| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0145/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/149 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баянбилэг,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийн 1838003790180 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт Г.А нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт Г.А нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Баатар намайг Болдоо гуай чи хуц гэхээр нь нэг удаа ам орчим нь өшиглөсөн. Тэгэхэд амнаас нь цус гараад байсан. Тэгээд би Хашгайтай үлдээгээд явсан. Дараа Баатартай таарахад уруулдаа оёдол тавиулсан гэж байсан. Би Болдоод 50.000 төгрөг өгөөд, дараа нь 400.000 төгрөг ээжид нь эмчилгээний зардал гэж өгсөн....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашгай ахтай юм яриад сууж байхад хүзүү Бооёо гэх хүн хүрч ирээд ямар ч үгийн зөрүүгүй шууд нүүрлүү өшиглөсөн. Тэгээд гуанзнаас Лхагваа гарч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг ороод урууландаа оёдол тавиулсан. Болдоо гэх хүнээс эмчилгээний зардал 450.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч Т.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хашгай ахын үүдэнд ирэхэд Аын дээд уруул цуурсан, нилээд цус гоожсон байдалтай хажууд нь Хашгай ах, Бооёо нар зогсож байсан. Би эмнэлэг авч явж дээд уруулд нь оёдол тавиулсан. А намайг очиход Бооёо намайг зүгээр сууж байхад нүүрлүү өшиглөчихлөө гэж байсан....” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Х.Х-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Хашааны гадаа Бооёо Аын урдаас хараад сууж байсан. Тэгээд Бооёо босож ирээд нүүр орчим руу нь гэнэт өшиглөөд авсан. Тэгээд нэмээд зодчихий гээд байхаар нь би салгаж Бооёог явуулсан. Атай нийлээд яваад байдаг Лхагваа гэх залуу эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 232 тоот
1. Г.Абиед дээд уруулд шарх, 2 ширхэг шүдэнд 1-р зэргийн сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Г.Абиед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч Г.А нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 46 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003790180 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Э.Б нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн 239.3-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 40-43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838003790180 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Быг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838003790180 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР