Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/959

 

 

 

 

 

 

  2024              08            22                                         2024/ДШМ/959

 

 

У.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.О,

хохирогч А.Э, түүний өмгөөлөгч А.Б,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч О.Ц,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор У.Б-т холбогдох .................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Б нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ......... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... нэртэй шөнийн цэнгээний газрын урд талд иргэн А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны их биеийн баруун хэсэгт зөрөө багатай, зүүн салааны сэлтэрсэн далд хугарал, баруун доод 6 дугаар шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: У.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ыг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгч У.Б-ын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Э-ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6.600.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч У.Б-аас гаргуулж хохирогчид олгох, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би 3 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээдэг ганц хүн байгаа. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан нь миний ажлын онцлогтой тохирохгүй байна. ...” гэв.  

Хохирогч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дахин хагалгаанд орно. Одоо хадаатай бэхэлгээтэй байгаа. Хагас жилийн дараа дахиад хагалгаанд орно. 6.600.000 төгрөг миний данс руу орсон байна. Эмчилгээний зардал болон миний сэтгэл санааны хохирлыг барагдуулсан тохиолдолд ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр надаас уучлалт гуйсан. ...” гэв.

Хохирогч А.Э-ын өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирогчид учирсан гэмтлээс үүдэлтэй хор уршиг арилаагүй, хохирогч цаашид хагалгаанд орох шаардлагатай байдаг. ...” гэв.

Прокурор А.О тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.Баас “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хоёр, гурван нөхцөл байдлуудыг үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч У.Б-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Шүүгдэгч У.Б урьд нь 2 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан. Энэ байдлыг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүй байх нөхцөл байдалд хамаарахгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Ц-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Б нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ......... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... нэртэй шөнийн цэнгээний газрын урд талд иргэн А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны их биеийн баруун хэсэгт зөрөө багатай, зүүн салааны сэлтэрсэн далд хугарал, баруун доод 6 дугаар шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Э-ын “...би найз охиноо аваад тусдаа явах зорилгоор уг таксинаас буулгах гэтэл О ямар ч шалтгаангүй орилж эхэлсэн. Энэ үед түүний найз залуу болох Б гэх залуу ирэн миний эрүү рүү гараа атгаж байгаад нударгаараа цохисон. Би гайхаад “...яаж байна аа...” гэхэд Б “...яадаг юм бэ..” гэх мэт үл тоосон үг хэлсэн. Миний амнаас цус гарч байсан болохоор ойролцоох гудамжны сандал дээр цусаа арчиж байгаад таксинд суугаад А, О, Б, Б-ын дүү нартай Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж эмчид үзүүлэхээр болсон. ...Би шүдний эмнэлэг орж эрүүгээ хугарсныг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...” /хх 8-9/,

гэрч А.А-ийн “...Миний найз О-ийн нөхөр болох У.Б ирээд шууд эрүү рүү нь гараа зангидаж байгаад нударгаараа цохиод авсан. А.Э-ын амнаас тухайн үедээ цус гараад байсан. ...тухайн үед маргаан болоогүй. А.Э-ыг гэнэт л У.Б нь цохиж авсан. А.Э нь У.Б-ыг цохисон зүйл байхгүй. ...” /хх 11-12/,

гэрч Ч.Г-ын “...А.Э таксины гадна зогсчихсон эхнэрээ хэл амаар доромжлоод байсан. Би У.Б-тай болон түүний дүүтэй хамт тамхи татаад зогсож байсан. Тэгж байтал У.Б, А.Э-ын хажууд очин түүнийг алгадаад авсан. А.Э хацраа бариад сууж байгаад “...миний шүд уначихлаа...” гэж хэлсэн. ...” /хх 14-15/ гэх мэдүүлгүүд,

 “...А.Э-ын биед эрүү ясны их биеийн баруун хэсэгт зөрөө багатай, зүүн салааны сэлтэрсэн далд хугарал, баруун доод 6 дугаар шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 9365 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 20-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч У.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч У.Б-ыг хохирогч А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны их биеийн баруун хэсэгт зөрөө багатай, зүүн салааны сэлтэрсэн далд хугарал, баруун доод 6 дугаар шүдний сулрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Ц “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор 320 цагийн хугацаагаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч У.Б нь барилгын үйл ажиллагаа эрхэлдэг, ажилчидаа цалинжуулдаг талаараа давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан боловч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э-д 6.600.000 төгрөг /хх 196/-ийг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.  

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солихыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/598 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ын өмгөөлөгч О.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч У.Б нь хохирогч А.Э-д 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Г.ГАНБААТАР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ