| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 135/2021/01112/И |
| Дугаар | 209/МА2022/00016 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Эд хөрөнгө хөлслөх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 209/МА2022/00016
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2021/01112/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар :
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1280 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
нэхэмжлэлийн шаардлага : 20,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******оос нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагадаа:
Миний бие нь *******д зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 6 хоногийн хугацаатай, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр *******УНБ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр зээлүүлсэн юм. Гэрээнд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан. *******аас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул машины үндсэн үнэ 10,000,000 төгрөг, түүний хүү 10,350,000 төгрөг, бүгд 20,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* тайлбартаа :
Би *******ын эзэмшлийн ******* УНБ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр импортоор орж ирсэн, мөнгөлөг өнгөтэй приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцон гэрээг нотариатаар батлуулсан. Миний зүгээс уг машины үнийг төлөх хүсэлттэй байсан боловч ковид-19 цар тахлын үеийн хүндрэл, мөн өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өгч чадаагүй нь үнэн. Уг машинд 4 дугуй, 4 амортизатор, рулын аппарат, тормосны накалад зэргийг шинээр худалдан авч сольсон. Мөн машинд өндөрлөгөө хийлгэсэн.
Иймд *******од машиныг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Харин өндөр алданги нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1280 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч *******аас машины үнэ 10,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 5,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо :
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1223 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* УНБ улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг зээлээр зарсан үнэ болох 10,000,000 төгрөг, мөн алданги гэж 10,350,000 төгрөг нэхэмжилсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу нийт 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч миний зүгээс нийт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10,000,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч, эвлэрэх саналыг нэхэмжлэгч *******од тавьж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь хэт өндөр дүнгээр нэхэмжлэлээ тавьж байгааг хариуцагчийн хувьд зөвшөөрөх боломжгүй тул үндсэн төлбөрийг төлөх хүсэлтэйг харгалзан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Өөрөөр хэлбэл, гэрээний төлбөрийн үүрэг 10,000,000 төгрөгийг төлнө, алданги гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
ХЯНАВАЛ :
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгч ******* нь цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн,
Мөн хариуцагч *******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
Зохигч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул зохигч нарыг оролцуулалгүй давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулсан болно.
Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах,худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасан зээлээр худалдах,худалдан авах гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй зэргээс шүүхийн шийдвэр Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь хэргийн материалаас үзэхэд : нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Toyota приус маркын автомашин худалдсан төлбөрийн үүрэгт 10,000,000 төгрөг, алданги 10,350,000 төгрөг, нийт 20,350,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож зээлээр худалдах,худалдан авах / тээврийн хэрэгсэл/ гэж нэрлэсэн гэрээ-г хавсаргаж шүүхэд ирүүлсэн байх ба уг гэрээгээр талууд гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг гэж, төлбөрийн нөхцөл, хугацааг 2021.03.04-нд төлөх гэж, хүү тооцохгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь алданги төлөх зэрэг нөхцөлүүд тохирч гэрээг 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, улмаар нотариатаар гэрчлүүлсэн байна./хх- 5-7/
Хэдийгээр талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ нь тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэж нэрлэгдсэн ч түүний агуулга, түүнд тусгасан нөхцөл зэрэг нь Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх,...худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг харилцан хүлээх хуулийн агуулга, шаардлагад нийцэж байх тул талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн талуудын хооронд үүссэн маргаан нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой байх тул дээрх гэрээгээр алданги тохирсон, нэхэмжлэгч нь алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасныг зөрчөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагч *******ын давж заалдах гомдлоос үзэхэд: худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон гэрээний зүйлийн үнэ буюу төлбөрийн үүрэг 10,000,000 төгрөгийн талаар маргаагүй, алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байх боловч талууд гэрээндээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаар тусгаж тохирсон нь хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцож алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 ... гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА