Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 795

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х*******, нэхэмжлэгч Б.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нарыг оролцуулан иргэн Б.П*******ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П*******, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* нарын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 

“Нэхэмжлэгч Баярын П******* ба Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны референт Т*******ын Т******* нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг баримтлан харилцан буулт хийж, маргаанаа дуусгавар болгох зорилгоор дараах нөхцөлийг харилцан зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

1.Нэхэмжлэгч Б.П******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/83 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Ажпын албаны Шүүхийн хүний нөөцийн газарт “Хүний нөөц хариуцсан ахлах референт”-ийн албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага, түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “Хүний нөөц хариуцсан ахлах референтийн албан тушаал” хасагдсан тул тухайн албан тушаалаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлөгдөж 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авах хүсэлт гаргаж байна. Энэхүү шаардлага, хүсэлтийг хамтад нь Хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.

2.Нэхэмжлэгч Б.П******* нь 2016 оны 7-9 дугаар сард чөлөөтэй, өвчтэй байсан 18 өдрийн цалин хөлс, түүнд холбогдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байгаа ба үүнийг хариуцагч тал зохих журмын дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Энэ гэрээ нь талуудын хүсэл зориг, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг шүүхээр баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй” гэжээ. 

  ҮНДЭСЛЭХ нь:

Энэхүү захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч харилцан эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан байна.     

Түүнчлэн хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 03/1067 дугаар албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референт Т.Т*******т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан “эвлэрэх” бүрэн эрхийг олгосон байх тул дээрх Эвлэрлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр болно.      

Мөн уг эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.       

Эвлэрлийн гэрээг байгуулснаар уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.    

     

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, нэхэмжлэгч Б.П*******ын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл цалин хөлсөө аваагүй, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчираас 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 5 хоногийн чөлөө олгосон хугацааны цалин гаргуулах, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 13 хоногийн хугацаанд эмнэлэгийн магадлалаар хөдөлмөрийн чадвараа алдсан мөнгийг цалингийн 75 хувиар бодож олгуулах, дээрх чөлөө авсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэмэгдүүлсэн” шаардлага бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР