Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00122

 

       2018          05               22                                                 2018/ШЦТ/122   

               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

Хохирогч Ж.Н,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1738004530133 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод байрлах өөрийн “Наранбумбат” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод байрлах өөрийн “Наранбумбат” хүнсний дэлгүүрт иргэн Ж.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... Мөрөнд Б-н байдаг Г-нд ирсэн. ...би Г-т 15 жил ханилсан нөхрөө авах гэж ирлээ гэсэн чинь Г босч ирээд намайг түлхээд дэлгүүрийнхээ арын өрөөнд оруулаад гар угаадаг угаалтуурынхаа тийшээ түлхээд энэ авгай руу угаадас цацчихъя гэж байсан. Тэр үед Б намайг аваарай гэхэд Б хүрээд ирэхэд Г Б-н дээгүүр давуулаад савтай угаадас миний дээрээс цацсан. ...миний толгой руу 4-5 удаа цохисон. ...мөн хөл, нуруу руу алчихъя гээд өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-33 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б ахын байсан Наранбумбат хүнсний дэлгүүрт оччихоод байж байхад Н эгч жаахан халамцуу орж ирээд би нөхрөө авах гэж ирлээ гээд Г эгч рүү дайраад хоорондоо хэрэлдээд байсан. ...Г, Н, Ж гурав дэлгүүрийн арын өрөө рүү орсон. Тэгсэн тэр үед Ж ах Б ахын дүү ирж салгаарай гэхээр нь би яваад очиход Г, Н нар үсдэлцчихсэн байхаар нь би очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр намайг Мөрөн суманд Г-н худалдагч хийдэг “Наранбумбат” хүнсний дэлгүүрт байхад манай эхнэр Н орж ирээд Г-т би олон жил ханилсан ханиа авмаар байна гэж хэлсэн. ...Г, Н хоёр бие биенээ хэл амаар доромжилж хэрэлдэж байсан. Г гүйж ирээд тэр хоёр зодолдохоор болоод унахаар нь би голоор нь ороод Н-г хамгаалаад гараа алдлан байж урд хаалганы уяаг тайлж байх хооронд тэр хоёр зодолдох гээд бие биенийхээ үснээс зулгааж авсан. Тэр үед би Н-н гарыг тавиулж авч гараад явсан. Г ирж хэрүүл хийлээ гээд Н бид хоёр руу түмпэнтэй ус цацаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай:

1.2. Ж.Н-н биед зулайн хуйханд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ж.Н-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Г-т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Ж.Н, хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.189.600 төгрөг нэхэмжилж хэрэгт “Онош үүдэн” эмнэлэгийн гавал тархины компьютер томографийн хөлс 100.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Ази фарма” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 112.600 төгрөгийн эм тарианы зарлагын баримт, “Ази фарма” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 92.000 төгрөгийн тарианы зарлагын баримт, “Ази фарма” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 36.000 төгрөгийн эм тарианы зарлагын баримт, “Оюу-Ундраа” дотор мэдрэлийн эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн төлбөр 40.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Мөнхтэнцээр” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 27.500 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Оюу-Ундраа” дотор мэдрэлийн эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эмчилгээний төлбөр 210.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Ази фарма” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 112.000 төгрөгийн эм тарианы зарлагын баримт, “Ази фарма” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 161.500 төгрөгийн эм тарианы зарлагын баримт, “Ази фарма” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 52.500 төгрөгийн эм тарианы зарлагын баримт, “Арвин жолоо” хоршооны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.Нармандах Мөрөнгөөс Хатгал гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ж.Н Мөрөнгөөс Хатгал гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ж.Н Хатгалаас Мөрөн гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ж.Н Хатгалаас Мөрөн гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ж.Н Мөрөнгөөс Хатгал гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ж.Н Хатгалаас Мөрөн гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ж.Н Хатгалаас Мөрөн гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, Автотээврийн Үндэсний төвийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хот хооронд орон нутгийн тээврийн зорчих тасалбар Мөрөн-Улаанбаатар, зорчигч Н гэх 32.600 төгрөгийн ПОС системийн баримт, Автотээврийн Үндэсний төвийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн: Н нь Улаанбаатар- Мөрөн чиглэлд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 20-99 ХӨҮ дугаарын тээврийн хэрэгслээр зорчсон. Мөнгөн дүн: 32.600 гэх тодорхойлолт, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Ж.Н Мөрөнгөөс Хатгал гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ж.Н Мөрөнгөөс Хатгал гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Гансүх хүүхэд Хатгалаас Мөрөн гэх 5.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Н.Гансүх Мөрөнгөөс Хатгал гэх 5.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Энхмаа Хатгалаас Мөрөн гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар, “Арвин жолоо” хоршооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Энхмаа Мөрөнгөөс Хатгал гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар,  “Арвин жолоо” хоршооны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Н Хатгалаас Мөрөн гэх 10.000 төгрөгийн орон нутагт зорчих тасалбар зэрэг эмчилгээ, эм тарианы болон замын зардлын нийт 1.139.300 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. 

Шүүх баримтуудыг шинжлэн судлаад: Хохирогч Ж.Н-с эм тариа, эмчилгээний зардал, болон замын зардлын 974.000 /есөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролд хамааралтай байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ж.Н-д олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогчоос нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 50.300 төгрөгийн нотлох баримт гаргаж өгөөгүй, замын зардлын баримтууд өөр хүний нэр дээр бичигдсэн, хохирогч Улаанбаатар хот руу зайлшгүй эмчилгээнд явах шаардлагатай байсан эсэхийг нотолсон баримтгүй зэргээс 165.300 төгрөг, нийт 215.600 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738004530133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.       

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч               Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-с 974.000 /есөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Н-д олгож, 215.600 /хоёр зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      6. Эрүүгийн 1738004530133 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.НЯМСҮРЭН