| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зукарын Гүлбарша |
| Хэргийн индекс | 110/2025/0053/З |
| Дугаар | 110/ШШ2026/0004 |
| Огноо | 2026-12-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 110/ШШ2026/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Ж
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Х.Берген, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Ж нь шүүхэд анх Баян-Өлгий аймгийн “аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Бергений 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг (1), “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр (2), “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар (3), “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар (4), “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар (5), “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар (6), “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 (7), 18-04/30 дугаар (8), “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр (9) актуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар актуудыг хүчингүй болгох шаардлагаасаа, мөн шүүх хуралдааны явцад “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг хүчингүй болгуулах шаардлагаасаа тус тус татгалзан.
3. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18-004/24, 18-004/25, 18-004/26, 18-004/29, 18-004/30, 18-04/31 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамнаас уг гомдлыг хянан 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/5030 дугаартай бичгээр хариу хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд дараах байдлаар тайлбарласан.
4.1. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Х.Бергений 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгах тухай” 18-04/10 дугаартай, мөн “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 /дугаартай, “Хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаартай, “ Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаартай, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаартай, “Дутуу суутгасан урьдчилгаа төлөх тухай” 18-04/28 дугаартай, “Зүй бусаар зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, мөн 18-04/30 дугаар, “ Үндсэн баримтуудаас гарсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс “Дутуу суутгасан урьдчилгаа төлөх тухай” 18-04/28 дугаартай, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаартай, 18/-04/31 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
4.2. 18-04/24 дугаартай улсын ахлах байцаагчийн “Хохирол барагдуулах тухай” акт тавигдсан. Уг акт тухайн байгууллагад ажиллаж байсан инженер Ержан, жолооч Берген нарын нөхөн олговор мөнгийг төсвөөс олгосон гэсэн байна. Тухайн мөнгийг олгохдоо тус аймгийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 546 дугаар шүүхийн шийдвэр гараад, тухайн шүүхийн шийдвэрийн дагуу тухайн 2 ажилтанд нөхөн олговор олгосон, ийнхүү олгохдоо тухайн 2023 онд жилийн төсвийг бид нар аймгийн Засаг даргаар батлуулаад хэрэгжүүлдэг юм. Засаг даргын зөвшөөрсний дагуу, тухайн онд төсөвт тусгагдсаны дагуу тухайн 2 ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэрийг үндэслээд олгосон.
4.3. 18-04/25 дугаартай “Хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх тухай” акт байна. Аймгийн барилга захиалагчийн албаны дарга байсан миний цалинг бодохдоо нягтлан бодогч С.Нурсауле нь 2022 оны 7 дугаар сараас хойш сар бүр 75,300 төгрөг 6 сарын хугацаанд 451,000 төгрөг, 2023 оны эхний 3 сар, сар бүр 95, 500 төгрөг буюу 3 сард 286, 500 төгрөг, нийтдээ 738, 300 төгрөгийг илүү цалин олгосон зөрчил илрүүллээ гэжээ. Би өөрийн цалингаа өөрөө боддоггүй. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Нурсауле нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу үнэн зөв тооцох байсан. Нягтлан цалинг тооцож надад авчирдаг байсан, түүнийг би баталгаажуулж, цалин олгодог байсан. Нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
Энэ асуудлыг тухайн байгууллагын нягтлан бодогч нь С.Нурсауле хариуцах ёстой бөгөөд Татварын байгууллагын татварын байцаагч бас давхар хянах ёстой.
4.4. 18-04/26 “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” акт байна. Үүнд, хяналт шалгалтаар Ш.Жд 600,000 төгрөгийн албан томилолтын мөнгийг олгохдоо 384,000 төгрөгийн үндсэн баримтад 10-12 дугаар саруудад ажилласан томилолтын хуудсыг хавсаргаж, 10 дугаар сард Айнур 552,000 төгрөгийн албан томилолтын мөнгө шилжүүлж, 3 хоногийн сар, өдөр давхацсан албан томилолтын хуудсаар хоногийг илүү тооцож 120,000 төгрөгийг илүү олгосон гэж байна.
10 дугаар сард Маратбект 11 хоногийн томилолтын мөнгө 288,000 төгрөг шилжүүлэхэд нэг хоног илүү олгосон гэж байна. Он, сар, өдөр давхацсан албан томилолт гэж Ш.Жд 384,000 төгрөг, Е.Айнурт 144,000 төгрөг, Маратбект 168,000 төгрөг төлөхөөр акт тогтоосон байна. Энэ актыг тогтоохдоо тухайн үедээ нягтлан бодогч С.Нурсаулег ажлаас халсан, дараагийн орсон нягтлан бодогчид энэ нөхцөл байдлыг танилцуулж, миний цалингаасаа 384,000 төгрөгийг хасуулж, 2025 оны 6 сарын дугаар 03-ны өдөр төлсөн байна. Е.Айнур бас 144,000 төгрөгийг төлсөн. Маратбекийн хувьд би тухайн үед танилцуулж байсан.
4.5. 18-04/29 дүгээр “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” актын тухайд, энэ мөнгийг бид нар зүй бусаар зарцуулаагүй. Бид нар төр, улсаас ямар нэгэн төсөв авдаггүй, тухайн онд хэрэгждэг орон нутгийн хөгжил сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг аймгийн хэмжээнд хэрэгждэг барилгын салбарын зураг төсөл, үүнд тусгагдсан захиалагчийн хяналтын зардал гээд 2% хувийг нь тусгаж өгдөг. Уг төсвөөр тухайн байгууллага өөр өөрийгөө цалинжуулдаг байгууллага юм.
Жишээлбэл, өмгөөлөгчийн хөлс гэж байгаа, 2023 онд хууль зүйн зөвлөгөө 3,000,00 төгрөг тусгаад өгсөн. Бид нарт 2024 онд хууль зүйн зөвлөгөө авахад 4,000,000 төгрөг тусгаж өгсөн. 2022 онд 5,000,000 төгрөг гэж тусгаж өгсөн. Гэхдээ энэ мөнгийг бид бүгдийг нь зарцуулаагүй. Тухайн бүр шаардлагатай нөхцөлд “Өлгий адвокат” хуулийн фирмтэй гэрээ байгуулаад, ашигласан. Засаг даргын зөвшөөрсний дагуу төсвөө зарцуулсан. Үүнийг бид зүй бус юм зарцуулаагүй.
4.6. 18-04/29 дүгээр актаар аудитын байцаагч 4,616,500 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Сангийн яамнаас буюу Сангийн сайд хянаж үзээд үүнээс 1,700,000 төгрөгийг хүчингүй болгосон, үлдсэн 2,896,500 төгрөгийн акт юм.
2022 онд Ержаныг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа Ержан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд би өмгөөлөгч С.Нургайыптай өмгөөллийн гэрээ байгуулж, ажиллуулсан. 2022 онд шүүхийн шийдвэрээр болон гэрээгээр нотлогдоно. 2023 онд Айыххан гэдэг эмэгтэйг түр 6 сарын хугацаатай ажилд авсан. 6 сарын дараа гэрээ нь дуусаад тэр хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан, 3 шатны шүүхээр хянагдаад, хэргийг шийдвэрлэсэн. Мөн адилхан шүүхийн шийдвэр болон гэрээгээр нотлогдоно. 600,000 төгрөгтэй холбоотой гэрээ болон нотлох баримтыг гаргаж өгсөн. Хот байгуулалт, Барилга захиалагчийн албаны сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай шүүхэд Ержан нэхэмжлэл гаргасан. Энэ дээр шүүхийн эцсийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр болон гэрээгээр нотлогдсон байна.
550,000 төгрөгийн хувьд Ержан болон ерөнхий архитектур Г.Мандат нар аймгийн Засаг даргад нөлөөлж, манай байгууллагын нэрийг “Хот байгуулалт” гээд өөрчлөлт оруулах гэж захирамж гаргуулсан байдаг. Үүнд дээр би оролцоогүй. Энэ захирамж миний анх ажилд орсон 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр захирамжаар хүчингүй болсон байдаг. Үүний дагуу би өмгөөлөгч А.Серикжантай гэрээ байгуулж, тухайн үеийн аймгийн Засаг дарга А.Камелиятыг захиргааны шүүхээр хариуцагчаар татаж, аймгийн Засаг дарга захирамжийг сэргэж өгөөд, бид хоорондоо эвлэрсэн.
4.7. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын баталсан 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай удирдамжийн дагуу тус албаны 2022-2024 оны санхүүгийн үйл ажиллагаа баримт, хүний нөөцөд хэдий хяналт шалгалт хийсэн боловч хангалтгүй хийсэн гэж үзэж байна. Учир нь, тус албаны 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны хүртэлх санхүүгийн бичиг баримтад шалгалт хийгдээгүй, хагас дутуу шалгасан. Одоо аймгийн Цагдаагийн газар нягтлан бодогч С.Нурсаулед холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Маргаан бүхий актуудын улмаас аймгийн Засаг дарга надад хариуцлага тооцож би ажлаасаа халагдаад байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үндсэн байдлыг тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтоох бол шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна” гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2 дахь хэсэгт “оролцогчийг сонсох тайлбар гаргуулах”, 25.1.3 дахь хэсэгт “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах”, 25.1.4 дэх хэсэгт “гэрч, гуравдагч этгээдэд тайлбар гаргуулах”, 25.1.5 дахь хэсэгт “баримт бичиг болон өөр бусад шийдвэртэй танилцах, хуулбарыг нь шалгах”, 25.1.6 дахь хэсэгт “шаардлагатай бол туршилт хийх”, 25.1.7 дахь хэсэгт “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шалган холбох баримтыг гаргуулан авах” гэж тус тус заасан.
5.2. Хариуцагч санхүүгийн хяналт шалгалт явуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгээс 1.7 дахь заалтыг хэрэгжүүлээгүйгээс нөхцөл байдлыг буруу тогтоосон гэх дүгнэж байна. Санхүүгийн материалыг шалгахдаа эмх цэгцгүй, замбараагүй асуудал гарч ирсэн байна. Зарим баримтууд нь хаана байгаа гэдэг нь мэдэгдэхгүй. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь, 1.3 дахь хэсэгт зааснаар оролцогчийг сонсоод, тайлбарыг нь аваад, тэд нар нь тайлбар хангалттай өгөөгүй тохиолдолд гэрч, гуравдагч этгээдээс тайлбар авч болох байсан.
5.3. Өмгөөлөгч С.Нургайып, А.Сержантай холбогдоод хэнтэй гэрээ байгуулсан, хувь хүнтэй байгуулсан юм уу, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан юм уу, тайлбар авах боломжтой байсан. Шаардлагатай нотлох баримтыг хуулбарлаж авах эрх нь байгаа. Энэ хяналт шалгалтыг хийхэд энэ гэрээний хуулбар хэрэгтэй боллоо гээд өмгөөлөгч нараас асуувал бид гаргаж өгөх байсан.
5.4. Энэ нотлох баримтыг цуглуулахгүйгээр, чиг үүргийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн оролцогчид, шалгуулагч этгээд материалыг бүрдүүлэх үүрэгтэй, би зүгээр хараад сууж байх ёстой гэдэг байдлаар хандсанаас болоод энэ маргаан бүхий акт гарах үндэслэл болсон гэж дүгнэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ийм нөхцөл байдал тогтоогдоод байна. Хариуцагч нь эрх үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн байдал харагдаж байна. Мөн энэ баримт тухайн үедээ байгаагүй байсан гэж тайлбар гаргаж байгаа боловч шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас харахад, Барилга захиалагчийн албанаас “хуулбар үнэн” гэж тамга тэмдэг дарсан баримт дээр өмгөөлөгчийн гэрээ нь байж л байна, өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлүүд, төлбөр шилжүүлсэн тухай баримтууд гарч ирж байна. Ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд энэ асуудлыг санхүүгийн хяналт шалгалт явуулах үедээ тогтоох боломжтой байсан Тэгэхээр хуулийг хэрэгжүүлээгүйгээс болоод үндэслэлгүй акт тавьсан байна гэж дүгнэж байна.
5.5. Хоёрдугаарт, 18-04/24 дүгээр актын хувьд нэр бүхий 2 иргэн шүүхэд иргэний маргаан үүсгээд, шүүхийн шийдвэр гараад цалингийн нөхөн олговорт мөнгө шилжүүлсэн асуудал байна. Санхүүгийн хяналт шалгалт явуулах эрх бүхий этгээд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж байна. Яагаад ингэж дүгнэж байгаа гэхээр хариуцагч зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийг баримталж байна, гэхдээ энэ нь хөдөлмөрийн маргаан байсан. Хөдөлмөрийн маргаан буюу төрийн албаны маргаан гэдэг утгаараа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг харах ёстой. Чиг үүрэг нь Төрийн албаны зөвлөлд байгаа. Ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг шүүхийн шийдвэрийн дагуу олгож, үүнээс болоод хуулийн этгээд хохирсон бол төрийн албаны зөвлөл төрийг төлөөлөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээд явах ёстой байдаг. Хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудал бол Төрийн албаны зөвлөлтэй холбоотой асуудал гэж үздэг. Тийм учраас өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар акт тогтоосон гэж үзэж байна. Улсын Дээд шүүхээс энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан анхан шатны болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан шиг санаж байна. Улсын дээд шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан хэсгийг хасаад Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн холбогдох заалтаар шийдэгдэх ёстой асуудал гэж дүгнэж байсан юм.
5.6. Хүн амын орлогын албан татварыг дутуу суутгасан асуудал санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэгт хамааралгүй гэдэг утгаараа мөн дүгнэлт гаргаж байна. Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэж байна. Хүн амын орлогын албан татварыг дутуу суутгасан, суутгаагүй асуудалтай холбоотой акт гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Татварын албанаас тодруулга авах ёстой байсан. 2022, 2023, 2024 онд татварын тайланг хүлээж авсан уу, та нар үүнийг шийдвэрлэсэн тохиолдол байдаг уу гэж тайлбар авах ёстой байсан. Тайлбарыг нь аваагүй, нотлох баримт цуглуулаагүй, тухайн нягтлан бодогчоос нэхэмжлэгчийн татварыг дутуу шилжүүлсэн талаар тайлбарыг огт аваагүй байсан. Гуравдагч этгээдээс тайлбар авна гэдэг заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй. Тэр татварын алба руу илгээсэн тайлан хэрвээ байдаг бол тайланг нь гаргуулж аваад хэрэгт хавсрах ёстой. Тэгэхээр яг акт гарах үеийн байдлаар Захиргааны ерөнхий хууль зөрчигдсөн байна. Санхүүгийн хяналт шалгалт хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна гэж дүгнэж байна.
5.7. Засаг даргын удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж байхдаа 2022 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх баримтууд байхгүй байсан. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан гэдэг үйл баримт тогтоогддог. Энэ тохиолдолд танилцуулга дээр маш тодорхой бичигдэх ёстой. Ш.Жардембек байцаагч шалгасан, асуудалгүй юм байна гэсэн. Үүнтэй холбоотой баримт хууль хяналтын байгууллага буюу цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа учраас бид нар 7 сараас 12 сар хүртэлх хоорондох асуудлыг шалгаагүй гэдгийг танилцуулга дээр бичих ёстой байтал зорилгодоо нийцээгүй хяналт шалгалт хийсэн гэж үзэж байгаа юм. Санхүүгийн хяналт шалгалт явуулахын зорилго нь зөвлөмж өгөх зорилготой байсан. Зөвлөмж өгөхийн оронд албан шаардлага өгөөд, акт тогтоож байгаа нь өөрөө зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа.
Иймээс маргаан бүхий актуудыг хүчингүй болгох санал дүгнэлттэй байна гэв.
6. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.
6.1. Миний бие Х.Берген Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажилладаг. Аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1-01/260 дугаар албан тоот болон тухайн байгууллагад ажиллаж байсан С.Ержанаас ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Барилга захиалагчийн албаны 2022-2024 оны үйл ажиллагаанд санхүүгийн болон хүний нөөцөд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар нийт 43,1 сая төгрөгийн зөрчил илэрснээс 25,8 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 17,2 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгөгдсөн.
6.2. 18-04/24 “Хохирол барагдуулах тухай” 12072.4 төгрөг, 18-04/25 “ХХОАТ-ыг төлүүлэх тухай” 738.3 төгрөг, 18-04/26 “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 696.0 төгрөг, 18-04/27 “Цалин хөлсийг шалгасан тухай” дутуу олгосон 639.2 төгрөг, дутуу олгосон 309.8 төгрөг, 18-04/28 “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 700.0 төгрөг, 18-04/29 “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 4616.5 төгрөг, 18-04/30 “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 1625.2 төгрөг, 18-04/31 “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 4465.5 төгрөгийг тус тус төлүүлэхээр акт тогтоосон.
6.3. Актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийг яаманд гомдол гаргасан ба уг актууд дахин шалгагдаж, 18-04/29 дугаар актын дүнгээс 1700.0 мянган төгрөгийг хасаж, 18-04/30 дугаар актыг хүчингүй болгож, бусад 4 актыг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн. 18-04/27, 18-04/28 дугаар актуудын талаар Сангийн яамд хандаагүй ба хариуцсан албан хаагч нар нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын төсвийн орлогын Төрийн сангийн 100020051408 дугаартай дансанд шилжүүлсэн байгаа. Байгууллагын шатахуун зарцуулалт нь хяналтгүй гэх гомдлын тухайд анхан шатны баримтын бүрдүүлэлт хангалтгүй, хаана ямар ажил хийж гүйцэтгэсэн нь тодорхой бус замын хуудсыг бүрдүүлэн зарцуулаагүй тул аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн.
6.4. 18-04/10 дугаар албан шаардлагыг цаашдаа яаж ажиллах талаар, танай байгууллагаас ийм зөрчил илэрч байгаа, цаашдаа энэ зөрчлүүдийг арилгаад ажиллаарай гэх утгаар бичсэн. Албан шаардлагын хувьд заавал актаар төлүүлэхгүй юмыг албан шаардлагаар нь өгдөг. Жишээлбэл, “Рысжан” компанид гээд ажилчдын буруутай үйл ажиллагаанаас үүдээд төсвөөс дэмий алданги үүсгээд төлүүлсэн. Дараагийн удаа ийм хариуцлагагүй байдлыг таслан зогсоогоод, төсвийг зүй бус зарцуулалт гаргахгүйгээр ажиллах утгаар бичсэн.
6.5. 18-04/24 дүгээр “Хохирол барагдуулах тухай” актын хувьд манай байгууллагын үүрэг байгаа. Шүүхээс тухайн ажлаас чөлөөлөгдсөн иргэнийг буруутай албан тушаалтан нь чөлөөлсөн гээд тогтоосны дараа ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгох шийдвэр гаргадаг. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу тухайн байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж төлдөг.
Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан учраас хохирлыг барагдуулж байгаа. Сүүлийн үед шүүхээс шийдвэр гаргасан бүх байгууллагуудад акт тогтоогдож байгаа.
6.6. 18-04/25 дугаар бүхий актын тухай, шалгалтаар Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жы цалин хөлснөөс 2022 оны 7 дугаар сараас хойш сар бүр 75,3 мянган төгрөг буюу 6 сарын хугацаанд 451,8 мянган төгрөг, 2023 оны эхний 3 сард сар бүр 95,5 мянган төгрөг буюу 286,5 мянган төгрөг, нийт 738,3 мянган төгрөгийн татварыг дутуу суутгаж, илүү цалин олгосон тул төлүүлэхээр акт тогтоосон.
Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан ”Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна” гэснийг зөрчиж байна.
Дэлгэрэнгүй тайлбарлавал, ажилчдын цалин, хөлсийг сар бүр тооцож олгохдоо, үндсэн цалин дээр нэмэгдлүүдийг нэмж тооцон, бодогдсон цалингаас НДШ, татвар болон бусад суутгалуудыг суутган олгох ёстой. Тус байгууллагын цалин, хөлсийг шалгахад бусад ажилчдын цалин хөлсийг зөв тооцоолж олгосон мөртлөө зөвхөн байгууллагын дарга буюу Ш.Жы цалин, хөлснөөс нийт 2 жилийн хугацаанд 9 сар ХХОАТатварыг цэсээр суутгах бичилт хийсэн боловч, олгохдоо суутгалгүйгээр олгосон зөрчлийг илрүүлсэн. ЖИШ: Үндсэн цалин-ндш-ХХОАТ=1039119-119498,7-75295=844325.3 төгрөг тооцож олгох ёстой байтал цалингийн цэс дээрх ХХОАТ-ын суутгалын дүнг хасалгүйгээр үндсэн цалин-ндш=1039119-119498.7=919620 төгрөг олгосон байна.
Энэ мэтчилэн 2022 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 6 сард 451,8 мянган төгрөг /75295*6 сар/, 2023 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл 286,5 мянган төгрөг /95,5*3 сар/-ийн ХХОАТ-ыг суутгалгүй илүү олгосон байна. Байгууллагын дарга байсан Ш.Ж нь нягтлан бодогчийн хариуцлагагүй үйлдэл, би төлөхөөс татгалзаж байна гээд актад гарын үсэг зурахаас татгалзаж байгаа хэдий ч нягтлан бодогч нь ажлын хариуцлага хүлээхээс бус илүү авсан цалинг тухайн хүн өөрөө төлөх ёстой гэсэн үүднээс хуулийн дагуу акт тогтоосон болно.
Нэхэмжлэгч Ш.Ж нь нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаа байсан гэж хэлж байгаатай санал нийлнэ. Урьд нь энэ байгууллага санхүүгийн хяналт шалгалтад хамрагдаж байгаагүй байна. Хамрагдсан байгууллагуудын хувьд саяны зөрчлүүдийг бүгдийг нь мэддэг, цаашдаа таслан зогсоосон, 8 акт тавигдах хэмжээний зөрчилтэй байгууллага урьд өмнө миний шалгасан байгууллагуудад байгаагүй.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн зөрчил ихтэй байгууллага байна гэж үзсэн. Учир нь, нягтлан бодогч нь өөрийнхийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй, байгууллагын дарга нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу удирдах бүртгэлийг бүхэлд нь удирдуулсан заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй. Тийм учраас их хэмжээний зөрчил илэрсэн гэж үзэж байна. Санхүүгийн шалгалтад тухайн бүрд хамрагдаж байсан бол ийм зөрчил үүсэхгүй байсан болов уу гэж бодож байна. 18-04/25 дугаар актын хувьд нягтлан бодогч нь ажлын хариуцлагагүй байдлаас болж татварыг суутгаагүй ч гэсэн тухайн татварыг хувь хүн өөрөө Татварын тухай хуульд заасны дагуу цалингаасаа суутгаж, төлөх ёстой. Тэр үүргийн дагуу тэр хүн буцааж татвар төлөх ёстой, нягтлан бодогчийн хувьд ажлын хариуцлага яригдана гэж бодож байна. Нягтлан бодогч нь суутгасан дүнгээр бодчихсон, нэг бүрчлэн тооцож үзвэл тооцохгүйгээр илүү цалин олгосон нь харагддаг
6.7. 18-04/26 дугаар бүхий актын тухайд, шалгалтаар албан томилолтын тооцоо бодолт, томилолтын хуудасны хөтлөлтийг шалгаж үзэхэд, 2023 оны 8-р сард байгууллагын дарга Ш.Жд 600,0 мянган төгрөгийн албан томилолтын мөнгийг олгохдоо үндсэн баримтад 10-12 дугаар саруудад ажилласан томилолтын хуудсыг хавсаргаж, 384,0 мянган төгрөгийн үндсэн баримтыг бүрдүүлээгүй олгосон, 10 дугаар сард Е.Айнурт 552,0 мянган төгрөгийн албан томилолтын мөнгө шилжүүлэхдээ 3 хоногийн албан томилолтын сар өдөргүй, 3 хоногийн сар өдөр давхацсан албан томилолтын хуудсаар, 2 хоногийг илүү тооцож 120,0 мянган төгрөгийг илүү олгосон, 12 дугаар сард олгосон томилолтын мөнгөнөөс 1 хоног буюу 24,0 мянган төгрөгийг илүү олгосон, 10 дугаар сард Маратбект 11 хоногийн томилолтын мөнгө 288,0 мянган төгрөг шилжүүлэхдээ 1 хоногийг илүү олгосон, 2 хоногийн сар өдөр давхацсан албан томилолтын хуудсаар олгож 72,0 мянган төгрөгийн томилолтын мөнгийг буруу тооцож олгосон, 12 дугаар сард сар өдөр давхацсан томилолтын хуудсаар 1 хоног, 3 хоногийг илүү нийт 4 хоног буюу 96,0 мянган төгрөгийг илүү олгосон байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 6.4.8 дах “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” 16.5.5 дахь “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”-гэснийг болон МУ-ын Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоол, Сангийн сайдын 2022 оны 120 дугаар тушаалыг зөрчсөн тул акт тогтоосон.
2023 оны 8 дугаар сард Ш.Жд томилолтын урьдчилгаа 600,0 мянган төгрөг олгосон ба үндэслэх баримтад хавсралт-2-т заасан 9 хоногийн сумд ажилласан томилолтын хуудсыг хавсаргасан байна. Сангийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны “Албан томилолтын зардлын тариф шинэчлэн батлах тухай” тушаал дээр албан томилолтын хоолны зардлыг сумд 24,0 мянган төгрөгөөр баталсны дагуу 9 хоногт*24,0=216.0 мянган төгрөг тооцож олгосон байна. Албан томилолтын урьдчилгааг 8 дугаар сард олгосон боловч албан томилолтоор ажилласан хугацаа нь 5,6,9,10,11,12 дугаар сард ажилласнаар томилолтын хуудас хавсаргасан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах заалтыг зөрчиж байна. Бусад ажилчдын хувьд илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч, цалингаас нь суутгуулан, Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын төсвийн орлогын Төрийн сан банкны 100020051408 тоот дансанд төвлөрүүлж байгаа болно. Мөн 18-04/26 дугаар “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” актын дагуу албан томилолтыг мөнгөтэй холбоотой актыг өөрсдөө зөвшөөрөөд манай байгууллагын дансанд төвлөрүүлчихсэн.
6.8. 18-04/27 дугаар бүхий актын тухайд, шалгалтаар тус байгууллагын цалин олголтыг шалгахад, ажилчдын цалинг зөв тооцолгүйгээр 309,8 мянган төгрөгийн цалинг илүү олгож, 639,2 мянган төгрөгийн цалинг дутуу тооцож олгосон байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан” батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэснийг зөрчсөн тул акт тогтоосон.
Энэ зөрчлүүд 2023 оноос илэрсэн бөгөөд, дутуу тооцсон цалингийн хувьд, 2023 оны 4 дүгээр сард дараах 3 хүнд дутуу цалин тооцож олгосон. Үүнд: С.Ержан тухайн сард 9 хоног ажилласан тул үндсэн цалин 827799 төгрөгөөс 9 хоногийн цалин 372509 төгрөг дээр нэмэгдэл 40976 төгрөгийг нэмж нийт 413485 төгрөгөөс ндш-47550.78 төгрөг, ххоат-16600 төгрөгийг хасаж 349334.2 төгрөг авах ёстой боловч 316066 төгрөг тооцож олгон 33268 төгрөг дутуу авсан. Ө.Берген мөн 9 хоног ажилласан тул үндсэн цалин 615152 төгрөгөөс 9 хоногийн цалин 276818 төгрөг дээр нэмэгдэл 66436 төгрөгийг нэмж нийт 343333254 төгрөгөөс ндш-39474.21 төгрөг, ххоат-10950 төгрөгийг хасаж 292829.79 төгрөг авах ёстой боловч 265213 төгрөг тооцож олгон 27617 төгрөг дутуу авсан.Т.Ахжол тухайн сард 16 хоног ажилласан тул үндсэн цалин 638212 төгрөгөөс 16 хоногийн цалин 510569 төгрөг дээр нэмэгдэл 25528 төгрөгийг нэмж нийт 536097 төгрөгөөс ндш-61651.16 төгрөг, ххоат-26465 төгрөгийг хасаж 447980.8 төгрөг авах ёстой боловч 404849 төгрөг тооцож олгон 43131.84 төгрөг дутуу авсан.
6.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сонсох ажиллагаа хийгдээгүй гэж ярьж байна. Сонсох ажиллагаа 3 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Байгууллагын дарга, нягтлан бодогчоос би 4 дүгээр сарын 11-ний өдөр бүх гарсан зөрчлийн дагуу шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг авсан. Тухайн үед гаргаж өгөх ёстой байсан. Би өдөр болгон тухайн байгууллагын нягтлангаас асууж, баримт байвал гаргаж өгөөрэй гэж өдөр болгон бараг хамт ажилласан. Гэвч надад гаргаж өгөөгүй.
6.11. Өмгөөлөгчийн хөлс гээд 2022 онд тухайн байгууллагаас 1,165,000 төгрөг, 2023 онд 2,350,000 төгрөг 2024 онд 1,100,000 төгрөгийг тус тус шилжсэн. Үүнтэй холбоотой актыг Сангийн яамнаас хянаад 2024 оны 1,100,000 төгрөгийг тухайн байгууллагыг өмгөөлсөн өмгөөллийн хөлс гэж үзэж хассан.
2023 оны 2,350,000 төгрөгөөс Сангийн яамнаас 600,000 төгрөгийг тухайн дансанд буцааж орсон байна гэдгийг тогтоосон. Би шалгалтын явцад орлогын гүйлгээг хараагүй учраас буцааж төлөгдсөнийг мэдээгүй. Тэгээд шалгалтын явцад би Сангийн яаманд бас тайлбар гаргаж өгсөн. Тэрний дагуу 600,000 төгрөгийг хассан байсан. Тэгээд 2,350,000 төгрөгөөс 600,000 хасагдаад, 1,750,000 төгрөг үлдсэн. Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээнүүдийг хянаад үзсэн. Гэрээнд Барилга захиалагчийн албанд холбогдох иргэний хэрэгт хуулийн зөвлөгөө өгөх гэж тусгасан байсан. Иргэний хэрэгт зөвхөн энэ байгууллагын даргыг л өмгөөлсөн учраас акт тогтоосон.
Байгууллагын дарга Ш.Жы буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн маргаан дээр өмгөөллийн гэрээ байгуулсан. Буруутай шийдвэрээр чөлөөлсөн гэдгийг шүүх тогтоосон учраас хувь хүнийг буруутай шийдвэрийн дагуу гарсан маргааныг буюу тухайн хувь хүнийг өмгөөлсөн гэж үзсэн байсан.
6.12. Төсөв батлахдаа Засаг дарга хуулийн зөвлөгөө гээд төсөв баталж өгдөг гэж тайлбарлаж байна. Гэхдээ төсөв батлахдаа ажлаасаа халах маргаан дээр өмгөөлөгчийн хөлсийг баталж өгч байгаа гэсэн утгаар баталж өгөөгүй байх гэж бодож байна. Учир нь, тухайн байгууллагын төлөөлж өөр хэрэг маргаанд өмгөөлөгч авахгүй бол ажилчдыг ажлаас халчхаад өөрөө өмгөөлөгчийн хөлсийг байгууллагаасаа гаргаж болохгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Ж нь шүүхэд анх Баян-Өлгий аймгийн “аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Х.Бергений 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг (1), “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр (2), “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар (3), “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар (4), “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар (5), “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар (6), “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 (7), 18-04/30 дугаар (8), “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр (9) актуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар актуудыг хүчингүй болгуулах шаардлагуудаас татгалзан, энэ тухайгаа шүүхэд бичгээр[1] илэрхийлсэн.
3. Мөн шүүх хуралдааны явцад “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэлээ.
5. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 дүгээр актын 2022 оны 1166.500 төгрөгт, 2023 оны 1.750.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар актуудыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шалгалтын удирдамжаар[2] аймгийн Барилга захиалагчийн албаны 2022-2024 оны санхүүгийн болон хүний нөөцийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр шийдвэрлэсний дагуу хариуцагч буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Берген нь тухайн байгууллагын 2022 оны сүүлийн хагас жил, 2023-2024 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, уг хяналт шалгалтын явцад гарсан зөрчил, дутагдлуудыг арилгуулахаар дээрх маргаан бүхий албан шаардлагыг болон холбогдох актуудыг үйлджээ.
7. Нэхэмжлэгчээс хариуцагчийн үйлдсэн маргаан бүхий албан шаардлагыг болон актуудыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаснаар Сангийн сайдаас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/5030 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[3] улсын ахлах байцаагчийн 18-04/29 дүгээр актын төлбөрийн дүнгээс 1.700.000 төгрөгийг хасаж, өөрчлөлт оруулж, 18-04/30 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлүүдийн тухайд:
8.1. Хариуцагч нь 18-04/24 дүгээр “Хохирол барагдуулах тухай” актаар[4] 2023 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Жы тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан инженер С.Ержаны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт олгогдсон 6,663,100 төгрөгийг, жолооч Ө.Бергений нөхөн олговорт олгогдсон 5,409,300 төгрөгийг, нийт 12,072,400 төгрөгийг аймгийн Барилга захиалагчийн албаны төсөвт учирсан хохирол гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсгийг тус тус баримтлан Барилга захиалагчийн даргаар ажиллаж байсан Ө.Жанимханаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
8.2. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, 103.2-т ”Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.1.3-д “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд”, 5.1.4-д “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж тус тус заажээ.
8.3. Аймгийн Барилга захиалагчийн алба нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болох нь хэрэгт авагдсан 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000180068 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[5] тогтоогдож байх бөгөөд хуулийн дээрх заалтуудад заасан захиргааны байгууллагын шинжийг агуулаагүй, захиргааны байгууллага биш, тодруулбал, тухайн алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна”, 2-т заасан “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэсэн заалтуудад хамаарсан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар тул уг байгууллагын даргын байгууллагад учруулсан хохирлыг захиргааны байгууллагад учруулсан хохирол гэж үзэх боломжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасан ойлголтод хамаарахгүй байна.
8.4. Иймээс 18-04/24 дүгээр “Хохирол барагдуулах тухай” актаар[6] аймгийн Барилга захиалагчийн албын төсөвт учруулсан 12,072, 400 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.
8.5. Харин тухайн байгууллага нь буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй ба үүнд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
8.6. Хариуцагч нь 18-04/29 дүгээр “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” актаар 2022 онд 1,166,500 төгрөг, 2023 онд 2,350,000 төгрөг, 2024 онд 1,100,000 төгрөг, нийт 4,616,500 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг актыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хянаад 2023 оны 2,350,000 төгрөгөөс өмгөөлөгч А.Серикжанд шилжүүлсэн 600,000 төгрөгийг залруулж, байгууллагын дансанд буцааж шилжүүлсэн үндэслэлээр, 2024 оны хууль зүйн туслалцаа авсны хөлс болох 1,100,000 төгрөгийг байгууллагатай холбоотой хууль зүйн туслалцаа авсан үндэслэлээр тус тус хасаж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, ерөнхий байцаагчийн энэ шийдвэр нь хүчинтэй байна.
8.7. Хариуцагчаас уг маргаан бүхий актын үндэслэлийг шүүх хуралдаанд “... нэхэмжлэгч нь өөрийн гаргасан шийдвэртэй холбоотой маргаанаар хууль зүйн туслалцаа авсны хөлсийг байгууллагын төсвөөс гаргуулсан нь хууль бус тул акт тогтоосон” гэж марган тайлбарласан боловч нэхэмжлэгч нь тухайн байгууллагын даргын хувьд байгууллагаа төлөөлж, С.Ержан, Ө.Берген нарын нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон нь хэрэгт авагдсан өмгөөлөгч С.Нургайып болон аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Ж нарын хооронд 1,200,000 төгрөгөөр өмгөөллийн хөлсийг тохиролцсон өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр[7], аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/000546 дугаартай шийдвэрээр[8], 2023 онд Т.Айыхханы нэхэмжлэлтэй аймгийн Барилга захиалагчийн албад холбогдох иргэний хэрэгт байгууллагаа төлөөлж хариуцагчаар оролцож, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авч 1,750,000 төгрөгийн хөлсийг өмгөөлөгч С.Нургайыпт төлсөн нь өмгөөлөгч С.Нургайып болон Барилга захиалагчийн албыг төлөөлж дарга Ш.Ж нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр[9], аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2023/00442 шийдвэрээр[10], аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 212/МА2023/00097 дугаар магадлалаар[11]тус тус тогтоогдож байх тул дээрх байгууллагад хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн төлбөрийн үнийг “зүй бусаар зарцуулсан” гэж үзэх боломжгүй тул уг актыг мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд:
9.1. Хариуцагч нь “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг[12] үйлдсэн, уг албан шаардлагад байгууллагын 2022 оны сүүлийн хагас жил, 2023 ,2024 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг алдаа зөрчлүүдийг тусгаж, уг илэрсэн алдаа зөрчлүүдийг арилгах талаар хугацаа тогтоож, тухайн байгууллагад хүргүүлжээ.
9.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.
9.11. Дээрх маргаан бүхий албан шаардлага нь нэхэмжлэгч Ш.Жы субьектив эрх рүү шууд чиглэгдээгүй, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд гарсан зөрчлийг арилгуулах талаар хүргүүлсэн албан шаардлагыг хүчингүй болгосноор Ш.Жы тодорхой нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэнэ гэж үзэх боломжгүй, маргаан бүхий албан шаардлагыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр хууль бус гэж үзэн, бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй байна.
9.12. “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар актаар[13] нэхэмжлэгч нь Барилга захиалагчийн албаны даргаар ажиллаж байх үед түүний цалин хөлснөөс 2022 оны 7 дугаар сараас хойш сар бүр 75,300 төгрөг, нийт 6 сарын хугацаанд 451,800 төгрөг, 2023 оны эхний 3 сард сар бүр 95,500 төгрөг буюу 286,500 төгрөг, нийт 738,300 төгрөгийн татварыг дутуу суутгаж, илүү цалин олгосон зөрчил гаргасан гэж үзэн дээрх 738,300 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоожээ.
9.13. Нэхэмжлэгчид 2022 оны 7-12 дугаар саруудын цалинг олгохдоо тухайн саруудын цалингийн тооцооны хүснэгтийн ХАОАТ хэсэгт 75295 төгрөг суутгахаар тусгасан атлаа бодогдсон нийт цалингаас уг 75295 төгрөгийг суутгаагүй, мөн 2023 оны 1,2,3 дугаар саруудад нэхэмжлэгчид цалин хөлс олгохдоо цалингийн тооцооны хүснэгтийн ХАОАТ хэсэгт 95558 төгрөг гэж тусгасан атлаа мөн уг үнийн дүнг суутгаагүй болох нь хэрэгт авагдсан тухайн саруудын цалингийн тооцооны хүснэгтүүдээр[14] тогтоогджээ.
9.14. Дээрх зөрчил нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.1-т “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна” гэснийг тус тус зөрчсөн, нэхэмжлэгч нь тухайн саруудад цалингаас хүн амын орлогын албан татвараа суутгуулалгүйгээр илүү цалин авсан байх тул түүнд 738.300 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
9.15. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар актыг[15] хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх ба хариуцагч нь уг актаар Ш.Жд 2023 оны 8 сард 600,000 төгрөгийн албан томилолтын мөнгийг олгохдоо үндсэн баримтад 10-12 дугаар саруудад ажилласан томилолтын хуудсыг хавсаргасан, 384,000 төгрөгийн үндсэн баримтыг бүрдүүлээгүй, 10 дугаар сард Е.Айнурт 552,000 төгрөгийн албан томилолтын мөнгө шилжүүлэхдээ 3 хоногийн албан томилолтын сар, өдөргүй, 3 хоногийн сар өдөр давхацсан албан томилолтын хуудсаар, 2 хоногийг илүү тооцож 120,000 мянган төгрөг илүү олгосон, 12 дугаар сард олгосон томилолтын мөнгөнөөс 1 хоног буюу 24, 000 төгрөг илүү олгосон, 10 дугаар сард Маратбект 11 хоногийн томилолтын мөнгө 288,000 төгрөг шилжүүлэхдээ 1 хоногийг илүү олгосон, 2 хоног сар, өдөр давхацсан албан томилолтын хуудсаар олгож, 72,000 төгрөгийн томилолтын мөнгийг буруу тооцож олгосон, 12 дугаар сард сар өдөр давхацсан томилолтын хуудсаар 1 хоног, 3 хоногийг илүү нийт 4 хоног буюу 96,000 төгрөгийг илүү олгосон гэж үзээд, тухайн актын хавсралтаар[16] Ш.Жд 384,400 төгрөгийн, Е.Айнурт 144,000 төгрөгийн, М.Маратбект 168,000 төгрөгийн, нийт 696,000 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.
9.16. Дээрх хавсралтад заасан илүү авсан томилолтын мөнгийг нэхэмжлэгч Ш.Ж нь хүлээн зөвшөөрч акт гарсны дараа тухайн байгууллагын дансанд шилжүүлж, байгууллагыг хохиролгүй болгосон нь хэрэгт авагдсан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр[17] тогтоогдож байх тул энэ акт хэрэгжсэн гэж үзэхээр байна.
9.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан, нэхэмжлэгч нь шүүхэд тухайн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахаас өмнө уг актад заасан төлбөрийг төлснөөр тухайн акт хэрэгжсэн, нэхэмжлэгч уг актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан энэ тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
9.18. Нэхэмжлэгч нь “... хүн амын орлогын албан татварыг суутгаагүй зөрчлийг татварын байгууллага илрүүлж, төлүүлэх ёстой байсан, цалин болон томилолтын мөнгийг илүү олгосон нь нягтлан бодогчийн буруутай ажиллагаа” гэж тайлбарласан.
9.19. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дугаар зүйлд улсын ахлах байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан байх ба 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.1-д “ санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд тухайн байгууллагын санхүүгийн баримтаар илэрсэн зөрчилд акт тогтоосон хариуцагчийн үйлдэл хууль ёсны байна.
9.20. Мөн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д “"төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг;”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэж тус тус заасан.
9.21. Аймгийн Барилга захиалагчийн албаны санхүүгийн баримтуудад гарсан алдаа, зөрчил нь холбогдох актуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн байгууллагын төсвийн захирагчийн хувьд байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулах, үр дүнг хариуцах, нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээр дээрх алдаа, зөрчлүүд гарсан байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “... нягтлан бодогч С.Нурсаулегийн буруутай үйл ажиллагаа, би хариуцах ёсгүй “гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Бергенд холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27 дугаар, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаар, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Бергенд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 дүгээр актын 2022 оны 1166.500 төгрөгт, 2023 оны 1.750.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 215 дугаар тал /2 дугаар хавтас/
[2] Хэргийн 91-92 дугаар тал /1 хавтас/
[3] Хэргийн 6-9 дүгээр тал /1 хавтас/
[4] Хэргийн 110 дугаар тал /1 хавтас/
[5] Хэргийн 250 дугаар тал /1 хавтас/
[6] Хэргийн 200 дугаар тал /1 хавтас/
[7] Хэргийн 203 дугаар тал /1 хавтас/
[8] Хэргийн 83-90 дүгээр тал /2 хавтас/
[9] Хэргийн 212-213 дугаар тал /1 хавтас/
[10] Хэргийн 196-202 дугаар тал /2 хавтас/
[11] Хэргийн 203-210 дугаар тал /2 хавтас/
[12] Хэргийн 106-108 дугаар тал /1 хавтас/
[13] Хэргийн 118 дугаар тал /1 хавтас/
[14] Хэргийн 121-130 дугаар тал /1 хавтас/
[15] Хэргийн 131 дүгээр тал /1 хавтас/
[16] Хэргийн 133 дугаар тал /1 хавтас/
[17] Хэргийн 248 дугаар тал /2 хавтас/