Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2022/00014

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/01139/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,723,532,78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригоос:

*******, ******* нар нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр *******тай ЗГ4305128158 тоот худалдааны зээлийн гэрээг байгуулж 14,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах авто тээврийн хэрэгсэл барьцаалсан 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч *******, ******* нар нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр *******тай ЗГ4305128158 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөхгүй. Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,830,116.0, үндсэн хүү 5,712,338.47 төгрөг, торгуулийн хүү 181,078.31 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 699 хоног, нийт 18,723,532.78 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр мөн зээлийн гэрээний дагуу 18,723,532.78 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******, ******* нараас:

*******ны нэхэмжилж байгаа 18,723,532.78 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүний тал дээр зөвшөөрөхөд хүндрэлтэй байна. Засгийн газраас корона вирустэй холбоотой зээлийн хүү алданги тооцохгүй байх шийдвэр гарсан. 11 дүгээр сараас хойш Монгол банкнаас гаргасан хүүг тооцохгүй байгаа үндсэн, нэмэгдүүлсэн хүүг ******* хасаж тооцож өгнө үү. Мөн үндсэн төлөх мөнгийг төлөх болно. Зөвхөн хүүг л хасаж тооцож өгнө үү.

Бараа материал барьцаалсан боловч лангуу 2019 оны 7 дугаар сараас үйл ажиллагаа явуулахаа больсон. *******наас нэхэмжилж байгаа бараа материал болон авто машин байхгүй болсон тул одоо эрхэлж байгаа ажлын цалингаар төлөх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзээд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1148 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн үндсэн төлбөр 12,830,116 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,712,338.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181,078.31 төгрөг, нийт 18,723,532.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Тоёота приүс-20 маркийн 2008 оны, мөнгөлөг саарал өнгөтэй, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,767.67 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 321,767.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******инд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12-р сарын 03-ний өдрийн 1148 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Бид *******анд үндсэн зээлийн 12,830,116 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Засгийн газраас Цар тахал өвчин гарсантай холбоотойгоор банкны зээлийг 6 сарын хугацаагаар хойшлуулах, хүү алданги тооцохгүй байх шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийн дагуу бид *******анд зээл төлөх хугацаагаа хойшлуулах тухай хүсэлтээ гаргаж өгсөн. Гэтэл ******* бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Засгийн газраас цар тахал өвчин гарсантай холбогдуулан ард иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан банкны зээл төлөлтийн хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байтал бидний хүсэлтийг хүлээн авалгүйгээр 5,712,338.47 төгрөгийн хүү бодож өр зээлийн дарамтад оруулсанд бид гомдолтой байна.

Үндсэн зээлийг төлнө гэдгээ бид ухамсарлан ойлгож байгаа. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь хэт их бодогдож бидний өнөөгийн амьдралын чадавх, чадамжаас давж өрийн дарамт үүсгэж байгаа тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг иргэний хуулийн 282-р зүйлийн 282.2-д заасны дагуу багасгаж өгөхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******, ******* нарт холбогдуулж үндсэн зээл 12.830.116 төгрөг, зээлийн үндсэн хүү 5.712.338,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181.078,31 төгрөг нийт 18.723.532,78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь Засгийн газраас банкны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар чиглэл өгсөн тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч *******, ******* нарын зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Иргэний хуулийн 451 зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 14.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлийг зээлдүүлэгчээс олгож, зээлийн эргэн төлөлт, хүү төлөх тооцооллыг харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т Зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж, гэрээний 2.5-д ...зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэлх хугацаанд төлөх-өөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...., 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай тус тус нийцэж байна. Зээлдүүлэгчээс зээлдэгч нарт зээлээ гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөхийг шаардсан мэдэгдэх хуудсыг 2020 оны 08, 10 саруудад өгч байсан бөгөөд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болохоор заасан байх тул зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхтэй байна.

Барьцааны гэрээгээр барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд хариуцагч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг шүүх шийдвэртээ дурдаж шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1148 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.767 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.БАЙГАЛМАА

                                                                   ШҮҮГЧ                 Г.ДАВААРЕНЧИН

                                                                   ШҮҮГЧ                 Л.АМАРСАНАА