Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 319

 

Д.М-гийн нэхэмжлэлтэй,

МХХЗ-д холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...МХХЗ-өөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах, МХХЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0356 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэрээр: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6-д тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгч Д.М-гийн МХХЗ-өөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах, МХХЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам-ын 3.3 дугаар зүйлийн 1-д Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0356 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.М-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Д.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “...“хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг” гэж тодорхойлсон байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө” гэж зааснаас үзвэл Монголын Хуульчдын холбоо хэний бүртгэлийг хөтлөх вэ гэвэл “хуульчдын” бүртгэлийг хөтөлнө. Эрх зүйн үр дагавар нь “хуульчдад” чиглэх юм. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д “Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална” гэжээ. Эндээс үзэхэд хуульчдынхаа нэгдсэн бүртгэлийг хөтлөх буюу хэдэн хуульч тус холбоонд гишүүнчлэлтэй хэдэн хуульч байгаа тэдгээрийн хэд нь шүүгч, прокурор өмгөөлөгч, бусад хуульч байна вэ хэд нь эрхээ түдгэлзүүлсэн, хэд нь идэвхтэй ажил эрхэлж байна гэх мэтчилэн хуульчдын нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг батлах эрх нь Хуульчдын холбооны зөвлөлд хуулиар олгогдсон болохоос биш эрх зүйчид буюу хуульч бус этгээдэд чиглэсэн журам батлах эрх хэмжээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6 дахь хэсгүүдэд заагаагүй болно.

4. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, үнэлээгүй талаар: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана” гээд дараах баримт бичгийг бүрдүүлэхээр заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Энэ хуулийн 19.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана”, 19.2.1-д “хуульчийн шалгалтад тэнцсэн батламж”, 19.2.2-т “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, 19.2.3-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт” гэж заасан.

5. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсан 070 дугаартай шалгалтад тэнцсэн батламж, ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон тодорхойлолт, сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт гэсэн 3 бичиг баримтыг өргөдөлдөө хавсарган өгснөөр хуульчаар бүртгүүлэхийн тулд бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хангахаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд дээрх байдлаар тодорхой заажээ. Гэтэл маргаан бүхий захиргааны актуудыг үндэслээд дээрх 3 зүйл дээр нэмээд 150,000 төгрөг тушаасан баримтыг шаардсны дагуу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. Төлөхгүй бол шалгалтад тэнцсэн хэдий ч “хуульчийн гэрчилгээ” авах боломжгүй болох байсан. Энэ байдал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэх заалтыг зөрчиж байгаа юм. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан этгээд хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно” гэж заасан бөгөөд миний бие Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот “Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, зөвшөөрөл олгох тухай” тушаалын хавсралтын 29 дэх мөрөнд нэр бичигдэж уг тушаалаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуульчийн тангараг өргөж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 5995 тоот хуульчийн гэрчилгээг гардан авсан. Мөн надад хуульчийн татвар төлөх үүрэг 2018 оны 12 сараас үүссэн талаар Монголын Хуульчдын холбооноос нотлох баримтыг ирүүлсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хуульч болж Монголын Хуульчдын холбооны гишүүний эрх, үүрэг үүссэн юм. Энэ хугацаанаас өмнө би эрх зүйч байсан буюу МХХЗ-ийн хуульчдад үйлчлэх журам тогтоох асуудал надад хамаагүй, үйлчлэх ёсгүй байсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Хуульчдын холбооны санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж, сургалтын төлбөр, хэвлэн нийтлэлийн ашгаас бүрдэнэ” гэж заасан буюу холбооны гишүүн бус эрх зүйчид чиглэсэн хураамж авах хэмжээг тогтоох эрхийг олгосон тус хуулийн ганц заалт болох энэ заалтад эрх зүйчээс шалгалтын хураамж авах талаар заасан. Хуулийн энэ заалтаас үзэхэд холбооны гишүүдийн татвар, сургалтын төлбөр, хандив, хэвлэн нийтлэлийн ашиг, хуульчийн мэргэжлийн шалгалтын хураамж гэсэн 5 зүйлээс л санхүүжихээр байна. Эдгээрийн эхний 2 нь хуульчдаас, удаах 2 нь үйл ажиллагаанаас сүүлийнх нь харин холбооны гишүүн бус этгээдээс мөнгө хураамж авч болох эрх зүйн үндэслэлийг бий болгосон байна. Эдгээрийн дотор бүртгэлийн хураамж 150,000 төгрөг авах хууль зүйн боломжийг тусгаагүй юм. Гэтэл Монголын Хуульчдын холбоо хууль бусаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр надаас 150,000 төгрөгийг хураан авсан. Энэхүү мөнгийг чухам юунд зарцуулдгаа хариуцагч нотлоогүйн дээр санхүүжилт биш гэсэн хариу тайлбар гаргасан байдаг.

6. Шүүх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө” гэж зааснаас үзвэл Монголын Хуульчдын холбоо хэний бүртгэлийг хөтлөх вэ гэвэл “хуульчдын” бүртгэлийг хөтөлнө. 44 дүгээр зүйлийн 44.6-д “Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална” гэж заасныг 150,000 төгрөг хураах эрхийг олгосон гишүүн хуульчиддаа бус бусад этгээдэд үүрэг үүсгэх эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ хэргийн тухайд шүүх эрх зүйн харилцааны ялгаа заагийг огтхон ч хайхарч үзэхгүй “зорилго нь зөв бол бусад нь хамаагүй” гэх зарчмаар үндэслэлээ тайлбарласанд иргэн би гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа “...2014 оноос хойших 150,000 төгрөг төлсөн бүх хүн 150,000 төгрөгийг нэхэх эрхтэй болох гэж байна...” гэсэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг 3-р хэсэг 6 минут 20 секундээс 6 минут 40 секундэд бичигдсэн. Энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл биш юм. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгчийг “...МХХЗ-ийн “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-тай маргаагүй, энэ журам нь хэдий хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй ч хүчин төгөлдөр учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй....” хэсэг, /2 минут 41 секундээс 4 минут 15 секундийн хооронд бичигдсэн тул бичлэгээс үзнэ үү/ дүгнэлтүүд хийсэнд гомдолтой байна. Учир нь миний нэхэмжлэлийн нэг шаардлага нь “МХХЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж байсаар атал шүүх ийнхүү өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Би маргаагүй биш маргасан, маргахдаа зөвхөн өөрт хамаарах заалт дээр л маргасан.

7. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар: Анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1360 дугаартай албан бичгээр мөн л дээрх нотлох баримтыг гаргуулахаар хариуцагчид албан бичиг хүргүүлсэн ч уг нотлох баримтууд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч би өмнөх 3 удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр болон, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ “150,000 төгрөгийг хэрхэн зарцуулдаг талаарх санхүүгийн баримтыг гаргуулж өгнө үү” хэмээн шүүхэд хүсэлтээ өгсөн ч энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй. Харин 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч өөрөө “ийм баримт байхгүй л бол байхгүйшд тийм биздээ” гэж хэлээд хурлаа хийснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-11 “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасныг болон мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;” гэж заасныг тус тус зөрчсөн.

8. Хэргийн харъяаллын талаар: Нэхэмжлэгч би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ МХХЗ-ийн 108 дугаар тогтоолыг “захиргааны хэм хэмжээний акт” гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Үүний хариуд хариуцагч “энэ бол захиргааны хэм хэмжээний акт биш Монголын Хуульчдын холбооны дотоод асуудал” гэсэн тайлбар гаргах мэтгэлцсэн. Анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/Ш32019/1306 захирамжаар “дотогш чиглэсэн харилцаа” гэж үзээд “захиргааны шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг гэнэт хүлээж авахаас татгалзсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШТ2019/0170 тоот тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн дээрх захирамжийг хүчингүй болгосон. Үүний дараа анхан шатны шүүхийн шүүгч хэргийн баримтад ямар ч өөрчлөлт гараагүй байхад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан захиргааны акт байна” гэж үзсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүгч нэхэмжлэгчээс энэ маргаан бүхий 108 дугаар тогтоолыг та юу гэж үзэж байна гэсэн асуулт асуусан. “Хэм хэмжээний акт” гэж хариулсан ч шүүх “захиргааны акт” гээд дүгнээд явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гадна шүүх ч хүртэл уг асуудлыг тодорхойлох хүрээнд маш их эргэлзээтэй байр суурьтай байж ирсэн. Тухайлбал, анхан шатны шүүх маргаан бүхий актуудыг “захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлтэй эсэхийг лавласан байдаг”, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа нэхэмжлэлийн нэг шаардлагад хамаарах “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам"-ыг хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй ч байна” гэх зэргээр дүгнэсэн”, хэрэг үүсгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “захиргааны акт”, дараа нь 37.7-д заасан “захиргааны акт” гэж дүгнэсэн байдлуудаас ажиглавал: нэгдүгээрт, МХХЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон. Хоёрдугаарт, МХХЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасан нь чухамдаа “Захиргааны хэм хэмжээний акт уу, Захиргааны акт уу энэ хоёрын аль нь болохыг тодорхойлох гэж багагүй зүдэрснийг харуулж байна. Харин нэхэмжлэгч би анхнаасаа хэм хэмжээний акт гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүх нь хэрэг үүсгэхийн хувьд үүсгэсэн ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “захиргааны акт” хэмээн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэрэг үүсгэсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч би гомдол гаргах зохицуулалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй учраас гомдол гаргах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй. Маргаан бүхий актуудыг үндэслээд Монголын Хуульчдын холбоо жил бүр эрх шалгалтад тэнцсэн эрх зүйчдээс 150,000 төгрөг авдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь шинэлэг эрх зүйн зохицуулалт бий болсон ч захиргааны хэм хэмжээний актын “байнга, дахин давтагдах” гэсэн үндсэн шинжийг агуулж байгаагийн хувьд МХХЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хураамжийн хэмжээг тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон, МХХЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэсэн нь “захиргааны хэм хэмжээний акт” гэж үзэж байна.

9. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0356 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгч Д.М- нь “...МХХЗ-өөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан Хураамжийн хэмжээ тогтоох тухай 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150,000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150,000 төгрөгийг гаргуулах, МХХЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

12. Монголын Хуульчдын Холбоонд гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг тогтоосон МХХЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоол нь гадагш чиглэсэн, байнга давтагдах шинжтэй учир /холбогдох зохицуулалт/ Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар маргаж байжээ.

13. Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 112.1.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харъяалуулсан хэргийг анхан шатны журмаар... хянан шийдвэрлэнэ” гэж заасан хэргийн харъяаллыг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй нь буруу байх тул ”...шүүх хэргийн харъяалал зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

14. Дээрх байдлаар хэргийн харъяалал зөрчсөн нь хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагаврыг бий болгохоор байна.

15. Иймд, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан бусад үндэслэлээр хяналтын шатны шүүх урьдчилан дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2019/0356 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан Д.М-гийн нэхэмжлэлтэй, МХХЗ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.М-гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ