Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2026/0003

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А.А ,

            Хариуцагч: Дэлүүн сумын Засаг дарга,

Хариуцагч: Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга,

Гуравдагч этгээд: А.Х, А.Ж, Б.Т нарын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш,  хариуцагч Дэлүүн сумын Засаг дарга бөгөөд хариуцагч Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А /цахимаар/, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, орчуулагч Т.Хуаныш,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч “Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөлжөөний бэлчээрийн маргааны заагийг тогтоох тухай” шийдвэр, сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Бэлчээрийн зааг тогтоох тухай” 01/255 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн “Чихэртэй” гэх газарт байршилтай “Улаанчулуу” гэх өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг А.Ж, А.Х, А.А нарт хамтран ашиглах тухай шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дэлүүн сумын Засаг дарга болон Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад тус тус холбогдуулан гаргаж маргасан.

            2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2.1. Нэхэмжлэгч А.А би төрсөн ах А.Ж, А.Х нарын хамт Дэлүүн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Чихэртэй” гэх газарт байршилтай “Улаанчулуут” гэх өвөлжөөнд хот айлаар хамтран оршин сууж байгаа юм. Гэтэл уг “Улаанчулуут” гэх өвөлжөөг хамтран эзэмшиж байгаа А.Ж, А.Х нар нь бэлчээр булаацалдаж баг, сумын удирдлагуудад гомдол гаргаснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хэсэгчилсэн хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөлжөөний маргааны зааг тогтоох тухай” шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Бэлчээрийн зааг тогтоох тухай” 01/255 дугаартай шийдвэрээр бэлчээрийн бүс газрыг тухайн өвөлжөөнд хот айлаар оршин сууж буй А.Ж, А.Х, А.А нарын болон Өлгий сумд оршин сууж буй Тилеген нарын дөрвөн айл өрхөд нүдэн баримжаагаар хуваарилан, бэлчээрийг хуваан өгч, бэлчээрийн зааг, хил хязгаарыг тогтоосон шийдвэр гаргасныг миний бие хууль бус шийдвэр хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.23, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.22-д зааснаар бэлчээрийн ашиглалт, хамгаалалт нь зөвхөн орон нутгийн сумын чиг үүрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15-д заасныг үндэслэн газар эзэмших, ашиглах талаарх иргэд хоорондын маргааныг эцэслэн шийдвэрлэх эрхтэй юм. Гэтэл иргэн А.Ж, А.Х, А.А нарын бэлчээр ашиглах талаарх маргааныг шийдвэрлэсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын болон сумын Засаг даргын шийдвэрүүд нь тус тус хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр юм.

2.3. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг хот айлаар хуваарилж, нийтээр ашиглана” гэж, “өвөлжөө  хаваржааны бэлчээрийг малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулна” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь “бэлчээрийг хот айлаар хуваарилан нийтээр ашиглана” гэсэн агуулгатай байхад Дэлүүн сумын Засаг дарга болон 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас айл өрх бүрд хуваарилан өгч ашиглуулах шийдвэр  гаргасан нь маргааныг улам даамжруулсан, бэлчээр булаацалдах эх суурийг тавьсан талууд бие биеийн малыг хөөж туух, улмаар зодолдох нөхцөл болж байна.

2.4. Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн өвөлжөөний маргааны заагийн тухай гэх А.Ж, А.Х, А.А, А.Болат нарын дөрвөн малчин өрхөд бэлчээрийн зааг  тогтоож хуваарилсан шийдвэр дараах байдлаар хууль зөрчсөн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас нэг иргэн оролцон байж хуралдааныг хүчинтэйд тооцох журамтай. Гэтэл тухайн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар зөвшөөрсөн 12, татгалзсан 6 буюу бүгд 18 иргэн оролцсон нь хуралдаан хүчинтэйд тооцогдох боломжгүй тухайн хуралд Жомарт, Хосбүркит нар гэр бүл насанд хүрсэн хүү бэрийг оруулсан нь 3 өрх тутмаас нэг хүн оролцох гэх хуулийн заалтыг давхар зөрчиж байна.

2.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах ба хуулийн 48.2-д заасан журмаар багийн Нийтийн Хурлын дарга тогтоолд гарын үсэг зурж албажуулах журамтай. Гэтэл тухайн өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал нь тогтоол хэлбэртэй эрхийн акт гаргаж шийдвэрлэх байтал хурлын тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж бэлчээрийн зааг тогтоох шийдвэр гаргасан нь холбогдох хууль журамтай зөрчилдөж байна.

2.6. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт зааснаар бэлчээр ашиглах талаарх маргааны эцэслэн шийдвэрлэх эрх зөвхөн сумын Засаг даргад байх ба сумын Засаг даргын шийдвэр хуульд нийцээгүй бол Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хянан шийдвэрлэхээр байгаа. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар нь нийтээр ашиглах газрын ангилалд хамаарч байгаа. Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр болон сумын Засаг даргын холбогдох шийдвэр ёсоор “Улаанчулуут” өвөлжөөний бэлчээрийг А.Ж, А.Х, А.А, Б.Т нарт хилийн зааг тогтоож хэсэгчлэн хувааж буй явдал нь хуульд нийцэхгүй, амьдралд хэрэгжүүлэх боломжгүй юм гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

3.1. Миний бие Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суудаг, мал маллаж хөдөө амьдардаг хүн байна. Бид эцэг, эхээс дөрвүүлээ, ах, дүүс хамтдаа нэг хашаа, хороонд амьдардаг байсан. Миний хамгийн том ах А.Ж, А.Х, мөн А.Болат гэдэг ах маань амьдарч байгаад нас барсан.

3.2. 2012, 2013 оноос эхлэн  ах, дүүс маань “чиний мал их байна” гэж  миний малыг хувааж өгсөн тул би нэг хүүхдээ сургуулиас гаргаж аваад, ах, дүүсээсээ тусдаа амьдарч байсан.  А.Ж өвөлжөөнөөс доошоо 600 м.кв газарт хашаа барьж авсан. Тэгээд дараагийн жилээс эхлэн  газрыг хувааж авах талаар Дэлүүн сумын удирдлагуудад хандсан байна. Үүний улмаас Дэлүүн сумын  өмнөх Засаг дарга А.Н, сумын газрын даамал Б нар ирээд  бэлчээрийг хувааж өгөх боломжгүй, газрыг хувааж өгөх тухай хууль байхгүй, хоорондоо эвлэрч амьдраарай гэсэн. Хувааж авсан 600 метр квадрат газарт амьдарч байсан.  Тухайн 600 метр газрыг хадлангийн талбай болгож, байшин барьж авсан. 

3.3. 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд А.Ж, А.Х нар очиж “газрыг хувааж авна” гэж ард иргэдийн саналыг аваад, дараа нь сумын Засаг дарга М.Авужалел 6 дугаар сарын 04-ний өдөр албан тоот өгсөн, би тухайн шийдвэрийг “зөвшөөрөхгүй байна” гэж өргөдөл өгсөн.  2025 оны 9 дүгээр сард намаржаанд нүүж ирэхэд бас ах, дүүс хоорондоо маргаан гаргаад, сумын Засаг дарга М.А  “маргааныг шийдэж өгөөрэй” гэж утасдсан. Сумын Засаг дарга М.Аболон аймгаас Болатбек гэдэг ахын эхнэр, хүүхэд нь 3 айлын хүмүүс болон хажуу айлын хүмүүс бүгд цуглаж хуралдаан хийсэн. Сумын  Засаг дарга М.А“ах, дүүс хоорондоо эвлэрээрэй” гэдэг зүйл ярьсан.  А.Хийн эхнэр нь Еркегүл гэдэг хүн эвлэрэхгүй” гэж хэлсэн. Шүүхээр шударга шийдвэр гаргаж авъя гэж   нэхэмжлэл өгсөн. Маргааны гол үйл баримтыг өмгөөлөгч маань дэлгэрэнгүй тайлбарлах байх гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

4.1. Нэхэмжлэгч А.А нь Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөлжөөний бэлчээрийн маргааныг заагийг тогтоох тухай” шийдвэр болон Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн   “Бэлчээрийн зааг тогтоох” тухай 01/255  дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, тухайн “Чихэртэй” гэх газарт байршилтай “Улаанчулуу” гэх өвөлжөөний бэлчээрийн бүс нутгийн газрыг эзэмшигч А.Ж, А.Х, А.А нарт хамтран эзэмшүүлэхийг даалгах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр  хангах шийдвэрлэх зүйтэй гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд газрын бэлчээрийн асуудлаас болж удаан хугацаанд үргэлжилсэн  хэрүүл маргаан гарч байгаа үйл явц нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байсан. Гэхдээ хариуцагч буюу сумын Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурал маргааныг шийдвэрлэх талаар  удаа дараа хэлэлцсэн хэдий боловч шийдлийг  хууль тогтоомжид заасан журмын дагуу гаргаагүйгээс болж өнөөдрийн  хүртэл даамжирсан байдалтай байна.

 4.3. Газрын бэлчээрийн маргааныг  шийдвэрлэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хууль болон Газрын тухай хуульд зааснаар эцсийн шийдвэр гаргах эрх нь сумын Засаг даргад байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар сумын Засаг даргын бөгөөд сумын хэмжээнд хамаарах асуудал байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар сумын Засаг дарга эцэслэн шийдвэр гаргаж шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Бэлчээр гэдэг чинь газрын бүрэлдэхүүн хэсэг байхаас гадна онцгой объект. Бэлчээрийг зохистой ашиглах талаар зохицуулалтыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд тодорхой дурдсан.  Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно” гэж заасан.

4.4. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан.  Түүнээс биш тэнд байгаа айл,өрх болгонд бэлчээрийг хуваарилж олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ маргааныг шийдвэрлэлээ гэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг дарга Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зүйлийн хүрээнд энэ асуудлыг шийдэх байтал бэлчээрийг өрх болгон дээр хуваарилж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Сумын Засаг дарга шийдвэр гаргаагүй, саналыг дэмжих маягаар албан тоот бичгээр гаргасан. Гэхдээ Засаг дарга маргааныг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар захирамж хэлбэрээр шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл гаргаагүй байна.

 4.5. Мөн багийн иргэдийн Нийтийн Хуралд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсэгчилсэн хуралдаан хийсэн гэж тайлбарлалаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан гэж байдаггүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын асуудлыг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар зохицуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Нийтийн Хурал гэсэн болохоос биш  багийн Нийтийн Хурлын хэсэгчилсэн хурал гэж байхгүй.

 4.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт багийн иргэдийн Нийтийн Хуралд 3 өрх тутмаас нэг хүн оролцохоор заасан. Гэтэл хэсэгчилсэн хуралдаан гэж байгаа нь А.Х, А.Ж,  талийгаач Болатын эхнэр, Тилеген, А.Аын айлын насанд хүрсэн 3 хүн, тэгээд хөрш айлуудаас 4-5 хүн оролцож, нийтдээ 18 хүн оролцож багийн хуралдаан хийгээд шийдвэр гаргасан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гэдэг нь тэмдэглэл хэлбэртэй байна. Гэхдээ шийдвэрлэсэн хэсэгт 4 айлд бэлчээр хуваарилсан шийдвэр байна. Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас зөвхөн тогтоол гарах ёстой. Гэтэл тогтоол биш тэмдэглэл нэртэй ба шийдвэрлэсэн хэсэгт шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

4.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлаас эрх зүйн актын хэлбэрийн хувьд шийдвэр буюу акт гараагүй ч гэсэн мөн хуулийн 37 дугаар зүйл захиргааны акт гэдэгт хамаарч байгаа гэж ойлгож байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Засаг даргын гаргаж байгаа албан тоот нь багийн иргэдийн хэсэгчилсэн Нийтийн Хурлын  хуралдааны тэмдэглэл нь гадагшаа чиглэсэн, бусдын дээрх хууль ёсны ашиг сонирхлыг зохицуулсан байдгаараа үр дагавар бий болгож, газрыг хувааж авсан гэдэг ойлголт үүсгээд,  үүнээс болж газрын маргаан үүссэн.

Ийм  учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрхийн актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1. Миний бие Ж.М Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэн бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаа. Миний бие тус багийн иргэн А.Аын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд, тус хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар маргаан дагуулсан бэлчээрийн асуудлыг хэлэлцсэн боловч ямар нэгэн шийдвэр эрх зүйн акт гаргаагүй. Маргаж байгаа талууд тус бэлчээрийн асуудлыг 4 хүн хувааж ашиглах талаар санал гаргасан боловч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй юм. Сумын Засаг дарга М.Ань тус хуралдаанд оролцсон ба түүний гаргасан шийдвэртэй би танилцаагүй мэдэхгүй гэжээ.

6. Хариуцагч Дэлүүн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1. Энэхүү маргаан нь 2019 оноос эхлэн гарсан ба аав болох Ахметийн өвөлжөөнд А.Ж, А.Болат, А.Х, А.Омар /Айбас/ нар хамтран амьдарч байсан юм. Гэтэл ах, дүү 4 хоорондоо таарамж муутай болж, жилд 1-3 удаа хэрэлдэж сумаас ажлын хэсэг очиж маргааныг шийдвэрлэсэн байсан. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 20-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажилласан ба тухайн үед Засаг даргаар А.Н ажилласан. 2021 онд А.Ж, А.Х нар дахин газрын маргаан гаргаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга надад болон Засаг дарга А.Нт өргөдөл өгч газрын маргааныг шийдвэрлүүлэхээр сумаас комисс очиж байсан юм. Тухайн үед комисс очиж тэднийг нэг доор амьдрах боломжгүй хүмүүс гэдгийг мэдээд эцгийнхээ өвөлжөөг 4 хуваан ашиглах газрын зааг тогтоож өгсөн. Тухайн үед Засаг дарга А.Н өвөлжөөг уулнаас гол хүртэл ах дүү 4-д газрын зааг тогтоож, газрын хэмжээг тэнцүү хувааж ашиглахаар шийдвэр гаргасан байна.

6.2. Уг хуралд сумаас Засаг дарга А.Н газрын даамал Б.Б, хөдөө аж ахуйн мэргэжилтэн А.Семейхан, 4 дүгээр багийн Засаг дарга Т.Санах нар оролцсон . Гэхдээ А.Н дарга шийдвэр гаргахдаа багийн иргэдийн Нийтийн Хуралд уг асуудлыг оруулахгүйгээр комисс өөрсдөө шийдвэр гаргасан байсан. Үүнээс хойш тэд жил болгон хэрүүл маргаан гаргаж, хоорондоо зодолдож Засаг даргын тамгын газарт ирдэг юм. Тэдэнд ах дүүсийн ямар нэгэн сайн харилцаа байхгүй, эвлэрэх боломжгүй маргаан гаргаж сумд байнга ирдэг, удаа дараа очих боломжгүй бензин шатахууны хүрэлцээ муутай учир аргагүйн эрхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хийж газрыг хуваарилан ашиглах шийдвэр гаргасан болно.

6.3. 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 4 дүгээр багийн ээлжит хуралдаан болсон ба сумаас бид хуралд оролцохоор очиход А.Ж бидний газрын маргааныг хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлэж өгөөрэй, урьд нь хуваарь гаргаж өгсөн боловч А.О /Айбас/ байнга маргаан гаргаж бидний малыг бэлчээхгүй байна гэснээр уг гомдлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оруулж танилцуулсан юм. Уг хуралдаанд А.А ирээгүй. Хуралд оролцсон 34 хүн уг маргааныг авч хэлэлцээд тэдний өвөлжөөнөөс доошоо А.Ж, А.Х нарт, өвөлжөөнөөс дээшээ А.А, А.Болатын гэр бүлд тэнцүү ашиглах шийдвэр гаргасан.

6.4. Тухайн үед дахин маргалдаж бидэнд хандахад, би 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 01/201 дугаартай албан тоотоор багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийн дагуу өөр өөрсдийн хуваарьтай газрыг ашиглах тухай хариу өгсөн юм. Гэтэл 2025 оны 8 дугаар сард А.Ж, А.А нар маргалдаж  тэдний хүүхдүүд хоорондоо зодолдож, А.Х, А.А нар хоорондоо зодолдсон асуудал гарсан тул сумаас комисс гарч энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөөрэй гэж А.Ж утсаар хандаж өргөдөл гаргахад багийн Засаг дарга Ш.С үүрэг өгч, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулсан. Урьд нь А.А хуралдаанд би байгаагүй гэж маргаан гаргасан тул газрын даамал Б.Б нарын хүмүүс очин дахин хуралдаан хийсэн. Гэтэл бид ах дүү дөрөвтэй эвтэй байхыг хэлсэн боловч тэд тохиролцоонд хүрээгүй. Багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон 18 хүний 12 нь дэмжиж, 6 иргэн татгалзаж санал өгсөн. Засаг дарга миний бие ямар нэгэн захирамж гаргаагүй зөвхөн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг үндэслэн хэрүүл маргаан гаргахгүйгээр хуралдаанаас гарсан шийдвэрийг мөрдөж бэлчээрийг хамттай ашиглаарай гэсэн албан тоот өгсөн юм гэжээ.

7.  Хариуцагч  бөгөөд хариуцагч Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

7.1. А.А болон ах, дүү дөрвүүлээ хоорондоо таарамж муутай, сард 2,3 удаа сумын Засаг даргын тамгын газарт ирээд, маргаан үүсгэдэг, бид нар байнга очиж,  тамгын газрын дарга, багийн Засаг дарга, газрын даамлыг явуулдаг. Нэхэмжлэгч А.А хамгийн анх надад энэ асуудлын улмаас хандахад, би  “ах, дүүгээ дуудаж, цай өгөөд, уучлалт хүсэж, хоорондоо эвлэрээрэй” гэж зөвлөгөө өгсөн.  Харин А.А “би 3 ахыг гэрт урихгүй, уучлалт гуйхгүй” гэсэн тул би “тэгвэл газрын маргаан гаргахгүйгээр амьдраарай, та нарын газрыг бид нар өдөр болгон газар дээр нь  ирж, хэмжих боломжгүй” гэдгийг хэлсэн. Ааваас нь үлдээсэн өвөлжөөнд бүгдээрээ амьдарч байна. Өвөлжөөнөөс дээшээ гарсан  уулыг  4 хүүд нь өмнөх Засаг дарга А.Н хуваарилж өгсөн. 

7.2. Үүнд ямар маргаан гарсан гэхээр А.А жижигхэн байшинг А.Жын гадна талд барьсан.  А.Ж, А.Х нар хамт байхыг хүсдэг. Таарамж сайтай  ах, дүүс өвөлжөөнөөс доошоо газрыг ашиглах, өвөлжөөнөөс дээшээ талийгаач Болатын эхнэр, хүүхэд нь болон А.А нар хамт ашиглах саналыг тавьсан. Миний бие “ би тэр асуудлыг шийдэхгүй, 2021 онд тухайн үеийн сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг дагана,  2021 оны гаргасан шийдвэрийг ард түмэн авч хэлэлцсэн үү, багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэдийн саналыг авч хэлэлцсэн үү” гэж тухайн үеийн сумын асуухад,  “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хийгээгүй, зөвхөн сумаас ирсэн газрын даамал болон орлогч нартай нийлж, газрын нийт хэмжээг хэмжиж, газрыг 4 хуваагаад өгсөн. Би маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд танилцуулаарай” гэж хэлсэн.

7.3.  Тухайн хуралдаанд А.А ирээгүй, ямар шалтгаанаар  ирээгүй байсныг мэдэхгүй,  А.Ж  нь “энэ асуудлыг хэлэлцэж өгнө үү” гэсэн санал гаргасан. Гэхдээ анх хэлэлцэх асуудал дээр тухайн асуудал ороогүй байсан. Тухайн үед ах, дүүс хоорондоо хэрэлдэж, сумаас хоёр удаа  цагдаа очсон. Би “та нар ингэж болохгүй” гэж хэлээд  иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оруулж,  ард түмнээс санал авсан. Тухайн хуралдаан эхлэхэд  А.Ж саналаа гаргасан,   ард иргэд “А.Жынх зөв байна, өвөлжөөнөөс доошоо А.Х, А.Ж нарт өгье, өвөлжөөнөөс дээшээ Болат, А.А нар өгье” гэдэг саналыг   бүгд дэмжсэн. 36 хүн билүү, 38 хүн билүү дэмжиж оролцсон. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас тухайн саналыг гаргасны дараа би  хэд хоног хүлээсэн. Улмаар хоорондоо дахин маргалдаж,  “нар руу хүрээд ир” гэж утасдсан. Миний бие дахин, дахин очихгүй, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг албажуулж өгье гэж албан тоотоор бичиг өгсөн.

7.4. Тухайн үед А.А нар зусланд гарах гэж байсан, өвөлжөөнд байх ёсгүй байсан боловч тухайн газарт маргаж байсан.  Намар хүмүүс хадлан авч байх үед дахиад хэрэлдэж, биднийг дуудсан.  Дараа нь А.А “би багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд  байгаагүй, миний  байхгүй үеийг далимдуулж, ийм асуудлыг тавьсан байна, та хүрээд ирээч” гэж дуудсан.  Би дахиад очиход, тухайн багийн иргэд  залхсан байдалтай “байнга хэрүүл хийдэг, хүнийг мууг үзээд тэнд суумааргүй байна, дарга нар өөрсдөө шийдээрэй” гэсэн. Намайг очиход,  А.А нарын хөрш зэрэглээ айлууд, мөн  төлөөллүүд болон оролцох ёстой хүмүүс байсан.

7.5. Тухайн хуралдаанд “ би бас эвлээрэй” гэдгийг хэлэхэд,  талийгаач Болатын эхнэр “10 хэдэн жил хэрэлдсэн хүмүүс юу гэж эвлэрэхийн, харин хүн амины хэрэг гарч магадгүй” гэж нэг нэгэн рүүгээ дайрч байсан. Тэгээд А.Х, А.Ж, талийгаач Болатын эхнэр нар нь 2025 оны  05 дугаар сарын 15-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг  шийдвэрийг хэвээр батлах саналыг тавьсан. Харин А.А  бол “би А.Жтай хамт хуучин газарт  сууна, тэнд байшин барьсан, тэндээс нүүхгүй” гэсэн. 

7.6. Миний  бие А.Х, А.Ж, талийгаач Болатын эхнэр нарт “хэрвээ өвөлжөөнөөс дээшээ газрыг А.Ат өгөхөөр бол Айбасын жижигхэн байшинг нүүлгэх зардлыг та нар төлнө” гэдгийг хэлсэн ба  А.Х нар зөвшөөрсөн. Би А.Ат “чиний хадлангийн талбайг би хөндөхгүй, яагаад гэвэл тусгай хамгаалалтын газарт орж байна, гэрчилгээ гарахгүй, ашиглаж бай” гэж хэлсэн.  А.А өвөлжөөнд байгаа хуучин аав, ээжийн байшинд амьдрах боломжтой, хашаанд мал оруулах бас боломжтой. Ах, дүү нар нь А.Атай таарахгүй болохоор “маргаан гаргахгүй байя” гэж бодсон. Намар А.Аын гэрийг нүүлгэх гэж ах нар нь очиж зодсон гэсэн. Би цагдаа явуулж шалгуулахад,  А.А нь А.Хийн жоохон хүүхдийг зодсон, өс авах гэж  А.Х согтуугаар А.Аын гэрт очиж, агсам тавьж, 100,000 төгрөгөөр торгуулсан. А.А болон ах, дүүс нар нь бид нар ажил хийлгэдэггүй, эвлэрэхгүй болохоор ийм шийдвэр гаргасан гэв.

 

8. Гуравдагч этгээдүүдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

8.1. А.Ж, А.Х, Б.Т бид гурав Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суудаг тус нутагт байнга мал маллаж амьдарч байна. Өөрөөр хэлбэл, бидний өрх айл Дэлүүн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, “Бураатын ам” гэх газарт өвөлжиж, хаваржиж , намарждаг. Харин зусланд Бураатын эхэнд зусдаг юм. Тус багт оршин сууж, мал маллаж буй бид тус багт оршин суудаг А.А малын бэлчээр булаалцалдах маргаан олон жил үргэлжилсэн учраас уг нутгийн бэлчээрийн маргаантай асуудлыг нарийвчлан шийдвэрлэж өгөхийг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Минат, багийн Засаг дарга Ш.Сейтек, сумын Засаг дарга М.Анарт 2025 оны 4 дүгээр сард хандаж өргөдөл хүсэлт гаргаж байсан.

8.2. Бидний хоорондын бэлчээрийн маргааныг Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэн “танай өвөлжөөнөөс дээшээ Бураатын гол хүртэлх бэлчээрийг А.Омард, өвөлжөөнөөс доошоо Шар жалгаа хүртэлх бэлчээрийг А.Ж, А.Х нарт” ашиглуулахаар шийдвэрлэсэн. Дараа нь тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бэлчээр хуваарилах маргааныг дахин хэлэлцэн дараах шийдвэрийг гаргасан. Үүнд, багийн иргэдийн саналыг үндэслэн иргэд А.А, Б.Т нарт иргэн А.Хийн өвөлжөөний байшингийн хойд талаас Бураат гол хүртэл, иргэд А.Ж, А.Х нарт иргэд А.Хийн өвөлжөөний доод талаас А.Ж-ын өвөлжөө хүртэлх бэлчээрийг ашиглуулахаар шийдвэрлэсэн юм.

8.3. Тус багийн иргэдэд зарлан хуралдуулсан хуралдаанаар багийн иргэдийн олонхийн гаргасан шийдвэрийг бид зөвшөөрч уг шийдвэрийн дагуу одоо бэлчээрийн газрыг ашиглаж байна. Гэвч тухайн нутагт хамгийн их малтай нэхэмжлэгч А.А бидний хуваарилсан бэлчээрийн газарт малаа байнга маллаж маш их хүндрэл дарамт шахалт үзүүлж байна.

Иймд орон нутгийн эрх бүхий байгууллагаас уг газрын бэлчээр ашиглах асуудлыг орон нутгийн онцлогт тохируулан аль аль талдаа ашигтай шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

9. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ж, А.Х, Б.Т нар итгэмжлэл олгосон, тухайн хүмүүс хөдөө байдаг. 

9.2. 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тухайн хүмүүс шүүхэд тайлбар гаргасан. А.Ж, А.Х, Б.Т малчин хүмүүс. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар тухайн бэлчээрийг хуваарилсан. Тухайн шийдвэр нь хууль зөрчөөгүй. Тухайн асуудлыг иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар  хэд хэдэн удаа хэлэлцэж, Засаг дарга нь шийдвэр гаргаж байсан байна. Тухайн шийдвэрийг тухайн 3 иргэн зөвшөөрсөн.

Иймд А.Аын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон нутгийн шийдвэрийг биелүүлэх ёстой.

Процессын хувьд алдаатай ч гэсэн ерөнхий гол утгаар тухайн Буратын гол  гэх газарт өвөлжиж, хаваржиж, намарждаг юм байна. Бэлчээрийн асуудлын хувьд А.Аын хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А-ын Дэлүүн сумын Засаг дарга болон Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад   холбогдуулан гаргасан “Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай” шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Бэлчээрийн зааг тогтоох тухай” 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн “Чихэртэй” гэх газар байршилтай “Улаанчулуут” өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х,А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

  1. Тогтоогдсон үйл баримтуудын тухайд:

2.1. Дэлүүн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Улаанчулуут” нэртэй газарт нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд А.Ж, А.Х, Б.Т нар өвөлждөг ба хоорондоо бэлчээрийн маргаан үүсгэж, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, бэлчээрийг А.Х, А.Ж, А.А, А.Болат нарт тэнцүү хуваахаар шийдвэрлэсэн нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээр[1], мөн уг шийдвэрийг үндэслэж өвөлжөөнөөс дээшээ Буратын гол хүртэл бэлчээрийг А.А /хоч нэр нь А.Омар/, өвөлжөөнөөс доошоо Шар жалгаа хүртэл бэлчээрийг А.Ж, А.Х нарт ашиглуулахаар  шийдвэрлэсэн нь сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/201 дугаар албан бичгээр[2] тус тус тогтоогдож байна.

2.2. Улмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь бэлчээрийн маргааныг дахин гаргасны улмаас уг маргааныг газар дээр нь шийдвэрлэхээр 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр багийн иргэдийн хэсэгчилсэн хуралдааныг зохион байгуулж, уг хуралдааны тэмдэглэлээр[3] А.А, Б.Т нарт А.Хийн өвөлжөөнөөс дээш газрыг, А.Х, А.Ж нарт А.Хийн өвөлжөөнөөс  доош газрыг тус тус бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

2.3. Мөн сумын Засаг дарга нь дээрх шийдвэрийн дагуу  иргэн А.А, Б.Т нарт иргэн А.Хийн өвөлжөөний байшингийн хойд талаас Бурат гол хүртэл, иргэн А.Х, А.Ж нарт иргэн А.Хийн өвөлжөөний байшингийн доод талаас А.Жын өвөлжөө хүртэл тус тус бэлчээрийн газрыг  ашиглуулахаар хуваарилсныг А.Ж, А.Х, А.А, Б.Т нарт 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Бэлчээрийн зааг тогтоох тухай” 01/255 дугаар албан бичгээр[4] мэдэгджээ.

2.4. Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зургуудаар[5] нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд Б.Т, А.Х нарын өвөлжөөний байшин зэрэгцээ баригдсан байрлалтай, уг өвөлжөөний байшингуудын ойр орчмын газарт  А.Аын 90 м2, 43 м2 талбай бүхий 2 тусдаа  малын чулуун хашаатай, мөн нэхэмжлэгч А.А, гуравдагч этгээд А.Х нарын хамтран ашигладаг 443 м2 талбай бүхий малын хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгүүд байрласан байдалтай байх ба А.Аын өвөлжөөний байшингаас А.Жын өвөлжөөний байшин хүртэл  619.8 м зайтай, А.Ж нь 349 м2 талбай бүхий малын чулуун хашаатай зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

2.5. Хэргийн оролцогчид нь төрсөн ах дүүс бөгөөд  А.Болат нас барснаар түүний хүү Б.Т нь өөрийн малаа зарж, өвөлжөөний байшингаа үлдээж, Өлгий сум руу нүүсэн гэх үйл баримтыг хэргийн оролцогчид үзлэгийн явцад тайлбарласан болно. 

3. Маргааны хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"бэлчээр" гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг;”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр гэсэн ерөнхий хуваарийн дагуу ашиглана. Отрын бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, уст цэг, хужир мараа бүхий бэлчээрийг нийтээр ашиглана. Бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээрийн даацыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулж болно”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.”, 52.10-д “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

3.2. Нэхэмжлэгчээс шүүхэд маргаан бүхий бэлчээрийн газрыг гуравдагч этгээд А.Ж, А.Х нартай хот айлаар хамтран ашиглуулах тухай шийдвэр гаргахыг хүсэж шаардлага гаргасан ба хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д заасан  “... хот айлаар хамтран эзэмшиж болно” гэсэн заалт нь зөвхөн өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх асуудалд хамааралтай бөгөөд харин бэлчээрийн газрыг ашиглах асуудалд хамааралгүй заалт юм.

3.3. Тодруулбал, бэлчээрийг зөвхөн ашиглуулахаар хуульд заасан, бэлчээрийн газрыг хот айлаар хамтран эзэмшүүлэх талаар  хуулиар зохицуулаагүй, энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь хоорондоо бэлчээрийн асуудлаар   удаа дараа маргасан, энэ асуудлыг маргах бүрт нь  багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэж зохицуулсан боловч нэхэмжлэгч нь эс тохиролцсон  тул сумын Засаг дарга хуульд заасан  эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өвөлжөөний бэлчээрийн газрыг хуваарилан өгснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн бэлчээрийн газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн болно.

3.4. Нэхэмжлэгч талаас “...2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан нь хууль бус хуралдсан, хуульд заасан ирц бүрдээгүй, хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй, Засаг даргын шийдвэр нь захирамж хэлбэртэй гарах ёстой байсан“ гэж маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарласан боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн бэлчээрийн маргааны асуудлыг өмнө нь  2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хууль ёсны ирцээр бүрдсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар  хэлэлцэж шийдвэр гаргасан, уг асуудлыг  дараагийн хуралдаанд дахин хэлэлцэж өмнөх шийдвэрийг давтан гаргасан байх тул ирц бүрдээгүй үндэслэлээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

3.5. Мөн  бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна, эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэхээр заасан хуулийн нарийвчилсан зохицуулалтын дагуу Засаг дарга албан бичгээр шийдвэр гаргасан байх ба нэхэмжлэгч талын үндэслэлээр буюу бэлчээрийн маргааныг хуралдааны  тэмдэглэлээр шийдвэрлэсэн, сумын Засаг дарга албан бичгээр шийдвэр гаргасан гэх хэлбэрийн алдаануудыг үндэслэж маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

3.6.  Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А.Аын тус шүүхэд гаргасан “Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай” шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Бэлчээрийн зааг тогтоох тухай” 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн “Чихэртэй” гэх газар байршилтай “Улаанчулуут” өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х,А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2., 52.7, 52.10-д тус тус заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Аын Дэлүүн сумын Засаг дарга болон Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад   холбогдуулан гаргасан “Дэлүүн сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Өвөлжөөний бэлчээрийн зааг тогтоох тухай” шийдвэр, Дэлүүн сумын Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Бэлчээрийн зааг тогтоох тухай” 01/255 дугаар шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Дэлүүн сумын 4 дүгээр багийн “Чихэртэй” гэх газар байршилтай “Улаанчулуут” өвөлжөөний бэлчээрийн бүс газрыг иргэн А.Ж, А.Х,А.А нарт хот айлаар хамтран ашиглахыг даалгах шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

[1] Хэргийн 76-80 дугаар тал

[2] Хэргийн 63 дугаар тал

[3] Хэргийн 72-74 дүгээр тал

[4] Хэргийн 64 дүгээр тал

[5] Хэргийн 94-98 дугаар тал