Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/129

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

ШүүгдэгчӨ.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Бд холбогдох эрүүгийн 1838003000171 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ШүүгдэгчӨ.Б нь 2018 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг Дошинт гэх газраас хууль бусаар 5.23 куб метр мод бэлтгэж ойн санд 754.056 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

ШүүгдэгчӨ.Б нь 2018 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг Дошинт гэх газраас хууль бусаар 5.23 куб метр мод бэлтгэж ойн санд 754.056 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчӨ.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Байгаль хамгаалагч Гүндсамбуутай уулзаад би өвөлжөөний байшин шаардлагатай байна мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн юм гэсэн чинь эрхийн бичиг өгөхгүй байгаа гэсэн...Дошинт гэх газар ганцаараа очиж хуурай босоо 22-23 ширхэг мод бэлтгэсэн. Уг модоороо байшингаа барихад мод дутахаар нь байшингийн ойролцоо газраас босоо нойтон 11 ширхэг мод унагааж байшиндаа хэрэглэсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-21 дүгээр хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 23-25 дугаар хуудас/,

      Хохирогч М.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө.Батжаргал нь Цэцэрлэг сумын 2-р багийн нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн. Миний сонссоноор 5х6 хэмжээтэй торх бэлтгэсэн...Ө.Батжаргал нь учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Ойн хуулийн хэрэгжилтийг шалгах болон бусад ажлаар явж байхад Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг дулаан гэх газар байрлах иргэнӨ.Бын өвөлжөөн дээр байшингийн торх барьсан байхаар нь яваад очтол 5х6 орчим хэмжээтэй хуурай босоо шинэс модоор барьсан болов уу гэмээр орон сууцны зориулалттай байшингийн торх өрж орхисон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/,

Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг дулаан гэх газар байрлах иргэнӨ.Бын өвөлжөөн дээр байшингийн торх барьсан байхаар нь яваад очиход, босоо шинэс мод унагааж барьсан бололтой торх байхаар нь гараараа төөлж хэмжихэд ойролцоогоор 5.5х4.5 хэмжээтэй торх байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэргийн талаар сайн мэдэх зүйл алга сураг дуулах нь эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн юм шиг байна лээ. Өнгөрсөн өвөл өвөлжөөний хашааныхаа тэнд байшин, малын хашаа барьсан гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний  өдрийн дүгнэлтэд:

  1. ИргэнӨ.Бын бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийхэд 4.5 м3  хэрэглээний хуурай шинэс мөн 0.73 м3  хэрэглээний нойтон шинэс мод байгаа нь тогтоогдов. ИргэнӨ.Б нь нийт 754.056 төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдов.
  2. Ойн санд учруулсан хохирлыг тооцохдоо 2018 оны 5 сарын 04-ний өдрийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Г.Өнөрсайханы хийсэн хэмжилтийн үр дүн, БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалын 1 ба 4 дүгээр хавсралтаар баталсан Экологи эдийн засгийн үнэлгээ, Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрд”-ийг ашиглан тооцов. ИргэнӨ.Бын мод бэлтгэсэн гэх ойн сангийн бүсийг тооцохдоо 2012 оны “Ой зохион байгуулалтын материал”-ыг ашиглав гэх дүгнэлт /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/,

Экологи эдийн засгийн үнэлгээний754.056 төгрөгийг төлсөн тухай баримт /ХХ-ийн 68-69 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчӨ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838003000171 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

ШүүгдэгчӨ.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 66 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

ШүүгдэгчӨ.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

ШүүгдэгчӨ.Б нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838003000171 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 5.23 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ө.Б-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчӨ.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 5.23 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Эрүүгийн 1838003000171 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6 . Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР