Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00013

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01087/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК,

*******,

******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 24,779,109.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дагважамцын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг, хариуцагч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэгээс:

Хариуцагч ******* ХХК, ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******тай ЗГ4305115017 дугаартай Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 27,800,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн ЗГ4305115017 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг байгуулсан.

Үүнд БГ4305115017 дугаартай ипотекийн гэрээгээр *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Ширээ нурууны 18-03 тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц граж, гүний худаг, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, БГ4305115017/А дугаартай ипотекийн гэрээгээр *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Номгон ширээ нуруу 18 гудамж 3 тоот 313,4 м.кв 168 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах *******гийн өмчлөлийн 84,1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг барьцаалсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БД4305115017 дугаартай батлан даалтын гэрээгээр *******, ******* нар нь дээрх гэрээний үүрэг үл биелэгдвэл өөрсдийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцах үүрэг хүлээсэн.

Мөн хариуцагч *******, Ц.Батцэрэн нар нь *******тай 2018.12.10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, дараах ипотекийн гэрээг байгуулсан болно.

Үүнд: 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗБ4305124106 дугаартай ипотекийн гэрээгээр *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг Ширээ нурууны 18-03 тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц граж, гүний худаг, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт оршин 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан болно. Хариуцагч ******* компанийн захирал *******, хариуцагч ******* нарт зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч шүүхэд хандаж зээлийнхээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байх тул зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн нийт төлбөр 24,752,109.83 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 24,779,109.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК, *******, ******* нараас:

ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр нийт 5,184,992 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн төлбөрт үндсэн нийт 19,567,117 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэл байна.

Ковид-19 цар тахлын улмаас орлого муудсан болон зээлийн өндөр хүүгийн дарамтын улмаас №ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээгээр авсан 27,800,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2019 оны 11 сараас эхлэн доголдол үүссэн. Уг 27,800,000 төгрөгийн зээл ашиглалтын хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 11,850,800 төгрөгийн хүү төлсөн боловч 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 12,445,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, 4,830,000 төгрөгийн хүүгийн хуримтлагдаж нийт 16,680,000 төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлтэй болж, нэмж зээл хүүгийн төлбөр төлж чадахгүй хаврын тариалалтаа ч хийж чадахгүй, санхүүгийн хүнд байдалд орсон.

Манайх санхүүгийн хүндрэлээс гарах болон хаврын тариалалтад нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа тул ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээний 12,445,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дээр нэмж 50,000,000 төгрөгийн зээл олгож, уг зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 3 хувийн эсвэл Монгол банкны хэрэгжүүлж байгаа 10,5 хувийн хүүтэй репо зээлэнд хамрагдах хүсэлтээ *******инд шуудангаар хүргүүлсэн.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №ЗГ4305115017 дугаартай 27,800,000 төгрөгийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна. Учир нь №ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн зориулалт Хөрөнгө оруулалт гэж заасан. Гэтэл уг гэрээний дагуу олгосон 27,800,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мөнх Үржих үр ХХК-ийн дансанд шилжүүлж, тухайн өдрөө тэр даруйд нь 27,465,887 буцааж татаж, өмнөх 2014 оны 8 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлд суутгаж авсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэж байна. Иймд 2017 оны №ЗГ4305115017 дугаартай 27,800,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлсөн үндсэн зээл 15,355,104 төгрөг, хүү 11,368,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,515 төгрөг, нийт 26,780,270 төгрөгийг 27,800,000 үндсэн зээлээс хасаж тооцвол 1,019,730 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тул 1,019,730 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нийт 5,184,992.63 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 5,211,992.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч ******* ХХК, *******, ******* нараас ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,444,895.86 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг, нийт 19,567,117.20 төгрөгийг гаргуулах, БГ4305115017 дугаартай ипотекийн гэрээгээр *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг Ширээ нурууны 18-03 тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, БГ4305115017/А дугаартай ипотекийн гэрээгээр *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310002041 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг Номгон ширээ нуруу 18 гудамж 3 тоот 313.4 м.кв, 168.8 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах *******гийн өмчлөлийн 84.1 м.кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэргийг албан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р баг Ширээ нурууны 18-03 тоот хаягт байршилтай 52 м.кв, 18 м.кв талбайтай хувийн сууц, граж, гүний худаг, улсын бүртгэлийн ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар багийн нутагт орших 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,038.05 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 168,542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дагважамц давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээг Стандарт гэрээ гэж дүгнэсэн үндэслэл нь ойлгомжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. 200.2.Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй гэж заасан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд талууд гэрээний зүйл, заалт тус бүртэй танилцсаны үндсэн дээр хуудас бүрд гарын үсгээ зурж баталгаажуулдаг.

Хариуцагч нар нь Чингис бондын зээлийн үлдэгдэл 27,8 сая төгрөгийг Хөрөнгө оруулалтын зээлд хөрвүүлэх хүсэл зоригтойгоор гэрээ байгуулсан.

Иймд талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгосон байх тул ЭГ4305115017 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулсан нь үндэслэлгүй байна.

Гэрээ байгуулах болох гэрээ байгуулснаас хойших үйл явдлыг нэгтгэн дүгнэвэл:

1. ******* нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Мөнх-Үржих үр ХХК, ******* нартай ЗГ4305115017 тоот зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь:

Нэгдүгээрт: Хариуцагч нар нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн дахин нэг өвлийн хүлэмж барьж эхлүүлсэн бөгөөд 10 гаруй цэгт нарийн ногоогоо борлуулдаг тул зээлийн эргэн төлөлтийг хүлэмжийн ногооны борлуулалтын орлогоосоо төлөх боломжтой учраас бидэнд боломж олгож Чингис бондын зээлийн үлдэгдлийг 60 сарын хугацаатай Хөрөнгө оруулалтын зээл рүү шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Хх/101/ тал.

Хоёрдугаарт: Хариуцагч нарын хүсэлтийн дагуу Чингис бондын төслийн зээлийн үлдэгдэл 27,8 сая төгрөгийг Хөрөнгө оруулалтын зээлд сарын 2,3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хөрвүүлэх талаар зээлийн судалгаа хийгдэж, зээл батлагдаж, олгогдсон. /хх-ийн 104-106 уудас/. ЗГ4305115017 тоот зээлийг олгож өмнөх бага хүүтэй зээл буюу ЭГ4305Ю1159 тоот зээлийг хаахад гүйлгээний шийдвэрийг хариуцагч нарын бичгэн хэлбэрээр гаргасан хүсэлт хх/101/ талд авагдсан баримтын дагуу хийсэн байдаг.

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаатай тухай хуулийн 19.5. 3ээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлийн олголтыг зээлдэгчийн дансанд олгосон бөгөөд зээлдэгч нар нь мөн өдрөө нэмж 930,000+20,000=950,000 төгрөг данс руугаа хийж, 28,465,877.26 төгрөгөөр Чингис бондын төслийн зээлээ хаасан байдаг. Энэ нь хүү тооцооллын хүснэгт зээлийн дансны хуулгаар баталгаажсан. хх/63/ тал

З. ЭГ43051 15017 тоот зээлийн гэрээ, БГ4305115017, БГ43051 15017/А тоот барьцааны гэрээ болон гэрээний хавсралт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуудас бүр дээр хариуцагч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

4. ЗГ4305115017 тоот зээлийг авснаас хойш зээлдэгч нар нь зээлийн төлөлтийг төлж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байснаар зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгуулсан.

Иймд Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хязгаарлагдахгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар шүүх хуралдааны мэтгэлцээнийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн банкны зээлийн маргааны агуулгыг зөв тодорхойлж чадаагүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа бүрэн хангуулахыг хүссэн агуулгатай гомдлыг хүлээн авч, зөвхөн давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, талуудад хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулж 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 12,444,895.86 төгрөг, зээлийн хүү 6,775,515.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 346,705.55 төгрөг нийт 19,567,117.20 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 24,779,109.83 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээгээр тохиролцсон Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Ширээ нурууны 18-3 тоотод байрших *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай 52 м/кв талбайтай хувийн сууц, 18 м/кв талбайтай гарааш, гүний худаг, улсын бүртгэлийн Ү-1310000055 дугаартай 3000 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-1310002041 дугаартай 314 м.кв, 168,8 м/кв талбайтай хүлэмж, 84,1 м/кв талбайтай хүнсний ногооны зориулалттай агуулах зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *******, ******* нар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр шаардаж буй 5,184,992.63 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр шаардаж буй 19,567,117.20 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ өмнөх хугацаа дууссан зээлийг хаахын тулд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна гэж дүгнээд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэргийн 54-57 дугаар талд авагдсан баримтаас үзвэл өмнө нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талуудын хооронд ЗГ4305101159 дугаартай төсөл санхүүжүүлэх хөнгөлөлттэй олгох зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөг, жилийн 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай, өвлийн хүлэмж барих зориулалтаар олгожээ.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусахад зээлдэгч ******* ХХК 28,467,877.26 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарчээ.

Тухайн үед зээлдэгч компани тус зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон тул зээлдүүлэгчээс зээлийг хөрвүүлж, урт хугацаатай, хөрөнгө оруулалтын зээлийн ангилалд оруулж, жилийн 27.6 хувийн хүүтэй 27,800,000 төгрөгийн зээл олгож, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлдэгч ******* ХХК-ий дансанд 27,800,000 төгрөг оруулж, тухайн өдөрт нь буцаан татаж, өмнөх буюу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ4305101159 дугаартай зээлийг хаасан байна.

Энэ нь зээлдүүлэгчээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзлээ. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч нарыг өмнөх зээлээ хөрвүүлэх талаар хүсэлтээ бичгээр гаргаж, хэлцлийн зорилгыг ухамсарлаж хийсэн тул 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээгээр олгогдож буй зээл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.3-т зааснаар хөрөнгө оруулалтын зорилготой бөгөөд тухайн зорилгоо зөрчиж, зээлдэгч Мөнх Үржих үр компанид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн үйлдэл болжээ.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний биелэлтийг шаардах эрхгүй гэж дүгнэж байна.

Хэргийн 61-62 дугаар талд авагдсан зээлийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч ******* ХХК 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 26,830,303 төгрөг зээлийн эргэн төлөлтөд төлсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх... гэж зааснаар нэхэмжлэлийн нийт дүнгээс хасаж тооцох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон 27,800,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар байх боловч зээлийн дансны хуулгаас /хх 34-35 дугаар тал/ үзвэл зээлдэгч нар нь 26.830.303 төгрөг төлсөн байх тул үүнийг хасаж, үлдэх 969.697 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 18.597.420,02 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зөв дүгнэсэн атлаа хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч ******* ХХК талуудын хооронд хийгдсэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үлдэгдэл 3,472,232 төгрөг, зээлийн хүү 1,638,752.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,007.74 төгрөг нийт 5,184,992.63 төгрөг гаргуулахаар шаардсан байх бөгөөд тус гэрээгээр зээлийн үндсэн хүүг жилийн 25.2 хувь гэж, зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч нь зээл төлөх хуваарьт хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ... гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай тус тус нийцэж байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ба нэхэмжлэгч тал шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ4305124106 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Ипотекийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасантай буюу барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, 175.6-д заасантай тус тус нийцсэн байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Ширээ нурууны 18-3 тоотод байрших *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай 52 м/кв талбайтай хувийн сууц, 18 м.кв талбайтай гарааш, гүний худаг, улсын бүртгэлийн Ү-1310000055 дугаартай 3000 м/кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрийн 2 дахь заалтаараа дээрх нэр бүхий эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ий анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад дээрх дүгнэлтийн дагуу зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол хангагдаагүй тул давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 325,985.60 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1159 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

..., Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч ******* ХХК, *******, ******* нараас зээлийн төлбөрт 969,697 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 18,597,420.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2017 оны оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ4305115017 дугаартай ипотекийн гэрээгээр *******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Ширээ нурууны 18-3 тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-1310001787 дугаартай 52 м.кв талбайтай хувийн сууц, 18 м.кв талбайтай гарааш, гүний худаг, улсын бүртгэлийн Ү-1310000055 дугаартай 3000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар гэснийг хасаж, ...,

тогтоох хэсгийн 3 дугаар заалтад ... хариуцагч *******, ******* нараас ... 168.542 төгрөг гэснийг 113.857 төгрөг гэж тус тус өөрчлөн, 1 дэх заалтын зарим хэсгийг болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,985.60 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Х.БАЙГАЛМАА

                                                                       ШҮҮГЧ                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                       ШҮҮГЧ                    Л.АМАРСАНАА