Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/133

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох эрүүгийн 1838000630137 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр Хядагын-Улаан гэх газар иргэн Н.Н зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэр Хядагын-Улаан гэх газар иргэн Н.Н зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тош бид хоёр морь мал ярьж байгаад түүнээсээ болж маргалдсан. Тэгээд Мөнхбаяр эгчийнхээс хэрэлдээд зодолдоно гээд гарсан. Тэгээд ноцолдоод газарт унаж ноцолдсоор байгаад урагшаа жорлон өнгөрөөд явчихсан байсан. Тэгээд ноцолдож байгаад Тошийг босохгүй болохоор нь хаячихаад Мөнхбаяр эгчийн гэрт орсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-10 дугаар хуудас/,

Хохирогч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г бид хоёр морь ярьж байгаад маргалдсан. Мөнхбаяр гуайн гэрээс Г бид хоёр заамдалцаж аваад Г миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон... Г миний зүүн шанаа хэсэг рүү иртэй зүйлээр зүсчих шиг болсон. Би яг юугаар зүссэнийг нь мэдээгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-26 дугаар хуудас/,

Гэрч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эгч Мөнхзаяа утсаар залгаад Н хүнд зодуулаад Мөрөн рүү очсон байна. Одоо эмнэлэг дээр яаралтай оч гэсэн. Тэгээд эмнэлэг дээр яваад очиход Н муу ярьж байсан. Г намайг толгойн дээрээс хутгалчих шиг болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хядагын  Улаан хад гэх газарт дуудлагаар очиход нэг айлын гэрт осголтын байдалтай зүүн шанааны шархнаас цус гарсан байдалтай хүн гэрийнх нь баруун талд хэвтэж байсан. Зодолдсон гээд байгаа хүн нь толгойных нь ойролцоо орон дээр сууж байсан...Нямтулгын зүүн эрүүний доод хэсэгт зүсэгдсэн шарх байсан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-33 дугаар хуудас/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнийн 04 цагийн үед дуудлага өгсөн айлд очоод гэрт нь ороход нэг  залуу нь нөгөөгийнхөө толгойг түшсэн байдалтай сууж байсан. Толгойгоо түшүүлсэн залуу хүзүү, эрүү орчимдоо 4 см орчим ярагдаж зүсэгдсэн юм шиг ангайж цус гоожсон шархтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Я.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г, Тош гэх залуу хоёр манай гэрт согтуу ирсэн. Тэр хоёр адуу малнаас болж маргалдаад Тош нь Гийг гараад ир, үзье гээд Тош түрүүлээд гарсан. Араас нь Г гарсан. Г ороод ирэхээр нь нөгөө Тош чинь хаачсан юм бэ гэхэд гадаа хэсэг унтаж байгаа биз гэсэн. Тэгээд Тош орж ирэхгүй болохоор нь гэрэл тусгаад яваад очтол Тош жорлонгийн хажуу талд доошоо харсан дөрвөн хөлөлсөн байдалтай байсан. Хажуу талаас нь цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-45 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г нэг хүнтэй морь мал яриад маргалдаад унасан. Тэгсэн нөгөө залуу нь Гийг гараад ир үзье гээд аваад гарсан. Тэгээд ойролцоогоор 10 орчим минутын дараа Г ганцаараа орж ирсэн. Эмээ тэр хүнийг гараад дуудсан жорлонгийн урд тал руу дуугарч байхаар нь яваад очсон гэсэн. Тэгээд эмээ гэрт орж ирээд Гээ чи хүн алчихсан байна гэхээр нь би босож очоод нөгөө залууг харахад жорлонгийн урд доошоо харсан байдалтай нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч М.Батмөнхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэд:

1. Н.Н-ын биед эрүүний зүүн доод буланд шарх, баруун сарвууны 5 ширхэг хурууны ар гадаргуу хоёр чихний дэлбээнд хөлдөлт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх эрүүний шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бол хуруунуудын хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.

3. Н.Н-ын биед учирсан эрүүний шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Н.Нямтулгын биед учирсан баруун сарвууны 5 ширхэг хурууны хөлдөлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 52 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хурц ирмэг бүхий чулуугаар цохих үед үүссэн байж болно. Харин хоёр хүн давхардаж ирмэгтэй зүйл рүү унах үед үүсэх боломж маш бага бараг давхаралдаж унах үед үүсэх боломжгүй. Учир нь эрүүнд үүссэн шарх нь том урт тууш хэлбэрийн байснаас үзэхэд ирмэгтэй зүйлээр цохих үед үүссэн гэмтэл болох нь тогтоогдож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59 дүгээр хуудас/,

Хохирогч Н.Н нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 67 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000630137 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Г нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 66 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Н.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838000630137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол   санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838000630137 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР