Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 03-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ43                             Өвөрхангай аймаг

 

 

Г.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                       Прокурор Ц.Нэргүй,

                                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, 

Нарийн бичгийн дарга П.Батцагаан нарыг    оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Г.О-д холбогдох эрүүгийн 2326003120238 тоот хэргийг 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр, ..... суманд төрсөн, .... настай, ..., .... боловсролтой, ...., ....., ам бүл ...., .... хамт .... аймгийн ....  сумын .... багт оршин суух хаягтай, Г.О

Г.Онь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө ... аймгийн ..... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр .... улсын дугаартай ..... загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч С.Э, Д.Д, Г.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.О-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Д-д хохиролд 500000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч Г.А-д хохиролд 700000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2750000 төгрөгийг, хохирогч С.Э-д хохиролд 1000000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Д, Г.А нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хохирогч С.Э нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн П.Б-ын эмчилгээний зардал 166864 төгрөг,  Т.Р-ийн эмчилгээний зардал 219900 төгрөг, Б.З-гийн эмчилгээний зардал 332000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ, мөн хохирогч С.Э нь сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Г.О миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргээс учирсан гэм хорын хохирлыг хохирогч нарт төлж барагдуулсан. Хохирогч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Д.Д, Г.А нарт шүүхээс сэтгэцэд учирсан хор уршиг 5,500,000 төгрөг төлөхөөр гарч төлж барагдуулсан. Ял шийтгэлийн хувьд шүүх яллах, цагаатгах талыг үнэлж ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцдэг. Шүүхээс хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэсэн атал улсын яллагчаас дээгүүр ял онгодуулж миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Ар гэрт нөхрөөс маань өөр орлого олдог хүн байхгүй. Тус гэмт хэргээс үүдэн ах дүү, найз нөхдөөсөө тусламж авч хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Мөн оюутан хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн ялаас багасгаж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нөхөн төлсөн, тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагын хэмжээнд ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчид торгох ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Гэмт хэргийн улмаас 3-н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлээс хүндрүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд 450,000-5,400,000 төгрөгөөр  торгох боломжтой. Шүүгдэгч Г.О-д холбогдох хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон Г.О-ын хохирол хор уршгийг арилгасан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээж, хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй гэдгээрээ бусад гэмт хэргээс ялгагдаж байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой. Өмнөх шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд 2,000,000 төгрөгөөр торгох саналаа шүүхэд гаргаж байсан. Өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн байна. Г.О нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээс учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлуудыг харгалзан шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ял шийтгэлийн багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.О-ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлон тогтоохоор хуульчилсан. Хэрэгт шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг хавсаргаагүй. Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэх нь тухайн этгээдэд шүүхээс ямар төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулах, ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх үндэслэлд хамаардаг. Гэтэл шүүгдэгчийн хувийн байдал болон ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлон тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэн ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэлээ.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Г.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.НЯМДОРЖ

             ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                

                                                                                Б.ЦЭРЭНПҮРЭВ