| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/05641/И |
| Дугаар | 192/ШШ2025/06388 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/06388
| 2025 08 19 | 192/ШШ2025/06388 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ж.Б ,
Хариуцагч: М ХХК нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Ж.Г, түүний өмгөөлөгч У.П, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , гэрч Б.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ш.Ц би 2019 оны 6 дугаар сард 3 дугаар давхрын 2 өрөө орон сууц худалдаж авахаар хайж байгаад зарын дагуу … 70 тоотод байрлах М ХХК-д ирж борлуулалтын ажилтантай уулзсан. Тус компанийн ажилтан нь орон сууцны давхрын, өрөөний сонголтуудыг танилцуулаад компанийн хөрөнгө оруулагч Ж.Г-тайгэрээ байгуулах шаардлагатай гэсэн. Ж.Г..нь 73а, 74а байруудаас зарах эрхтэй, хөрөнгө оруулагч гэж надад тайлбарлаж ойлгуулсан. Бид уулзах үеэр би “надад 3 дугаар давхарт орон сууц хэрэгтэй, 74а байр ашиглалтад орох болоогүй тул байр авахгүй” гэхэд Ж.Г..нь “та тэгвэл .. мкв талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээгээ хийж, мөнгөө өгөөд түр аваад ороод амьдарч бай, 74а байр удахгүй ашиглалтад орчихоор та тийшээ нүүгээд энэ орон сууцыг буцаагаад өгчих” гэж хэлсэн. Тэр үед 73а байрны хажууд 74а байр баригдаж байсан тул түүний үгэнд итгэж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан 73а байрны 11 дүгээр давхар, 121 тоотод байрлах 42.44 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 70,026,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Дээрх тохиролцоог бичгээр баталгаажуулан гэрээний найм. Нэмэлт нөхцөл хэсэгт “төсөл хэрэгжүүлэгч нь шинээр ашиглатад орох 74а байрны 2 дугаар орцны 3 давхрын 42.44 мкв талбайтай орон сууцыг ашиглалтад оруулахад гэрээний зүйлээр сольж өгөх үүрэг хүлээнэ.” гэж заасан. Гэрээний 4.1.1-т “2019 оны 7 дугаар сарын 02-ны дотор нийт үнийн дүнгийн 10,026,000 төгрөгийг … Хаан банкны Ж.Г..дансанд шилжүүлнэ” 4.1.2-т “үлдэгдэл хавсралт 1-д заасны дауу төлнө” гэж заасан. Тус гэрээ нь нэг талаас үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх, нөгөө талаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх хариу үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа юм. Би гэрээ байгуулснаас хойш тус байранд нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 21 удаагийн гүйлгээгээр Ж.Г..ын Хаан банк дахь … тоот дансанд 70,026,000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргийг биелүүлсэн, хууль ёсны эзэмшигч, шударга өмчлөгч тул Ж.Г..с гэрээний үүргийн гүйцэтгэл буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй. 2020 оны 10 дугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкнаас “орон сууц нь банкны өмч тул чөлөөлнө үү” гэсэн мэдэгдлийг хаалганы гадна наасан байсан. Энэ талаар Ж.Г..руу утсаар залгаж асуухад “Банктай бага зэргийн асуудал байгаа, гэхдээ санаа зоволтгүй, танайх төлбөрөө төлөөд явж бай” гэсэн үгэнд нь итгэж төлбөрөө үргэлжлүүлэн төлсөөр явсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны 8 дугаар сард “орон сууцыг чөлөөлөх” мэдэгдлийг дахин ирүүлж, банкны ажилтан 2022 оны 8 дугаар сард утсаар ярьж “орон сууц нь манай банкны өмч тул чөлөөлөх шаардлагатай” гэхээр нь би болон 18 захиалагч хамтран өмгөөлөгч авсан. Манай өмгөөлөгч тус банкны ажилтнуудтай уулзсанаар дараах нөхцөл байдлыг тодруулж бидэнд мэдэгдсэнээр дээр дурдсан үйл явдлыг бүрэн мэдэж, ойлгосон. М ХХК, Ж.Г..нар №01 Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулан Өгөөмөр хотхон 73а байрны барилгын ажлыг гүйцэтгэж эхлээд 2017 онд 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг М ХХК-д эрх бүхий этгээд олгосон. .. 73а байрыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2204086875 дугаар, М ХХК 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банктай ..Зээлийн гэрээ, … Үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийн барьцааны гэрээ (ипотек)-г тус тус байгуулан 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалан зээл авсан. М ХХК зээлийн зөрчил гаргасан тул Монгол Улсын Хөгжлийн банк, М ХХК, Ж.Г..2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ №2/122 байгуулан, гэрээний хавсралтаар 73а байрнаас 45 орон сууцыг тус банкинд шилжүүлж зээлийн төлбөрөөс хасуулсан. Тэрхүү 45 орон сууцны нэг нь миний захиалсан 121 тоот орон сууц байсан. Монгол Улсын Хөгжлийн банк 2019 оны 9 дүгээр сард 45 орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлж, … үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Ж.Г..нь гэрээний 3.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зөвхөн захиалагчийн нэр дээр гаргаж өгнө.” гэсэн үүргийг зөрчсөн нь миний захиалсан орон сууцыг Монгол Улсын Хөгжлийн банкинд шилжүүлсэн үйлдлээр тодорхой харагддаг. Мөн би Ж.Г…с 74а байр ашиглалтад орсон тул гэрээний дагуу “74а байрны 3 давхрын 42.44 мкв, 2 өрөө орон сууцыг гэрээнд заасны дагуу сольж өгөхийг” удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй өдийг хүрсэн. Магадгүй 74а байрны тухайн орон сууцыг бусдад зарсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Би Орон сууц захиалгын гэрээний дагуу худалдаж авсан байрны төлбөрийг бүхэлд нь төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул мөн гэрээний наймд заасны дагуу 73а байрны 11 дүгээр давхрын 42.44 мкв, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 101.1, 110.1, 243.1-т зааснаар Б.Ц… намайг …2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Ж.Г..хариу тайлбартаа: “Тус шүүхэд Ш.Ц..гийн нэхэмжлэлтэй Ж.Г…т холбогдох … орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Гэтэл М ХХК нь 73а болон 74а байрнаас зөвхөн Ж.Г…т ногдох орон, борлуулагдсан, захиалагч нарын төлбөрөө төлчихсөн мэдэгдэлгүйгээр Монгол Улсын Хөгжлийн банк-д барьцаалж зээл авсан болохыг хожим орон сууцнуудыг түүнд мэдсэн ба улмаар гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байдаг. Үүний улмаас Ш.Ц..тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг М ХХК, түүний захирал Г. нь залилж, бусдын барьцаанд тавьж, өр төлбөртөө шилжүүлсэн үйл баримт тодорхой болсон байдаг. Анх Ж.Г..нь М ХХК-тай .. блок орон сууцны хотхоны төслийн эхний ээлж болох 2 давхар каркас боссон байсан 132 айлын 73а орон сууцны барилгад хамтран ажиллахаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гэрээний А тал болох М ХХК нь гэрээний 3.1.2-д зааснаар тухайн баригдах 73а орон сууцнаас ашигтай талбайн 30 хувь болон зоорийн давхрын зогсоолын хувийг өмчлөх, Б тал болох Ж.Г..нь нийт ашигтай талбайн 70 хувийг өмчлөх, зоорийн давхрын 70 хувийг өмчлөхөөр тус тус харилцан тохиролцсон юм. Улмаар Өгөөмөр орон сууцны хотхоны төслийн хоёрдугаар ээлж болох барилгын ажил явагдаагүй байсан 132 айлын 74а байранд мөн хамтран ажиллахаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 02 тоот “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Тус гэрээний 2.2-д зааснаар гэрээний Б тал буюу хөрөнгө оруулагч Ж.Ганбаатарын хувьд хөрөнгө оруулалт хийх, А тал болох М ХХК нь барилгыг барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн үйлчилгээтэй 2 орц бүхий 12 давхар 132 айлын орон сууцны 74А дугаартай барилгыг барьж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн юм. Гэрээний 3.2.1-д хөрөнгөр оруулагч Ж.Г..нь “нийт орон сууцны 2,3,5,6,7,8,9,11,12 давхрын 108 айл өмчлөх, 1 давхрын үйлчилгээний тайлбайн 50 хувийг өмчлөх, зоорийн давхарт байрлах зогсоолын 50 хувийн авто зогсоолыг өмчлөх болно” гэж тус тус заасан байдаг. Ж.Г..н хувьд дээрх барилгыг барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, бараа үйлчилгээ, автомашин, баригдаж буй барилгаас өөрт ногдох хэсгээс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэгч нарт бартер /арилжаа/ журмаар шилжүүлэн өгөх зэргээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулж байсан. Гэтэл М ХХК нь 73а болон 74а байрнаас зөвхөн Ж.Г…т ногдох орон сууцнуудыг түүнд мэдэгдэлгүйгээр Монгол Улсын Хөгжлийн банк-д барьцаалж зээл авсан болохыг мэдсэн ба улмаар гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдийг шилжүүлсэн байсан. Улмаар Өгөөмөр хотхоны 73а, 74а барилгууд баригдаж ашиглалтад орсон хэдий ч барилгын гүйцэтгэгч компани болон хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Г..нь М ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Өгөөмөр хотхоноос өөрт ногдох орон сууц болон үйлчилгээний зориулалт бүхий талбайн өмчлөх эрхийг Ж.Г..т шилжүүлэн өгөх, түүнтэй холбоотой шаардагдах баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргах өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэгдсэн. Гэвч шүүхээс уг иргэний хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэн, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоогоор урьдчилгаа төлбөр авч залилсан гэх захиалагч нарын гомдолтой М ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг, бусдын ногдох орон сууц, талбайг барьцаалж, хөрөнгөжин, залилуулсан гэх Ж.Г..н гомдолтой М ХХК, түүний захирал Г.Г… нарт холбогдох хэрэг эрүүгийн журмаар буюу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа юм. Нэхэмжлэлд дурдсанаар Ж.Г..нь гэрээний үүргээ зөрчиж, захиалсан орон сууцыг Монгол Улсын хөгжлийн банкинд шилжүүлсэн гэх боловч гэх боловч үүнд М ХХК, түүний захирал Г.Г…н хууль бус, буруутай үйлдийн улмаас уг нөхцөл байдал үүсч, олон захиалагч болоод хөрөнгө оруулагч Ж.Г..мөн хохирч үлдсэн. Ж.Г..нь М ХХК-ийн дээрх үйлдлийн улмаас өөрт ногдох хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй болж, цаашлаад захиалагч нартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгч чадахгүйд хүрсэн. Иймд маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэнтэй холбоотой хэд хэдэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул Өгөөмөр хотхоны гүйцэтгэгч М ХХК- ийн хууль бус үйлдлийг шалгуулж, эрүүгийн журмаар шийдвэрлэгдсний дараа энэхүү маргаан шийдвэрлэгдэх шаардлагатай гэж үзэж байна.” гэжээ.
3. Хариуцагч М ХХК хариу тайлбартаа: “Ш.Цнь төсөл хэрэгжүүлэгч манай компанитай гэрээ байгуулаагүй. Нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй Ж.Г-тайгэрээ байгуулж, гэрээний төлбөр болох 70,026,000 төгрөгийг Ж.Г..ын арилжааны банкны данс руу шилжүүлсэн. Манай компани руу шилжүүлээгүй. Ж.Г.., М ХХК нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээний дагуу Ж.Г..нь тухайн барилгад хөрөнгө оруулах байсан боловч хөрөнгө оруулаагүй. Манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг Хөгжлийн банкны барьцаанд тавьж манай компанийг зээл авхуулсан. Энэ зээлээс 1,1 тэрбум төгрөгийг Ж.Г..нь өөрөө авсан байдаг. Ж.Г..зээлээ төлж чадахгүй байсан тул Хөгжлийн банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж барьцаа төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2/122 дугаар зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулж байрыг өмчлөлдөө шилжүүлж авсан байдаг. Хөгжлийн банкны зүгээс эдгээр байруудыг буцаагаад манай компанид зарсан. Манай компанид худалдаж авсан байдаг. Ш.Ц нь анхнаасаа өмчлөгч биш, гэрээ байгуулах эрхгүй Ж.Г-тайгэрээ байгуулаад байрныхаа 70,000,000 төгрөгийг төлөөд хохирсон байгаа. Уг мөнгийг Ж.Г…с нэхэмжилж авах боломжтой. Түүнээс биш Ш.Цнь уг байрыг өмчлөх боломжгүй. Уг байр нь М ХХК-ийн өмчлөлд шилжсэн байгаа. Бид хууль ёсны дагуу гэрээгээ байгуулаад өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. М ХХК нь тухайн байрыг өмчлөх эрхтэй тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ш.Ц…н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.” гэжээ.
4. Хариуцагч М ХХК-иас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ш.Ц нь төсөл хэрэгжүүлэгч манай компанитай гэрээ байгуулаагүй, төсөлд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй иргэн Ж.Г-тайгэрээ байгуулж, гэрээний төлбөр болох 70,026,000 төгрөгийг Ж.Г..ын арилжааны банкны данс руу шилжүүлсэн байна. Ж.Г.., М ХХК нарын хооронд 01 тоот "Херенгө оруулж, хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний дагуу Ж.Г..нь хөрөнгө оруулж чадахгүй байсан тул манай компанийн үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны барьцаанд тавьж манай компаниар зээл авахуулсан. Энэ зээлээс 1,1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагч Ж.Г..өөртөө авсан. Ж.Г..нь зээлээ төлж чадахгүй байсан тул Хөгжлийн банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, барьцааны төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №2/122 дугаар “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, хэд хэдэн байрыг шилжүүлж авсан. …Монгол Улсын Хөгжлийн банкны нэр дээр шилжсэн байдаг. Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс энэ байруудыг буцаагаад зарсан бөгөөд байруудыг манай компани худалдан авсан. Ш.Цнь анхнаасаа уг байрны өмчлөгч биш, Ж.Ганбаатарт төлсөн мөнгөөрөө хохирсон байна. Уг мөнгийг Ж.Г…с нэхэмжилж авах боломжтой. Уг байрыг өмчлөх боломжгүй юм. М ХХК нь уг байрыг өмчлөх эрхтэй тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73а байр, 121 тоот, 42.44 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Ш.Ц…н хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “М ХХК нь 70 хувийн гүйцэтгэлтэй 73а байрыг барьцаалан Монгол улсын Хөгжлийн банкнаас зээл авсан баримт хэрэгт авагдсан тул манай компаниар зээл авахуулсан, зээлээс Ж.Г..1.1 тэрбум төгрөгийг авсан зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй. “..., Ж.Г..зээлээ төлж чадахгүй байсан” тул 121 тоот орон сууц Монгол улсын Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн гэсэн тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, тодруулбал зээлдэгч нь М ХХК тул Ж.Г..н зээл гэдэг ойлголт эрх зүйн хувьд байхгүй, М ХХК зээлээ төлж чадахгүй болсон тул Ж.Г..р, М ХХК нар хамтран банктай Зээлийн өр төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан..орон сууц шилжүүлсний нэг нь Ш.Ц..н захиалсан орон сууц юм. Гэтэл дээрх нөхцөл байдлыг зөвхөн Ж.Г..н буруу, М ХХК-ийн оролцоо огт байгаагүй мэтээр тайлбарлажээ. М ХХК, Ж.Г..нарын Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр Ж.Г..нь 73а байрны орон сууцнуудын 70 хувийг, М ХХК 30 хувийг бусдад худалдахыг харилцан зөвшөөрсөн. Хэн алинынхаа бусдад зарсан орон сууцнуудын өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэхэд саад учруулахгүй байхаар заасан. Ш.Цнь Ж.Г..н өмнө үүргээ биелүүлсэн тул М ХХК нь түүний өмчлөлд орон сууцны гэрчилгээг шилжүүлэх үүрэгтэй. Б.Э.. 2024 оны 11 сард М ХХК-ийн оффист очиж гүйцэтгэх захирал Г.Г.. “..., орон сууцны гэрчилгээг шилжүүлж өгөх саналыг тавьсан ч Ж.Г.. ав” гэсэн хариуг өгсөн тул тус компанийг хариуцагчаар нэмж татсан. Ш.Ц.., Ж.Г..нар гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 89.1-т зааснаар эзэмшил хууль ёсоор үүссэн тул Ш.Цнь мөн хуулийн 90.1-т зааснаар шударга эзэмшигч юм. Тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул эзэмших эрхээ алдаагүй. М ХХК нь 121 тоот орон сууцыг өмчлөл, эзэмшлийн маргаантай гэдгийг мэдсээр байж Хөгжлийн банкнаас худалдаж авсан, зүй нь дээр дурдсанчлан Ш.Цнь тус компанийн хөрөнгө оруулагчийн өмнө үүргээ биелүүлсэн тул М ХХК нь өмчлөлийг шилжүүлэн өгөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн тайлбарыг гаргаж байна.
6. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 5/, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх 7-11/, Ш.Ц..ийн Хаан банкны дансны хуулга /хх 12/, Б.А..ийн хаан банкны дансны хуулга /1хх 13-30/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас /2хх 77/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /2хх 78/, хариуцагч Ж.Ганбаатараас итгэмжлэл /2хх 79/, өмгөөлөгчийн гэрээ /2хх 84-86/, хүсэлтийг хангахаас татгалзах тухай 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /2хх-99/, хариуцагч М ХХК-иас итгэмжлэл /2хх 94, 137/, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ /2хх-125/, Ш.Ц..гийн хаан банкны дансны хуулга /2хх 197/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.А..г гэрчээр асууж, Монгол улсын хөгжлийн банкнаас зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ /хх 64-70/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас орон сууцны бүртгэлийн хувийн хэрэг /хх 71-2хх 72/, хариуцагч М ХХК-ийн хүсэлтээр Монгол улсын хөгжлийн банкнаас орон сууцтай холбоотой мэдэгдэл, Ж.Г-тайхарилцсан тэмдэглэл /2хх 150-160/ бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
7. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч нь Эрхийн улсын бүртгэлийн …орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч М ХХК эс зөвшөөрч, Ж.Г..гэрээний үүргээ биелүүлээгүй тул компани хариуцахгүй гэж маргасан бол хариуцагч Ж.Г..эс зөвшөөрч маргаагүй байна.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
М ХХК болон Ж.Г..нар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж, … угсралтыг М ХХК хариуцахаар, Ж.Г..нь бусад санхүүжилтийг хийхээр тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэрээгээр тогтоогдож байна.
Талууд дээрх гэрээний 3.2.2-т “Б тал нь тахайн баригдах орон сууцны барилгаас нийт ашигтай талбайн 70 хувийг өмчлөн дангаар захиран зарцуулна”, 5.6.1-д “гэрээний дагуу өмчлөх талбайг шаардах”, 6.1-д “Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.1 хувиар торгууль төлнө”, 6.5-д “тогтсон үнээс доош үнээр борлуулсан тохиолдолд м.кв тутамд оногдох зөрүү үнийг нөгөө талдаа гаргуулах зардлыг хариуцна” гэж тохирчээ.
Улмаар 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Ж.Г-тайорон сууц захиалгын гэрээ байгуулан …сууцыг 70,026,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.
Нэхэмжлэгч Ш.Ц нь 2019 оны 7 дугаар сараас эхлэн орон сууцыг бодит эзэмшилдээ авсан бөгөөд 2019 оны 7 дугар сарын 02-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 68,526,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 70,026,000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч Ж.Г..төлөгдсөн төлбөрийг зөвшөөрчээ.
Гэтэл М ХХК болон Ж.Г..нар нь маргаан бүхий орон сууцыг Монгол Улсын Хөгжлийн банканд худалдсан боловч буцаан М ХХК шилжүүлж авсан болох нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ /хх 64/, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч М ХХК нь маргаан бүхий орон сууц Ж.Г..н нийт ашигтайн талбайн 70 хувийг өмчлөн захиран зарцуулах хөрөнгөд хамаарахгүй болохыг баримтаар нотлоогүй байна.
10. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсын өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” зааснаар М ХХК нь Эрхийн улсын бүртгэлийн … орон сууцыг захиран зарцуулах эрхийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр Ж.Г-т шилжүүлжээ. Мөн энэхүү гэрээний 3.2.2-т “Б тал нь тахайн баригдах орон сууцны барилгаас нийт ашигтай талбайн 70 хувийг өмчлөн дангаар захиран зарцуулна” заасан 70 хувийн хөрөнгөд марган бүхий орон сууц хамаарахгүй болохыг хариуцагч М ХХК нотлоогүйгээс гадна 2019 оны 7 дугаар сараас эхлэн орон сууцны бодит эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч М ХХК нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхийг Ж.Г..т шилжүүлсэн байхаас гадна нэхэмжлэгчийн эзэмшлийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.
11. Эрх бүхий этгээд л өөрийн эд юмсыг захиран зарцуулах эрхтэй байдаг тул 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ш.Цнь хариуцагч М ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан … орон сууцыг 70,026,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байна.
12. Хэдийгээр маргаан бүхий орон сууцыг М ХХК болон Ж.Г..нар нь Монгол Улсын Хөгжлийн банканд худалдсан боловч буцаан М ХХК шилжүүлж авсан тул барьцааны болон худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй болжээ.
Түүнчлэн М ХХК болон Ж.Г..нар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 6.1-д “Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.1 хувиар торгууль төлнө”, 6.5-д “тогтсон үнээс доош үнээр борлуулсан тохиолдолд м.кв тутамд оногдох зөрүү үнийг нөгөө талдаа гаргуулах зардлыг хариуцна” гэж заасны дагуу гэрээний хариуцлага хэн аль нь нөгөө талаасаа шаардах эрх нээлттэй байна. Үүргийн эрх нь харьцангуй эрх тул хариуцагч нарын гэрээний үүрэгтэй холбоотой хариуцлагыг нэхэмжлэгч Ш.Цээдиймаад хамаатуулах боломжгүй юм.
13. Хариуцагч М ХХК нь орон сууцны эзэмшлийг 2019 оны 7 дугаар сард нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй бол нэхэмжлэгч Ш.Ц нь гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулжээ.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор хариуцагч М ХХК-иас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.
Харин дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Г..т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
14. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,080 төгрөг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 508,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн … орон сууцны өмчлөгчөөр Ш.Ц..г тогтоож, холбогдох бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.Ц..д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,080 төгрөг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 508,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ