| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0114/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/128 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Х.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Ш-т холбогдох эрүүгийн 1838002460132 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Ш.
Шүүгдэгч Х.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод хамтран амьдрагч Э.Г-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод хамтран амьдрагч Э.Г-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт тусгагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Х.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орой 17 цаг өнгөрч байх үед Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул захаас хүнсээ цуглуулж яваад нутгийн ах Х, Х ахын дүү Ө нартай таарсан. Тэгээд би тэр хоёрыг дагуулаад гэр рүүгээ явсан. ...Тэгээд Х ах бид хоёр манай гэрт 0.75 литрийн 3 шил “Ерөөл” нэртэй архи уусан. Архи уугаад байж байгаад би гарч бие засчихаад орж ирэхэд эхнэр маань Х ахтай хэрэлдэж байсан шиг санагдаж байна. Мөн тухайн үед эхнэр маань миний хажууд ирчихсэн бие муу байхад хүн амьтантай хэрүүл зодоон хийлээ гээд уурлаж байсныг нь санаж байна. Тухайн үед би нэлээд согтсон байсан учир болсон зүйлийг огт санахгүй байгаа. Унтаж байсан чинь хүн татаад байхаар нь сэрээд хартал хоёр цагдаа ирчихсэн байсан... ...Би архи уусан үедээ эхнэр Г-гээ хардаж зодож байсан нь үнэн. Эхнэр Г-гээ хамт Хангал сум руу явж байхдаа түүнийг жолоочтой нь хардаж түүнтэй маргалдаж байсан. Би тэгж маргалдаж машинаас нь бууж үлдээд айлдаа очоод байж байхад араас Г ирсэн. Г ирснийх нь дараа түүнийг хардаж хэрүүл хийгээд байж байхад Г үхлээ гээд 4 давхраас үсэрч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Хохирогч Э.Г-н: “2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Х.Ш гэртээ Х гэх хүнийг дагуулж ирээд 3 шил архи хувааж ууж байснаа намайг гарч бие засчихаад ороод иртэл хамт архи ууж байсан Х гэх хүнтэйгээ хардаж хэрүүл хийгээд Ш тэр Х гэх хүнээ хамар, амнаас нь цус гартал нь зодоод хөөж явуулчихаад миний толгой руу хоёр удаа гараараа цохиж, чамайг алчихъя гээд гараараа миний хоолойг боож байснаа миний үсээр хоолойг боож байснаа тавьсан. Тэгээд галтай байсан халуун зуухны тагаар хайрах гэж дайрч гартаа дайрсан юмсыг над руу авч шидэж, хутга заазуур гартаа бариад ална гээд дайраад байсан. Тэгээд би гарч бие засаад ирье гэж зөвшөөрөл авч гараад такси бариад утсаараа цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Ш нь надад эхнэр Э.Г-г зодсон гэсэн асуудлаар захиргааны зөрчлөөр шалгагдаж байсан. Ш нь надад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч дууссаны дараа түүнийг өрөөндөө суулгаж байхад өөр хүнтэй харилцаж байх хооронд гараад алга болсон байсан. Би өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орой 18 цагийн үед Ш-г Мөрөн сумын 3 дугаар багийн 21 дүгээр гудамжны тушаа архи уучихсан байдалтай явж байхад нь Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн албан хаагч нарыг дуудаж баривчлан саатуулж эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 111 дугаартай:
1. 2. Э.Г-н биед баруун завьжинд язралт, хүзүүнд улаалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
4. Э.Г-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Х.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 104 дүгээр хуудас/, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул шүүгдэгч Х.Ш-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Ш нь урьд 1999 оны 01 дүгээр сарын 01-нд Орхон аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 64-73 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Э.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Х.Ш-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838002460132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 32 /гучин хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Ш-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш-н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулж, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 256 /хоёр зуун тавин зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ш нь үлдэх 44 /дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1838002460132 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН