Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00350

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00350

 

Магадлал

2022.02.28

ЭЦК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04163 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЭЦК ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчЯ.Б-т холбогдох JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг гаргуулах, хохирол 49,654,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ц.Амар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

Манай компанийн 50 хувийн хувьцааг эзэмшигч байсанЯ.Б- нь өөрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч Д.Б-тай хувьцаа шилжүүлэх гэрээгээр худалдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээрЯ.Б- 50 хувийн хувьцааны үнэ болох 130,000,000 төгрөгийн 2017 оны 05 дугаар сард, 30,000,000 төгрөгийг хувьцаа шилжүүлэн гэрээ хийсэн өдрөө авч, үлдсэн 100,000,000 төгрөгийг Б.Г-той хийсэн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон алданги болох 50,000,000 төгрөгийн хамт нийт 150,000,000 төгрөгийг гаргуулсан. Тоног төхөөрөмжийн тухайд JS750 маркийн бетон хольц зуурах машин, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигч нь ЭЦК ХХК-ийн хөрөнгө болохыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрээр тогтоосон. Тус шийдвэрийн 7 дугаар талд ... шинжээчийн үнэлсэн 52,993,887 төгрөг эсхүл нэхэмжлэгчийн гаальд мэдүүлсэн 64,574,672 төгрөгөөр ЭЦК ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Эдгээр тоног төхөөрөмж компанийн хөрөнгө болсны үр дүнд компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн байна... гэж дүгнэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШЗ2020/00106 дугаар захирамж гарснаар хүчин төгөлдөр болсон. Тоног төхөөрөмжийгЯ.Б-ын эзэмшил ашиглалтад байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг 67,196,328.17 төгрөгөөр тогтоосон. Гэтэл хариуцагч Ч.Батбаяр нь дээрх тоног төхөөрөмжийг өөртөө байлгаж, одоог хүртэл өгөхгүй байна. ИймдЯ.Б-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн JS750 маркийн бетон хольц зуурах машин, 139361049 арлын дугаар урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөгийг гаргуулна.

Манай компани нь үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний баялаг ББСБ-тай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17/164 дугаар зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, мөн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17/170 дугаар зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Улмаар компанийн үндсэн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнж 3 дугаар гудамж, 28а, б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204088391 дугаартай, 1,218 м.кв талбайтай, үйлдвэрлэл агуулахын зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг гүйцээж барих ажил эхэлсэн. ГэтэлЯ.Б- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ЭЦК ХХК, Д.Б-, Б.Г- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ЭЦК ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхэд ЭЦК ХХК-ийн нэр дээрх Баянзүрх дүүргийн, 11 дүгээр хороо, Ургах наран хорооллоос баруун тийш 5000 метрт байрлах 1400 м.кв газар, түүн дээр баригдсан 1152 м.кв үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, ЭЦК ХХК, Д.Б-, Б.Г- нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, ЭЦК ХХК-ийн эзэмших эрхийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэхгүй байхыг ЭЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-д даалгаж шийдвэрлэсэн. ЭЦК ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох шаардлагаасаа татгалзсан. ЭЦК ХХК-ийн эзэмших эрхийг бусдад худалдах, бэлэглэх, шилжүүлэхгүй байхыг хариуцагч ЭЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-д даалгасан арга хэмжээ хэвээр үлдсэн. Энэ хугацаанд манай компанид бусад байгууллагаас хамтран ажиллах саналууд ирж байсан. Ган бороо бэйс ХХК-аас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 31/09 дугаар албан бичгээр манай компанид хандаж ЭЦК ХХК-ийн 35 хувийн хувьцааг 120,000,000 төгрөгөөр худалдан авах буюу манай компанийн 120,000,000 төгрөгийн зээлийн өрийг хаах санал ирсэн. Мөн Спийд өртөө нэтворк ХХК-аас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 17/12 дугаар албан бичгээр манай компанийн үл хөдлөх хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр худалдан авах санал ирүүлсэн. ГэвчЯ.Б-ын хүсэлтийн дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний дагуу хувьцаагаа бусдад худалдах, захиран зарцуулах эрхгүй болж, байгууллагуудаас ирүүлсэн хамтран ажиллах саналыг хүлээж авах боломжгүй болсон. Үндэсний баялаг ББСБ ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17/164 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17/170 дугаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, зээлийн хүү, алдангид 49,654,380 төгрөгийг төлөх үүрэггүй байсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрээр ЭЦК ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирол 49,654,380 төгрөгийг хариуцагчЯ.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Я.Батбаяр болон ЭЦК ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тус компани нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд 1,400 м.кв газар эзэмшдэг байсан. Уг газар дээр компанийн хувьцаа эзэмшигчЯ.Б-, Д.Б-тай /Б.Г-ын аав/ бид харилцан тохиролцож 1,152 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай хөрөнгийг барьсан. Компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг барьсны дараа Д.Б- болон түүний хүү Б.Г- нар нь хамтарч ажиллахаар тохиролцооноосоо буцсан. ЭЦК ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалд гэж шаардсан. Тухайн үед н.Отгоннямаас их хэмжээний зээл авч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барихад оруулсан, мөн үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулж БНХАУ-аас 160,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмжийг худалдан авсан. Гэтэл зээлийн гэрээний өр төлбөр нэхсэн. Мөнгөний хэрэгцээ шаардлага гарсан тул өөрийн мэдлийн 50 хувийн хувьцааг Д.Б-д 130,000,000 төгрөгөөр худалдаж, 30,000,000 төгрөгийг бэлнээр авч, Б.Г-од үлдэх 100,000,000 төгрөгийн хувьцааг зарж зээлийн гэрээг байгуулсан. Мөнгийг удахгүй өгнө гэхэд нь итгээд гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан. ЭЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа компанийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барихад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. н.Отгоннямаа 130,000,000 төгрөгийн зээл авч үйлдвэрийн барилгад хөрөнгө оруулсан, мөн өөрийн зээлээс 160,000,000 төгрөгөөр үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж нийт 290,000,000 төгрөгийг ЭЦК ХХК-д зарцуулсан боловч н.Отгоннямаас авсан үндсэн зээл, зээлийн хүү, алданги, валютын ханшийн зөрүү 501,000,000 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж дуудлага худалдаагаар болсон. Д.Б-, Б.Г- нар хуурч, их хэмжээний зээл авахуулж хөрөнгө оруулалт хийлгэсний улмаас бусдад 501,000,000 төгрөг төлөхөөр болж хохирсон. Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаар магадлал гарсан. Тоног төхөөрөмж, машин механизмын үнэ 67,196,328 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөдЯ.Б-, Д.Аззаяа нар н.Отгоннямаас зээл авч, өөрсдийн хөрөнгөөр тоног төхөөрөмжийг 160,000,000 төгрөгөөр худалдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЭЦК ХХК, Д.Б-, Б.Г- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэгт Б.Г- нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17/11 дугаар ЭЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаарЯ.Б- өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.Б-д шилжүүлж төлбөр тооцоонууд бүрэн хийгдсэн. ҮүндЯ.Б- крантай автомашиныг манай гаргасан хөрөнгөөр авч байснаа өөртөө авах, 2014 онд тоног төхөөрөмж компанид оруулна гэж байснаа Хонхор дахь хашаандаа буулгасныг өөртөө авахаар болсон. ЭЦК ХХК-ийн захирал Б.Г-ын шүүхэд нотлох баримтаар гаргасан 2014, 2015 оны санхүүгийн тайлан блансад эд хөрөнгө тусгагдаагүй. ЭЦК ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан блансад тусгагдаагүй болох нь уг баримтуудаар нотлогдоно. Компанийн үндсэн хөрөнгөөр тоног төхөөрөмж бүртгээгүй, манай эзэмшилд байгаагүй гэсэн баримтуудаар маргаан бүхий тоног төхөөрөмж нь Элст цамхаг консракшн ХХК-ийн хөрөнгө биш болох нь тогтоогдсон. Гэтэл шүүхийн шийдвэрээр тоног төхөөрөмжийн үнэ 160,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг ашиглан, өөрийн хөрөнгөөр худалдаж авсан эд хөрөнгийг өмчлөлийнх нь зүйл байсан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ЭЦК ХХК-ийн эрх ашиг сонирхол нь үнэхээр хөндөгдсөн байсан бол өмнөх шүүхийн маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах байдлаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Я.Батбаяр нь Д.Б-, Б.Г- нартай харилцан тохиролцож компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлсэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг Б.Г-, Д.Б- нар үл хөдлөх хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсныг мэдсэн. Улмаар ЭЦК ХХК, Д.Б-, Б.Г- нарт холбогдуулан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ЭЦК ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, зээлийн гэрээний дагуу 101,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргасан. Гэтэл хариуцагч Д.Б-, Б.Г- нар нь надад мэдэгдэлгүйгээр эзэмшлийн ЭЦК ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрсдийн нэр дээр шилжүүлж авч Үндэсний баялаг ББСБ ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах 1400 м.кв газар, түүн дээр баригдсан 1,152 м.кв ЭЦК ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавьсан байсан. 100,000,000 төгрөг өгөх ёстой ч төгрөг өгөөгүй. Мөн Б.Г-, Д.Б- нар нь ЭЦК ХХК-ийн нэр дээр авсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Үндэсний баялаг ББСБ ХХК Баянгол дүүргийн шүүхэд гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч илт хууль бус шийдвэр гаргуулсныг мэдсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00631 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт ЭЦК ХХК-аас 168,496,000 төгрөг гаргуулж Үндэсний баялаг ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01811 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Үндэсний баялаг ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт ЭЦК ХХК-аас 168,496,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 1,158,380 төгрөг, нийт 169,654,380 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан эд хөрөнгө дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулахаар хариуцагч ЭЦК ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн 2 шийдвэрийн дагуу гарсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32018/09040 дугаар захирамж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжаар битүүмжилсэн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Б-, Б.Г- нар өөрсдийн дур зоргоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарч зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрийн дагуу 150,000,000 төгрөг авах ёстой бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч 7,000,000 төгрөгийг төлсөн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж хууль ёсоор биелсэн бол шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр тооцоог барагдуулах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хариуцагч тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулсан учраас хувьцааны үнэ өссөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн үнэ нэхэмжилсэн нь үндэслэлтэй, харин 49, 654,380 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчЯ.Б-т холбогдуулан гаргасан JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирол 49,654,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЭЦК ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 742,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэрэгт хариуцагчЯ.Б-ын Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаартай хэрэгт гаргаж байсан нэхэмжлэлүүд хариу тайлбарууд авагдсан бөгөөдЯ.Б- нь ЭЦК ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тоног төхөөрөмжүүдийг ЭЦК ХХК-ийн нэрээр компанийн эд хөрөнгө гэж оруулж ирсэн талаараа тайлбарлаж, энэхүү тоног төхөөрөмжийн үнийн дүнг нэхэмжилж байсан үйл баримт байгаа болох нь тогтоогдоно. ЭЦК ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн болох нь гаалийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар дугаар сарын 20-ны өдрийн 430 дугаар лавлагаа авагдсан бөгөөд энэхүү лавлагаагаар JS5750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигч нь хэний нэгний нэр дээр бүртгэгдсэн зүйлгүй болох нь нотлогдоно. Энэхүү тоног төхөөрөмж нь хэний өмч болох талаар анхан шатны шүүх үнэлэлт дүгнээгүй. Харин Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрээр маргаан бүхий тоног төхөөрөмжийг компанийн өмч гэж шийдвэрлэсэн.

Маргаан бүхий тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч компанийн өмч болохыг дээрх шийдвэрээр нэгэнт тогтоосон байхадЯ.Б- нь энэхүү тоног төхөөрөмжийг компанид өгөөгүй. Энэ талаар маргахгүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. ИймдЯ.Б- үндэслэлгүй хөрөнгөжиж тул шийдвэрт өөрчлөлт оруулж JS5750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тоног төхөөрөмжүүд нь ЭЦК ХХК-ийн хөрөнгө биш болохыг баталсан баримтууд хэрэгт авагдсан. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх тоног төхөөрөмжийн асуудлаар Л.Батбаяр нэхэмжлэл гаргасан. ЭЦК ХХК нь тухайн тоног төхөөрөмжүүдийг мэдэхгүй. Хэрэв манай компанийн эд хөрөнгө байсан бол 2014-2016 оны компанийн тайланд тусгагдах байсан гэх байдлаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. Энэ үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гэтэл дахин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн тоног төхөөрөмжийн 60,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянгол дүүргийн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт хоёр бичигдсэн өгүүлбэрийг тайлбарлаж, манай хөрөнгө мөн гэж нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн өгүүлбэр нь тэгш эрхийн зарчмыг илтэд зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ЭЦК ХХК нь хариуцагчЯ.Б-т холбогдуулан JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжийн улмаас хохирол 49,654,380 төгрөг, нийт 116,850,708.17 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

3.1. Өмнө ньЯ.Б- ЭЦК ХХК, Д.Б-, Б.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг, хөрөнгө оруулалт болон хохиролд 501,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрээр Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулжЯ.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ЭЦК ХХК-аас 501,000,000 төгрөг гаргуулах, Д.Б-гийн зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Г-ын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүрэгт 93,390,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 530 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШЗ2020/00106 дугаар захирамж гарснаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн -9-13, 89-96,98-99)

 

3.2. Зохигчдын хэн алины тайлбараас үзэхэд эдгээр тоног төхөөрөмжүүд нэхэмжлэгч ЭЦК ХХК-ийн эзэмшилд шилжиж ирээгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд Итгэлт-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигч нь 67,196,328.17 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна. (хх-ийн 14-30)

 

3.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/00091 дугаар шийдвэрээр Б.Г-оос зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулж олгох шаардлагыг хангах үндэслэлээ ... Тоног төхөөрөмж буюу бетон хольц зуурах тоног төхөөрөмж иж бүрдлээр, урдаа шанагатай ачигчийг 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Элст цамхаг консракшн ХХК-ийн нэрээр Монгол улсад оруулж ирсэн, ЭЦК ХХК-ийг байгуулсанЯ.Б-, Б.Г- нар компанидаа тэнцүү хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон... эдгээр тоног төхөөрөмж компанийн хөрөнгө болсны үр дүнд компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн байна... гэж дүгнэжээ. (хх-ийн 12)

 

3.4. Мөн дээрх шүүхийн шийдвэрийг гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас тавьсан ...ямар үндэслэлээр компанийн хувьцааг 130,000,000 төгрөгөөр зарсан юм бэ гэх асуултад тухайн хэргийн нэхэмжлэгчЯ.Б- ...тоног төхөөрөмж, үйлдвэр байртай болсон гэж хувьцаагаа 130,000,000 төгрөгөөр үнэлсэн... гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. (2хх-ийн 86-р талын ард)

 

3.5. Хариуцагч тал тухайн үед тоног төхөөрөмж компанийн эзэмшилд ирээгүй байгаа учраас компанийн өмч биш гэж маргаж байсан боловч шүүхээс талуудын буюу хэргийн оролцогчийн өөрсдийнх нь гаргасан тайлбаруудаас нэхэмжлэгчийн гаргасан дээрх тоног төхөөрөмж компанийн эд хөрөнгөд тооцогдох болсноор компанийн нэгж хувьцааны үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг үндэслэн түүний нэхэмжлэлийг хангав.

 

3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь нотлох баримтад хамаарна. Түүнчлэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

3.7. Мөн иргэдийн төлөөлөгч ... Хариуцагч тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулсан учраас хувьцааны үнэ өссөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч тоног төхөөрөмжийн үнэ нэхэмжилсэн нь үндэслэлтэй, харин 49, 654,380 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу боловч давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3.8. Талуудын маргааны зүйл болсон JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигч хариуцагчийн эзэмшлээс нэхэмжлэгч компанид бодитой шилжиж ирээгүй. Нэхэмжлэгч ЭЦК ХХК нь хариуцагчЯ.Б-аас шаардах эрхтэй тоног төхөөрөмжийг хариуцагч эзэмшилдээ авсан 2014 оноос хойш 7 жил гаруй хугацаа өнгөрсөн, ашиглалтын хувьд одоо ач холбогдлоо алдсан болох нь нэхэмжлэгчийн ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийхэд маргаан бүхий тоног төхөөрөмж нь анхнаасааЯ.Б-ын өмчлөлийн хашаанд байсныг тогтоосон... гэх тайлбар, хариуцагчийн ... тоног төхөөрөмж лац ломботой цоо шинээрээ одоо хүртэл байгаа, ашиглаагүй, уг хөрөнгийг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан... гэх тайлбар гарган маргаж байна. Иймд хувьцааны үнэ нэмэгдэх үндэслэлд хамааруулан шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн тоног төхөөрөмжийн үнэ 67,196,328 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжийн улмаас учирсан хохирол 49,654,380 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

4.1. ЭЦК ХХК нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдаагүй бол өөрийн хувьцааны 35 хувийг Ган бороо бэйс ХХК-д худалдан борлуулж, Үндэсний баялаг ББСБ ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17/164 дугаар зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17/170 дугаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, зээлийн хүү, алдангид 49,654,380 төгрөгийг төлөх үүрэг үүсэхгүй байсан гэх үндэслэлийг заасан боловч Үндэсний баялаг ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах хүртэл хэвийн явагдаж байсан эсэх, хэзээнээс эхлэн зээлийн эргэн төлөлт зөрчигдөж эхэлсэн эсэх, 2 зээлийн гэрээний үүрэг болох хүүгийн төлбөрт 49,654,380 төгрөгийг тус ББСБ-д төлсөн эсэх, зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн талаар баримт авагдаагүй. Мөн шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ болон нэхэмжлэгчийн төлсөн зээлийн хүү, алдангийн хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч ... 49,654,380 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

4.2. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас нэхэмжлэгчид 49,654,380 төгрөгийн бодит хохирол учисан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчЯ.Б-аас JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328.17 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭЦК ХХК-д олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирол 49,654,380 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчЯ.Б-аас JS750 маркийн бетон хольц зуурах машин төхөөрөмж, 139361049 арлын дугаартай урдаа шанагатай ачигчийн үнэ 67,196,328 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЦК ХХК-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирол 49,654,380 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг ... үлдээж хариуцагчЯ.Б-аас 493,932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭЦК ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ