амны зуслан дээрээ согтуугаар айлд маргаан үүсгэсэн байна, та ирээд авах уу гэхээр нь байгаа газар нь буюу Нисэхийн тойрог дээр очиж аавыгаа авахад надтай утсаар ярьсан цагдаа танай аав согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна бид машиныг нь журамлачихлаа гэсэн. Тэгээд би аавыгаа аваад гэртээ харьсан. Аавынхаа согтуугаар жолоо барьсныг өөрөө хараагүй учраас тэр талаар нарийн тодорхой зүйл мэдэхгүй байна. Миний аавын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг учраас цагдаагийн байгууллагаас дуудан ирүүлсний дагуу мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Үнэлгээ хийлгэх шаардлагагүй. ...” /хх 11/,
иргэний хариуцагч Ч.Э-н “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хэрэг явдлын талаар өөрийн мэдэх зүйлээ иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг ойлгосон. ...” /хх 14-15/ гэсэн мэдүүлгүүд,
З.Ч-ын 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 24-25/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
З.Ч нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ...-ын амны зуслангийн замд “Toyota Prius” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Ч-ын үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч З.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч З.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч З.Чыг өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, З.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч З.Ч “...Миний бие Эрдэнэт хотод хэвтэрт байдаг 90 настай хөгшин эхдээ эм тариа хүргэж өгч, эргэж тойрох ажил гарч байгаа тул 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд З.Чын ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.
Шүүгдэгч З.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй хэдий ч өмнө нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд эрхээ хасуулсан хугацаандаа үйлдсэн зөрчилдөө гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/541 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/541 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР