Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 9 сарын 03-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/44                             Өвөрхангай аймаг

 

Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа,

      Шүүгдэгч Д.Х,

      Нарийн бичгийн дарга П.Батцагаан нарыг оролцуулан                                                           

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдлоор Д.Х-т холбогдох эрүүгийн 2327001400067 тоот хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Х нь 2023 оны 7 дугаар сард Өвөрхангай аймгийн ... сумын ... гэх газарт байрлах А.М-ийн хаваржааны хашааны модыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... улсын дугаартай .... маркын автомашины үнэ болох 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-тавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоолын 1 дэх заалтын ... машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх, мөн 4 дэх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Д.Х-т холбогдох эрүүгийн 2327001400067 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой үнэн зөв эргэлзээгүй тогтоож чадаагүй, шүүгдэгч Д.Х-ыг хохирогч А.М-ийн хаваржааны хашааны модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч болон гэрч М.С /хохирогчийн хүү/, гэрч А.О, Н.С, Д.Б, Ө.Т, Ц.А, Д.Ш, Б.Ө, Р.Ш нарын мэдүүлэг болон Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэжээ. Д.Х-т холбогдох хэрэгт дээрх 9-н гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ хохирогчийн төрсөн хүү М.С-ын мэдүүлгийг үндэслэл болгосон.

Гэрч М.С-ын мэдүүлэгт ... 2023 оны 7 дугаар сарын эхээр аавын хаваржааны модон хорооны нэг үеийг Д.Х портер дээрээ ачаад хөдөлж байсан. Дурандаад байсан чинь гэрийнхээ гадаа очоод буулгасан. 2023 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд дурандахад үлдсэн мод нь байсан. Хоёр хоногийн дараа дурандахад үлдсэн хороо нь байхгүй байсан. Хаваржаан дээрээ очоод дугуйгаа хий эргүүлээд явсан портер машины мөр байсан...гэх, 6-р багийн засаг дарга Ц.А ... 2023 оны 7 сарын сүүлээр М-ийн эхнэр Т над руу залгаж ... манай малын хорооны тойруулга болох шургаагнуудыг саахалт Д.Х аваад түлчихсэн гэж хэлэхээр нь хэсгийн төлөөлөгчийн дугаарыг өгсөн... гэх мэдүүлгүүдээр Д.Х-ыг машин механизм ашиглан М-гийн хаваржаанаас мод зөөж байсныг гэрчилсэн өөр хөндлөнгийн гэрч байхгүй. А.М-ийн эхнэр Т багийн даргадаа Д.Х-ыг “хорооны мод зөөгөөд байна” гэж хэлэхдээ “машин”-аар тээвэрлэсэн талаар хэлээгүй байна. Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад гэрч нарын мэдүүлэгт Д.Х-ыг М-гийн хаваржаанаас мод хулгайлахдаа зөөж тээвэрлэх зорилгоор “машин механизм” буюу өөрийн машинаа урьдчилан бэлтгэж, ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлээгүй болно. Хэргийн газрын үзлэгийг тухайн хэрэг гарсан цаг тухайд нь хохирогчийн хаваржаан дээрээс шүүгдэгчийн гэр хүртэл машины ул мөрөөр үзлэг хийж, бэхжүүлсний дараа таньж олуулах ажиллагаа хийгдээгүй, хэрэг гарснаас хойш 2 сарын дараа хийгдсэн нь нотолгооны ач холбогдол бүхий байдлыг тогтоох боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл гэрч М.С-ыг мэдүүлгийн эх сурвалжаа зааж нотолж чадаагүй байхад түүний мэдүүлэгт хөтлөгдөж, Д.Х-ын хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Д.Х нь хохирогч А.М-ийн хаваржаанаас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2 ширхэг мод хулгайлахдаа мориор чирч гэрийн гадаа авчирсан талаараа мэдүүлдэг. Тэрээр хулгай хийсэндээ маргаагүй, учруулсан хохирлын үнийг зах зээлийн үнэлгээгээр 1,560,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. Харин энэ үйлдлийг “машин механизм” ашиглан үйлдээгүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, болон 4 дэх заалтыг өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгож машин механизм ашиглан хохирогч М-ийн хаваржааны модыг хулгайлсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон нотлох баримт үндэслэлгүй. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хохирогчийн хүү Сугараар Д.Х-ын авто машиныг таньж олуулах ажиллагаа хийсэн. Сугарт 3-н автомашины зураг үзүүлэхэд Д.Х-ын машиныг заадаг. Хохирогч өмнө нь мэдүүлэхдээ би Д.Х-ын машиныг мэднэ, цагаан будаг нь халзарсан “бонго” маркын машин байдаг гэж хэлж байсан. Саахалт айлын хүмүүс бие биеийнхээ машиныг танихгүй байна гэж байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сант сумын цагдаагийн 2 мөрдөгч Д.Х-ын гэрт очоод Д.Х-ыг эхнэртэй нь Сант суманд очиж мэдүүлэг өгнө гээд 21-н цагийн үед аваад явсан байдаг. Энэ 2-ыг нэг өрөөнд суулгаж байгаад мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа модыг яаж авсан бэ гэдэг агуулгаар асуусан. Өмнө нь хохирогчийн хүү Сугар Д.Х-т ирээд “чамайг манай хаваржааны модыг машинаар зөөж хулгай хийсэн гэдгийг Цагдаагийн газарт өргөдөл өгсөн байгаа” гэж хэлсэн байдаг. Хөдөөний хүмүүс шөнө 21-н цагийн үед цагдаагийн хүн сумын төв дээр аваачаад мэдүүлэг авахад нь айсан. Хохирогчийн мэдүүлгээс зөрөх юм бол намайг шоронд хийчих байх гэж айхдаа “тийм ээ машинаар зөөгөөд авсан” гэж хэлсэн байдаг. Мэдүүлэг авсан тэмдэглэлийг үзэхэд Д.Х-аас 19-н цагт, эхнэрээс нь 21-н цагт мэдүүлэг авсан байна. 21-н цагт гэрээс очиж авчихаад 2 өөр цаг хугацаанд мэдүүлэг авсан юм шиг байдлаар тэмдэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй. Гэрч мэдүүлэг өгөхдөө гэрчийг гэм буруутай байдлаар машинаар зөөсөн хэлж байгаа гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хууль зөрчиж авсан. Хууль сануулсан, гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байхад би өгнө гээд гарын үсэг зурсан байна. Анх өгсөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.Х, О 2-ын өгсөн мэдүүлэг өөрсдийнх эсрэг үнэлэгдэх болсон. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэлд Д.Х-ын цэнхэр өнгийн .... маркын автомашинд үзлэг хийсэн байдаг. Дугуйны хээ нь 12-той, урд болон арын дугуйны хээний зураг байсан. Тухайн хэрэг 7 дугаар сард гарсан байхад 12 дугаар сард очиж үзлэг хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан машины зургийг авсан, дугуйны хээний зураг авсныг хэргийн газрын үзлэгээр нотлогдож байна гэдэг. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийтгэх тогтоол гаргасан. Ийм учраас Д.Х хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн.

2023 оны 07 дугаар сарын эхээр машинтай очоод хулгай хийснийг Сугар харсан гэдэг. 20-иод хоногийн дараа бас хулгай хийсэн гээд байгаа. 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэгийг хохирогч М-ийн эхнэр Т нь заагаад Монгол гэрийн буурин чинээ шургааг хэд хэдэн үетэй хороо байсан, одоо алга болсон гээд хоосон газар очоод яриад байдаг. Тэрийг нь хэргийн газрын үзлэгээр нотлогдсон гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах ямар ч ач холбогдолгүй болсон, таньж олуулах ажиллагаанууд хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.7-т зааснаар хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрээгүй, хуульд заасан ажиллагаа болох нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн баримт хавтас хэргийн материалд байхгүй байна. Д.Х 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 2 ширхэг 5 метр урттай модыг цагаан зээрд мориороо чирч авч ирсэн гэж ярьдаг. 2023 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хугацаанд машин нь эвдрээд гэрийнх нь гадаа байсан. Гэтэл яллах дүгнэлтэд Ширбазарын мэдүүлгийг үндэслэл болгосон. Уг яллах дүгнэлтэд Д.Х-ын машин эвдэрсэн талаар бичээгүй, Д.Х-ын гэрийн гадаа 2 мод байсан гэдгийг л бичсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг зөрчсөн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Х машин механизм хэрэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэн авсан гэдэг нь нотлогдохгүй байна. Өсөхбаярын мэдүүлэгт хашаа нь хагас дугуй хэлбэртэй 2 хэсгээс бүрдсэн хойд талдаа салхи хамгаалах зориулалттай шургаа мод байсан. Хохирогч хэдэн ширхэг мод байсныг мэддэггүй. Багцаагаар хамгийн багаар бодоход манай хашааны мод 25-н мод байсан гэж хэлдэг. 44 модыг Бонго машин дээр ачих юм бол доошоо суугаад хээ гарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн баримт, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй. Гэрч М, түүний хүү С, эхнэр Т нь хэргийн газрын үзлэг хийхэд мод энд байсан гэж хоосон газар зааж байгаа зэрэг нотлох баримтыг үнэлэх боломжгүй. Бусад нотлох баримтаар эх сурвалжаа зааж машин механизм ашиглаад 44 ширхэг урт мод байсан гэдгийг нотолж тогтоосон зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг харгалзаад Д.Х нь хохирогчийн хаваржаанаас 2 модыг мориор чирч авч ирсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ердийн бүрэлдэхүүнтэй хулгайн гэмт хэрэг байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүдэгч нь машин механизм ашиглаад хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.  

Шүүгдэгч Д.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би машин ашиглаагүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэлээ.

Учир нь: Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд ...дурангаар харахад хохирогч А.М-ийн хаваржааны хашааны модыг хоёр хүн ачиж байсан /хх-ийн 35-36/ гэж мэдүүлсэн байхад энэ талаар шалгаж тодруулаагүй.

Мөн шүүгдэгч Д.Х нь хулгайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд машинаа эвдэрсэн байсан, энэ талаар шалгуулахаар мэдүүлэг өгсөн байхад шалгаагүй буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА

                       ШҮҮГЧИД                             Л.НЯМДОРЖ                

                                                                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ